Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1240

 

        2021          12          09                                    2021/ШЦТ/1240

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Х.Анхцэцэг,

хохирогч Н.Б,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэргийг 2021.11.30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... аймгийн ....... суманд ......оны .... дугаар сарын ....ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ШУТИС-ийн МХТИС-ийн 0 дүгээр курсийн оюутан, ам бүл-3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 0 дугаар баг, 00 айл 0-00 тоотод оршин суудаг бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн Баянзүрх хороолол Б блок 0 давхар 00 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Х овогт А-гийн З /РД:**0000000/ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-нээс 20нд шилжих шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг Олон Улсын их сургуулийн спорт зааланд Н.Бг нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллагад гаргасан “Зодуулаад хамар хугарчихлаа гэх” гомдол, дуудлага /хх-1- 2/,

- Хохирогч Н.Бгийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний орой 23 цаг орчим найз Э.Цтай уулзаад түүний сургууль болох Их засаг Их сургуулийн заал руу хамт сагсан бөмбөг тоглохоор очсон юм. Тэнд миний танихгүй олон залуучууд байсан. Ингээд тоглох болоод Э.Цтай нэг баг болж тоглосон бөгөөд эсрэг багийн урт үстэй залуу тоглож байхад хэлбэр дүрсээрээ дээрэлхээд манайх хожоод эхлэхэд уурлаад “чи ямар овоо бацаан вэ одоо та нарыг хожноо” гэж хэлэхээр нь би өөдөөс нь “Тоглоод хож, хож” гэж хэлтэл үгийн зөрүүгүй намайг хавирч унагаагаад дээрээс хамар руу 1 удаа цохисон. Тухайн үед найз Э.Ц салгасан ба миний хамраас их хэмжээгээр цус гараад тогтохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. ... гэх мэдүүлэг /хх-18/

- Гэрч Э.Ц-ын:  “Би найз Н.Бн хамт 2021 оны 10 дугаар сарын 19-ний орой 23 цаг орчим сургуулийн заал болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Их засаг Олон Улсын Их сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглохоор очиход танил Э-ын найзууд гэх залуучууд мөн ирчихсэн 2 баг болж тоглосон юм. Н.Б бид хоёр нэг баг болоод тоглож байхад нөгөө багийн гишүүн арагшаа самнасан урт үстэй үл таних залуу Н.Бг унагаагаад дээрээс нь гараараа нэг удаа цохисон. Дахиад зодох гээд дайраад байхаар нь би очиж салгасан. Тухайн үед Н.Бгийн хамраас их хэмжээгээр цус гараад тогтохгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-8/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10220 дугаартай “Н.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-11/

- Яллагдагч *******гийн: “Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчим найзуудтайгаа Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Их засаг их сургуулийн зааланд сагсан бөмбөг тоглосон юм. Ингээд тоглож байгаад нөгөө эсрэг багийн үл таних залуу намайг “Үнэхээр зоргоороо шидэх юм аа, 1000-д нэг тохиолдож гоол орууллаа, чаддаг юм бол хожоорой” гэх мэтээр хэл яриа биеийн хэлэмжээрээ намайг өдөөд байсан бөгөөд үүнээсээ болоод бид хоёр маргалдаад уг залууг дэгээдэж унагаагаад дээрээс нь нүүр рүү нь нэг удаа цохичихсон юм. Тэр үед тухайн залуугийн хамраас нь их хэмжээгээр цус гарсан юм. Би гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед үүссэн гэмтэл байна. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 28/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа эсрэг багийн тоглогч урьд үл таних Н.Бтай маргалдаж, түүнийг дэгээдэн унагаж нүүрэн тус газарт цохиж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Н.Б, гэрч Э.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн энэхүү үйлдэл нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, шууд санаатай үйлдэл байх тул *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Н.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл” бүхий, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10220 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар хохирогч Н.Б нь *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй, шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч нь “Би хувийн ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж хамраа тэгшлүүлж татуулсан. Хамраа тэгшлүүлэхэд 250000 төгрөгийн зарлага гарсан. Мөн 36000 төгрөгийн эм авсан. Гэхдээ эдгээр зардлыг ******* надад гаргаж өгсөн. Одоогоор эмчилгээний баримт байхгүй. Цаашид ЭМЖЖ эмнэлэг хамрын таславчийн хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Би уг залууд зодуулснаасаа болж тухайн өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй байна. Мөн хамрын таславчийн хагалгаанд орох шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлээд өгвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хамрын таславчийн хагалгаанд ороход ЭМЖЖ эмнэлэг 3700000 төгрөгийн тариф хэлсэн. Мөнгөгүй учир хагалгаанд орох боломжгүй байна” гэж мэдүүлсэн /хх-18/, яллагдагч ******* нь “Би тухайн залууг дагуулж яваад КТГ-ын зураг 200000 төгрөгөөр, ЭМЖЖ эмнэлэгт 295000 төгрөг төлж хамрыг нь тэгшлүүлсэн. Эм тарианы мөнгө гэж 36000 төгрөг барагдуулсан. Би нийт 531000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо надаас 3800000 төгрөгөөр хамрын хагалгаанд орно, мөн энэ хугацааны цалин гэж 2000000 төгрөг дээрээс нь сэтгэл санааны хохирол барагдуул гэсэн. Уг төлбөрийг барагдуулах боломжгүй байна” гэж мэдүүлжээ. /хх-28/ Хохирогч Н.Б, шүүгдэгч ******* нарын хэн аль нь мэдүүлгээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Шүүх хуралдаанд хохирогч Н.Б “нийт эмчилгээний зардалд 431000 төгрөгийг ******* нь төлсөн. Одоо хамрын таславчийн хагалгаанд ороход 3,8 сая төгрөг шаардлагатай гэсэн. Би Улаанбаатар БҮК ХХК-д ажилладаг, энэ хүнээс болж ажлаа хийж чадаагүй тул цалин 1.5 сая төгрөг нэхэмжилж байна” гэв. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “нийт 531000 төгрөгийг эмчилгээний зардалд нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Ийнхүү талууд иргэний нэхэмжлэлийн асуудал дээр маргаантай байх ба тэдний тайлбар нь баримтаар батлагдахгүй байна.

Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн тооцоог тодорхой гаргах боломжгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Хэдийгээр талууд *******гийн төлсөн мөнгөн дүн дээр маргаантай байгаа боловч КТГ-ын зардал, хамар тэгшлүүлэх зардал, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн төлбөр, тухайн үед гарсан эм тарианы зардлыг ******* нь хариуцан төлсөн болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул *******г бодитоор учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна /хх-22/

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж авахад нь тусалж, тухайн үед гарсан бодит зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан /биеийн хэлэмж, үг хэлээр өдсөн гэх/ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон *******гийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон *******г суралцаж байгаа газар болох Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт А-гийн Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А-гийн Зд 2 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад Х овогт А-гийн Зг  2 /хоёр/ сарын хугацаанд оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Бд 420000 төгрөг эмчилгээний зардал төлснийг хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч Н.Бгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******гийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ