| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/2151/И |
| Дугаар | 1700 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1700
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2017/01700 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 хороо, 10 дугаар хороолол, 20 байрны 51 тоотод оршин суух, Өндөр занги овогт Чинбатын Хүрэлбаатар /ЧД71052715/-ын,
хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, 21 хороолол, ҮЭ гудамж, 8В байрны 19 тоот /Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Уураг алтайн 8 тоот/-д оршин суух, Басан овогт Зундуйн Батшандас /ЕГ69031116/,
хариуцагч: Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 13 гудамжны 404 тоотод оршин суух, Зундуйн Батбаяр /ЕГ72122918/ нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 56 121 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар, хариуцагч З.Батбаярын өмгөөлөгч О.Эрдэнэтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З.Батшандас, З.Батбаяр нар нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийж зээлж авсан. Бид зээл ба барьцааны гэрээгээ нотариатаар батлуулж, барьцааны гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. З.Батшандас, З.Батбаяр нар нь 2014 оны 01 сарын 28-нд 2 000 000 төгрөгийн зээл нэмж авч зээлийн үлдэгдэл нийтдээ 19 000 000 төгрөг болсон. Зээлдэгч тал 2015 оны 01 сарын 09-нд зээлийн хүү гэж 1 100 000 төгрөг төлж, үүнээс хойш нэг ч эргэн төлөлт хийгээгүй. Миний бие зээлдэгч талд зээл ба зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардсан боловч миний шаардлагыг одоо болтол биелүүлээгүй. Зээлдэгч З.Батшандас 2015 оны 02 сарын 13-нд надад “удахгүй зээл ба хүүгээ төлнө. Зээл төлөх хугацааг 2015 оны 03 сарын 25 хүртэл болгож өгнө үү” гэсэн утга бүхий амлалт бичиг бичиж өгсөн. Энэхүү хүсэлтийг миний бие хүлээн авч зээл ба барьцааны гэрээг 2015 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. Ч.Хүрэлбаатар би Иргэний хуулийн 281 ба зээлийн гэрээний 1-д заасны дагуу үндсэн зээл болох 19 000 000 төгрөг, Иргэний хуулийн 282 ба зээлийн гэрээний 1-д заасны дагуу үндсэн зээлийн хүү болох 3 906 000 төгрөг /2015 оны 03-р сарын 25 хүртэлх/, Иргэний хуулийн 222.5; 222.7 ба зээлийн гэрээний 5-д заасны дагуу хэтрүүлсэн хугацааны хүү болох 23 712 000 төгрөг /2016 оны 12-р сарын 08 хүртэлх/, Иргэний хуулийн 232.4; 232.6 ба зээлийн гэрээний 4 ба 5-д заасны дагуу 9 500 000 төгрөгийн алданги, нийлээд 56 118 000 төгрөг, Иргэний хуулийн 222.7-д заасны дагуу нотариатын хөлс болох 3 500 төгрөг, нийт 56 121 500 төгрөгийг зээлдэгч З.Батшандас, З.Батбаяр нараас нэхэмжилж байгаа бөгөөд зээлдэгч тал дээрхи мөнгийг сайн дураараа төлөхгүй бол зээлийн барьцаанд тавьсан нэгж талбарын дугаар-18643312111400/ болох Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн гудамжны 404A тоот дахь 259,77 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар /Г-2203000562; үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.Би хариуцагч талын өмгөөлөгчийн саналыг харгалзан нэхэмжлэлээ багасган 26 сая төгрөгийг 2017 оны 7 сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх, хэрэв энэ хугацаанд төлөхгүй бол барьцаа хөрөнгийг албадан борлуулсан үнээс хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Шаардлагаас үлдэх дүнгээс татгалзаж байна гэв.
Хариуцагч З.Батшандас шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: ... З.Батшандас миний бие иргэн Ч.Хүрэлбаатараас авсан зээлдээ 13 780 000 төгрөг төлсөн байтал огт өгөөгүй мэт бичсэн байна. Миний барьцаалсан Сүхбаатар дүүрэгт байрлах, хашаа өнөөдрийн ханшаар 200 000 0000 төгрөг хүрч байгааг Ч.Хүрэлбаатар мэдэж байгаа нь хангалттай. Миний хашаа амины болоогүй, барилгын ажил хийлгээд мөнгө олж авч чадаагүйг мэдэж байгаа. Миний бие Сүхбаатар дүүрэгт биш Сонгинохайрхан дүүрэгт харъяалагддаг. З.Батбаяр миний дүү энэ зээлд ямар ч хамаагүй тодорхой мэдэхгүй. Миний утас 99112909 хаяг хэвээр байгаа. Ч.Хүрэлбаатартай утсаар ярих болгонд ажилтай байна гээд өөрөө уулзахгүй шүүх цагдаа болж байгаад би гайхаж байна. Миний бие 7 сард миний хашаа, 2 өрөө байраар солигдоход төлөх бололцоотой. Иргэн Ч.Хүрэлбаатарт 13 780 000 төгрөг төлсөн нь үнэн гэдгийг нотлох баримт хавсаргав, 6 000 000 төгрөгийн алданги хүүг төлнө. Намайг шүүх цагдаа гэж дарамтлахгүй байхыг хүсье. Барьцаа хөрөнгө 200 000 000 төгрөг байгаа. Барьцаа нь байхад давхар давхар хүн битгий барьцаал гэжээ.
Хариуцагч З.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие тайлбар гаргах болсон учир миний ах З.Батшандас иргэн Ч.Хүрэлбаатараас 19 000 000 төгрөг авсан. Түүнийхээ хүүнд 13 000 000 төгрөг төлсөн нь үнэн. Мөн бидний барьцаалсан хашаа зах зээлийн ханшаар 200 000 000 хүрч байгааг Ч.Хүрэлбаатар хамгийн сайн мэдэж байгаа. Энэ талаар нэг бус удаа ярьж байсан. Өнөөдөр манай улсад барилгын ажил зогсонги удаашралтай байгаа тул ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байна. Миний ах З.Батшандас нь иргэн Ч.Хүрэлбаатарт төлөх өрөө барагдуулахын тулд Солонгос Улсад түр хугацаагаар ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 07 сарын 20-нд бүрэн төлөх боломжтой. Миний хувьд оршин суугаа хаяг дээрээ амьдардаг. Утасны дугаар 86600556 миний ах мөн хаяган дээрээ байдаг утас 98633479, 99245258 Ийм учраас биднийг эрэн сурвалжилж хайгаад байх шаардлагагүй байх, энэ талаар би үнэхээр гайхаж байна. Сүхбаатар дүүргийн шүүх дээр би дуудсан хугацаанд ирж уулздаг. Энэ өдөр шүүгч та бүхнээс уучлал хүсэхэд З.Батбаяр миний бие өмгөөлөгч аваад ирж яваад замын хөдөлгөөнөөс болж хоцорч очсонд уучлаарай. Би өмгөөлөгч Эрдэнэтогтохын хамт 15:17 цагт шүүх дээр очсон. Үүнийг шүүгчийн туслах Цолмон мэднэ. Дараа ахин хоцрохгүй гэжээ.
Хариуцагч З.Батбаярын өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариуцагч талын байр суурийг илэрхийлж оролцож гаргасан тайлбартаа: Ер нь З.Батшандас зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг болгочихвол 2017 оны 7 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болломжтой энийг л хүсч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар нь хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 56 121 500 төгрөгийг барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар 19 000 000 төгрөг зээл авсан, зээлд 13 780 000 төгрөг төлсөөр байхад барилгын ажил зогсож хүндрэлтэй байхад хугацаа өгсөнгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нар хүрэлцэн ирээгүй ба өмнөх хуралдаанд удаа дараа хүсэлтийнх нь дагуу хойшлуулж, мэтгэлцэх боломжийг олгож байсан. Хариуцагч З.Батшандас гадаад явсан гэх боловч баримт ирүүлээгүй тул шүүхэд өгсөн боломжит 2 хаягаар нь хуралдааны тов хүргүүлж, оршин суух хорооны засаг даргад мөн тов хүргэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.”Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.”, хуулийн 77 дугаар зүйлийн 77.6.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.., 77.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж хуульд заасан журмаар хариуцагч З.Батшандаст хуралдааны мэдэгдэл хүргэгдсэн, З.Батбаяр хурлын товыг мэдсэн боловч шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэлэлцэн, мөн З.Батбаярын өмгөөлөгч эрх зүйн үйлчилгээ үзүүлэх хэлцлийнхээ дагуу хариуцагч талын байр суурийг илэрхийлэн мэтгэлцэж оролцсон, хэргийг хариуцагч нараас өмнө шүүхэд ирүүлсэн тайлбар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нар нь нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатартай 2014 оны 01 сарын 15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн гудамжны 404А тоотод байрлах, 259.77 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан, 17 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй зээлэн авсан. 2014 оны 01 сарын 28-ны өдөр зээл ба барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн мөнгөн дүнг 2 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийг 19 000 000 төгрөг болгож, зээлийн төлөлтийг хэсэгчлэн хийж байгаад санхүүгийн байдлаас төлөлт хийгээгүй байгаа үйл баримтууд бий болсон нь талуудын тайлбар, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тогтоогдож, энэ талаар зохигчид маргаагүй.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 01 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээ, 2014 оны 01 сарын 15, 28, 2014 оны 07 сарын 14-ний өдрүүдийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4.,156 дугаар зүйлийн 156.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн, хэлцлийн шинжийг бүрэн агуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
Хариуцагчийн баримт хуулбар бичгийн баримтын хуульд заасан шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй, нэхэмжлэгчийн шаардлага хангаж ирүүлсэн,хариуцагч тал маргаагүй төлбөрийн баримтуудаар тооцоход, зээлийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 02 сарын 15-ны өдөр 650 000 төгрөг, 2014 оны 03 сарын 14-ний өдөр 1 064 000 төгрөг, 2014 оны 04 сарын 15-ны өдөр 1 212 000 төгрөг, 2014 оны 05 сарын 14-ний өдөр 1 102 000 төгрөг, 2014 оны 06 сарын 16-ны өдөр 1 102 000 төгрөг, 2014 оны 07 сарын 16-ны өдөр 1 216 000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-ны өдөр 1 080 000 төгрөг, 2014 оны 11 сарын 03-ны өдөр 1 316 000 төгрөг, 2014 оны 11 сарын 28-ны өдөр 1 150 000 төгрөг, 2015 оны 01 сарын 09-ний өдөр 1 100 000 төгрөг, нийт 10 992 000 төгрөгийг хариуцагч нар зээлийн хүү гэсэн утгаар төлсөн, үндсэн зээлд гэсэн төлөлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар нь 2014 оны 07 сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2014 оны 07 сарын 14-ний өдрөөс 2014 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл 3 сараар сунгасан гэж тохирсноо үндэслэн хариуцагч З.Батшандасын төлсөн нийт 10 992 000 төгрөгийг гэрээ сунгасан, хэтэрсэн хугацааны хүү төлөлт гэж тайлбарлан хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нараас үндсэн зээлд 19 000 000 төгрөг, хүү 27 618 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг, нийт 56 118 000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж зааснаар сунгалтад тохирсон 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны хүү тооцон шаардах эрхгүй.
Хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 19 000 000 төгрөг, 2014 оны 01 сарын 14-ний өдрөөс хүүнд 10 260 000 төгрөг, нийт 29 260 000 төгрөг хууль буюу гэрээнд зааснаар төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай, гэрээний үүргийг биелүүлэх талаар 2015 оны гүйцэтгэгдээгүй үүргийн 50 хувиар алданги нэмж хариуцах үүрэгтэй болно.
Гэрээний үүргийг тооцвол, 29 260 000+14 630 000=40 890 000 төгрөгөөс төлсөн 10 992 000 төгрөг=29 898 000 төгрөг хариуцагч нар хариуцан төлөх ёстой.
Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар хариуцагч талын байр суурийг илэрхийлэн оролцсон З.Батбаярын өмгөөлөгчтэй зөвшилцөн гаргасан шаардлага 56 118 000 төгрөгийн 30 118 000 төгрөгөөс татгалзан, үлдэх 26 000 000 төгрөг болгож багасган, 2017 оны 7 сарын 25-ны өдрийн дотор хариуцагч нараас гаргуулах, аар шаардлагаа дэмжиж байгаагаар түүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, мөн зээлийн гэрээний 1, 3 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэгт 26 000 000 төгрөгөөр шаардлагыг хангах үндэстэй.
Иймд нэхэмжлэлийн дүнг 26 000 000 төгрөгөөр хангаж, хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нар нь нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт 26 000 000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг талуудын хариуцсан дүнгээр тус тус тооцон хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.4‑т зааснаар хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нараас 26 000 000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 30 118 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1‑д зааснаар хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн гудамжны 404A тоот дахь 259,77 мкв талбайтай /Г-2203000562; нэгж талбарын дугаар-18643312111400/ болох гэр бүлийн хэрэгцээний газрыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатараас тэмдэгтийн хураамжид төлсөн 438 560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Батшандас, З.Батбаяр нараас 287950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Шүүх хуралдаанд оролцоогүй зохигч болох З.Батшандас, З.Батбаяр нар нь хүрэлцэн ирж шүүхийн шийдвэр аваагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д заасны дагуу гардуулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ