Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч М.Энхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Шүүгдэгч Б.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэний аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бабаагийн Ариунжаргалд холбогдох эрүүгийн 201623010024 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 63 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Боржигин овогт Бабаагийн Ариунжаргал

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Ариунжаргал нь 2012 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 38 дугаар байрны ард Л.Гансүх, Л.Эрхэмбаяр нартай архи согтууруулах ундаа хэрэглэх үед Л.Гансүх нь үл ялих зүйлээр шалтаглан Л.Эрхэмбаярын нүүрэн тус газарт нь тоосгоор цохиж гэмтэл учруулан танхайн сэдэлтээр санаатай алсныг мэдсэн боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрчээр өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ хувийн болон бусад сэдэлтийн улмаас гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.Ариунжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байрны ард Эрхэмээ, Гансүх нартай би архи уусан. Тэгээд Гансүх Эрхэмээ хоёр барилга байшингийн талаар ярилцаж байгаад хоорондоо муудсан. Тэгээд Эрхэмээ Гансүхэд чи миний эгчийг битгий чөтгөр шулмаар нь дуудаад бай гэж хэлсэн чинь Гансүх хажуудаа байсан тоосгыг аваад Эрхэмээгийн нүүрэн тус газар нь цохисон. Дараа нь Гансүх 5000 төгрөг аваад намайг түц рүү явъя гэхээр нь би цуг яваад Нараа эгчийн түцнээс архи авах гэсэн чинь архи байхгүй гэхээр нь зүүн тийшээ Саруулын түцнээс 0.5 гр архи аваад түүнийгээ Ганбаа ахынд очоод уусан. Орой 7 цаг 10 минутын автобусаар төв рүү намайг явж байхад Нараа эгч урдаасаа ирж байгаа таараад Эрхэмбаяр нас барсан гэж надад хэлсэн. Тэгээд орой гэртээ харихад манайд Өлзийбаяр эгч Хөлгөө хоёр байсан. Өлзийбаяр эгч надаас Эрхэмээ ухаангүй байгаа юм уу гэж асуухаар нь би Гансүх Эрхэмээ хоёр 38 дугаар байрны ард архи уугаад хоорондоо муудсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг.

Л.Өлзийбаярын 201223010069 дугаартай хэрэгт хохирогчоор өгсөн “Манай талийгаач дүү Лхамсүрэнгийн Эрхэмбаяр бид нартай хамтарч амьдарч байсан бөгөөд 2012 оны 08 дугаар сарын 10-ны орой хөдөө жоншны ажлаасаа буугаад багцаагаар 23 цагийн үед ирсэн ... Эрхэмбаяр хамт орж ирсэн 2 хүнээсээ хойш 1 цаг гарны дараа гарсан. Түүнээс хойш буцаж ирээгүй. Харин маргааш өглөө нь 8 цагийн үед эмнэлгийн жолооч Ганбат, манай хүү Октябрын гар утас руу яриад Эрхэмбаяр ах чинь эмнэлэг дээр ухаангүй ирээд байна гэж хэлсэн ...Гансүх Эрхэмбаярыг 38-р байрны ард тоосгоор цохиж байсан гэдгийг Ариунжаргал гэх хүн гэрчлээд байгаа. Эрхэмбаяр гэрээс гарахдаа шар хагас түрийтэй гутал, цэнхэр жинсэн өмд, хар куртиктай гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 21-22 хуу/

Б.Ариунжаргалын 2012.08.11-ний өдөр гэрчээр өгсөн ”2012.08.10-ны өдөр 17-18 цагийн үед Бор-Өндөр хотын 38-р байрны араар тойроод явж байхад 38-р байрны ар талд хар хочтой Ганбаа, өндөр Гансүх, ногоон Эрхэмбаяр нар 1 шил архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би очиход ногоон Эрхэмбаяр өндөр Гансүхтэй байшингийн талаар яриад маргаад байсан. Ямар учиртай юун байшингийн талаар маргаад байгааг нь би мэдээгүй. Эрхэмбаяр л өндөр Гансүх, хар Ганбаа хоёрт агсан тавиад байгаа бололтой байсан. Намайг очсон чинь ногоон хочтой Эрхэмбаяр яв яв гээл хөөгөөд байсан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Эрхэмээг хөөгөөд байхаар нь яваад өгсөн. Дахиж би Эрхэмбаяртай өчигдөр тааралдаагүй. Намайг 38-р байрны ар талд тэд нар дээр очиход Эрхэмбаяр, өндөр Гансүх, Ганбаа хоёртой зодолдож, цохилцсон зүйл байгаагүй. Эрхэмбаяр л Гансүхтэй байшингийн талаар яриад маргаад байсан. Эрхэмбаярын бие нь зүгээр, биеийн ил харагдах хэсгээр нь цус нөж гоожсон зүйл байгаагүй. Тэд нар 38-р байрны ард газар сууцгаачихсан архи ууж байсан. Би өчигдөр буюу 2012.08.10-ны орой 19-20 цагийн үед Бор-Өндөр хотын хуучин захиргааны хойно ОША-нд байдаг хар Ганбаа ахынд ороход тэднийд Ганбаа ах охинтойгоо байж байсан. Ингээд яриад сууж байхад өндөр Гансүх ганцаараа орж ирээд буцаад гарсан. Би Гансүхийг гарснаас хойш хар Ганбаа ахынхаас гарч гадуур явж байгаад Өлзийбаяр эгчийнхээр орж 1 шил архи гуйж аваад эргээд хар Ганбаа ахынд 22 цагийн үед очсон. Ингээд тэднийд 1 архиа, хар Ганбаа ах, түүний охин бид 3 хувааж уусан. Архиа ууж дуусгаад шөнийн 01-02 цагийн үед Ганбаа ахынхаас гарч гэртээ харьж унтсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 109 хуу/

Б.Ариунжаргалын 2012.08.28-ны өдөр гэрчээр өгсөн “би өмнө нь өгсөн байцаалтандаа бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн болохоор одоо надад нэмж яриад байх зүйлгүй байна. Намайг Бор-Өндөр хотын 38-р байрны хойгуур тойроод гарахад Эрхэмбаяр, өндөр Гансүх, хар Ганбаа нар сууж байсан. Тэр үед 18 цаг өнгөрч байсан. Тэд нар архи ууж байсан. Намайг очиход ногоон Эрхэмбаяр чи яв гэж намайг хөөсөн. Тэгээд урагшаа яваад байшингийн буланд хараад зогсож байхад өндөр Гансүх Эрхэмбаярыг нэг юмаар цохих шиг болсон. Анх намайг очиход өндөр Гансүх Эрхэмбаяр нар маргалдаад байсан. Нэг байшин яриад маргаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг бол хараагүй ...би тухайн үед жаахан зайтай байсан. Өндөр Гансүх болон Эрхэмбаяр нар сууж байгаад босоод зууралдсан. Гэтэл Гансүх газраас нэг юм аваад цохисон. Юугаар цохисон талаар сайн анзаарч хараагүй. Нэг улаан зүйл байсан. Би тоосго байна гэж бодсон. Тэгээд газар унахаар нь нүүрлүү нэг удаа өшиглөж байсан. Эрхэмбаяр тэндээ хэвтээд үлдсэн. Тэрнээс хойш тэгээд Гансүх, Ганбаа хоёр дахин 1 шил архи аваад хар Ганбаагийн гэрт очиж уусан. Тэр үед гэрт нь Ганбаагийн охин Урантуяа, Гансүх, Ганбаа бид 4 архиа уусан. Ууж дуусаад би гэртээ харьсан. Би орой 20 цагийн орчим гэртээ харьсан. Би ирэнгүүтээ шууд унтсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 112 хуу/

Б.Ариунжаргалын 2012.08.29-ны өдөр гэрчээр өгсөн “...би өмнө өгсөн байцаалтандаа зарим зүйлийг худлаа мэдүүлсэн юм. Яагаад худлаа мэдүүлсэн юм бэ гэвэл намайг Эрхэмбаярын эгч Өлзийбаяр нь ингэж бич, ингэж хэл гэх зэргээр зааж зааварладаг байсан. Тэрнээс би Эрхэмбаярыг олддог тэр өдрөөс өмнө бол огт Эрхэмбаяртай уулзаж учраагүй. Бид нар 38-р байрны орчим архи дарс уудаг нь үнэн гэхдээ 2012.08.10-ны өдөр очиж уугаагүй. Эрхэмбаярын эгч Өлзийбаяр нь надад цаасан дээр бичиж өгөөд ингэж ярь гэж зааж өгсөн. Тэгээд л би ярьж байгаа юм. Тэр бичсэн цаасан дээрээ бол намайг өмнө нь нэг удаа очиж ууж байсан тухайгаа хэлсэн чинь наадахаа одоо ингэж хэл гээд хэлүүлсэн юм. Гансүх Эрхэмбаярыг тоосгоор цохисон гэх асуудал бол өмнө нь 07 дугаар сарын сүүлээр болон 08 дугаар сарын эхэн үед бол тийм асуудал болсон. Тэрийг л одоо яриулаад байгаа юм. Эрхэмбаярыг ухаангүй байдалтай олдсоноос хойш цагдаа нар шалгаж эхлэх үед Өлзийбаяр намайг гэртээ байлгаж хонуулж өнжүүлдэг болсон. Гэрээсээ гаргахгүй байгаа юм. Чи одоо энэ бүгдийг ярихгүй бол чамайг би Улаанбаатар хотын цагдаад өгнө гэх зэргээр сүрдүүлж байгаа. Намайг Гансүхийг зодсон гэж мэдүүл, энэ л манай дүүг зодсон. Чи тэгэж хэлнэ шүү гэх зэргээр хэлж байгаа юм...” гэх мэдүүлэг /  1-р хх-н 114 хуу/

Б.Ариунжаргалын 2012.09.07-ны өдрийн гэрчээр өгсөн “...миний төрсөн өдөр 2012.07.26-нд болсон юм. Би төрсөн өдрөө тэмдэглэж Туяа эгчийнд архи уусан. Маргааш нь дахин тэднийд уугаад маргааш буюу 2012.07.28-ны өдөр 09 цагийн үед Эрхэмбаяр, Гансүх, өндөр Цогоо, Батбаяр, Шүрээ эгчийн хөл муутай хүү тавуулаа явж байгаад таарсан юм. Би 37-р байрны ар талд сүүдэрт сууж байхад тэд нар ирсэн. Эрхэмбаяр 0,75 гр Ерөөл архи өвөртлөөд явж байсан. Тэгээд намайг дуудсан юм. Бид нар тэр архийг 37-р байрны ар талд сууж бйагаад уусан. Мөн дахиад өндөр Цогоо явуулж Монгол стандарт архи авчирч ууцгаасан. Тэгсэн Шүрээ эгч хараад намайг баахан харцуултай архи уулаа ээжийнхээ нэр хүндийг бод гэж загнасан. Бид нар өдөржин архи уусан. Бид нар 1-17 цагийн үед тарцгаасан. Тэр өдөр Гансүх, Эрхэмбаяр хоёр муудаагүй зүгээр л архи ууж байгаад тарсан. Харин тэр хоёр байшингийн талаар ярьж байгаа нь сонсогдсон. Түүнээс өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Гансүх, Эрхэмбаяр хоёр тэр өдөр бол хоорондоо муудалцаагүй, би сандраад худлаа хэлсэн юм. Намайг гэртээ унтаж байхад Өлзийбаяр эгч хаалга балбаж байгаад орж ирсэн. Тэгээд орж ирээд учир зүггүй загнаад Эрхэмбаяр ухаангүй эмнэлэгт хэвтэж байгаа үхэх гээд байна. Гансүх та хоёртой холбоотой. Та нар хамт архи уудаг гээд загнаад байсан. Өлзийбаяртай хамт Хөлгөө гэх эмэгтэй хамт явж байсан. Тэгээд намайг дагуулж цагдаа руу явсан. Тэрнээс өмнө чи үнэнгээ хэлнэ шүү Эрхэмбаярыг үхвэл чамайг шүүхэд хэлнэ. Чи Эрхэмбаярыг энд тэнд унасан гэж хэлээрэй. Чи мэднэ гээд байхаар нь би юу ч мэдэхгүй надад үзэж харсан зүйл байхгүй гэхэд чи манай хоолыг иддэг биз дээ. Чамайг Улаанбаатарын дээд шүүхэд өгнө. Гансүх юугаар цохисон гээд намайг барьж идэх гээд загнаад байсан. Мөн намайг цагдаа дээр байхад манайд очоорой гэсэн юм. Тэгсэн очсон чинь жижиг пивор савтай тал архи өгсөн. Тэгээд намайг үнэнгээ хэл би чамайг хэргээс аварна гээд байсан. Тэгэхээр нь би Гансүх Эрхэмбаяр хоёр зодолдсон гэж худлаа хэлсэн юм. Тэрнээс тэр хоёр муудаж зодолдоогүй. Өлзийбаяр л тэгэж хэлүүлэх гээд байхаар нь албаар тэгж хэлсэн юм. Хэрэг гардаг шөнө Эрхэмбаяртай би таараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 116-119 хуу/

Б.Ариунжаргал Л.Өлзийбаяр нарыг 2012.12.02-ны өдөр нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд “Л.Өлзийбаяр –Мөрдөн байцаалтад нүүрэлдүүлэн байцаалт өгснөөс хойш бараг сар орчим болоод байхад нэг өдөр Бор-Өндөр захын тэнд Ариунжаргал Шүрээ эгчтэй зогсож байсан. Ингэхээр нь би очоод уулзсан. Уулзахдаа би Ариунжаргалыг яах гэж худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм бэ. Чи анх ярихдаа Гансүх Эрхэмбаярыг цохисон гэж яриа биз дээ. Манайд очиж анх ярьж байсныг чинь бичиж байсан бичлэгийг үз гэж хэлээд цамцнаас нь татаад явсан. Ингээд гэр байх байрны хажууд ирэхэд Ариунжаргал цагдаа руу хараад хойшоо ухраад байхаар нь би цамцнаас нь жаахан чангаагаад гэртээ оруулсан. Гэртээ ороод чи үнэнгээ хэл ямар учиртай юм бэ гэж асуухад Ариунжаргал нь Гансүх Эрхэмбаярыг цохисон нь үнэн гэж хэлсэн юм. Тэр үед манайд өрхийн сувилагч Нараа, өөр манай Эрхэмбаярыг харж байсан ах дүү нар байсан юм

Б.Ариунжаргал –Нүүрэлдүүлэн байцаалт өгсний маргааш нь 09 цаг өнгөрч байхад Бор-Өндөр хотын захын тэнд явж байтал Өлзийбаяр эгчтэй таарсан. Тэгсэн чинь Өлзийбаяр эгч худлаа мэдүүлэг өглөө гээд учир зүггүй загнаад манайд очъё чи манайд гэрчилж ярьж байсныг чинь бичсэн бичлэг байгаа гээд намайг чирч зулгаагаад гэртээ оруулсан. Гэртээ оруулаад намайг байцаагаад чи цагдаа нараас юунаас нь айдаг юм. Үнэнгээ хэл гэж загнаад хэл хэл гээд байхаар нь арга ядаад Гансүх Эрхэмбаярыг цохисон нь үнэн юмаа гэж хэлсэн. Гансүх Эрхэмбаярыг тоосгоор цохисон гэдэг нь худлаа. Би Гансүх Эрхэмбаярыг тоосгоор цохиж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэгүүд /1-р хх-н 123 хуу/

Б.Ариунжаргалын 2013.01.08-ны өдөр гэрчээр өгсөн “...тэр 2012.08.11-ний орой Өлзийбаяр эгч манайхаар очоод Эрхэмбаяр эмнэлэгт хэвтчихсэн муу байна. Эрхэмбаяртай чи уудаг, Эрхэмбаярыг хэн зодож байсныг мэдэж байгаа гээд дайраад байхаар нь би Эрхэмбаяртай Бор-Өндөр хотын 38-р байрны ард 2012.07.16-ны үед архи ууснаа 2012.08.10-11-ний өдрүүдэд уулзсан болгож ярьсан. Тэрнээс биш 2012.08.10-11-ний өдрүүдэд Эрхэмбаяртай уулзалдаагүй. Эрхэмбаярыг өндөр Гансүх зодож байсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 125-16 хуу/

Б.Ариунжаргалын 2013.04.14-ний өдөр гэрчээр өгсөн “...Эрхэмбаярын өндөр хочит Гансүх зодож толгой руу нь тал тоосгоор цохисон юм ...тэгээд нөгөө гурав архиа ууж байснаа өндөр Гансүх, Эрхэмбаяр нар хоорондоо нэг байшингаас болж маргалдаад л өндөр Гансүх танай шулам шиг эгч чинь гээд л эхлээд л Эрхэмбаяр, Гансүх хоёр заамдалцаж аваад өндөр Гансүх Эрхэмбаярыг газар унагаад л тал тоосго газраас аваад л Эрхэмбаярын нүүрэн тус газар нь 1 удаа цохиод авсан, тэгтэл Эрхэмбаяр газартаа хэвтээд үлдсэн ба босч ирээгүй. Хажууд нь ногоон хочтой Ганбаатар байж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 165-168 хуу/

 Б.Ариунжаргалын 2013.04.15-ны өдөр сэжигтнээр өгсөн “...анх байцаагдаж байхдаа би хэргийн талаар мэдэх зүйл болон мэдэхгүй зүйлийн талаар 2-3 удаа худлаа мэдүүлэг өгсөн... харин би одоо үнэнээр нь мэдүүлэг өгч байгаа. Талийгаач Эрхэмбаярыг өндөр хочит Гансүх цохисон юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 211-212 хуу/

Б.Ариунжаргалын 2013.05.07-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Эрхэмбаяр хүнд зодуулсан байдалтай олдсон хэрэгт гэрчээр 4-5 удаа байцаалт өгсөн. Энэ байцаалтуудын зарим нь буюу 2-3 байцаалтад би худлаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед өндөр хочит Гансүх талийгаач Эрхэмбаярын толгойн тус газар нь цохиж зодсоныг харсан гэж мэдүүлэг өгөөд дараа нь өгөхдөө огт тийм зүйл болоогүй хараагүй үзээгүй гэж мэдүүлэг өгсөн. Мөн нүүрэлдэж байцаагдахдаа Гансүх Эрхэмбаярыг зодож цохисон асуудал байхгүй гэж мэдүүлэг өгсөн. Яг үнэндээ Гансүх Эрхэмбаярыг цохисон. Би сүүлд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо би дахиж мэдүүлэгээсээ буцахгүй. Харин худал мэдүүлэг өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 216 хуу/ зэрэг болно.

Прокуророос Б.Ариунжаргалыг “шунахайн болон хувийн бусад сэдэлтээр” мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг ирүүлжээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шунахай болон хувийн сэдэлтээр гэдэг нь нэр төр албан тушаал хөөцөлдсөн, өс хонзон, атаа хорсол, үзэн ядалт, нутаграх зэрэг хувийн сэдэлтүүд байж болно гэсэн байдаг. Ариунжаргалын хувьд мэдүүлэг дээрээ надад мөнгө өгнө гэсэн мөн Гансүх дарамталсан гэсэн мэдүүлгүүд байдаг учраас түүнд Эрүүгийн хуулийн 254.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэж мэтгэлцэж байгаа боловч Б.Ариунжаргал нь хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу шунахайн болон хувийн бусад сэдэлтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй, мөн чухам түүний аль мэдүүлэг нь үнэн зөв болох нь тогтоогдоогүй байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ариунжаргалд холбогдох хэргийг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ариунжаргал нь Л.Эрхэмбаяр нас барсан гэх эрүүгийн 201223010069 дугаартай хэрэгт худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулсаар байхад илт зөрүүтэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ариунжаргал нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг түүнд тайлбарлаж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсаар байтал санаатайгаар худал мэдүүлэг өгч шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх ба түүний үйлдэл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд гэрч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байгаа боловч түүний энэхүү үйлдэл нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул Б.Ариунжаргалыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ариунжаргал нь 14 хоног цагдан хоригдсон бөгөөд бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 зүйлүүдэд засныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Бабаагийн Ариунжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Бабаагийн Ариунжаргалыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бабаагийн Ариунжаргалын мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунжаргалын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Ариунжаргал нь нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүхэд түүний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР