Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0029

 

Т.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Т-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дүгээр зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Т.Т-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Т-ийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Тт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 986766 төгрөг, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор 644389 төгрөг нийт 1,631,155 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин таван/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсвөөс гаргуулан олгож, нэхэмжлэгчид ээлжийн амралтын мөнгийг тооцон олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Ө давж заалдах гомдолдоо:

...Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр төрийн албанаас хална" гэж заасан. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай тогтоолын 7-д Хуулийн... 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно. гэжээ. Энэхүү тайлбараас үзэхэд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ажилтны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний дүнг үндэслэнэ гэж шууд ойлгогдохгүй байна. Учир нь үр дүнгийн гэрээг жилд нэг удаа үнэлдэг. Гэтэл ажилтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдлууд тухай бүр үүсэхэд энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

Т.Т нь албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: Т.Тт өгсөн үүрэг даалгавруудаас Төрийн албан хаагчийн 2017 оны үр дүнгийн гэрээ, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах саналыг 1 сар гаруй хугацаа хэтрүүлж ирүүлсэн, малын эндемик өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрдэс тэжээлийн цех байгуулах төслийн санал бичиж ирүүлэх үүрэг даалгавар биелүүлээгүй үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, Засаг даргын зөвлөлийн хурлаар Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сүүлийн 3 жилд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг оруулах үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй, аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлын удирдамж, захирамжийн төслийг боловсруулах үүрэг өгөхөд бэлэн хийж байгаа гэж хэлээд гарсан хүн хугацаа хожимдуулж. чанарын шаардлага хангахгүй төслийг 1 сарын дараа өгсөн, ерөнхий эмчийн чиг үүрэгт хамаарах хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас боом өвчний вакцин хөлдөөсөн асуудал гарсан, ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын горимыг сахиж ажиллуулаагүйгээс боомын үүсгэгч гадаад орчинд тархах нөхцлийг тус тус үүсгэсэн.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан боом өвчний вакциныг халдвар хамгааллын хувцасгүй эмч нар ажиллан ялгаж байгаа зураг /хх-141хуудас/ бий. Мөн уг вакциныг ялгаснаас хойш 1 сар гаруй хугацааны дараа устгал хийгдсэн байдаг. Адууны шинжилгээний мөнгөтэй холбоотой 33,0 сая төгрөгөөс 10,6 сая төгрөгийг Т.Т нь байгууллагад үр ашиггүйгээр захиран зарцуулсан нь хэргийн материалд байгаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн ирүүлсэн дүгнэлт албан бичиг, байгууллагын дотоод хяналт, аудит хийсэн ажлын тайлан дүгнэлт, эмч нарын мөнгө зарцуулсан тайлангаар нотлогддог.

Дээр дурдсаны дагуу миний бие Т.Тт ажил үүргийн олон үүрэг даалгаврыг өгч байсан боловч зохих ёсоор биелүүлээгүй гэдгээ сонсох ажиллагааны үед болон шүүх хуралдаан дээр Т.Т өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл албаны чиг үүрэгт хамаарах ажил, үүрэг даалгаврыг биелүүлж байгаагүй талаарх үйлдлийг нотолсон баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, дүгнэсэнгүй.

Мөн би шүүгчийн туслахын хэлсний дагуу бүх нотлох баримтаа бүрдүүлж өгсөн. Миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн талаар бичгийн нотлох баримтыг шүүхэд өгөхөд шүүгчийн туслах өөрийн байгууллагын Хуулбар үнэн" гэсэн тэмдэг байхгүй бол тамгаа дараад өгч болно гэж хэлсний дагуу миний бие анхан шатны шүүхэд хүргэсэн бүх баримтандаа байгууллагын тамгыг дарж хүргэсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс Т.Тт үүрэг даалгавар өгч байсан миний гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй гэдгээр үнэлээгүйд гомдолтой байна. Хэрвээ шүүгчийн туслах эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлж авчир гэсэн бол надад нотлох баримтыг шаардлага хангаж авчран өгөх боломж бүрэн байсан.

Иймээс анхан шатны шүүхийг нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлсэн гэж үзэхгүй байна.

2. "В Т И Н" ТББ-ын эмийн борлуулагчаар Т.Т нь Р.Олзодмаагийн нэрээр гэрээ байгуулж, байгууллагын өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулж байсныг байгууллагын ажилтнууд, ХХМЭ-ийн эмч нар мэднэ, өөрөө ч Т.Т нь сонсох ажиллагааны үед хүлээн зөвшөөрч байсан. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд бий.

Хавтаст хэрэгт байгаа Т.Т-ийн банкны харилцах дансны хуулгад эмийн мөнгийг "В Т И Н" ТББ руу шилжүүлсэн 2 удаагийн гүйлгээний мэдээллээр түүнийг "В Т И Н" ийн борлуулагчаар ажиллаж байсныг нотлох бөгөөд тухайн байгууллагын ажил эрхэлдэг хүмүүс утсаар мэдээлэл авахад нотолж хэлж байсан.

Би Эрдэнэтуяа шүүгчид "В Т И Н ТББ-ын борлуулагчаар Т.Т ажилладаг талаар гэрчүүдийг шүүх хуралд оруулах хүсэлтийг амаар тавихад шүүх хуралд олон хүн оруулж бужигнуулахгүй гэж хэлсэн. Миний бие шүүхэд амаар хүсэлт тавьж болохгүй гэж бодохгүй байна. Шүүх үүнийг хүлээн авч өөрөө мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж ойлгож байна. Гэтэл шүүх мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлж гэрчүүдээс энэ талаар асууж тодруулах ямар ч ажиллагаа хийгээгүй, миний хүсэлтийг хангах эсэх талаар шийдвэрлэсэнгүй.

Р.Олзодмаагийн гарын үсэг мөн эсэх талаар би шүүх хурал дээр шинжлүүлэх хүсэлт тавихад шүүгч шүүх үүнийг шинжлэхгүй, ер нь төстэй юм байна гэсэн.

Миний бие дээд шатны шүүхэд нь хандаж үнэн мөнийг нь тогтоолгоно гэж бодож байсан. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр шинжээч томилуулах ёстой байжээ. Үүнийг нь би мэдээгүй.

Иймээс Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан, миний нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ:

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэл тус бүрт холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь зөв үнэлж дүгнэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ... малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль, журам заавар арга зүйг чанд баримталж хэрэгжүүлээгүй, тавигдах шаардлага, дотоод хяналтыг хангалтгүй зохион байгуулж ажилласан, 2016 онд халдварт өвчний 3 төрлийн 462,8 литр вакцин хөлдөөж, халдвар хамгааллын аюулгүй ажиллагааг зөрчсөн, Мал эмнэлэг ариун цэврийн лабораторит шинжилсэн 325 адууны шинжилгээний төлбөр болох 10,6 сая төгрөгийг захиран зарцуулсан, В Т И Н ТББ-ын малын эмийн борлуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж, мал эмнэлгийн албаны лабораторийн өрөөг ашиглаж, төрийн үйлчилгээний албан хаагчид ажил хавсран гүйцэтгүүлсэн, удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлээгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан гэж буруутган нэхэмжлэгч Т.Т-ийг аймгийн Мал эмнэлгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаал төрийн албаны тухай хуулиар тогтоосон хууль дээдлэх, шударга ёсыг хангах, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргаа нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоосон байх, хуульд үндэслэх, шийдвэр, үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг алдагдуулсан байх тул анхан шатны анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөв байна.

Хариуцагчийн маргаан бүхий актад заасан малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль, журам заавар арга зүйг чанд баримталж хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлээс хэзээ гарсан ямар өвчинтэй хэрхэн тэмцэх байсан боловч тухайн үүргээ биелүүлээгүй, ямар хууль тогтоомжоор тус албан тушаалыг эрхлэгчид үүрэг болгосон талаарх бодит нөхцөл байдал, шалтгаан үндэслэлийг тодорхойлох боломжгүй байна. Гэтэл тэрээр ...2016 онд гарсан хонины цэцэг өвчин 11 сумын 48 голомтод гарахад аймгийн хэмжээнд нэг ч удаа хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаагүй. Үржлийн болон зах зээлд борлуулах мал, малын гаралтай түүхийн эд бүтээгдэхүүнд хориг тавиагүйн улмаас 76 сум суурин газарт тархаах нөхцөлийг бүрдүүлсэн. 2016 онд Сүхбаатар аймагт анх 111 мал өвчилсөн байсан. Үүнийг устгаагүйн улмаас 12 аймгийн 76 сум суурин газарт хонины цэцэг өвчин тархаж Сэлэнгэ, Архангай, Дархан аймагт гарсан .... гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байх боловч шүүх тус тайлбарыг хүлээн авч маргаан бүхий актын уг хэсгийг зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгасан тус үндэслэлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэл, бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, Мал эмнэлгийн хэлтсийн 2016 оны жилийн тайланд хариуцагч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Ө өөрөө хянаж гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулсан ... тайланд тусгагдсан аймгийн Мал эмнэлгийн малын гоц халдварт өвчин халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн байдлаас үзэхэд малын гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах талаар тодорхой төлөвлөлттэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй гэж аймгийн Мал эмнэлгийн албаны даргыг буруутгах боломжгүй... гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Т, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ган-Очир нарын байгуулсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ[1], Мал эмнэлгийн албаны дарга Т.Т-ийн 2015 оны Үр дүнгийн гэрээ-ний биелэлтийг 96.4 /А буюу маш сайн/ дүгнэсэн илтгэх хуудас[2], Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын товч танилцуулга-ын Аймгуудын ХХААГ-ын 2016 оны ажлын үр дүнгийн үнэлгээ-ээр Сүхбаатар аймгийн мал эмнэлгийг 92.5 гэж үнэлсэн зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Т-ийг албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Т.Т-ийн 2017 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнээгүй атлаа албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн... гэж заасантай тус тус нийцээгүй, тус үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Т.Ган-Очирт хүргүүлсэн Мал эмнэлгийн албаны дарга, ерөнхий эмч Т.Т нь олон улсын В Т И Н эмийн бизнесийн байгууллагын гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг зөрчиж байгаа тул дээрхи үйлдлийг таслан зогсоох гэх 03 дугаар дүгнэлт, мөн ... Тунгалаг: ВИ ТИ НЕТ ТББ-н ажлыг 2014 онд анх авч хийсэн. Үүнийг хийж байгаад хариуцлага тооцуулсан... гэж тэмдэглэгдсэн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хамт олны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Т нь ВИ ТИ НЕТ ТББ-ын эмийн борлуулагчаар ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Харин тэрээр маргаан бүхий акт гарах үед тус борлуулагчийн ажлыг хавсран хийхээ больсон болох нь .. Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, Монгол В.И.Т.Н ТББ-ын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 156 тоот албан бичиг, тус байгууллагын Борлуулалтын гэрээ болон гэрч Р.Олзодмаагийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байх тул энэ талаар анхан шатны шүүх тус зөрчилтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Иймээс хариуцагчийн ...гэрчүүдийг шүүх хуралдаанд оруулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэсгүй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Т-ийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл түүний эрхэлж байсан Мал эмнэлгийн албаны даргын хэрэгжүүлэх чиг үүргийг мал амьтдын элдэв өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хөтөлбөр төсөл боловсруулах, захиалах, хэрэгжилтийг зохион байгуулах, мал эмнэлгийн лабораторийн оношлох чадавхийг бэхжүүлж, малын өвчнийг зохих журмын дагуу тогтоох, зарим архаг халдварт өвчнийг оношлох шинжилгээг тогтмолжуулж, улмаар эрүүлжүүлэх, мал эмнэлгийн ариун цэвэр магадлан шинжилгээ, ариутгал халдваргүйтэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, мал эмнэлгийн арга хэмжээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт хийх замаар орон нутгийн анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн ...ерөнхий эмчийн чиг үүрэгт хамаарах хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас боом өвчний вакцин хөлдөөсөн асуудал гарсан ... адууны шинжилгээний мөнгөтэй холбоотой 33,0 сая төгрөгөөс 10,6 сая төгрөгийг Т.Т нь байгууллагад үр ашиггүйгээр захиран зарцуулсан нь хэргийн материалд байгаа Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн ирүүлсэн дүгнэлт албан бичиг, байгууллагын дотоод хяналт, аудит хийсэн ажлын тайлан дүгнэлт, эмч нарын мөнгө зарцуулсан тайлангаар нотлогддог гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Мал эмнэлгийн хэлтсийн эмч нарын яаралтай хуралдааны тэмдэглэл, Ажлын хэсгийн ажилласан талаарх илтгэх хуудас, Зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17-02-008/24 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудад тулгуурлан 3 төрлийн вакцин хамгаалалтын горим зөрчигдсөний улмаас хөлдөж чанаргүй болсон, тус зөрчил нь тус газрын ажилтан Ж.Сундуйгийн буруутай ажиллагаа байсан болох нь тогтоогдсон гэх агуулгаар тус зөрчилд холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн үйлдлийг үгүйсгэж дүгнэсэн нь зөв байна.

Шүүх хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/22 дугаар тогтоол, аймгийн Хүнс, аж ахуйн газрын ажилчдын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилчдын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтыг маргаан бүхий актын тус хэсэгтэй холбогдуулан үнэлж, дүгнэн нэхэмжлэгчийг албаны даргын зөвшөөрөлгүйгээр 10.075.000 төгрөгийг захиран зарцуулсан гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй 34 дүгээр зүйлийн 34.1-д шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ34.3-д шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй38.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ38.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ..., 38.4-т төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байх бөгөөд хариуцагчаас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тэмдгийг дарж шүүхэд өгсөн нэхэмжлэгч Т.Тт үүрэг даалгавар өгснийг тэмдэглэсэн гэх хувийн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар[3], Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдэл[4] зэрэг баримтуудыг шүүх үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй байна.

Зүй нь хэргийн оролцогчид нь нотлох баримтуудыг шүүхэд эх хувиар нь өгөх, эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй бөгөөд эсвэл тухайн бичгийг үйлдсэн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байж нотлох баримтын шинжийг агуулах буюу тэдгээр шаардлага хангасан баримтыг шүүх үнэлэх боломжтой тул хувийн тэмдэглэл гэх зэрэг нотлох баримт нь өөр бусад нотлох баримтаар давхар баталгаажсан тохиолдолд тэрхүү нотлох баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх боломжтой.

Иймд ... албаны чиг үүрэгт хамаарах ажил, үүрэг даалгаврыг биелүүлж байгаагүй талаарх үйлдлийг нотолсон баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүй ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай тус тус нийцсэнийг, давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нарт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад болохыг мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч Э.Өын шүүх хуралдаан хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтэд дарагдсан шүүхийн дардаснаас үзвэл тус хүсэлт давж заалдах шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутад буюу шүүх хуралдаан дууссаны дараа ирсэн, шүүх тус хүсэлтийг хэлэлцэх нөхцөл үүсээгүй буюу хүсэлтийг хэлэлцээгүй нь шүүхийн буруугаас болоогүйг тус тус тэмдэглэв.

Шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ