Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0419

 

“Монголиан пропертис констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Монголиан пропертис констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголиан пропертис констракшн” ХХК-д олгосон 2015 оны 122 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийн “Монголиан пропертис констракшн” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Монголиан пропертис констракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 525 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Тус компани нь эзэмшил газар дээрээ 13 давхар үйлчилгээтэй барилга барих хүсэлтээ 2014 оны 02 дугаар сард гаргаж байсан ба барилга барих хүсэлтийг судлан Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дахь заалт, БНбД 31-01-10-н заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6-д орон сууцны барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын зай хэмжээ, 1.7-д заасан орон сууцны хотхон, хорооллын нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд шаардагдах авто машины ил зогсоол болон дулаан зогсоолын нормчлолыг тус тус хангагдахгүй гэсэн үндэслэлээр 13 давхар барилга барих боломжгүйг тус компанид албан бичгээр мэдэгдсэн.

Тус компани 2014 оны 12 дугаар сард эзэмшил газар дээрээ 12 давхар барилга барих хүсэлт ирүүлсэн ба тухайн компанийн эзэмшиж буй газар дээр хүсэлтэд дурьдсан өндөр барилга барих боломжгүй болохыг мэдэгдсэн байна.

“Монголиан пропертис констракшн” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг хүргүүлсэн нь манай байгууллагад цохогдон ирсэн. Уг албан бичигт тус компани эзэмшил газар дээрээ 9 давхар үйлчилгээний орон сууцны барилга барих хүсэлтэй байгааг уламжилсан байсан. Ирүүлсэн хүсэлтийг Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, 9 давхар барилга барих асуудлыг дэмжсэн ба тухайн байршилд барилга барихыг эсэргүүцсэн санал ирвэл шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж шийдвэрлэсэн. Хурлын шийдвэрийг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Уг даалгаврын 9 дүгээр заалтад “...гомдол гаргасан орчны газар эзэмшигч болон оршин суугчидтай зөвшилцөн эскиз зураг батлуулах...” гэж заасан.

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд “Монголиан пропертис констракшн” ХХК-ийн эзэмшил газрын ойр хавьд байрлах 15, 45, 47, 48, 53а, 68 дугаар байрны оршин суугчид, хорооны Засаг дарга, “Агуу хүүхдүүд” ТББ, “Мастер фүүдс” ХХК-иас тус компанийн барихаар төлөвлөсөн барилгыг эсэргүүцсэн гомдол, саналыг ирүүлсэн тул Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлсэн. Тус хурлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол, албан бичгүүд, оршин суугчдын эс зөвшөөрсөн саналууд, Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох шийдвэр гарсан.

“Хот байгуулалтын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана” гэж заасан. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлэгт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах харилцааг зохицуулсан байдаг.

“Монголиан пропертис констракшн” ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгавраар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас “Монголиан пропертис констракшн” ХХК-д олгосон 2015 оны 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хийгдсэн болно. Уг даалгаврыг хүчингүй болгосноор тус компанийн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг зөрчөөгүй бөгөөд тухайн компанийн эзэмшлийн газар дээр холбогдох норм дүрмийн дагуу орчны барилга байгууламж, орон зайн зохиомжтой уялдуулан нам давхрын барилга барих боломжтой юм. Гэхдээ барилга барих асуудлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хийвэл зохих үйл ажиллагааг хийж шийдвэрлэнэ. Дээр дурдсан тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/2178 дугаар албан бичиг, Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаар хурлын протоколын “Монголиан пропертис констракшн” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35.100 төгрөгийг гаргуулан нийт 70.200 төгрөгийг “Монголиан пропертис констракшн” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанийн эзэмшил газарт барилга барихыг эсэргүүцсэн санал хүргүүлж, түүнийг нь хариуцагч шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус заасан эрх хэмжээг хорооны Засаг дарга хэтрүүлэн тухайн газар нутагт оршин суудаг иргэд болон аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлж тэдгээрийн нэрийн өмнөөс санал гаргаж байгаа нь хууль бус юм. Зүй нь, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч байх ёстой билээ” гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1 “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэсэн заалтыг хэрхэн зөрчсөн талаар тайлбарлаагүй хэт нэг талыг харж шийдвэр гаргахдаа үндэслэлгүй хуулийн заалтыг зөрчсөн мэтээр тайлбарласан, мөн тус хуулийн 28 дугаар зүйл 28.1.12-т “захиргааны журмын биелэлтэд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих” гэж заасны дагуу тухайн хорооны иргэд болон аж ахуйн нэгжийн саналыг нэгтгэн барилга барихтай холбогдох журам болон хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар манай байгууллагад хандсан байдаг. Шүүхийн шийдвэрт дурьдсан шиг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж тэдгээрийн нэрийн өмнөөс санал гаргаагүй болно гэдгээ гэрчийн мэдүүлгээр мэдүүлсээр байтал шүүх буруу дүгнэлт гаргасан болно.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 1.2-т “Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно”, 4.2.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс”, 4.3.1.3-д “9 давхар барилгад 30 метр”, 4.11-д Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно” гэж тус тус заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч “Монголиан пропертис констракшн” ХХК-ийн өөрийн эзэмшиж буй газартаа барихаар төлөвлөж буй 9 давхар барилгын эргэлтийн цэгүүдээс 30 метр зай байрлах орон сууцны байшингийн 70 хувиас доошгүй өмчлөгч нараас санал авч болохыг зохицуулсан байгаагаас гадна журмын заалтыг заавал биелүүлэх шинжийг агуулаагүй байна. Газар, барилгажилтын зөвлөл шийдвэр гаргахдаа барилга барихыг “эс зөвшөөрсөн” гэх санал өгсөн иргэд нь тухайн хорооны газар нутагт байрлах үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй буюу өмчлөгч мөн болохыг нягтлан шалгах үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, эсэргүүцсэн санал өгч буй иргэд нь саналаа өгч буй орон сууцны өмчлөгч болохоо зохих баримтаар нотолсон байх шаардлагатай байсан боловч хариуцагч энэхүү нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх 15/1, 15/3, 45, 46, 47, 48, 49, 53, 53А, 53Б байрнуудын дунд баригдахаар эсэргүүцэж байгаа оршин суугчдын гарын үсэг гэх санал болон “Агуу хүүхдүүд” ТББ харьяа цэцэрлэгээс “Эцэг эхчүүдээс санал авах хуудас” зэргийг хүлээн авах боломжгүй юм” гэжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих барилгын эх загвар зураг батлах үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолын хавсралтаар батлагдсан журмаар зохицуулдаг болно. Журмын 4.1-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана” гэж заасан байдаг ба энэ заалтаар тухайн барилгажих газрын орчимд байгаа иргэд болон аж ахуйн нэгжийн санал дүгнэлтийг сонсох оролцоог нь хот байгуулалтын үйл ажиллагаанд хангахаар зохицуулсан заалт байхад шүүх буруу тайлбарлан орчмын барилга байгууламж “Агуу хүүхдүүд” цэцэрлэгээс ирүүлсэн санал зэргийг авч үзэх ёсгүй байсан гэх зэргээр тайлбарласан нь өөрөө үндэслэлгүй болжээ.

Мөн тус журмын 4.2-т “Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно” гэж заасан нь журмын заалтыг заавал биелүүлэх шинжийг агуулаагүй байна гэж дүгнэхдээ ямар үндэслэлээр ингэж тайлбарлан дүгнэсэн болох нь тодорхойгүй хэт нэг талд шийдвэр гаргах гэж хичээсэн мэтээр ойлгогддог.

Журмаар олгогдсон санал авч болох зохицуулалт нь “санал авч болно” гэсэн эрхийг олгосон байх бөгөөд эрх бүхий байгууллагаас буюу манай газраас санал авахыг даалгаснаар заавал биелэгдэх шинжтэй болно гэсэн үг юм. Шүүхийн шийдвэрт дурдсан шиг заавал биелэгдэх шинжгүй сайн дурын үндсэн дээр авч болдог авахгүй байж болдог үйл ажиллагаа биш юм.

Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана” хэмээн иргэн хуулийн этгээдийн саналыг авахаар зохицуулсан байдаг билээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/684 дугаар захирамжаар “Газар барилгажилтын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг зөвлөлийн дарга нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргыг зөвлөлийн дарга байхаар тогтоосон байна. Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/2178 дугаар албан бичигт тус газрын орлогч дарга буюу Газар, барилгажилтын зөвлөлийн дарга гарын үсэг зурсан байна. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын гаргасан шийдвэрийг тус газрын орлогч дарга хүчингүй болгож байгаа нь Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заагдсан “захирах, захирагдах ёс”-ны зарчим зөрчигдсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж дүгнэхээр байна” гэжээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/03 дугаар тушаалын хавсралтаар “Газар барилгажилтын зөвлөлийн дүрэм”-ийг баталсан. Уг дүрмийн нийтлэг үндэслэл хэсэгт “Газар барилгажилтын зөвлөл нь ... Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын шийдвэрийн эрх зүйн үндсийг хангах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан байдаг өөрөөр хэлбэл зөвлөлийн хурлаас гарсан газар болон барилгын асуудал шийдвэрлэсэн шийдвэр нь Ерөнхий архитекторын шийдвэрийн үндэслэл болно.

Газар барилгажилтын зөвлөлийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар хурлаар “Монголиан пропертис констракшн” ХХК-ийн ирүүлсэн барилга барих хүсэлтийг дэмжихдээ баталгаажсан гомдол санал ирвэл тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж дурьдсан болно. Үүний дагуу Ерөнхий архитекторын баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт /2015 оны 04 сарын 03-ны өдрийн 122 дугаартай/ даалгаврыг олгохдоо 9 дэх хэсэгт “гомдол гаргасан орчны газар эзэмшигч болон оршин суугчидтай зөвшилцөн эскиз зураг батлуулах” гэж даалгасан байдаг. Мөн тус зөвлөлийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хурлаар “иргэдийн болон аж ахуйн нэгжийн эсэргүүцлийн санал” ирсэн тул Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох шийдвэр гарч үүний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор тус маргаан бүхий 122 дугаар даалгаврыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/2178 дугаар “Монголиан пропертис констракшн” ХХК-д олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн албан бичиг нь ямар нэгэн шийдвэр биш бөгөөд зөвхөн хурлын шийдвэр болон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон тухай мэдэгдэл болно. Тус албан бичгийг газрын орлогч дарга Э.Анарын гарын үсгээр баталгаажуулан хүргүүлсэн. Үүнийг шүүх буруу дүгнэж газрын даргын шийдвэр, захиргааны маргаан бүхий актыг газрын орлогч дарга эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж цуцалсан мэтээр тайлбарласан нь илт буруу дүгнэлт гаргасан гэх үндэслэлтэй байгаа болно.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлд “... иргэдээс ирүүлсэн санал бодитой биш, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдах барилга нь ойр орчмын оршин суугч, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй байхад иргэдийн саналыг үндэслэн уг даалгаврыг хүчингүй болгосон нь буруу” гэж маргажээ.

Харин хариуцагчийн “... Хот байгуулалтын тухай хуулийн 12.8, 17.1, барилгын норм, дүрмийн барилга хоорондын зай, шаардагдах авто зогсоол, дулаан зогсоолын нормчлолыг хангахгүй гэж үзэж, 12 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлаагүй, 9 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа орчны газар эзэмшигч болон оршин суугчидтай зөвшилцөж эскиз зураг батлуулахаар заасан бөгөөд иргэдээс гомдол гаргасан учраас хүчингүй болгосон” гэх тайлбар, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2015 оны 64 дүгээр албан бичиг, иргэдийн санал зэрэг хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь барилгын өндрийг багасгаж 9 давхар болгосон боловч барилгын бусад норм, дүрэмд нийцэх эсэх нь эргэлзээтэй байх тул шүүхээс нотлох баримт цуглуулах, мэргэжлийн этгээдээс шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа явуулж архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Гэтэл анхан шатны шүүх нь анхнаасаа архитектур төлөвлөлтийн даалгавар зөв олгогдсон эсэхийг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэл буюу уг барилгын төлөвлөлт, барилгын норм, дүрмийг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэхийг тогтоогоогүй атлаа хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж “хорооны Засаг даргыг эрх хэмжээгээ хэтрүүлсэн, эс зөвшөөрсөн иргэдийн санал 70 хувьд хүрээгүй, Газар барилгажилтын зөвлөлийн дарга нь захирах, захирагдах ёсны зарчим зөрчсөн” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16-д зааснаар “иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах”, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар “газрыг зохистой ашиглах, хамгаалах талаарх шийдвэрийн биелэлтийг хангуулах” бүрэн эрхийг хорооны Засаг дарга хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу нутаг дэвсгэрийнхээ газар дээр баригдах барилга нь барилгын норм, дүрэмд нийцэхгүй, орчны иргэд, байгууллагын газрын зохистой ашиглалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талаарх иргэд, байгууллагын саналыг уламжилсан байхад шүүхээс хорооны Засаг даргыг энэ талаар “эрх хэмжээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.11-д “Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно” гэж заасан нь барилга барихын тулд авах иргэдийн саналын талаар зохицуулсан байхад шүүх уг барилгыг барихад санал өгвөл зохих иргэдийн 70 хувь нь барилга барихыг “Зөвшөөрсөн” болохыг тогтоогоогүй атлаа эс зөвшөөрсөн иргэдийн санал 70 хувьд хүрээгүй гэж хэргийн оролцогчдын гаргасан иргэдийн саналыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргаас 2014 оны А/684 дүгээр захирамжаар Газар, барилгажилтын зөвлөлийг 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байхад уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөвлөлийн даргаар ажиллаж байгаа этгээдийн зөвхөн өөрийнх нь албан тушаалтай холбож захирах захирагдах ёсны зарчим зөрчигдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн уг зөвлөл нь ямар статустай байгууллага болох, түүний гаргасан шийдвэр болон хурлын протокол, Нийслэлийн ерөнхий ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгдсэн албан бичиг зэрэг нь захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхийг тодруулж маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөлгүй дээрх албан бичиг, Газар, барилгажилтын зөвлөлийн протоколыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-д заасантай нийцэхгүй байна.

Иймд хариуцагчийн тайлбарт дурдагдсан нэхэмжлэгчийн барих барилга нь Хот байгуулалтын болон Барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм дүрмийн шаардлагад нийцэх эсэх талаар нотлох баримтыг бүрэн цуглуулж, хариуцагч Газар, барилгажилтын зөвлөлийн эрх зүйн байдлыг тодруулж гаргасан шийдвэр нь захиргааны (бие даасан) актад хамаарах эсэхэд дүгнэлт өгч, шаардлагатай бол нэхэмжлэгчээс эрхийг нь хөндсөн актыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ