Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар бар 08-02 тоотод оршин суух, “Бичээч” овогтой Нямжанцангийн Чулуун /РЛ-66031500/-ы хүсэлттэй,

Талийгаач хүү Н.Ариунбатыг өсгөсөн тухай байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагч Н.Чулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Чулуун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүү Ариунбатыг төрүүлсэн юм. 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баатар гэх хүнтэй гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарсаар байна. Хүү Ариунбатад төрсний гэрчилгээ авахдаа өөрийн аав Нямжанцангаар овоглож гэрчилгээ авсан юм. Учир нь: Тухайн үед би хүүгээ хүнтэй суугаагүй байхдаа буюу гэртээ төрүүлсэн учир тухайн үед аав Нямжанцангаар овоглосон болно. Хүү Ариунбат маань 2003 онд өвчний улмаас нас барсан ба миний төрсөн ээж маань 1989 онд, аав маань 1995 онд тус тус нас барсан, аав ээжийг өнгөрсний дараа 1990 оны үед Доржханд гэх хүнтэй гэр бүл болоход нь би өөрийн хэдэн өнчин дүү нартайгаа цуг хүү Ариунбатыг  өөрөө өсгөсөн. Би эхээс арван хоёруулаа юм. Өмнө нь шүүхээр орж төрүүлсэн байдлаа тогтоолгосон. Өдгөө би 4 хүүхэдтэй эх гэж тэтгэвэрт гарах гэтэл хүү Ариунбатыг төрүүлж өсгөж хүмүүжүүлж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан болно.

Иймд талийгаач хүү Ариунбатыг 1984 оны 3 дугаар сарын 25-ний өдрөөс 2003 оны 9 дүгээр сарын 28-ний хооронд төрүүлсэн эх Н.Чулуун намайг өсгөсөн байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Чулуун нь хүү Н.Ариубатыг өсгөсөн байдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба талийгаач Нямжанцангийн Ариунбат /РЛ-84032513/-ыг 1984 оны 3 дугаар сарын 25-ний өдрөөс 2003 оны 9 дүгээр сарын 28-ний хооронд түүний төрсөн эх Н.Чулуун өсгөсөн болох нь. Тухайлбал: 

Нэхэмжлэгч Н.Чулуун нь 1984 оны 3 дугаар сарын 25-ний өдөр талийгаач хүү Нямжанцангийн Ариунбат /РЛ-84032513/-ыг төрүүлсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1080 дугаартай шийдвэрийн хуулбар,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 00/004112 дугаартай Н.Ариунбатын Төрсний бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 00/004111 дугаартай Н.Ариунбатын Нас барсны бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 00/004148 дугаартай Ц.Нямжанцангийн Нас барсны бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 00/004149 дугаартай П.Аржавын Нас барсны бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл  аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай албан бичигт: “....тус сумын 5 дугаар багийн иргэн З.Баатар, Н.Чулуун нарын хүү болох Н.Ариунбат нь 1984 онд төрсөн. Н.Ариунбатыг түүний төрүүлсэн эх Н.Чулуун нь гэртээ байхдаа төрүүлээд өөрийн төрсөн эцэг Ц.Нямжанцангаар овоглож төрсний бүртгэлтэй байсан боловч Н.Ариунбатыг түүний төрсөн эх Н.Чулуун нь өсгөж хүмүүжүүлсэн болно. Н.Ариунбат нь 2003 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас 19 настайдаа нас барсан нь үнэн....” гэх,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3/76 дугаар албан бичигт: ”....тус сумын иргэн Н.Чулуун нь өөрийн төрсөн эцэг Ц.Нямжанцан, эх П.Аржав нарын гэрт амьдарч байхдаа хүү Н.Ариунбатыг 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрүүлээд эцэг, эхээрээ хүүгээ овоглуулан бүртгүүлсэн байдаг. Н.Ариунбатыг өргөж авсан өвөө аав Нямжанцан нь 1995 онд эмээ ээж П.Аржав 1989 онд тус тус нас барсан ба хүү Н.Ариунбат нь төрсөн ээж Н.Чулууны асрамжинд өсөж хүмүүжсэн болон Н.Ариунбат нь 2003 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өвчний учир Улаанбаатар хотод нас барсан болно....“ гэх албан тодорхойлолтууд,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЕБСургуулийн багш Д.Мягмармаагийн: “....Ариунбат нь бага ангид байхдаа өөрийн аав ээж Баатар, Чулуун нарын хамт сумын төвд амьдардаг байсан. Ээж Н.Чулуун нь сургуулийн жижүүр үйлчлэгчээр ажиллаж хүү Ариунбатынхаа эцэг эхийн хуралд тогтмол сууж хүүхдээ асран халамжилж  байсан нь үнэн болно....” гэх,

Жаргалант багийн иргэн Ү.Дашбалжирийн: “....Ариунбатыг 1984 онд төрүүлээд 19 нас хүртэл өсгөн хүмүүжүүлж байсныг би сайн мэднэ. Чулууны аав, ээж нь надтай нэг голд мал маллаж байсан юм....” гэх тодорхойлолтууд, 

Гэрч Ш.Бадмааннямбуугийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “....Төмөрбулаг суманд төрүүлсэн. эцэг Нямжанцан, эх Аржав хоёр дээр байхдаа том хүү Ариунбатыг төрүүлсэн юм...өвөөгийндөө гарсан болохоор л өвөөгөөр нь өсгөсөн байх. Тэрнээс эх нь нөхөр Баатартай хамт өсгөсөн юм...яг хэдэн оноос гэр бүл болсон талаар санахгүй байна. Хамт амьдраад 3 хүү төрүүлсэн. Ариунбат нь эх Чулуун дээрээ байсан тэгээд 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн....” гэх,

Гэрч С.Анхцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “....Н.Чулуун нь 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том хүү Ариунбат, хүү Бат, хүү Мөнхбат, хамгийн баг хүү Амарбясгалан нар. Том хүү Ариунбат нь 2003 онд өөд болсон гэж хүнээс сонссон юм...Ариунбатыг 1985 онд Төмөрбулаг сумын хүн эмнэлэгт төрүүлсэн...өвөөгийндөө байхдаа гарсан юм.  Мөн эх Чулуун нь тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор өвөөгөөрөө овоглосон байхаа...Ариунбаатарыг төрүүлсэн жил Баатар гэж хүнтэй суусан юм. Баатартай сууснаас хойш 3 хүү төрүүлсэн... Баатартай суухдаа Ариунбатыг авч ирээд нэг гэрт амьдарсан. Тэгэхээр эх Чулуун, түүний нөхөр Баатар нар өсгөсөн....” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Чулууны улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар талийгаач Нямжанцангийн Ариунбат /РЛ-84032513/-ыг 1984 оны 3 дугаар сарын 25-ний өдрөөс 2003 оны 9 дүгээр сарын 28-ний хооронд түүний төрсөн эх “Бичээч” овогт Нямжанцангийн  Чулуун /РЛ-66031500/ өсгөж хүмүүжүүлсэн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ