Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 528

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОН82092367, Засгууд овогт Энхээгийн Золзаяагийн аав Б.Энхээгийн нас тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Э.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   1.Баяндүүрэн овогтой Энхээ нь 1957 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн боловч сургуульд оруулахгүй гэж аав ээж нь насыг нь дарж бүртгүүлснээс иргэний үнэмлэхний төрсөн он буруу бичигдэж олгогдсон байна. Миний аавын өндөр насны тэтгэвэр тогтоолгох жинхэнэ нас болж байгаа учир 1957 онд төрсөн болохыг тогтоолгох шаардлагатай байна. Аавын маань төрсөн оны талаар 1956-1961 онуудад төрсөн гэх лавлагаа бүртгэл гараагүй. Харин эмээгийн маань “Алдарт эх”-ийн одон авах тухай 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн баримад “Энхээ 17 настай, сургуульд” гэж бичигдсэн байгаа нь түүнийг 1957 онд төрсөн болохыг нотолж байгаа юм. Иймд Б.Энхээгийн 1957 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрснийг тогтоож өгнө үү. Түүнийг 1957 онд төрснийг сайн мэдэх Х.Жаргал, Ц.Батсүх нарыг гэрчээр асуулгасан болно.

2. Миний аав Б.Энхээ 1975 он хүртэл аав ээжийн хамтаар хөдөө мал маллаж байгаад 1975 оноос 1978 онд цэргийн алба хааж ирээд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ойн аж ахуйн мод үржүүлгийн тайлбайн ой ан хамгаалагчаар, 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар, 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Зам барилга ашиглалтын трестэд тракторчноор тус тус ажиллаж байсан.1983 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаал олдоогүй, харин 1979 онд ажилд томилогдсон тушаал архиаас олдсон, 1987 онд ажилд томилсон тушаал олдоогүй, 1983-1990 оны цалингийн түүврүүд гарсан. Иймд Б.Энхээгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Түүнтэй хамт ажиллаж байсан Ц.Цэвээнравдан, Б.Эрдэнэ-Очир, М.Гомбосүрэн нарыг гэрчээр асуулгасан болно” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Э.Золзаяа нь аав Б.Энхээг 1957 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох, мөн түүний Увс аймгийн Ойн аж ахуйн Мод үржүүлгийн талбайд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал ой ан хамгаалагчаар,  Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн

Төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаа-Б “Увс аймгийн Түргэн сумын төрөлтийн бүртгэлд Засгууд овогтой Баяндүүрэнгийн Энхээ гэх төрөлт 1956-1961 онуудад бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа,

2. Увс аймгийн 1975 онд “Алдарт эх” 1, 2-р одонгоор шагнагдах эхчүүдийн материал

/1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр/-д Юнэрэн Эрдэнэ, 1935 онд төрсөн, шаварчин, 5 хүүхэдтэй

3. Энхээ-17 настай сургуульд, 2. Бямбаа-9 настай, сургуульд, 3.Лхагвасүрэн-4 настай гэртээ, 4. Бямбажав-3 настай гэртээ, 5. Бурмаа-1 настай гэртээ/ гэж бичигджээ,

4. Гэрч Х.Жаргалын шүүхэд өгсөн: “Б.Энхээ нь 1957 онд Увс аймгийн Түргэн сумын нутаг Хөндлөнд төрсөн байхаа. 1966 оны 9 дүгээр сард манай хажуу талын айлын түүний ээж Ю.Эрдэнээ нь бэр болж ирэхдээ Б.Энхээг 9 настай, түүний дүү Б.Бямбаа нь 1 настай хоёр дагуулаад ирж байсныг би санаж байна. Би тэгэхэд 12 настай 2 дугаар ангийн хүүхэд байсан бөгөөд Б.Бямбааг гэртээ авч очоод харж өгдөг байлаа. Миний санахаар бэр болох хүнийг цагаан мориор авч ирээд цагаан эсгий дэвсээд авч ирж байсан юм. Тухайн үед манайх Түргэн сумын төвд хоршооны нийтийн хашаанд 10 гаруй айлын хамтаар өвөлжиж байсан юм. Б.Энхээгийн ээж Ю.Эрдэнээ нь Баяндүүрэнтэй суухаасаа өмнө 5 хүүхэдтэй байж байгаад 3 хүүхдээ хүнд өргүүлээд 2 хүүхэдтэй ирж 2 хүүхэд төрүүлээд 4 хүүхдээ Баяндүүрэнгээр овоглосон юм. Б.Энхээ 1957 онд, Норжмоо нь 1959 онд, Цэвээнгэрэл 1962 онд, Янжмаа 1963 онд, Бямбаа 1965 онд, Батсүх, Бямбажав, Бурмаа, Сүхбаатар бүгд дүү нар нь байгаа юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ц.Батсүхийн шүүхэд өгсөн: “Б.Энхээг 1957 оны 7 дугаар сард төрсөн гэж би өөрийн аав, ээжээсээ сонсож байсан бөгөөд би өөрөө 1957 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Бид хоёрыг 7-8 хоногийн зөрүүтэй төрсөн гэж ярьцгаадаг юм. Мөн 1975 онд Б.Энхээ бид хоёр нэгэн зэрэг цэрэгт татагдаж байлаа. Б.Энхээ нь манай аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд бөгөөд бид хоёр багаасаа Түргэн сумын 1, 2 дугаар бригадад айл саахалт амьдарч ойр дотно өссөн, Б.Энхээгийн ээж Эрдэнээ нь Баяндүүрэнтэй суухаасаа өмнө 5 хүүхэдтэй байж байгаад, 3 хүүхдээ хүнд өргүүлээд 2 хүүхэдтэйгээ Баяндүүрэнтэй суугаад нэг хүү төрж уг 3 хүүхдээ Баяндүүрэнгээр овоглосон байдаг юмаа. Б.Энхээ эхээс зургуулаа бөгөөд айлын том хүүхэд байгаа юм. Түүний удаах 3 дүү нь хүнд өргүүлж бага дүүтэйгээ ээжээ дагаад Баяндүүрэнгийнд очсон байдаг юм. Миний санахаар Энхээгийн дүү нараас дүү Норжмаа нь 1958 од төрсөн байх ёстой. Гэтэл түүний дүү нар нь хүнд өргүүлээд заримынх нь нас дарагдаж, овог нь бүгд өөр өөр байдаг юм билээ” гэх мэдүүлэг,

6. Х.Жаргал, Ц.Батсүх, Я.Норжмаа, М.Цэвээнгэрэл, Б.Сүхбаатар, С.Янжмаа, Б.Бямбаа нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

7. Увс аймгийн Ойн аж ахуйн даргын 1979 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 30 тоот “Ой ан хамгаалагч авах тухай” тушаалд “Энхээг Улаангом хотын Ой ан хамгаалагчаар 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,  

8. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн ОАА-н цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Баяндүүрэн овогтой Энхээгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

9. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Баяндүүрэнгийн Энхээгийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

10. Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 78 тоот “Хөдөлмөрийн гэрээ сэргээн тогтоох тухай” тушаал,

11. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Баяндүүрэнгийн Энхээгийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

12. Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн даргын 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот “Трестийн ажилчдын 1989 оны тогтвор суурьшил тасралтгүй ажилласны нэмэгдэл, түлээ нүүрсний хямдрал, жилийн үр дүнгийн шагнал олгох тухай” тушаалын 2-р хавсралтад Энхээ, тракторчин гэж бичигджээ,

13. Гэрч М.Гомбосүрэнгийн шүүхэд өгсөн: “Миний бие 1986 оноос Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторт краны жолоочоор ажилд орж 1990 он гараад “Мөнхжим” ХХК болоход 2000 онд хүртэл ажилласан юм. Ц.Энхээ нь 1987, 1988 оны үеэр Зам барилга ашиглалтын трест нэртэй байхад манай байгууллагад тракторнор ажилд орж “Мөнхжим” ХХК болоход мөн тракторноор орсон юм. Бид үүрийн бригадад хамт ажиллаж байсан, түүний эхнэр Долгорсүрэн нь нормчноор манай байгууллагад хамт ажиллаж байсан гэдгээр сайн таньж мэддэг юм. Мөн бид нэг байгууллагын харьяанд 10 гаруй жил хамт ажиллаж байсны хувьд түүнийг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

14. Гэрч Ц.Цэвээнравдангийн шүүхэд өгсөн: “Миний бие 1985 оны 3 дугаар сараас Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн даргаар 1992 оны 4 дүгээр сард Хяргас сум руу шилжин ажиллах болсон юм. Ц.Энхээ нь намайг 1985 онд нэгдлийн даргаар очиход тэнд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1980 оны сүүлчээр Түргэн сумын гүүр барих компанид орж ажилласан санагдаж байна. Тухайн үед Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн Үйлдвэр бригадын залуучуудыг гүүрний ажилд авч ажиллуулж байсан юм. Түүний аав, ээж ах дүү нар бүгд нэгдлээр дамжсан хүмүүс учраас би тэднийг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

15. Гэрч Б.Эрдэнэ-Очирын шүүхэд өгсөн: “Миний бие 1983 оноос Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд малын эмчээр 1989 он хүртэл ажилласан юм. Ц.Энхээ нь намайг ажилд ороод удаагүй байхад хөдөөнөөс сумын төв рүү нүүж ирээд нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар ажилд орж 1987 он хүртэл ажиллаад, 1988 оноос Зам барилга ашиглалтын трестэд шилжсэн санагдаж байна. Эмчилгээ тэжээлийн цэгийн малчид нь тусдаа хашаатай, эмчтэй ажилладаг байсан. Тухайн үед Эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр Оюун, би өөрөө Бургастай бригадын эмчээр ажилаж байсан юм. Түүний эхнэр Долгор нь Эмчилгээ тэжээлийн цэгийн туслах малчнаар мөн ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

16. Гэрч М.Гомбосүрэнгийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Цэвээнравдан, Б.Эрдэнэ-Очир нарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     1. Б.Энхээ нь Увс аймгийн Түргэн суманд 1957 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “Төрөлт бүртгэл гараагүй тухай “Увс аймгийн Түргэн сумын төрөлтийн бүртгэлд Засгууд овогтой Баяндүүрэнгийн Энхээ гэх төрөлт 1956-1961 онуудад бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа, Увс аймгийн 1975 онд “Алдарт эх” 1, 2-р одонгоор шагнагдах эхчүүдийн материал /1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр/-д Юнэрэн Эрдэнэ, 1935 онд төрсөн, шаварчин, 5 хүүхэдтэй 1. Энхээ-17 настай сургуульд, 2. Бямбаа-9 настай, сургуульд, 3.Лхагвасүрэн-4 настай гэртээ, 4. Бямбажав-3 настай гэртээ, 5. Бурмаа-1 настай гэртээ/ гэж бичигдсэн байад, гэрч Х.Жаргал, Ц.Батсүх нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

     Иймд Засгууд овогт Баяндүүрэнгийн Энхээг 1957 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

     2. Б.Энхээ нь Увс аймгийн Ойн аж ахуйн Мод үржүүлгийн талбайд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал ой ан хамгаалагчаар,  Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ойн аж ахуйн даргын 1979 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 30 тоот “Ой ан хамгаалагч авах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Б.Энхээгийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 78 тоот “Хөдөлмөрийн гэрээ сэргээн тогтоох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Б.Энхээгийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн даргын 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот “Трестийн ажилчдын 1989 оны тогтвор суурьшил тасралтгүй ажилласны нэмэгдэл, түлээ нүүрсний хямдрал, жилийн үр дүнгийн шагнал олгох тухай” тушаал, гэрч М.Гомбосүрэн, Ц.Цэвээнравдан, Б.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Б.Энхээгийн Увс аймгийн Ойн аж ахуйн Мод үржүүлгийн талбайд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал 5 жил, 10 сар ой ан хамгаалагчаар,  Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 7 сар малчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил тракторчноор, нийт 11 жил, 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Засгууд овогт Баяндүүрэнгийн Энхээг 1957 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Засгууд овогт Баяндүүрэнгийн Энхээгийн Увс аймгийн Ойн аж ахуйн Мод үржүүлгийн талбайд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 10 /арав/ сар ой ан хамгаалагчаар,  Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сар малчнаар, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил тракторчноор, нийт 11 /арван нэг/ жил, 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Э.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР