| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00500/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 530
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЙ67032104, Зөөд овогт Хүрлээгийн Хөхөөгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Хөхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би бага наснаасаа аав, ээжийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд мал маллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон боловч бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оноос 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Хөхөө нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Хүрлээгийн Хөхөөгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлээс Х.Хөхөөд нээсэн 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилтэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлээс Х.Хөхөөд нээсэн 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал бичилтэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Гэрч Г.Батхишигийн шүүхэд өгсөн: “Миний бие 1973 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчин, комбайнчнаар ажилд орж 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад 1993 оны 3 дугаар сард “Цог” ХХК болоход нь үргэлжлүүлэн 2003 он хүртэл тус тус ажилласан юм. Х.Хөхөө нь багаасаа аав ээжийн хамтаар Өмнөговь “Цог” нэгдлийн Орлого бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 онд тус нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан юм. Би түүнийг болон аав, ээжийг нь нэг нутгийн хүмүүсийн хувьд эртнээс таньж мэдэх юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан. Х.Хөхөө нь 1981 оноос эхлэн аав, ээжийн хамтаар Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Орлого бригадад мал маллаж 1992 оныг дуустал ажилласан юм. Би нэгдэлд ажиллах байхдаа тэдний өвч тэжээл дөхүүлж, хашаа хороог нь засч өгч байлаа” гэх мэдүүлэг,
6. Гэрч Г.Батхишиг, Р.Пүрвээ нарын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Х.Хөхөө нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Х.Хөхөөгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлээс Х.Хөхөөд нээсэн 1983 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилтэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлээс Х.Хөхөөд нээсэн 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал бичилтэй хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, гэрч Г.Батхишиг, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Хөхөөгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 12 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Хөхөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгох шүүх хуралдааны товыг мэдсэн боловч одоогоор манайх зусланд байгаа болохоор унаа машин олдохгүй, хүн бүл муутай байгаа учраас Улаангом орох боломжгүы байна. Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзэж намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү. Миний бие 1965 онд төрсөн боловч бүртгэл минь буруу байгаа учраас төрсөн оноо зөвтгүүлэхээр шүүхэд хандах гэж байгаа” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зөөд овогт Хүрлээгийн Хөхөөгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Хөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР