Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч Л.Тунгалаг,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

  Хохирогч Д.Ү************

  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,                                         

  шүүгдэгч М.Б************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М******* Б************ холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

шүүгдэгч М.Б************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 26а-16 тоотод 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Д.Ү************г хутгалж, хохирогч Д.Ү************гийн биед гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

шүүгдэгч М.Б************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай нутгийн Г******* гэдэг залуу намайг утсаар дуудаад байхаар нь би эхнэрээсээ нуугдаж очиж уулзсан. Тэр өдөр Г******* бид хоёр уулзаад хамт айл хэсэж архи уусан. Маргааш өглөө нь Г******* руу би залгаад хаана байна гэж ярихад Г******* шүүх рүү явж байна чи нэг ганц юм аргалаад аваад ирэх боломж байна уу гэсэн. Тэгэхээр нь би хүнээс 10,000 төгрөг зээлж аваад нэг шил архи аваад шүүх дээр ирэхэд Г******* миний шүүхийн ажил болчихлоо гэж хэлээд бид хоёр 9 дүгээр хороо ороод дараа нь манай гэрийн хойд талд тал дээр нэг шил архиа хувааж уусан. Бид хоёр тэндээс манайд очоод би эхнэртээ хандаж манай багийн найз байгаа юм манайд хоночих уу гээд гуйгаад байна гэж хэлээд эхнэр зөвшөөрч манайд орсон. Эхнэр хүн ирсэн гээд бууз, ууцны мах жигнээд байж байтал Г******* хүнтэй утсаар ярьж байгаад гараад явсан. Г******* 20:00 цагийн үед манайд Ү************г дагуулсаар орж ирсэн. Ү************ надад 0.75 литр хэмжээтэй архи гаргаж өгсөн. Би тэр хоёрт тэр нэг шил архийг нь задалж аягалж өгөөд өөрөө уулцаад байж байсан. Тэгэхэд манай эхнэр хоол хийгээд халаагаад бид нар мах, хоол идээд байцгааж байсан Тэр нэг шил архи дууссаны дараа Ү************ бид хоёр гараад таксигаар явж Ү************гийн мэддэг айлд очоод тэндээс ямааны арьс авч дэлгүүр орсон. Би таксинд сууж байсан Ү************ дэлгүүр рүү ороод өвөртөө юм хийж аваад гарч ирсэн. Тэгээд манайд очиж дахин нэг шил архи Ү************, Г*******т гаргаж өгөөд задалж ууцгаасан. Тэр архийг талд нь хүртэл ууж байтал би бөөлжөөд архи уухаа больсон. Тэр хоёр архиа ууж байсан. Цаг барагцаагаар 00:00 болж байсан бөгөөд эхнэр ор засаад өгөхөөр нь би орондоо орсон. Тэгж байтал Ү************ миний орны хөлд суугаад байсан бөгөөд намайг архинд явъя л даа гээд шалгаагаад байсан. Би явахгүй гээд татгалзаж байсан. Тэгтэл Г******* баруун талын хойморт хэвтэж байснаа Билэгээ явахгүй бол Мөөгийтэй л явчхаач гэж хэлж байсан. Ү************ гараад явчихсан чинь араас нь Г******* гарч дагуулж орж ирээд байсан. Тэгээд орж ирээд Ү************ дээлээ тайлаад тавьчихаар нь би унтах гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл Ү************ ирээд миний орны урд талд суугаад хөнжлөөс татаад шалгаагаад байсан. Би үгүй гээд халгаахгүй байсан. Цаанаас Г******* “Билэгээ манай авгай ааштай ууртай гээд байсан сайхан л ааштай хүүхэн байна шүү дээ. Мөөгийтэй л явчхаач гэж ярьж байсан. Тэгж байгаад Ү************ манай эхнэрийн гараас татах шиг харагдсан. Тэгээд манай эхнэр Ү************той түлхэлцээд баруун хоймор хэсэг рүү болж харагдсан. Мөөгий /эхнэр нь/ уурлаад хаашаа юм та нар энэ тэр гэж хэлж л байсан тэгэхэд бол. Тэгэнгүүт л би тэрхэн хооронд уур хүрээд босож ирээд эргэнэг дээр мах идэж байгаад тавьж үлдээсэн байсан хутгийг түмпэнээс аваад гүйж очоод Ү************г хатгачихсан юм шиг байгаа юм. Гэхдээ би яг тэр үйлдлээ санахгүй байгаа. Би тэгж уурлаад Ү************г “намайг шаачихлаа шүү дээ гэхэд л ухаан орсон. Цамцыг нь сөхөж үзэхэд цус гарч байсан. Тэгээд л түргэн дуудъя энэ тэр гэсэн чинь түргэн дуудуулахгүй байсан. Миний утсыг булааж аваад байсан. Би юу гэсэн үг юм би буруу юм хийсэн байна түргэн дуудахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэр хоёр цагдаа шүүхээр асуудалтай байгаа, түргэн дуудвал цагдаа хүрээд ирнэ гэж байсан. Би уүнээс цааш болсон асуудлыг өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа. Ү************ миний орны урд сууж байгаад намайг хамт архинд явахаас татгалзаад хэвтэж байсан чинь танай эхнэр танаас 20 гаран насаар дүү юм биш үү гэхээр нь би миний эхнэр чамд ямар хамаа байна гээд би буруу харж хэвтэхээр эргэтэл Ү************ алив явъя гээд манай эхнэрийн гараас татсан. Тэгтэл М**********э уурлаад чи одоо яах гээд байгаа юм би чамайг ч танихгүй, та нар мөрөөрөө унтаж чадахгүй бол явцгаа гээд Ү************той түлхэлцээд баруун хоймор хэсэг рүү явж харагдсан. Би хальт харахад Ү************ манай эхнэрийн цамцнаас татаж байгаа харагдсан. Тэгээд л би босон харайгаад тийм асуудал болсон байсан. Тэрхэн хооронд л би уурандаа юу хийж байгаагаа мэдэхээ байчихсан. Би уг нь санаатай хутгалъя гэсэн юм бодоогүй байсан. ...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-8-9х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хх-10х),

Хохирогч Д.Ү************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Уг нь Б************ бид хоёр маргалдаж зодолдсон юм болоогүй. Гэхдээ Б************ эргэнэг дээрээс мах идэж байсан хутгаа авч харагдсан. Би ч нэг их тоолгүй баруун хойморт нь очоод хэвтэх гэж байтал хажуу тал руу юмаар цохичих шиг болсон. Эргээд хартал Б************ зогсож байсан. Би ч цохичихлоо гэж бодоод байж байтал нойт оргихоор нь гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Билгээ ч өөрөө би хүн хутгалчихлаа гээд байсан... Эхнэрийг нь архинд хамт явъя гэж татсан гэж Б************ өөрөө л тэгж яриад байгаа юм. Би ч тэгснээ санахгүй байгаа юм. Би арай ч харанхуй шөнө дэлгүүр хаасан хойно айлын эхнэрийг хамт явъя гэхэв. Надад мөнгө ч байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хх-14-15, 18-19х),

Гэрч М.Б**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 23-нд шилжих шөнө 02:40 цаг болж байхад гэртээ унтах гээд хэвтэж байтал манай бэргэн: М**********э над руу залгаад байхаар нь утсаа аваад ярьсан чинь “Билигсайхан нэг хүн шархдуулчхаа, хайчаар чиччихлээ нэг шил архи өгчхөөч, нөгөө хүн нь нэг шил архи олоод өгчихвөл зүгээр гээд байна” гэж ярьсан. Би “хаана байгаа юм та” гэсэн чинь Б************ ах эхнэртэйгээ манай хашааны гадна ирсэн байсан. Тэгээд би босож дагаж очсон чинь Б************ ахын гэрт манай нутгийн Ү************ гэдэг залуу хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад надаас шархаа нуугаад байхаар нь би цамыг нь сөхөж харсан чинь хэвлийн зүүн хэсэгт зүсэгдсэн шинэ шархтай байсан. ...” гэх мэдүүлэг (хх-25х),

Гэрч Н.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Шуугилдаад явчихаар нь босоод хартал Ү************ гэрийн баруун талд сууж байсан. Би яав юу болов гээд асуухад Ү************ “Билгээ намайг чиччих шиг боллоо” гэсэн би аль үзье гээд асуухад харсан чинь Ү************гийн хэвлийн зүүн талд зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Би нойлын цаасаар цусыг арчиж тогтоож өгсөн. Б************ болон эхнэр нь дуугай сууж байсан. Би нойлын цаасаар цусыг арчиж тогтоож өгсөн. Б************ болон эхнэр нь дуугаа сууж байсан. Б************ эхнэртэйгээ гарч яваад дүүгээ дуудаж авч ирээд дүү нь эмнэлэг дуудсан. Би тэд нарыг ер нь хардалтаас болоод л тийм асуудал болсон гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хх-27х),

Гэрч Ц.М**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Б************ орон дээрээ унтахаар хэвтэж байсан, би Б************ы орны хөл талд орон дээр сууж байтал Ү************ дөхөж ирээд Б************ыг хоёулаа яваад ирье гэсэн чинь Б************ үгүй гэж хэлсэн. Тэгтэл Ү************ тэгвэл эхнэртэй чинь яваад ирье гэж хэлээд миний гараас барьж аваад татсан. Би ч дээрэлхээд доромжлоод байна гэж бодоод уурлаад цохиж цааш нь түлхсэн. Тэгтэл миний гараас татаад зууралдаад байж байтал Б************ гэнэт босож ирээд хажуугаар шурт гээд өнгөрсөн. Тэгээд Ү************г түлхээд сандал дээгүүр даваад цааш унасан. Тэгэхэд бол би Б************ы гарт хутга энэ тэр байгааг анзаарч хараагүй. Тэгсэн чинь цус нөж болоод Ү************ нь “шаачихлаа намайг пиздаа” гэж хэлж байсан. Би ойртоод харахад дээл нь цус болсон байсан, хэвлийн хажуу талаас нь цус гарч байсан Б************ ч цусыг нь дарж өгсөн. Тэгээд түргэн дуудъя гээд гар утсаа авсан чинь Ү************ “би цагдаагийн асуудалтай байгаа, түргэн дуудах юм бол цагдаа хүрээд ирнэ. Нэг шил архи тамхитай хамт аваад ир” гэж хэлсэн. Г******* нь ч гэсэн утас булааж аваа “түргэн энэ тэр дуудаж хэрэггүй, бид хоёр хоёулаа цагдаагийн асуудалтай байгаа, цагдааг ирвэл бөөн юм болно” гээд дуудуулахгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хх-29, 31, 34х),

Гэрч Д.М**********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай нөхөр Ү************ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өглөө намайг хөдөө гэртээ байж байтал Мөрөн суманд хүнд хутгалуулаад бие нь хүнд байна гэж дуулдсан. Намайг Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь хүнд сэхээний тасагт хэвтэж байсан. би ухаан орохоор нь уулзахад норкоз нь сайн гарахгүй байсан. тэгээд арай гайгүй болохоор нь юу болсон талаар асуухад нутгийн Б************ гэдэг залуугийнд архи ууж байгаад Б************д хутгалуулсан гэж байсан. би эд нарийг архи ууж байгаад маргалдсан юм байна гэж ойлгосон. Нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-36х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 138 дугаартай:

1. Д.Ү************гийн биед нарийн гэдэсний урагдал, хэвлийн гялтангийн урагдал, хэвлийд зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

4. Д.Ү************гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай  гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. ... гэх дүгнэлт (хх-39х),

шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “... Иргэн М.Б************ы нэр дээр цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна. ... гэх тодорхойлолт (хх-49х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт (хх-50х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-51х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-58х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Л.Тунгалаг нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ хоёр хүний айлд ирсэн хүнийх нь буруу. Би энэ хоёрыг ямар учраас маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Эхнэр лүү хохирогч үнэхээр явсан бол шүүгдэгчийн зөв байна. Хүний гэр оронд хоол унд идэж аваад дараа нь эхнэртэй янз бүрийн асуудал үүсгэсэн бол хохирогчийн буруу байна гэв.

шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

шүүгдэгч М.Б************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 26а-16 тоотод 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Д.Ү************г хутгалж, хохирогч Д.Ү************гийн биед гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Б************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-8-9х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хх-10х),

Хохирогч Д.Ү************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч М.Б**********, гэрч Н.Г*******, гэрч Ц.М**********э, гэрч Д.М**********н нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 138 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

шүүгдэгч М.Б************ нь гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан ба шүүгдэгч М.Б************ нь гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг хутгалж биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч М.Б************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Л.Тунгалаг нь хууль, журмын дагуу сонгогдсон ба “бичиг үсэг мэдэхгүй” гэсэн тул шүүх хуралдаанд дүгнэлтийг сонссон болно.

Иргэдийн төлөөлөгч Л.Тунгалаг нь шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтээ шүүх хуралдаанд хэлсэн ба “хохирогчийн буруутай үйлдэл байна гэж байгаа” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан болон, хууль зүйн хувьд хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн буруутай үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Б************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

шүүгдэгч М.Б************ нь хохирогч Д.Ү************гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал, унаа, хоол хүнсний зардал, болон сэтгэл санааны хохиролд нийт 26,943,852 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүгдэгч М.Б************ хохиролд 3.700.000 төгрөгийг төлсөн болох хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан:

Хохирогч Д.Ү************гийн эмчилгээний болон бусад зардал: Бат Шүүдэргэнэ эмийн сангийн 6,400 төгрөгийн Е баримт, Бат Шүүдэргэнэ эмийн сангийн 105,000 төгрөгийн Е баримт, Тунамал эмийн сангийн 141,600 төгрөгийн Е баримт, Тунамал эмийн сангийн 9,900 төгрөгийн Е баримт, Тунамал эмийн сангийн 141,600 төгрөгийн Е баримт, Нью адонис ХХК-ийн 11,800 төгрөгийн Е баримт (хх-52х), Оюу эмийн сангийн 16,000 төгрөгийн Е баримт, оюу эмийн сангийн 16,000 төгрөгийн Е баримт, Мэйк ХХК Хөвсгөл салбарын эмийн сангийн 132,900 төгрөгийн Е баримт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний хөлс  97,812 төгрөгийн баримт (хх-53х), Үлэмж фарм эмийн сангийн 68,000 төгрөгийн Е баримт, Үлэмж фарм эмийн сангийн 109,000 төгрөгийн Е баримт, Үлэмж фарм эмийн сангийн 109,000 төгрөгийн Е баримт, Үлэмж фарм эмийн сангийн 68,000 төгрөгийн Е баримт, Үлэмж фарм эмийн сангийн 26,000 төгрөгийн Е баримт, Үлэмж фарм эмийн сангийн 48,300 төгрөгийн Е баримт (хх-54х), Нью адонис ХХК-ийн 107,016 төгрөгийн Е баримт (хх-55х),  Нар супер маркет дэлгүүрээс 3,268 төгрөгийн хүнс авсан баримт, Дэдэн төв дэлгүүрээс 12,000 төгрөгийн хүнс авсан баримт (хх-56х), барагшун фарм ХХК-ны 30,000 төгрөгийн Е баримт (хх-61), ААGPHARMA эмийн сангийн 57,380 төгрөгийн Е баримт, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200,000 төгрөгийн зардал нэртэй мөнгөн шилжүүлгийн баримт, Отгонбуянт хүрээ ХХК-ийн 15,000 төгрөгийн баримт (хх-62х), Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинжилгээ өгсөн 25,000 төгрөгийн баримт, Тунамал эмийн сангийн 6,750 төгрөгийн Е баримт, Мөрөн baby shop дэлгүүрээс жүүс авсан 7,500 төгрөгийн Е баримт (хх-63х), Нью адонс ХХК-аас эритрожин 4000СУН N1 (кор), чандмань нойтон салфетка 56,644 төгрөгийн барааны Е баримт, мөнгөн гүүр эмнэлгийн 235,000 төгрөгийн Е баримт, мөнгөн гүүр эмнэлгийн 30,000 төгрөгийн Е баримт, мөнгөн гүүр эмнэлгийн 43,626 төгрөгийн Е баримт, Бат шүүдэргэнэ эмийн сангийн 19,000 төгрөгийн Е баримт (хх-121х), Голомт банкны постын машинд М**********н нэрээр уншуулсан 1,550,000 төгрөг, Шонхор супермаркетаас авсан хүнс 14,100 төгрөгийн Е баримт, Ивээл хүнсний дэлгүүрээс гоё тараг 4,900 төгрөгийн Е баримт, Миний сүлжээ дэлгүүрээс бараа, хүнс авсан 26,988 төгрөгийн Е баримт (хх-121х), МТ шатахуун түгээх станц бензин авсан 60,000 төгрөгийн Е баримт, НИК шатахуун түгээх станцаас бензин авсан 32,035 төгрөгийн Е баримт, авто зам ашигласны төлбөр 5000 төгрөгийн баримт (хх-122х), MG pharmacy-аас хүнс авсан 4,600 төгрөгийн Е баримт, Хөвсгөл Дэлгэрхаан шатахуун түгээх станц бензин авсан 20,000 төгрөгийн Е баримт, Хөвсгөл Дэлгэрхаан шатахуун түгээх станц бензин авсан 10,000 төгрөгийн Е баримт, шатахуун түгээх станц бензин авсан 15,000 төгрөгийн Е баримт, Хөвсгөл Дэлгэрхаан шатахуун түгээх станц бензин авсан 40,000 төгрөгийн Е баримт, Хөвсгөл Дэлгэрхаан шатахуун түгээх станц бензин авсан 19,000 (хх-123х), Оюу эмийн сангаас авсан бараа 30,000 төгрөгийн Е баримт (хх-124х), мөнгөн гүүр эмнэлгийн РСR шинжилгээний үнэ Д.М**********ны 92,000 төгрөгийн Е баримт, мөнгөн гүүр эмнэлгийн РСR шинжилгээний үнэ Д.Ү************гийн 92,000 төгрөгийн Е баримт, мөнгөн гүүр эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх үнэ 117,799 төгрөгийн Е баримт, эмийн сангаас эм, тариа авсан үнэ 31,450 төгрөгийн Е баримт, Бат Шүүдэргэнэ эмийн сангийн 6800 төгрөгийн Е баримт, Зуун наст эмийн сангийн 40,450 төгрөгийн Е баримт, Бат Шүүдэргэнэ эмийн сангийн 38,850 төгрөгийн Е баримт, MG pharmacy-ийн 3,750 төгрөгийн Е баримт (хх-125х), МТ шатахуун түгээх станцаас бензин авсан 15,600 төгрөгийн Е баримт, Хөвсгөл Дэлгэрхаан шатахуун түгээх станцаас бензин авсан 40,000 төгрөгийн Е баримт, МТ шатахуун түгээх станцаас бензин авсан 40,000 төгрөгийн Е баримт, Ник шатахуун түгээх станцаас бензин авсан 23,644 төгрөгийн Е баримт багажийн төлбөр нэрээр шилжүүлэг хийсэн 750,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-126х) нийт 5,213,507 төгрөгөөс шүүгдэгч М.Б************ы хохиролд төлсөн 3,700,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,513,507 төгрөгийг шүүгдэгч М.Б************аас гаргуулж хохирогч Д.Ү************д олгох нь зүйтэй байна.

Хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй:

Хавтаст хэргийн 61 дугаар хуудсанд авагдсан нэр хаяг ус нь тодорхойгүй 105,000 төгрөгийн Е баримт,  нэр хаяг ус нь тодорхойгүй 105,000 төгрөгийн Е баримт,  нэр хаяг ус нь тодорхойгүй 225,900 төгрөгийн Е баримт, хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Мөнгөн шилжүүлэг 100,000 төгрөгийн баримт, Мөнгөн шилжүүлэг 27,000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан Голомт банкны постын машинаар уншуулсан 65,960 төгрөг, хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан Сод монгол группийн Е баримтын үнийн дүн тодорхойгүй, Сонсголон штс нэртэй Е баримтын үнийн дүн тодорхойгүй, хавтаст хэргийн 122 дугаар хуудас авагдсан Голомт банкны постын машинаар уншуулсан 1,550,000 төгрөг, хавтаст хэргийн 123 дугаар хуудаст авагдсан ШТС-10 Мөрөн гэсэн Е баримтын үнийн дүн тодорхойгүй, ШТС-103 Мөрөн-2 гэсэн Е баримтын үнийн дүн тодорхойгүй, мөн хуудаст авагдсан 40,000 төгрөгийн А80 бензин авсан тухай Е баримтын огноо дугаар байхгүй, хавтаст хэргийн 125 дугаар хуудаст авагдсан Ковид-19 халдварын түргэвчилсэн тестийн баримтууд болох нийт 1,876,140 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх боловч хохирогч нь ямар зориулалтаар зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч Д.Ү************ нь сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Б************аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

шүүгдэгч М.Б************ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

шүүгдэгч М.Б************ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

шүүгдэгч М.Б************ нь 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн ба 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн шүүгдэгч М.Б************ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.

Иймд шүүгдэгч М.Б************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.

Иймд шүүгдэгч М.Б************д оногдуулсан хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч М.Б************ы үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацаа болон зүйлчлэлийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялаас хуульд зааснаар оногдуулах хорих ялаас 2 жилийг хасаж, өршөөн шийдвэрлэв.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаантай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай бор өнгийн модон иштэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

шүүгдэгч М.Б************д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн болно.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. шүүгдэгч Урад овогт М******* Б************ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М******* Б************ыг 5 (тав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М******* Б************д оногдуулсан 5 (тав) жил 10 (арав) хоногийн хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б************д оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Б************аас 1.513.507 (нэг сая таван зуун арван гурван мянга таван зуун долоо) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ү************д олгох, нотлох баримтын шаардлага хангаагүй 1,876,140 (нэг сая найман далан зургаан мянга нэг зуун дөч) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь сэтгэл санааны хохирол 20,000,000 (хорин сая) төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  26 см урттай, бор өнгийн, модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7.  Эрүүгийн ************  дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б************д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЭЭЖИН

 

                                   ШҮҮГЧИД                                      М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                                                     А.ДӨЛГӨӨН