Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 123/2017/0035/З |
Дугаар | 221/МА2018/0096 |
Огноо | 2018-02-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2018/0096
"А И" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ц, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123/ШШ2017/0033 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д-ий гаргасан давж заалдах гомдлоор, "А И" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123/ШШ2017/0033 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12-дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "А И" ХХК-ний Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн ""А И"" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын "А И" ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо:
...Манай компанийн зүгээс Төв аймгийн засаг даргын 2015 оны 89 дүгээр, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "А И" ХХК-д холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 53 дугаар тогтоолын "А И" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс дээрх санал, тэмдэглэл, тогтоолуудын манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай үндэслэлийг хууль ёсны байна гэж дүгнэсэн байна.
Гэтэл аймгийн Засаг даргын санал, болон сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг зөрчиж, хуульд заасан татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад татгалзсан. Үүнийг зөвтгөж дүгнэсэн нь шүүх илэрхий алдаатай дүгнэлт хийсэн.
Тухайлбал, анхан шатны шүүх Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Дэлгэрхаан сумын Оюу-1 нэртэй талбайд ашигт малтмал, эрэх хайхыг хориглосон, хязгаарласан, эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд авсан болон тусгай хэрэгцээнд авсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан нийтээр ашиглах газар, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан иргэдийн эзэмшил, ашиглалтад буй зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны газарт ашигг малтмал хайхыг хуулиар хориглоогүй байна гэж дүгнэсэн хэрнээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан ундэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж зааснаас үзвэл хууль тогтоогчоос аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болох эрх олгосон байгаагаас биш үүрэг болгоогүй байх тул аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй байна гэж үзсэн.
Энэ нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарлах нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай дүгнэлт юм.
Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоолоор биш хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь Улсын дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д ... Мөн зүйлийн 19.4-т заасан хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүулэгчдийн хуралдааны тогтоол байна гэснийг бид зөрчиж байна гэж үзсэнг хуулиар тодорхой заагаагүй байх тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзсэн.
Гэтэл аливаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолд сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна гэж заасан.
Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123/ШШ2017/0033 тоот шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "А И" ХХК ... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан санал өгөх эрх нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгуулагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгох талаар Улсын дээд шүүх тайлбарласан, ...Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, усан сан бүхий газар гэх үндэслэлээр хариуцагч нар татгалзсан байгаа боловч бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий газар, отрын бэлчээр, зуслан намаржааны газар, усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон зүйл байхгүй ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ... хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь хуулийн шаардлагыг зөрчсөн ... сумын тухайд бэлчээрийн даац ихэдсэн, багийн иргэдийн хурлаас уурхайн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй гэж иргэд 100 хувь саналаар дэмжсэн гэх зэрэг үндэслэлээр татгалзсан нь хууль бус ... гэж маргажээ.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэл, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дүгээр саналд ... хайгуул хийхээр хүссэн талбайд 18 айл өрхийн өвөлжөө хаваржаа байдаг, ...багийн иргэдийн Нийтийн Хурлаар бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нутагт уурхайн ямарч үйл ажиллагаа явуулах боломжгүй, тухайн багт худаг ус татарч гол ширгэх үзэгдэл гарч зунаар нүүдэл хийгдсэн учир хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүйг иргэд 100 хувийн саналаар дэмжсэн ... гэх зэрэг шалтгаан үндэслэлийг зааж, Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 7 дугаар зүйлийн 7.5, 16 дугаар зүйлийн 16.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, Газрын тухай хуулиар 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасныг тус тус үндэслэн, мөн Усан сан бүхий газар гэх үндэслэлээр нэхэмжлэгч "А И" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Ийнхүү Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.1-д бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар, 52 дугаар зүйлийн 52.2-д Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно, 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 4.3-т Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална гэж заасан хуулийн зохицуулалтуудыг үндэслэн нэхэмжлэгч "А И" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, мөн аймгийн Засаг даргын татгалзал хууль зөрчсөн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчээс маргаж буй энэ тохиолдолд шүүх хариуцагч нарын татгаллзлын үндэслэл болж буй тус нутгийн малчдын хуульд заасан журмын дагуу өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглаж, өмчилж буй газартай мөн усны нөөц газар болон уст цэг усны хамгаалалтын бүс, эрх бүхий этгээдийн шийдвэрээр тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч буй талбай давхцаж буй эсэхийг холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулж, давхцлыг тодруулсны үндсэн дээр хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй эсэх, хууль бус эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх энэ талаарх баримтыг бүрэн гүйцэд тодруулж, бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, 106 дугаар зүйлийн 106.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 106.4-д Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж тус тус заасан шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д кадастр гэж газар болон ...байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг, 3.1.4-д нэгж талбар (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих ...хэсгийг, 16 дугаар зүйлийн 16.11-д Газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна гэж заасан байна.
Хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Цгийн тайлбарт ...Тарган гол зэрэг малын ундны усны газар дээр ...учир зөвшөөрөхгүй ..."А И" ХХК-ийн хайгуул хийхээр хүссэн талбайд 5 өрхийн өвөлжөө хаваржаа, 3 уст цэг, улаан дэлийн булаг байдаг. Тарган багийн малчдын усны ундаргын эх үүсвэр болсон Тарганы голтой ойрхон, бэлчээрийн гол нутаг учир ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохыг малчид эрс эсэргүүцдэг ... гэж тайлбарласан байх бөгөөд хавтаст хэрэгт Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 16 иргэнд газар эзэмших эрх олгосон 2008 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 28, 27 иргэнд газар эзэмших эрх олгосон 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар захирамж тус тус авагдсан байх боловч иргэн Р.Цэрэннноров, Х.Энхболд, Л.Барамсай, Л.Шархүүхэн гэх дөрвөн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд авагджээ. Эдгээр иргэд болон хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн дээрх захирамжуудаар газар эзэмших эрх олгосон газрууд нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхцалтай эсэх, давхцалтай бол ямар хэмжээгээр давцалтай эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
Зүй нь, шүүх сумын Засаг даргын иргэдэд эзэмшүүлсэн газрын байршил, хил заагийг заасан кадастрын зураг байгаа эсэхийг тодруулж, нотлох баримтаар гаргуулан авч хэрэгт хавсаргахаас гадна нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахаар хүссэн талбай бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтын талбайтай давхцалтай эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалтай эсэхийг эргэлзээгүйгээр тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр маргаан бүхий актуудын бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцалтай, усан сан бүхий газар гэх зэрэг үндэслэл бодитой эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.
Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд тус нутагт байх Тарганы голд 2 км ойрхойн 4 худаг бүхэлдээ тус талбайд хамрагдаж байгаа гэж тайлбарласан, хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн энэ үндэслэлээр татгалзсан байх боловч энэ талаар буюу Усны тухай хуулиар тогтоосон энгийн болон хамгаалалтын бүстэй, мөн гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газартай давхцалтай эсэх нь тодорхойгүй байх тул шүүх энэ талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тодруулсны үндсэн дээр хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй эсэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт шинэчлэгдсэн энэ тохиолдолд тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой эсэх, эсхүл нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзал хууль бус байсныг тогтоолгохоор шаардаж буй эсэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, эдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123/ШШ2017/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ