Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1763

 

Л.Ононгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01807 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Ононгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 960 868 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэл,

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 364 271 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэгч Л.Ононг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1892 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/00085 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Ононг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 428 206 төгрөг "Нью яармаг хаусинг прожект" ХХК-иас гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг хариуцагч биелүүлээгүй бөгөөд одоо хариуцагчаас анхан шатны шийдвэр гарсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 2017 оны 03 дугаар сарын 16 хүртэлх 6 сарын хугацааны цалинг шүүхийн шийдвэрт ажилд томилогдсоноос хойшх хугацаанд сард 1 493 478 төгрөгийн дундаж цалин авч байсныг үндэслэн тооцож 8 960 686 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олговор нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/00085 дугаар тогтоолыг биелүүлж Л.Ононг ажилд эгүүлэн авах тухай тушаалыг гаргасан ба түүнд энэ тухай шуудан болон утсаар мэдэгдсэн. Гэтэл Л.Онон нь ажилдаа нэг ч удаа ирээгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нь ажилгүй байсан хугацааны цалинг өгөхийг шаардаж албан бичиг, итгэмжлэлийн хамт хариуцагчид өгч байсан. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн Худалдаа хөгжлийн банкны 495060941 тоот дансанд 1 678 022 төгрөгийг шилжүүлсэн. Иймд хариуцагч талыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны 8 960 868 төгрөгийг нэхэмжилж байгаа атлаа ажилгүй байсан гэдгээ нотолсон материалыг хавсаргаагүй байна. Нөгөөтэйгүүр 2016 оны 12 дугаар сарын эхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нь Л.Ононг өөр ажилд орсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэлсэн, мөн "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Б.Батбаяртай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүх дээр уулзаад Л.Онон өөр ажилд орсон, ажилдаа орох бодолгүй байгаа гэж ярьсан. Үүнээс үзэхэд Л.Онон нь өөр ажилд орсон юм байна гэдэг ойлголтыг хариуцагч талд төрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Л.Онон нь "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэрээр Л.Ононг ажилд нь эгүүлэн тогтоож, "Нью яармаг хаусинг прожект" ХХК-иас 3 428 206 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх явцад Л.Онон нь дараах байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу "Нью яармаг хаусинг прожект" ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Ононгийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн данс руу 1 678 022 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс руу 1 750 184 төгрөг, нийт 3 428 206 төгрөгийг татвар суутгаагүй дүнгээр шилжүүлсэн буюу татварын суутгал нийлээд 630 349 төгрөгийг буцаан гаргуулах, Л.Ононг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор болох 733 922 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Л.Ононгийн данс руу шилжүүлсэн байсан боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа авах шийдвэр гарсан тул ээлжийн амралтын олговор болох 897 435 /татваргүй дүн нь 733 922/ төгрөг, нийт 1 364 271 төгрөгийг Л.Ононгоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5846 дугаар шийдвэрт 3 428 206 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ононд гаргаж өгөхөөр шийдвэрлэсний дагуу сайн дураар 1 678 022 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд шийдвэрт зааснаас ажилд эгүүлэн тогтоогоогүй, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийгээгүй, ажилгүй байсан хугацааны цалинг гүйцэд олгоогүй учир нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа одоо болтол дуусаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлгүй хөрөнгөжиж 1 364 271 төгрөг авсан үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өөрсдөө тооцож 1 364 271 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн нь сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч энэ мөнгийг хүлээн аваагүй. Хариуцагч шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр гаргаж өгөхдөө татвар, нийгмийн даатгалыг өөрсдөө суутгаж тооцон авч үлдэх учиртай. Үүнд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй. Гэхдээ шүүх хуралдаанд гаргасан хариуцагч талын тайлбарыг үндэслэн татвар суутгаагүй дүнгээр шилжүүлсэн буюу татварын суутгал /нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал/ 630 349 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүхийн шийдвэрт заасан цалин хөлснөөс урьд ажилласан хугацаанд тооцож олгосон ээлжийн амралтын мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж маргаж байна. Энэ ээлжийн амралтын мөнгийг хуульд зааснаар бодож олгосон, анхан шатны шүүхэд тухайн цаг хугацаанд маргаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй, давах болон хяналтын гомдолд энэ талаар дурдаагүй атлаа одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Нью яармаг хаусинг прожекг" ХХК-иас 6 652 766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ононд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 308 102 төгрөг болон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ононгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ононгоос 733 922 төгрөг гаргуулан хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Онон хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д 630 349 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 158 324 төгрөг, хариуцагчийн төлсөн 36 778 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-иас 121 394 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас илүү төлөгдсөн 144 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Ононд, нэхэмжлэгч Л.Ононгоос 36 778 төгрөг гаргуулан хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн 101/ШШ2017/01807 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заалтын зарим хэсгийг буюу 3 063 495 төгрөгийг төлөх шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нотлох баримтыг үнэлж үзэлгүйгээр, үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Л.Онон нь 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэж нийт 8 960 868 төгрөгийг нэхэмжилсэн байдаг.

2016 оны 09 дүгээр сарын 16-ны анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах хугацаанд буюу 2016 оны 11 сард Л.Ононг өөр ажилд орсон болохыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл 2016 оны 12 сард хариуцагч талд амаар мэдэгдэж, Л.Онон ажилдаа буцаж орох сонирхолгүй ажилгүй байсан хугацааны буюу 2016.09.16-ны өдөр хүртэлх цалин 3 428 206 төгрөгийг авах сонирхолтой байгаа юм байна гэдэг ойлголтыг ажил олгогчид өгсөн. Л.Ононг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох Шүүхийн шийдвэр 2017.01.26-нд хүчин төгөлдөр болсон. Тус шүүхийн шийдвэрт заасны дагуу хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж 2017.01.26-нд ажилд авсан тушаал гарган, Л.Ононг ажилдаа ирэхийг мэдэгдсэн тухай албан бичгийг удаа дараалан авуулсан боловч Л.Онон ажлын байранд ирээгүй. Хариуцагч тал ажилгүй байсан хугацааны цалин болох 3 428 206 төгрөгийг хоёр хувааж Л.Ононд төлсөн байдаг.

Шүүхийн шийдвэрт хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тухай дурьдсан байна. Хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гэдгийг өмнөх шүүхийн шийдвэр буюу Дээд шүүхийн 2017.01.26-ны тогтоолоор тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг сайн дураар биелүүлж өгсөн байхад, Л.Онон нь өөрөө ажилдаа ирэхгүй, өөр ажилд 2016 оны 11 сард орчихоод цалин аваад, нийгмийн даатгал төлөөд явж байхдаа шүүхийн шийдвэрт заасан 3 428 206 төгрөгөөс гадна 4 сарын цалингаа нэмж авч байж ажлаас гарах хүсэлтээ өгнө гэдэг бичгийг 2017.01.30-нд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хариуцагчид өгөөд чимээгүй болсон. Нөгөөтэйгүүр Л.Онон нь ажилгүй байх хугацаандаа нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж болох 2 500 000 төгрөгийг аваад, 2016 оны 11 сард өөр газарт ажилд орж цалин авч, нийгмийн даатгал төлж байсныг нотлох нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд ажил олгогчоос хамааралгүйгээр ажилдаа эргэн орох сонирхолгүй байгаа хүнийг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэдэг нь учир дутагдалтай бөгөөд Л.Онон нь ажилгүй байсан, хохирсон гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад шүүх ямар үндэслэлээр Л.Ононгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэв Л.Онон 2016 оны 11 сараас 2017 оны 3 сарын хооронд ажилдаа орох хүсэлтэй сонирхолтой байгаад хариуцагч ажилд авахгүй байсан бол ажил олгогч хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гэж ойлгож болохоор байна. Гэтэл бодит байдал дээр Л.Онон нь ажилдаа эргэж орох сонирхолгүй байгаа нь 2016 оны 11 сард өөр ажилд орсон, 2016 оны 12 сард итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан амаар хэлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 31-нд өгсөн бичиг зэргээс тодорхой харагддаг.

Үүнээс үзэхэд Л.Ононгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг шаардах эрх нь 2016 оны 11 сард буюу өөр ажилд орсноор дуусгавар болсон бөгөөд Л.Ононгийн хөдөлмөрлөх эрх хөндөгдөөгүй шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны цалин болох 3 428 206 төгрөгийг авсан, дээр нь нэмээд ажилгүйдлийн тэтгэмж 2 500 000 төгрөгийг 2 хувааж улсаас авсан, 2016 оны 11 сард өөр ажилд орчихсон хэвийн ажил хөдөлмөр эрхлээд явж байхад хариуцагчийг хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гэж шүүгч үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. "Нью яармаг хаусинг прожект" ХХК нь Л.Ононд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу ажилтүй байсан хугацааны цалин буюу 2016.09.17-ноос 2016.10.31-ний өдрийг хүртэлх цалин болох нийт 2 225 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсэг 3 063 495 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Л.Онон нь хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 960 868 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 364 271 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Ононг "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн Төслийн менежерийн газрын материалын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 428 206 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх.3-12/

 

Хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/025 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд томилж, 2017 оны 02 дугаар сарын 06, 18-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ажилд ороогүй ба 2016 оны 11 дүгээр сараас өөр байгууллагад ажиллаж байгаа гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь мэдэгдэл шуудангаар хүлээн авсан боловч тушаал аваагүй гэж тайлбарласан бөгөөд Биеийн тамир, спортын газарт ахлах мэргэжилтнээр түр ажиллаж байгаа болохыг үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17/025 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг ажилд томилсон, энэ талаар мэдэгдлүүд хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ажилдаа ороогүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч байгууллагын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/33, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/48 тоот албан бичгүүдээс харахад ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэн, нэхэмжлэгч Л.Ононг ажилд томилсон гэж үзэхээргүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Мөн хэргийн 41 дүгээр талд нэхэмжлэгч Л.Ононгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д гаргасан өргөдөл байх бөгөөд уг өргөдлөөс үзвэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин олговор гаргуулахыг хүссэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт шүүхийн шийдвэр гарсан үеэс шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх хүртэл бүх хугацаа орох бөгөөд хариуцагч тал давж заалдах гомдол гаргасантай холбоотойгоор ажилгүй байсан хугацаа тоологдсон байна. Тийм учраас шүүхийн шийдвэр гарсан үеэс нэхэмжлэгч нь хариуцагч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д хүсэлт гаргасан үеийг хүртэл хугацааг ажилгүй байсан бүх хугацаа гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 652 766 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. 

 

Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад ээлжийн амралтын талаар дүгнэлт хийсэн нь илүү байна.

 

Нэхэмжлэгч ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй байх хугацаанд өөр ажил эрхэлсэн нь түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ