| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/1300/Э |
| Дугаар | 1375 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | А.Марал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1375
2021.12.09 2021/ШЦТ/1375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 02892 2050 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн *******, 1988 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум, 1 дүгээр баг, Төмөр зам баруун өлөнт гудамж 74 тоотод оршин суух, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хугацаагаар тэнсэж хянан харгалзасан, РД: МИ88051215,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 4-66 тоотод согтуугаар “намайг мэдэхгүй гэлээ” гэх шалтгааны улмаас Д.Бат-Өөдөстэй маргалдан улмаар газар унаган, цээжин биед нь дэвсэх зэргээр биед нь халдаж Д.Бат-Өөдөсийн биед олон хавирганы далд хугарал, цээжний хөндийн хий хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэмний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Д.Бат-Өөдөс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эхнэртэйгээ гэртээ байж байтал 21 цагийн үед унтах гэж байхад эхнэр найз Удвал руу утсаар ярьтал Удвал нь нөхөр Гийн хамт манай гэрт 21 цаг 40 минутын орчим ирцгээсэн. Тэгтэл манай эхнэр, эхнэрийн найз Удвал, нөхөр Г 3 дэлгүүр яваад ирэхдээ 2.5 литртэй Нийслэл, Сэнгүр хольсон 6 ширхэг том пивотой ирээд бид 4 ууцгаасан. Би Гтой 02 цагийн үед гэрээсээ гараад хашаан дотор тамхилаад юм ярьж байтал Г нь чи эрүү Ганаа гэж таних уу, гээд томроод байсан. Би юм хэлэхгүй чимээгүй тамхиа татаад байж байтал Г намайг барьж аваад бид хоёр барьцалдаж аваад бид хоёр хашаанаас гараад Г миний хувцасны захаар хоолой боогоод газарт унагаагаад миний цээжин бие рүү дэвсээд байсан...маргааш өглөө нь миний амьсгаа давхцаад болохгүй болохоор нь би гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлтэл миний хавирга хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Э.Золзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…удалгүй хашааны хаалга дугараад хашааны гадаа орилолдоод байхаар нь би хашаанаас гараад хартал Удвалын нөхөр манай нөхрийг доороо хийсэн зүүн талын хавирга руу нь цохиод байсан. Би салгах гээд очтол дийлээгүй. Гэр рүү ороод Удвалыг сэрээгээд хамт очоод салгах гэтэл бас дийлээгүй. Аргагүйн эрхэнд хажуу хашаанд байдаг дүү Алтангэрэл рүү орилоод дуудаж салгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Б.Удвал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…намайг унтаж байтал манай найз Золзаяа намайг сэрээгээд Бат-Өөдөс, Г хоёр зодолдоод байна гэхээр нь би юунаас болоод зодолдоод байгаа юм гээд асуутал, Золзаяа “би мэдэхгүй байна хашааны гадаа шороон дээр өнхөрөлдөөд ноцолдоод байна” гэхээр нь би гараад Золзаяатай хамт салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Э.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 4-66 тоот гэртээ унтаж байтал манай эгч болох Золзаяа гэрийн гадаа Алтангэрэлээ гээд орилоод манай хүргэн ах болох Бат-Өөдөсийг үл таних залуу доороо хийцэн дээрээс нь дэвсэж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод тухайн зодож байсан залууг салгаад хүргэн ах Бат-Өөдөсийг гэр рүү нь оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Иргэний нэхэмжлэгч С.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан, буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Д.Бат-Өөдөст Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторын үзлэг 14.000 төгрөгөөр 3 удаа буюу 42.000 төгрөг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 237.500 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийн сангаас хохирогчийн эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн үед эхнэртэйгээ Налайх дүүргийн 8-6 тоот гэртээ байж байтал манай эхнэрийн найз Золзаяа залгаад Налайхад ирсэн байна гэхээр нь би эхнэртэйгээ хамт очиж мэнд мэдчихээд буцаад гэртээ ирцгээсэн. Би орой 21 цагийн үед эхнэртэйгээ Бат-Өөдөсийнд очиж бид 4 архи, пиво ууцгаасан. Би Бат-Өөдөстэй 02 цагийн үед хашаа нь дотор нь юм яриад тамхилж байгаад би Бат-Өөдөс би танихгүй, мэдэхгүй гээд байхаар нь уур хүрээд Бат-өөдөстэй барьцалдаж аваад хашаанаас гараад Бат-Өөдөстэй зодолдсон. Би Бат-Өөдөсийг газарт унагааж байгаад цээжин хэсгийн хавирга руу 5-6 удаа хөлөөрөө дэвссэн. Толгой тархи руу нь гараараа 3-4 удаа цохиж цамцаар нь хоолойг нь боосон. Миний биед гэмтэл учраагүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №7877 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 4-66 тоотод согтуугаар “намайг мэдэхгүй гэлээ” гэх шалтгааны улмаас Д.Бат-Өөдөстэй маргалдан улмаар газар унаган, цээжин биед нь дэвсэх зэргээр биед нь халдаж Д.Бат-Өөдөсийн биед олон хавирганы далд хугарал, цээжний хөндийн хий хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэмний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Д.Бат-Өөдөсийн: “...би эхнэртэйгээ гэртээ байж байтал 21 цагийн үед унтах гэж байхад эхнэр найз Удвал руу утсаар ярьтал Удвал нь нөхөр Гийн хамт манай гэрт 21 цаг 40 минутын орчим ирцгээсэн. Тэгтэл манай эхнэр, эхнэрийн найз Удвал, нөхөр Г 3 дэлгүүр яваад ирэхдээ 2.5 литртэй Нийслэл, Сэнгүр хольсон 6 ширхэг том пивотой ирээд бид 4 ууцгаасан. Би Гтой 02 цагийн үед гэрээсээ гараад хашаан дотор тамхилаад юм ярьж байтал Г нь чи эрүү Ганаа гэж таних уу, гээд томроод байсан. Би юм хэлэхгүй чимээгүй тамхиа татаад байж байтал Г намайг барьж аваад бид хоёр барьцалдаж аваад бид хоёр хашаанаас гараад Г миний хувцасны захаар хоолой боогоод газарт унагаагаад миний цээжин бие рүү дэвсээд байсан...маргааш өглөө нь миний амьсгаа давхцаад болохгүй болохоор нь би гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлтэл миний хавирга хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Золзаяагийн: “…удалгүй хашааны хаалга дугараад хашааны гадаа орилолдоод байхаар нь би хашаанаас гараад хартал Удвалын нөхөр манай нөхрийг доороо хийсэн зүүн талын хавирга руу нь цохиод байсан. Би салгах гээд очтол дийлээгүй. Гэр рүү ороод Удвалыг сэрээгээд хамт очоод салгах гэтэл бас дийлээгүй. Аргагүйн эрхэнд хажуу хашаанд байдаг дүү Алтангэрэл рүү орилоод дуудаж салгуулсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Удвалын: “…намайг унтаж байтал манай найз Золзаяа намайг сэрээгээд Бат-Өөдөс, Г хоёр зодолдоод байна гэхээр нь би юунаас болоод зодолдоод байгаа юм гээд асуутал, Золзаяа “би мэдэхгүй байна хашааны гадаа шороон дээр өнхөрөлдөөд ноцолдоод байна” гэхээр нь би гараад Золзаяатай хамт салгасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Бат-Өөдөс нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчтэй ял тохиролцсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Прокуророос шүүгдэгч *******ийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулийн ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон тул уг хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******т 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР