Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0109

 

Н.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Х.М, Н.М, тэдгээрийн өмгөөлөгч М.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Мын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай актын Н.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сар дуустал хугацааны зогсоосон тэтгэвэр болох 1255000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.М, Н.М, тэдгээрийн өмгөөлөгч М.Э нар давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч Н.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын Н.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хандсан байдаг. Нэхэмжлэгч улсын байцаагчийн акт гарснаас хойш 1 жил 4 сарын хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан бөгөөд тухайн актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргаагүй үндэслэлээ шүүхэд тайлбарлаагүй.

Өөрөөр хэлбэл тухайн акттай холбоотойгоор 2017 оны 04 дүгээр сараас хойш олгогдоогүй тэтгэврийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг ямар үндэслэлээр хэтрүүлсэн талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, дээд шатны байгууллагад хэдий хугацаанд хандсан талаархи баримт байхгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж буюу нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн шүүхэд хандсан асуудлыг орхигдуулан шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгосон байдаг бөгөөд нийгмийн даатгалын байцаагч А.Лд 2014 оны 05 дугаар сард ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахтай холбоотой 78200 төгрөгийг төлсөн гэх тайлбар нь түүний тэтгэвэр тогтоосон хугацааны дараа байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь иргэн хүнийхээ үүргийг өөрөө биелүүлээгүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгааг шийдвэр гаргахдаа үнэлсэнгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахтай холбоотой 78200 төгрөгийг урьдчилсан төлсөн тохиолдолд тэтгэвэр авах эрх үүсэх байтал тэтгэвэр авч эхэлснээс хойш уг мөнгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын Н.Мт холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон магадлал гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, тус шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.М нь ...миний бие нийгмийн даатгалын байгууллагаас шаардсаны дагуу зөрчлийг арилгасан. Тэтгэврийг дахин олгож байснаа 2017 оны 05 дугаар сараас эхлэн дахин зогсоож хохирол учруулж байна... гэх үндэслэлээр Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ...өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэлээр төлбөр тогтоосон 14 дүгээр актын Н.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...2017 оны 04 дүгээр сараас хойш олгоогүй тэтгэврийг нөхөн гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад шүүхийн шийдвэр үндэслэх учиртай. Гэтэл энэ тохиолдолд шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримтыг бүрэн тодруулж судлаагүй, хэргийн оролцогчдын нотлох болон үгүйсгэх үндэслэл, тайлбар, шаардлагатай үйл баримтыг шүүхийн журмаар шаардаж, тодруулах замаар холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг хэрэгт бүрэн гүйцэд бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв удирдах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэлийн улсын байцаагчийн актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагатай холбогдуулан шүүх аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга байсан гэх Г.Н, нийгмийн даатгалын байцаагч М.Бүрэнжаргал нарыг гэрчээр асууж, тэдгээрийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т хэргийн талаар ач холбогдох бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж заасан.

Гэрч Г.Н ...сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан А.Л нь Манхан сумын иргэдийн ...шимтгэлийн мөнгийг бэлнээр нь хувьдаа авч хэрэглэсэн асуудал гарсан. Н.М нь 78120 төгрөгийг байцаагч А.Лд бэлнээр өгсөн байдаг... гэж, гэрч М.Бүрэнжаргал нь ...Н.М нь ...төгрөгөө ...байцаагчаар ажиллаж байсан А.Лд бэлнээр өгсөн гэж хэлдэг ...А.Л мөнгийг тушаасан бол ийм зүйл болохгүй байсан... гэх зэрэг байдлаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үндэслэн ...нэхэмжлэгч Н.Мын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох шимтгэлд төлөх мөнгийг байцаагч А.Л төлөөгүй буруутай болох нь тогтоогдсон... гэж дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна.

Учир нь дээрх гэрчийн мэдүүлэгт дурдагдсан Манхан сумын нийгмийн даатгалын байцаагч А.Л иргэдийн шимтгэлийн мөнгийг авч хувьдаа ашигласан асуудал гарсан гэх тайлбар тодорхойгүй, өөр бусад нотлох баримтаар дэмжигдээгүй байхад шүүх хөдөлбөргүй үнэн болох нь тогтоогдсон нотлох баримт мэтээр үнэлж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн тэр дундаа нэхэмжлэгчээс А.Лд нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг өгсөн эсэх, өгсөн бол хэзээ өгсөн, хэдэн төгрөгийг тус байцаагч хувьдаа авч ашигласан буруутай үйлдэл гаргасан энэ талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарсан эсэх, өөрөөр хэлбэл, энэ талаар ямар байгууллага, албан тушаалтны шалгалтаар илэрч тогтоогдсон эсэх талаар тодруулж баримтжуулалгүй дан ганц гэрчүүдийн мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлж, дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн ...миний бие нийгмийн даатгалын байгууллагаас шаардсаны дагуу зөрчлийг арилгасан. Тэтгэврийг дахин олгож байснаа 2017 оны 05 дугаар сараас эхлэн дахин зогсоож..., ...миний бие нийгмийн даатгалын байгууллагаас шаардсаны дагуу зөрчлийг арилгасан. Миний тэтгэврийг олгож байснаа 2017 оны 5 дугаар сараас эхлэн дахин зогсоож... гэх тайлбар тодорхойгүй ойлгомжгүй байна. Шүүх энэ талаар тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй байна.

Мөн нэхэмжлэлийн 2017 оны 4 сараас хойшхи олгогдоогүй тэтгэврийг нөхөн гаргуулах гэсэн нэмэгдүүлсэн шаардлагыг ямар субъектэд холбогдуулан гаргасан нь тодорхойгүй, мөн олгогдоогүй тэтгэврийг ямар шалтгаан үндэслэлийн улмаас хаанаас нөхөн гаргуулахаар шаардсан, байцаагч нарын актын улмаас учирсан хохирол гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар тодруулаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэнд хариуцагдах нь ойлгомжгүй, шүүх өөрөө нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгогч этгээд мэтээр олгосугай гэж шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Маргаан бүхий актаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн... гэх үндэслэлээр илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр төлбөр тогтоосон байх бөгөөд тус актын 2 дахь заалтаар ...төлбөрийг бүрэн барагдуулж, ...зөрчил гаргахгүй ажиллахыг ...байцаагч М.Бүрэнжаргалд үүрэг болгож шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий актын хаяглагдсан этгээдийг зөв тогтоох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгон авахдаа алдаа зөрчил гаргасан эсэх, төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэнд хариуцуулсныг анхаарч тодруулах нь зүйтэйг тэмдэглэв.

Дээрх нөхцөл байдал засагдаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ