Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/674

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Ур,

шүүгдэгч: М.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уд холбогдох эрүүгийн 2005019521085 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, сард 1 200 000 төгрөгийн орлоготой, ам бүл 7, эхнэр, 0-12 насны 5 хүүхдийн хамт,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

            Шүүгдэгч М.У нь “Од” групп ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд компанийн хөрөнгө болох борлуулалтын орлого 7 022 962 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.У мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид нийт 7 022 962 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг төлж барагдуулсан. Одоо аудитын дүгнэлтийн үнэ 1 сая гаруй төгрөгийн хохирол үлдсэн. Энэ мөнгийг 2 долоо хоногийн хугацаанд төлнө. Би гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг, олон хүүхэдтэй тул 7 сая төгрөгийг  ар гэртээ болон хувийн хэрэгцээнд бага багаар зарцуулаад дууссан. Төлөхгүй удсан шалтгаан нь тухайн үед короно гээд хөл хорьсон байсан болохоор төлөхөд хугацаа их орсон. Цаашид ийм зүйл дахин гаргахгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Ур мэдүүлэхдээ:

            Би “Од групп” ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай. Манай байгууллагад учирсан үндсэн хохирол 7 сая төгрөг байсан. Дахин шинжээч томилоход У рүү албан бичиг явуулж төлбөрийг төлөх талаар хэлсэн. Тэгэхэд У шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн. Хохирол төлбөрөөс 7 022 960 төгрөгийг Угийн зүгээс бүрэн төлсөн. Одоо аудитын 1 200 000 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна.

           

Мөрдөн байцаалтад гэрч-С.Б мэдүүлэхдээ:

Би “Од” группын бүтээгдэхүүн болох Ургац гурилыг борлуулагч Угээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3 345 000 төгрөгийн гурил аваад ахиж 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 870 000 төгрөгийн гурил аваад тооцоогоо 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөгийг “Од” группын дансанд хийсэн. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 765 000 төгрөгийг Угийн өгсөн 5065031696 гэсэн тоот дансанд шилжүүлж хийсэн юм. Одоо би “Од групп” ХХК-д ямар нэг өр төлбөр байхгүй. Би барааны мөнгийг “Од групп” ХХК-ийн данс руу хийдэг байсан. Тухайн үед төлбөрийг борлуулагч У нь миний данс руу хийчих гээд дансаа өгсөн болохоор шилжүүлсэн. У нь надад ямар нэгэн тайлбар хэлээгүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Ц мэдүүлэхдээ:

Би “Од” групп ХХК-д ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, тухайн үеийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг сар сард нь багтааж өгдөг байсан. У гэх борлуулагч залуугийн хувийн данс руу “хямдханаас” гэсэн утгатай шилжүүлж өгдөг гэсэн байсан. Уг дансны дугаарыг хийхэд У гэсэн данс гарч ирдэг байсан юм. Дансны хуулга дээр шилжүүлсэн мөнгөнүүд байгаа. Зарим үедээ хэсэгчилж, заримдаа бүгдийг  нь төлж байсан. Миний хар данс хөтөлдөг дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 26-нд 673 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-нд 1 130 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 1 200 000 төгрөг, орой нь 623 000 төгрөг тус тус дансаар хийгээд, өр дуусаж байсан гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Н.ЦФ мэдүүлэхдээ:

Сар болгоны эхээр манайх 2 сая орчим төгрөгийн бараа, бүтээгдэхүүн авч, зарж борлуулан сар болгоны сүүлд “Од” группын данс болон борлуулагч Угийн дансаар төлбөр тооцоог хийж байсан. Одоо “Од” группд ямар нэгэн төлбөр байхгүй. 2019 оны 02 дугаар сард борлуулагч У нь тооцоо нийлэх гэж байна. Та 3 900 000 төгрөгийн барааны төлбөрийн өртэй гэсэн баримт дээр гарын үсэг зураад өгөөч, ямар нэгэн асуудал байхгүй, дараа сард нь би өөрөө төлнө. Санаа зовох зүйлгүй гээд байхаар нь байнга харьцдаг болохоор гарын үсэг зурсан юм. Тэрнээс биш манайх 3 тонн сахар аваагүй гэжээ. (хэргийн 54-55 дугаар хуудас)

            “Шинэ баланс аудит” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №В/21-08 тоот дүгнэлтэд:

М.У нь “Хөх нумт” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 31-нд 4 765 000 төгрөг, үүнээс 4 715 000 төгрөгийг, “Милл хаус” ХХК-д борлуулалгүй, Барс зах дээр борлуулж, 2020 оны 02 дугаар сарын 11-нд 3 900 000 төгрөгийг, “Нисэх бөөний төв”-ийн гэрчийн мэдүүлгээс харахад бэлэн болон бэлэн бусаар 2018 оны 12 дугаар сарын 31-нд 3 723 000 төгрөгийг авч, үүнээс хувьдаа 2 100 000 төгрөгийг, нийт 10 715 000 төгрөгийг хувьдаа завсан нь банкны харилцах дансны хуулгаар, харилцагч нарын гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Харин Амгалан бөөний төврийн борлуулалтын дутагдал 659 000 төгрөг нь М.Утэй хийсэн тооцоогоор нотлогдож байна гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

М.У нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 136 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч М.У нь “Од групп” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд компанийн хөрөнгө болох борлуулалтын орлого 7 022 962 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ур, гэрч С.Б, Э.Ц, Н.ЦФ, “Шинэ баланс аудит” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №В/21-08 тоот дүгнэлт, Хаан банкны депозит дансны дэлгэрэхгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Хохирогч “Од групп” ХХК нь хохирлын 7 022 962 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулсан 1 210 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд 7 022 962 төгрөгийг төлжээ.

Иймд шүүгдэгч М.Угээс 1 210 000 төгрөг гаргуулж, хохирогч “Од групп” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч М.Уд түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан прокурорын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

            Шүүгдэгч М.У нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж, 1091 тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй тул зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх гэж тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Уг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Уг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч М.Уд оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар Улаанбаатарын хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. М.У нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Уд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Угээс 1 210 000 төгрөг гаргуулж, хохирогч “Од групп” ХХК-д олгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН