Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/679

 

 

 

 

 

 

 

 

2021            10            28                                      679  

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ат холбогдох эрүүгийн 2105009761335 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 500 000 төгрөгийн орлоготой, ам бүл 7, эхнэр, 1-14 насны 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны,

2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын  шүүхийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2004 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар А.

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15 дугаар байрны 7 тоотод байрлах өөрийн гэртээ “Buyanhishig Anhbayar” гэсэн фэйсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “Texac покер” тоглоомыг хууль бусаар мэдээллийн технологи буюу цахим /лайв/ ашиглан зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөл хорионы үеэр гэртээ байж байхдаа цахим лайв ашиглаж мөрийтэй тоглоом тоглуулсан юм. Эхлээд мөнгөөр тоглуулаагүй. Хууль бус гэдгийг нь тухайн үед би мэдээгүй байсан. Сүүлд нь мөнгө олж болдог юм байна гэж бодоод мөнгөөр тоглуулсан юм. Таньдаг хүн маань надад хууль бус гэдгийг хэлсэн. Тэгээд дахин тоглуулаагүй. Улсын яллагчтай 550 000 төгрөгөөр торгох ялыг өөрийн сайн дураар тохиролцсон, мөн уг гэмт хэргийн улмаас олсон мөнгийг улсын орлого болгоно гэсэн. Торгуулийн ялыг 6 сарын дотор төлөх хүсэлтэй байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Д мэдүүлэхдээ:

Тухайн үед манай найз Б.А нь өөрийнхөө “Buyanhishig Anhbayar” гэсэн фэйсбүүк хаягаараа лайв хийж покер гэх мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Уг лайвд 1-6 гэж дугаарласан тоонууд харагдах бөгөөд дунд нь хөзөр харагдаж байсан. Тухайн үед нэг хүн 10 000 төгрөгөөр 1 суудал аваад хожвол мөнгөө 50 000 төгрөг болгож авч байсан бөгөөд нийт 6 хүн тоглодог. Тэгээд тухайн өдөр би ганц удаа сонирхоод 10 000 төгрөгөөр 1 удаа тоглож үзсэн юм. Улмаар уг 10 000 төгрөгөө хожиж чадаагүй алдсан. Дахиж тоглоогүй гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Ба мэдүүлэхдээ:

Манай ах Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд “би лайв хийж байна ороод ир, ганц хоёр азаа үзээ” гэж хэлэхээр нь би лайв руу нь орж үзсэн. Лайв руу нь орох үед 1-6 ширхэг дугаарласан тоо болон хөзөр харагдах бөгөөд 6 хүн техас гэх хөзрийн тоглоом тоглоод нэг нь хожно. 1 хүн тоглохдоо 10 000 төгрөг төлж тоглож байсан. Гэхдээ би эхэндээ үнэгүй тоглодог хэсэгт нь ганц, хоёр удаа сонирхож тоглож үзээд больсон. Би Аын данс руу мөнгө ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б.Аынн Хаан банкны 5065207391 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Харилцагчийн нэр Буянхишигийн Аын харилцах дугаартай 5065207391 данс байх ба уг дансанд үзлэг хийв.

5065207391 дансны хуулга нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд орлого зарлагын хуулга байв. Нэг бүрчлэн дансыг шалгаж үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий гүйлгээ 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хийгдсэн байна. Б.А нь мөрийтэй тоглоом зохион байгуулж өөрийн дансандаа 629 690 төгрөгийн ашиг олсон байна гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.А нь 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын  шүүхийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2004 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 67 дугаар хуудас)                                                           

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар байрны 7 тоотод байрлах өөрийн гэртээ “Buyanhishig Anhbayar” гэсэн фэйсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй “Texac покер” тоглоомыг хууль бусаар мэдээллийн технологи буюу цахим /лайв/ ашиглан зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж.Д, П.Ба нарын мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б.Аын Хаан банкны 5065207391 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч нь мэдээлэл технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж 629 690 төгрөгийн орлого олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчээс 629 690 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн тус хэрэгт Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар зөвшөөрлөөр Б.Аын Хаан банкны 5065207391 дугаартай дансны зарлагын гүйлгээг хязгаарласан тул хязгаарлалтыг хүчингүй болгов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Аыг мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Ат даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 629 690 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

6. Б.Аын Хаан банкны 5065207391 дугаартай дансны зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Баатархүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН