Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/671

 

 

 

 

 

 

 

2021           10            26                                       671          

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

хохирогч: Г.Мө,

шүүгдэгч: М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2105000001086 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, Уран цацал ХХК-д засварчин ажилтай, сард 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, 14 настай хүүхдийн хамт,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ялыг эдлэж дуусгасан,  

 

Шүүгдэгч М нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар палас төвийн хойд талын барилга дээр ажиллаж байхдаа хамт ажилладаг иргэн Г.Мөийг үл ялих  зүйлээр шалтаглан биед нь халдаж, гараараа нүүрэн тус газарт  нь цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл, хөлөөрөө зүүн гуяны урд хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хувьд тухайн үед ажиллаж байсан газраасаа би өөрийн ажлын хөлсөө аваагүй бөгөөд ажлын хөлсийг Мөийг аваарай гэж хэлсэн. Ажлын хөлс 500 000-600 000 төгрөг байсан. Энэ мөнгийг Мөт өгсөн үгүйг мэдэхгүй байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа 400 000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлнө.  Хойшид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч -Г.Мө мэдүүлэхдээ:

Одоо миний биеийн байдал сайн байгаа. Мөнх-Од нь барилга дээр ажиллаж байгаад ажлаа дутуу хаяад явсан. Дутуу ажлыг нь намайг гүйцээгээрэй гэсэн. Мөнх-Од барилгын нэг хэсэг ханыг янзлах байсан бөгөөд би цагаан замаск татдаг байсан болохоор тэр ханыг янзалж чадаагүй. Тэр ханыг янзлаад засварын мөнгөнөөс аваарай гэж хэлсэн. Би засвараа дуусгаж чадаагүй учраас Мөнх-Одын ав гэсэн мөнгийг авч чадаагүй. Нягтлангаас асуухад өөр хүнд мөнгө өгөөд янзлуулсан гэсэн. Мөнх-Од нь ар гэрт асуудал гарсан, эмнэлэгт байна, ажил явдал гарсан гээд ажилдаа ирдэггүй байсан. Миний дор ажиллаж байгаа учраас захиралдаа аргалаад хэлээд явдаг байсан. Би гэрээнд заасан өөрийн ажлаа хийсэн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй боловч эмчээс асуухад эмчилгээ хийлгэхэд 400 000-500 000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Одоо миний зүүн талын нүд бага зэрэг чилдэг болсон. 400 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Эн мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын ард шинээр баригдаж байгаа барилга дээр засал чимэглэлийн ажил хийдэг. Тус ажлыг 2021 оны 7 дугаар сарын эхээр ажиллаж эхэлсэн. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Мө эгч бид хоёр Мө эгчийн хоёр хүүхдийнх нь вакциныг хийлгээд 12 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь Мөнх-Од ах уурлаад байсан. Тэгээд ажлаа хийх гээд хувцасаа солиод ажлын багаж хэрэгслээ бэлдэж байсан чинь Мөнх-Од ах Мөөгий эгчийг “чи битгий эмульсны саванд хар замаск зуурах гээд бай, болохгүй гэж хэлсэн. Тэгээд Мөөгий эгч хариуд нь дараа нь цэвэрлээд өгнө, гэхдээ энэ саванд замаск зуурч болох үгүйг инженерээс асууя гэсэн. Үүнээс болж Мөнх-Од, Мө хоёр хоорондоо маргалдаж байгаад Мөнх-Од ах Мө эгчийн зүүн нүд хавьцаа нэг удаа гараараа цохисон. Тэгээд  Мөөгий эгч зөрүүлээд гартаа байсан хоёр ширхэг обло гэх төмрөөр Мөнх-Од ахын гар болон нуруу хэсэг рүү оносон. Тэгээд хоёр хоёр зодолдох гээд байхаар нь Ба бид хоёр салгасан гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Ба мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын ах Мөнх-Од болон Мө нар үл ялих зүйл дээр маргалдаж, Мөнх-Од ах Мөийн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би болон манай эхнэр Эн нар салгасан. Мө Мөнх-Од хоёр эмульсны саван дотор Мө эгч хар замаск зуурах гэхэд Мөнх-Од ах наад савандаа битгий зуур, өөр саванд зуур гэж хэлэхэд Мө эгч би энэ саванд зуурчихаад буцаагаад цэвэрлээд өгнө гээд тэр хоёр маргалдах тал руугаа орж байсан. Тэгээд тэд хэрэлдэж байтэл Мөнх-Од ах Мө эгч рүү салаавч гаргасан. Тэгэхээр нь Мө эгч зөрүүлж салаавч гаргахдаа Мөнх-Од ахын нүүрэнд хүрсэн чинь Мөнх-Од ах шууд нүүрэн тус газар нь Мө эгчийг цохисон. Тэгээд Мө эгч уурлаж, обло гэх төмөр шидсэн чинь Мөнх-Од ахын нуруу хэсэгт оносон гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны 6655 дугаар дүгнэлтэд:

1. Г.Мөийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжгүй.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ялыг эдлэж дуусгасан гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)                                                  

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар палас төвийн хойд талын барилга дээр ажиллаж байхдаа хамт ажилладаг хохирогч Г.Мөийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж, гараараа нүүрэн тус газарт  нь цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Мө, гэрч Р.Эн, Т.Ба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны 6655 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Мод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Мө нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй боловч 400 000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч М хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөө илэрхийлж байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Мыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч М 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөгийг хохирогч Г.Мөт төлөхөө илэрхийлсэнийг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Мод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН