Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/820

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч: Т.Да, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Да-ид холбогдох эрүүгийн 2105017411821 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 

 

            Шүүгдэгч Т.Да нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байранд байх хохирогч Ю.Мө нь өөрийн эзэмшлийн Ланд крузер 200 загварын автомашины эд анги болох 2 ширхэг хойд пүрш, 4 ширхэг амортизаторыг итгэмжлэн хариуцуулж үлдээснийг завшиж, 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Да мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2 ширхэг амортизаторыг Ба гэх хүнд, 2 ширхэг пүршийг танихгүй хүнд зарсан. Амортизаторыг 30 000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь архи авч уусан. Хохирогч өмнө нь надад эд зүйлээ хадгалуулж байсан. Хохирлыг вагон буулгах ажил хийж, мөн ноолуур гарахаар 2 хуваагаад төлнө. Аав маань хөдөө хэдэн малтай байдаг юм. Хохирогчоос уучлалт гуйсан. Хэргийн зүйл анги, хохирлын үнэлгээ 1 400 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна. Зарсан амортизатороо буцааж авах гэтэл ажилдаггүй гээд хаясан гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ю.Мө мэдүүлэхдээ:

Би 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн “Ланд крузер 200” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг пүрш, 2 ширхэг амортизаторыг амьдардаг 57 дугаар байрны жижүүр Т.Да гэх эрэгтэйд хүлээлгэж үлдээгээд, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр жижүүрт үлдээсэн машиныхаа эд ангиудыг авах гээд очтол алга болсон байсан. Тэгээд би жижүүр Даоос машиныхаа эд ангиудыг хаана байгааг асуухад “би яаж мэддэг юм” гэсэн. Надад нийт 1 400 000  төгрөгийн хохирол учирсан. Да нь надад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөгөөр авч байсан “ARMY” загварын 2 пүрш, 2021 оны 3 дугаар сард найз Сүхээгээс 1 000 000 төгрөгөөр авч байсан “АRB” загварын 4 ширхэг амортизатор алдагдсан гэжээ. (хэргийн 11-12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Х.Ба мэдүүлэхдээ:

2021 оны 9 дүгээр сард би өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан Да нь машины 2 ширхэг амортизаторыг зарах гэсэн юм, манай ах сая машиныхаа амортизаторыг сольсон, тэгээд энэ хоёрыг зарах гэсэн юм гэхээр нь би “чи хулгайн эд зүйл зарах гэж байгаа юм биш биздээ” гэсэн чинь үгүй ээ манай ахын машины эд анги байгаа юм гээд байхаар нь би 30 000 төгрөгөөр худалдаж авсан. Да надад хэлэхдээ “Ланд крузер 200” загварын тээврийн хэрэгслийн амортизатор гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ шар уутанд хайрцагтай нь хийсэн байсан. Тухайн хоёр ширхэг амортизатор нь хуучин, ашиглаж байсан, будаг нь халцарсан, тос нь гоожсон байсан. Тэгэхээр нь би сүүлд Даид хандаж, “чи энэ хоёр амортизатороо ав, мөнгө аваад ир” гэсэн чинь “за ахаа” гээд алга болсон. Би тухайн хоёр ширхэг амортизаторыг ашиглаж, бусдад зарсан асуудал байхгүй. Хуучин, тос нь гоожсон, будаг нь халцарсан байхаар нь машин зардаг дүү болох Жаргалсайханд үзүүлэхэд энэ хэрэггүй, ажиллахгүй юм байна гээд байхаар нь буцааж Даид өгөх гэтэл олдохгүй байхаар нь Гурвалжингийн гүүрний ойролцоо хаясан гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

            “Кости эстимэйт” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Эд хөрөнгийн үнэлэгээг зах зээлийн харьцуулан жиших аргаар тодорхойллоо. “Тоёота Ланд Крузер” автомашины пүрш хоёр ширхэг 400 000 төгрөг, “Тоёота Ланд Крузер” автомашины амтортизатор 1 000 000 төгрөг гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

Т.Да нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Да нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны орших суугч, хохирогч Ю.Мөын “Ланд крузер” 200 загварын автомашины эд анги болох 2 ширхэг хойд пүрш, 4 ширхэг амортизаторыг итгэмжлэн үлдээснийг завшиж, 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн Ю.Мө, гэрч Х.Ба нарын мэдүүлэг, “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Даид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Да, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

“Кости эстимэйт” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Тоёота Ланд Крузер” автомашины пүрш хоёр ширхэг 400 000 төгрөг, “Тоёота Ланд Крузер” автомашины амтортизатор 1 000 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгөөр үнэлэсэн, хохирлыг шүүгдэгч төлөөгүй тул түүнээс 1 400 000 төгрөг гаргуулан хохирогч Ю.Мөт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Да нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Да-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Да-ийг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Да 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Даоос 1 400 000 төгрөг гаргуулж, хохирогч Ю.Мөт олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Да-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН