Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 510

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сдаргалж, “ОУ” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарт холбогдох захиргааны хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Э[1], хариуцагч Г.Ц[2], Д.Б[3], прокурор Т.М[4], шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Аг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гомдлын агуулга:

Гомдол гаргагч “ОУ” ХХК 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд  гаргасан гомдолдоо[5]:

“ОУ” ХХК нь 2009 оноос хойш барилга үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.

Манай компанийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагч Г.Ц Д.Б нар шалгаад 18,733,909.10 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг дараахи үндэслэлээр хүлээн эөвшөөрөхгүй танай байгууллагад гомдол гаргаж байна. Үүнд:

1. Манай компани 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн *******... дугаартай С т ххктай Ажил гүйцэтгэх ******** тоот гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулсан билээ. Гэрээний нийт дүн 206,073,000.00 төгрөг бөгөөд манай байгууллага гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлээр буюу 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 38,000,000.00 төгрөг 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 53,000,000.00 төгрөг 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 64,673,000.00 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 50,400,000.00 төгрөгийг тус тус олгосон байдаг.

“СТ” ХХК нь тухайн хугацаанд падаан дууссан, харьяа татварын байгууллага падаан дууссан удахгүй ирнэ гээд өгөхгүй байна гэх шалтгаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа тухай бүрд нь бидэнд өгөлгүй явсаар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0014709107 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нийт дүнгээр буюу гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн нийлбэр дүнгээр бичилт хийж өгсөн байдаг.

Манайх татвар, нийгмийн даатгалын тайлангаа цаг хугацаанд нь өгч, гарсан шимтгэл тооцоог тухай бүрт нь тушааж явсан.

Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирсэн хүсэлтийн дугуу Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ц.Э, С.Б нар хэсэгчилсэн шалгалт хийж “СТ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь борлуулалтаа тайлагнаагүй байна, танай байгууллага хий бичилттэй НӨАТ-ын падаан бичүүлж авсан байж болзошгүй тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв гэх дүгнэлт гарсан.

Дээрхи дүгнэлтийн дагуу Цагдаагийн байгууллагад “ОУ” ХХК-ийн захирал Б.Б миний бие өөрийн биеэр очиж мэдүүлэг өгч байсан бөгөөд уг үндэслэлийг няцааж байсан боловч прокурорын байгууллага хий бичилттэй падаан худалдаж авсанаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүнгэлтэдээ бичсэн байгаа юм. Бид “СТ” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэмэгдсэн өртгийн 10 хувийг нэмж тооцож санхүүжүүлсэн байдаг.

Гэвч тухайн байгууллага борлуулалтаа нуун дарагдуулах боломжийг Татварын байгууллага хяналтгүйгээр НӨАТ-н падаан олгож, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг, мэдээ тухай бүрд нь хүргээгүйтэй холбоотой гэж үзэж байна.

2. Монгол Улсын Их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор, нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу, хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хөрөнгө орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу манай компани дээрх худалдан авалтыг хуулийн хүрээнд шинэчлэн мэдүүлсэн, татварын тайландаа залруулан бүрэн тусгаж татварын албанд хүргүүлж баталгаажуулсан байгаа.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д /хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийн нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно/ гэж заасаар байтал татварын улсын байцаагчид нь залруулга хийсэн худалдан авалтыг зөрчил гэж үзэж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “ Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухайн” 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2703 тоот тогтоол гаргасан.

Гэтэл Монгол Улсын “ Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж тодорхой заасаар байтал Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц Д.Б нар нь манай компанид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар татварын улсын байцаагчийн актаар захиргааны шийтгэл ногдуулж, нөхөн татвар ногдуулж байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарын үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

1.2  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Х 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[6]:

“Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагчдын “ОУ” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн, төлөвлөгөөт шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******** тоот Шийтгэлийн хуудсаар 18,773,909.10 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, илт хууль бус байх тул шийтгэлийн хуудсыг хэрэгсэхгүй болгуулахаар Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6'-д заасны дагуу Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдлоо гаргаж хандсан боловч Татварын Ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэх бөгөөд Шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах нь зүйтэй гээд гомдлыг хүлээн аваагүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “92.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасны журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар ******** тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байх тул Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.32, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2.1-ийн 23-т заасны дагуу энэхүү тайлбар гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нар “ОУ” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******** тоот Шийтгэлийн хуудсаар 187,339.091.00 төгрөгийн зөрчилд 18,773,909.10 төгрөгийн нөхөн татвар ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтын дагуу алдангийн хэмжээг тогтоосон Засгийн газрын 2012 оны 06, 2013 оны 05, 2014 оны 38, 2015 оны 25, 2016 оны 30, 2017 оны 30 дугаар тогтоолууд, Нэмэгдсэн өртгийн албан тарын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.1.1 заалтуудыг үндэслэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн байна. Үүнд:

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 33, 34, 47 дугаар зүйлийн 33.2.2, 34.1, 34.2, 47.1-д Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгаж, хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг  тодорхойлохдоо акт үйлдэх бөгөөд, тус актад татварын хяналт шалгалт хийсэн татварын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байна.

Мөн энэхүү хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.34-т татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх, гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадахыг татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглосон байна.

Гэтэл татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нар нь “ОУ” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, ногдох татварыг тодорхойлохдоо акт үйлдээгүй, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас бичихдээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/0* дугаарын тушаалаар батлагдсан “Татварын албаны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.3.6-д заагдсан актын хэвлэмэл хуудас бус хуурамч хуудас хэрэглэсэн, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус баримт бичгийг татвар төлөгчид танилцуулж, зөвшөөрүүлэхээр албадаж Татварын улсын байцаагчийн хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан.

Иймд дээрхи үндэслэлээр хуурамч хуудас хэрэглэн, татварын албаны хяналт хяналт шалгалт хариуцсан хэлтэс, дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус баримт  бичиг болох Татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2402017136 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга.

2.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа[7]:

“Тус компанийн 2012-2013 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар 187,339,090.00 төгрөгийн зөрчил илрүүлэн Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйл. 33.2.6. “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих ...” гэж заасныг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Татварын улсын байцаагчийн ******** тоот дүгнэлт бичин цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн. Дээрх дүгнэлттэй холбогдуулан компанийн захирал Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 270* дугаар тогтоолоор тус дүгнэлтэд холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйл. 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Татварын улсын байцаагчийн ******* тоот Шийтгэлийн хуудсаар захиргааны хариуцлага ногдуулсан.

Тус компанийн хувьд Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар хэсэг 2.1.1-д ““нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” тодорхойлсон байна.

“ОУ” ХХК нь Эдийн засгийн ил тод хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр шинээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан мэдүүлсэн бол тус тайлангийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж мөн 2014 оны 12 сар, 2015 оны 1-3 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж тайлагнах ёстой байсан гэтэл “ОУ” ХХК-ийн 2014 оны 12 сар, 2015 оны 1-3 дугаар саруудын тус тус тайланд худалдан авалтын буцаалт хэсэгт тусгагдсан дүн байхгүй болно” гэжээ.

Гурав. Прокурорын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулга.

3.1. Прокурор Т.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч талын тайлбарыг дэмжиж оролцож байна. Хэргийн материалтай танилцахад “ОУ” ХХК-ийн захирал нь мөрдөн байцаалтын шатанд өөрөө сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир хэргийг өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хүлээн зөвшөөрүүлэхээр албадсан зүйл байхгүй” гэв..

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдлын шаардлагын талаар:

Гомдол гаргагч “ОУ” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарын үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарт холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Татварын улсын байцаагч нараас гомдол гаргагч компанийн 2012-2013 оны санхүүгийн тайланд шалгалт хийж, шалгалтаар 187,339,090.00 төгрөгийн зөрчил илэрсэн тул улсын байцаагч нараас 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******** тоот дүгнэлт[8] гарган цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлжээ.

Дээрх дүгнэлттэй холбогдуулан компанийн захирал Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 270* дугаар тогтоолоор холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.[9]

Хариуцагч улсын байцаагч Г.Ц, Д.Б нараас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 270* дугаар тогтоол, Татварын хяналт шалгалт хийх удирдамж, хяналт шалгалтын томилолтыг[10] үндэслэн гомдол гаргагч компанийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийг хэсэгчлэн шалгаж, маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******** тоот шийтгэлийн хуудсыг гаргажээ.  

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[11] гомдол гаргагч компани нь “СТ” ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0014709107 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 187,339,091.00 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр хуурамч бичилт хийлгэн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 18,733,909.10 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг гомдол гаргагч компанид ногдуулжээ.

1.Гомдол гаргагчаас “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу татварын тайландаа залруулга хийсэн байтал худалдан авалтыг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

“ОУ” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн, тайлангийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгасан, мөн 2014 оны 12 сар, 2015 оны 1-3 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж тайлагнасан байдал нь компанийн татварын тайлангуудаас[12] тогтоогдохгүй байна.

Түүнчлэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна” гэж заасны дагуу гомдол гаргагч компаниас 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнасан нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна.

2.Гомдол гаргагч компанитай холбоотой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан, харин шийтгэлийн хуудсыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байна.

Шийтгэлийн хуудсыг гаргасан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг зөрчил шалгаж буй улсын байцаагч нараас баримтлах нь зүйтэй юм. Хариуцагч улсын байцаагч нараас гомдол гаргагч компанийн татварын тайланг шалгах тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.”, 1.5 дугаар зүйлийн 9-д “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.” гэж заасан бөгөөд уг заалтыг хариуцагч улсын байцаагч нараас зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймээс гомдол гаргагчаас гаргаж байгаа “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 270* тоот тогтоол гаргасан. Гэтэл Монгол Улсын “ Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж тодорхой заасаар байтал Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц Д.Б нар нь манай компанид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаар татварын улсын байцаагчийн актаар захиргааны шийтгэл ноогдуулж, нөхөн татвар ногдуулж байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна.” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гомдол гаргагчийн энэхүү тайлбарт дурдснаар хариуцагч улсын байцаагч нь зөрчлийг шалган шийдвэрлэх үед үйлчилж байсан хуулийг бус өмнө нь үйлчилж байсан хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдлыг үүсгэхээр байгааг дурдах нь зүйтэй.

3.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нараас гомдол гаргагч “ОУ” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийг хэсэгчлэн шалгаж маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаар шийтгэлийн хуудсыг  гаргахдаа Татварын ерөнхий хуульд заасны дагуу акт гаргаагүй байна.

Харин Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйл 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалт, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалт болон  Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэдэг нь маргаан бүхий шийтгэлийн хуудас[13], хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд гомдол гаргагчаас “шалгалт хийж, ногдох татварыг тодорхойлохдоо акт үйлдээгүй, Татварын ерөнхий хуульд заасан актын хэвлэмэл хуудас бус хуурамч хуудас хэрэглэсэн, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус баримт бичгийг татвар төлөгчид танилцуулж, зөвшөөрүүлэхээр албадсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Дээрхээс гадна, “СТ” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч падаан бичиж, уг падаанаар гомдол гаргагч компани худалдан авалт хийсэн мэтээр татварын тайландаа тусгасан гэдэг нь хэрэгт цугларсан эрүүгийн хэргийг шалгах явцад бүрдүүлсэн баримтууд, гомдол гаргагч компанийн захирлыг байцаасан тэмдэглэл, санхүүгийн тайлан, бусад баримтуудаар[14] нотлогдож байна.

Энэхүү нөхцөл байдлыг гомдол гаргагч компаниас үгүйсгэсэн анхан шатны баримтуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талд гаргаж өгөөгүй байхад бараа материал худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй буюу хий бичилттэй падаануудыг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Иймд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч компанид нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д заасныг  зөрчсөн бөгөөд гомдол гаргагч “ОУ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тодруулбал, хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

       3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4,, 74.3,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д заасныг баримтлан “ОУ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ц, Д.Б нарын үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     А.С

 


[1] 128/2018/0125/3 индекстэй  /Цаашид “Хэргийн” гэх/ хэргийн 2-р хавтас 4 дэх тал.

[2] Хэргийн 1-р хавтас 55 дахь тал.

[3] Хэргийн 1-р хавтас 55 дахь тал.

[4] Хэргийн 1-р хавтас 240 дахь тал.

[5] Хэргийн 1-р хавтас 1-2 дахь тал.

[6] Хэргийн 1-р хавтас 80 дахь тал.

[7] Хэргийн 1-р хавтас 83-84 дэх тал.

[8] Хэргийн 4, 60 дахь тал

[9] Хэргийн 56-59, 129-132 дэх тал

[10] Хэргийн 178 дахь  тал

[11] Хэргийн 8-9 дэх тал

[12] Хэргийн 65-74 дэх тал

[13] Хэргийн 7-9, 83-84 дэх тал

[14] Хэргийн 113-128, 133-135, 137-138