Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1762

 

 “Цэнгэлтранс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01354 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Цэнгэлтранс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Газрын Од" ХХК-д холбогдох

 

Зорчигч тээвэрлэлтийн хөлс 68 427 165 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолдагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч "Цэнгэлтранс" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан "Цэнгэлтранс" ХХК-ийн хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн гүйцэтгэх 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗТГ/013-2014 дугаартай гурван талт хуулийн хүчин төгөлдөр хуанлийн 2,4,6 дахь өдрүүдэд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээтэй. Автотээврийн үндэсний төвтэй байгуулсан “Газрын од" ХКК-ийн 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗТГ/012-2013 дугаартай 2 талт хуулийн хүчин төгөлдөр бус хуанлийн 1,3,5,7 дахь өдрүүдэд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээтэй. Гэтэл “Газрын од" ХХК нь Улаанбаатар хот-Баян-Өлгийн чиглэлд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бүтэн нэг жилийн хугацаанд 46 рейс, мөн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 рейс, бүгд 47 рейсийг, хуанлийн 4 дэх өдөр буюу Пүрэв гарагийн манай компанийн гэрээт зорчигч тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг Зам, тээврийн яаманд эрсдэлээ даахаар хүсэлт гаргаж, тэрээр хууль бус аргаар буюу хүч хэрэглэхгүйгээр булаан авч гүйцэтгэж бидний эрх ашиг, сонирхлыг хохироосон.

Иймд “Газрын-Од" ХХК-иас манай компанийн гэрээний хуанлийн 4 дэх өдөр буюу Пүрэв гарагийн 47 рейсийн Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн зорчигч тээвэрлэлтийн хөлс 122 200 000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Газрын-Од" ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: "Газрын-Од" ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Зам, тээвэр аялал жуучлалын сайдын 95 тоот тушаалыг үндэслэн 95/003 тоот тусгай зөвшөөрлийн дагуу Хот хоорондын  зорчигч тээврийн үйлчилгээг явуулах эрхийг 3 жилийн хугацаатай авч, тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж ирсэн. “Газрын од" ХХК 2014 оны 05 дугаар сарын 13-ны 29 тоот албан бичгээр Зам, тээврийн сайд С.Гансүхэд 7 хоногийн Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад эрсдэлээ даан зорчигч тээвэрлэлт хийх хүсэлт гаргахад Зам тээврийн яамны 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 9/2883 тоот албан бичгээр гэрээний үүргийн 4.15-р “гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсноос бусад тохиолдолд тухайн чиглэлд аж ахуйн нэгжийн тээвэрлэлт гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тухайн тээвэрлэгчтэй зөвшилцөн шийдвэрлэх"  гэсний дагуу "ЗТГО-12/213 тоот гэрээний хавсралт №1-д" 2014 оны 06 сарын 05-наас өөрчлөлт оруулж 7 хоногийн Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байсан.

Гэтэл Зам тээврийн яамны тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Мөнхболдын 2014 оны 06 сарын 18-ны 07/3285 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Авто тээврийн үндэсний төв нь "Цэнгэлтранс" ХХК-тай гэрээ байгуулахдаа 7 хоногийн Пүрэв гарагт үйлчилгээ явуулах давтамжийг давхардуулан олгосон. Ийм учраас "Цэнгэлтранс" ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулахдаа “Газрын-Од" ХХК-д олгогдсон Пүрэв гарагийн үйлчилгээний давтамжийн давхцалыг арилгуулах хүсэлтээ өмгөөлөгчөөр уламжлан Зам, тээврийн сайд С.Гансүхэд гаргасан болно. Зам, Тээврийн сайд дээрх хүсэлтийг шалгаж үзээд 2014 оны 07 сарын 02-ны өдрийн 1/64 тоот албан бичгээр Авто тээврийн үндэсний төв /ААТТӨҮГ/-ийн захирал т.Болдбаатарт "Цэнгэлтранс" ХХК-д өөрчлөлт оруулж, давхцалыг арилгуулах үүрэг өгөгдсөний дагуу Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал Н.Пунцагийн 2014 оны 07 сарын 08-ны өдрийн 2/901 тоот албан бичгээр "Цэнгэлтранс" ХХК-тай 7 хоногийн Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр 2014 оны 06 сарын 05-нд оруулсан өөрчлөлтийг хэвээр мөрдөхөөр хавсралтад өөрчлөлт оруулж албажуулжээ. 

Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан дээрх шийдвэрүүдийн дагуу “Газрын-Од" ХХК-д 7 хоногийн Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад зөвхөн Улаанбаатар талаас тээвэрлэлт гүйцэтгэж байсан бөгөөд Баян-Өлгий талаас “Тээвэрлэлт гүйцэтгэх гэрээний өөрчлөлт"-ийг Зам, тээврийн дэд сайд хууль бусаар амаар өгсөн даалгаврын дагуу Баян-Өлгйй аймгийн Тээвэр авто замын газар өөрчлөлтийг биелүүлэхгүй 2015 оны 06 сарын 15-ныг хүртэл гэрээний үүргээ зөрчсөн. Гэтэл дахин 2015 оны 05 сарын 05-ны өдрийн Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 03/1869 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу “Газрын-Од" ХХК-ийн "Гэрээний хавсралт"-д 7 хоногийн Пүрэв гарагийн давтамжийг хасч манай компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон тул эрх ашгаа сэргээлгэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 06 сарын 24-ний өдөр 472 тоот шийдвэр гарч, "Зам тээврийн яам нь Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд харьяа байгууллагуудын чиг үүргийг зохицуулах, маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй хэдий ч өгсөн чиглэлийг биелүүлэхийг шаардаж мэдэгдсэн маргаан бүхий Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичиг нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул түүнийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн.

Ингэснээр Зам тээврийн төрийн нарийн бичгийн даргын 03/1869 тоот албан бичгээр өгсөн үүргийн дагуу хийгдсэн "Цэнгэлтранс" ХХК, “Газрын-Од" ХХК-иудын гэрээнд 2015 оны 06 сард орсон өөрчлөлтүүд хүчингүй болж “Газрын-Од" ХХК-ийн 2014 оны 06 сарын 05-ны "Тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ"-ний өөрчлөлт хүчин төгөлдөр болж сэргээгдсэн хэдий ч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Манай компани энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа гэжээ

 

            Шүүх: Иргэний хуулийн 493 дугаар зуйлийн 493.6 дах хэсэгт зааснаар “Газрын од" ХХК-д холбогдох зорчигч тээвэрлэлтийн хөлсөнд олох ёстой байсан орлого 68 427 165 төгрөгийг гаргуулах тухай "Цэнгэлтранс" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар иргэн Х.Байдолдагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 768 950 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч "Цэнгэлтранс" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 500 085 төгрөгийг нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолдагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн 184/ШШ2017/01354 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.4. Шүүгч энэ хуулийн 9.3-т заасан баримт бичгийг үрэгдүүлэхгүй байх үүрэг хүлээхээр заасан хэдий ч нэхэмжлэгчээс бүрдүүлсэн хариуцагч “Газрын Од" ХХК-ийн УБ-БӨ чиглэлд автобусны зорчигч тээвэрлэлтийн 47 рейсийн 52 ширхэг "тооцооны хуудас" тамга, гарын үсэгтэй санхүүгийн анхан шатны баримтыг хавтаст хэргээс алга хийж үрэгдүүлсэн. Хэрэгт Улаанбаатар-Баян-Өлгийн чиглэлд “Газрын Од" ХХК-ийн 2014.06.05-ны өдрөөс эхлэн 2015.05.26-ны өдөр хүртэл 51 рейс, мөн 2016.10.06-ны өдрийн 1 рейс бүгд 52 рейсийг хуанлийн 4 дэх өдөр буюу Пүрэв гариг бүрийн тооцооны хуудас, түүний товчоо нүүр бүгд 53 хуудас бүхий нотлох санхүүгийн анхан шатны баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда би Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын Сонгинохайрхан дүүргийн "Драгон" салбараас гаргуулан авч, шүүгчийн туслах ажилтан Н.Амарзаяад 2017.05.22-ны өдөр өгсөн.

Энэ санхүү, ня-бо бүртгэлийн анхан шатны баримт бичиг нь нэхэмжлэлийн шаардлага болох 68 427 165 төгрөгийг гаргуулахад ач холбогдолтой гол нотлох баримт байсан. Зөвхөн энэ баримтыг бүрдүүлэх үүднээс өмнөх шүүх хурлыг хойшлуулсан байсан. Гэтэл 2017.06.08-ны өдрийн шүүх хуралдааны явцад нотлох баримтад шинжилгээ явуулах шатанд 68 427 165 төгрөгийн 53 хуудас бүхий санхүүгийн материал хэрэгт байхгүй байсан. Шүүгчээс туслах Н.Амарзаяаг шүүх хуралдааны танхимд дуудан ирүүлж материалыг шүүлгэсэн, мөн өөрийнх нь ажлын байрнаас, сейфнээс хайлгасан хэдий ч баримт байхгүй байсан тул гаргаж өгч чадаагүй.

Эдгээр материалыг бүрдүүлснээр “шүүхээс дахин тухайн байгууллагад хандаж нотлох баримт авах хэрэггүй, би авч ирлээ” гэдгийг туслах Н.Амарзаяад хэлж шүүгчид хэл хүргээрэй гэснийг шүүгч Д.Мөнхбүрэн тухайн үед сонсож мэдсэн, тиймээс тухайн байгууллагад дахин бичиг явуулаагүй бөгөөд түүнийгээ шүүх хуралдааны үед хэлсэн. Эдгээр 53 хуудас санхүүгийн анхан шатны 2014, 2015 он, оноор нь тус тусд нь үдсэн зузаан хоёр багц материал бусад материалын завсар зайгаар хавчигдан орох боломжгүй тул энэ материалыг зориуд алга хийж биднийг хорлосон үйл ажиллагааг санаатайгаар хийсэн гэж үзэж байна.

Шүүх хуралдааны явцын төгсгөл бичмэл баримтыг шинжлэх шатанд тооцооны хуудасны товчооны өөртөө байгаа нэг хувийг шүүгчид гаргаж өгсөн хэдий ч түүний эх сурвалж буюу санхүүгийн анхан шатны задаргааны нэг бүрчилсэн тамга дарсан, ерөнхий ня-бо гарын үсэг зурсан албан загвар, маягтын хуудсууд алга байгаа учраас товчооны хуудас нь нотлох баримтын шаардлагыг хангаж чадсан түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн эсэх нь тодорхой бус эргэлзээтэй үлдсэн байх тул шүүхийн шийдвэр эсрэгээр гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Тус нотлох баримт хэргээс алга болсноос болж бидний гаргасан нэхэмжлэлийг хангах боломжийг үгүйсгэсэн, түүнд эсрэгээр нөлөөлсөн өөрөөр хэлбэл, хуулийн дагуу зохих ёсны шийдвэр гарахад саад болсон ба бусад үндэслэл зааж нэхэмжлэлийг хангаагүй хууль бус шийдвэр гаргаж бидний эрх, ашиг сонирхол хохирсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7. Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасан. Гэтэл мөн хуулийн 38.5.Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны төгсгөл бичмэл баримтыг шинжлэх шатанд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.1-д Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулах явцад тухайн баримт алга болсныг мэдсний дараа бүрдүүлж байх тул тооцооны хуудасны товчоо баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөвшөөрөхгүй. Санхүүгийн анхан шатны баримтын 52 ширхэг хуудсыг гээж үрэгдүүлсэн учраас баримтыг анх үйлдсэн, хадгалж байгаа эрх бүхий байгууллагаас бус нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцооны хуудасны товчоо баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд учир дутагдалтай байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хангаж чадахгүй байгааг анхаараагүй.

Шүүхээс хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэсэнд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.4.”Энэ хуулийн 28.1-д заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна” гэснийг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой Пүрэв гараг нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт "Цэнгэлтранс" ХХК-ийн тээвэрлэлтийн эрхэд тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөрчиж түүнийг дахин хянан хэлэлцэх ажиллагаа явуулсан зэрэг хуулийг ноцтой зөрчиж процессийн алдаа гаргасан.

Зам тээврийн яам болон түүний агентлаг Автотээврийн үндэсний төвийг хариуцагч мэтээр өөрөөр хэлбэл, Захиргааны акт гаргасан, нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан гэж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь ЗТЯ-аас хүсэлт шилжүүлсэн болохоос шийдвэрлээгүй бөгөөд бодлогын яам байх тул үйл ажиллагаа шийдвэрлэх эрхгүй этгээд гэж Захиргааны хэргийн шүүхийн 472 дугаар шийдвэрээр тогтоосон. Захиргааны  ЗТЯ, АТҮТ     байгууллагаас хоёр компанийн тус тусын гэрээг баримталж зохицуулсан, тэдний төлөөллийг оролцуулж хэлэлцсэн, мэдэгдсэн зүйлгүй, ямар нэгэн захиргааны акт гараагүй, баримт бичиг огт үгүй байгаа. Мөн сүүлд нь Зам Тээвэр Хөгжлийн Яамнаас 2016.11.03-ны өдрийн 10/1434 дүгээр албан бичигт "өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй, зөвхөн 3 өдрийн дотор шилжүүлсэн, ямар нэгэн шийдвэр, чиглэл болгосон заалтгүй" гэж өөрөөр хэлбэл, ЗТЯ-ны 2014.06.05-ны өдрийн 9/2883 тоот Б.Жаргалын бичиг Пүрэв гаргийн эрхийг нэг компаниас нөгөөд шилжүүлэх эрх бүхий захиргааны байгууллагын захирамжилсан шийдвэр, захиргааны акт биш эрх шилжүүлэх зохицуулалтыг хийхэд хамаарахгүй болохыг дахин баталсан. Гэтэл байгууллага хоорондын харилцааны баримт бичгийг мушгин гуйвуулж ЗТЯ-ны 9/2883 тоот албан бичгээр Б.Жаргалын өгсөн чиглэлийн дагуу гэх нь үндэслэлгүй бөгөөд бодлогын яам нь аливаа үйл ажиллагааг шууд зохицуулах, оролцох эрх зүйн асуудал биш учраас үүнийг жишиж харьцуулвал ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 03/1869 тоот албан бичгийн нэгэн адил зөвхөн бодлогын эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл үзүүлэх хүрээнд байна.

Нэгэнт компаниудын хооронд эрх шилжүүлсэн захиргааны байгууллагаас захиргааны ямар ч акт гараагүй байх тул маргаан нь нийтийн эрх зүйн маргаан биш, цэвэр хувиараа хуйвалдаж хийсэн луйварын үйлдэл учраас хувийн эрх зүйн маргаан гэх бүрэн үндэслэлтэй юм. Шүүхээс Захиргааны актын дагуу гэрээг өөрчилсөн гэх нь мушгин гуйвуулсан асуудал юм. Учир нь Монгол Улсын стандарт MNS 5140-1:2011-д захиргааны акт буюу захирамжлах баримт бичгийн 5.2-д зарлиг, тогтоол, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага зэрэг 6 төрлийн баримт бичгийг хамруулсан байна. Гэтэл захиргааны байгууллага ЗТЯ, АТҮТ-ийн аль нэгнээс эдгээр 6 төрлийн захирамжилсан шийдвэр, захиргааны актын нэгийг ч гаргаагүй. Мөн стандартын 5.3.3-т тодорхой асуудлаар байгууллага болон байгууллага, иргэн хоорондын харилцааны баримт бичгийг албан бичиг гэж тодорхойлсон байх тул ЗТЯ-ны 9/2883 тоот Б.Жаргалын бичиг энэ ангилалд хамрагдах учраас захиргааны акт буюу захирамжилсан баримт бичиг биш байна.

Энэ үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 5.1. Нийтийн ашиг сонирхолыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. Үүнд: төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэсэнд ЗТЯ, АТҮТ хамрагдаж байна. Мөн хуулийн 37.1. 3ахиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд ур дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2. 3ахирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Эцэс сүүлд нь "Цэнгэл транс” ХХК 2014.05.28-ны өдөр АТҮТ-тэй гэрээ хийсний дараа “Газрын Од" ХХК 2014.06.05-ны өдөр хийсэн гэрээндээ Пүрэв гарагийг давхардуулсан, түүгээр бусдын гэрээний хуваарьт давтамж Пүрэв гарагийн зорчигч тээвэрлэлтийн рейсийг хууль бусаар авч тээвэрлэлт гүйцэтгэсэн гэх эх сурвалж, нотолгооны үндсэн дээр Захиргааны хэргийн шүүхийн 472 дугаар шийдвэр гарсан байдаг. Тэгээд ч захиргааны байгууллага ЗТЯ, АТҮТ, мэргэжилтэн Д.Ариун-Эрдэнэ нар захирамжилсан шийдвэр, захиргааны акт гаргаагүй, зорчигч тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгээгүй, орлого олоогүй, түүнийг ашиглаагүй учраас хариуцагчаар тогтоох үндэслэлгүй байна.

Эцсийн хэргэлэгч буюу бодит үйлдлийг гүйцэтгэгчийн хувьд хууль бусаар зорчигч тээвэрлэлтийн ажлыг хэрэгжүүлэхийг санаачилсан, зохион байгуулсан, гүйцэтгэсэн, орлогыг олсон, орлогыг ашигласан зэрэг эрх зүйн шууд ур дагаварыг бий болгосон “Газрын Од" ХХК-ийг хариуцагчаар тодорхойлох үндэстэй гэж үзсэн.

“Газрын Од" ХХК цаашид захиргааны байгууллага ЗТЯ, АТҮТ, холбогдох албан тушаалтнаас гаргасан захиргааны акт, захирамжилсан шийдвэрийг гарган тавьж, түүний дагуу Пүрэв гаргийн тээвэрлэлт хийсэн гэх үйлдлээ нотолж чадвал өөрт учирсан хохирлыг арилгуулахаар ЗТЯ, АТҮТ, түүний мэргэжилтэн Д.Ариунэрдэнэ зэрэг аль буруутай этгээдээс эргэж нэхэмжилж авах үйл ажиллагаа нь “Газрын Од" ХХК-ийн бүрэн эрхийн асуудал.

"Цэнгэлтранс" ХХК, "Газрын Од" ХХК хоорондоо Иргэний хуулийн 8.1.2. Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүухийн шийдвэр, 8.1.5. Гэм хор учруулсан тус тус заалтын дагуу нэхэмжлэгч, хариуцагч бид иргэний эрх зүйн харилцаанд орж, мөн хуулийн 187.1 дэх заалтын дагуу хариуцагч “Газрын Од" ХХК-д үүрэг үуссэн байх тул хариуцагч байна. Хариуцагч гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 228.1.Гэм хорыг арилгах уүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. Мөн хуулийн 229.1.Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. “Газрын Од" ХХК анхнаасаа ЗТЯ-д өгсөн хүсэлтэнд, Захиргааны хэргийн шүүхэд гаргасан 2 удаагийн нэхэмжлэлд, мөн шүүхийн 472 дугаар шийдвэрт тус тус "Эрсдлээ дааж тээвэрлэлтийн үйлчилгээ явуулах"-аар бичигдснийг тодорхойлвол цаашдаа ямар ч нөхцөлд бусдын буюу "Цэнгэлтранс" ХХК-ийн Пүрэв гарагийг хууль бус хуйвалдаанаар авч болох бөгөөд эрсдэл гарахыг мэдэж байсан ба эрсдэл гарсан тохиолдолд дааж явахаа тооцсон байна. Тэгвэл “Газрын Од" ХХК эрсдэлтэй тээвэрлэлтийн үйлчилгээ явуулсан эрх зүйн шууд үр дагаварын гэм хорын хэмжээ 68 425 165 төгрөгийг амалсан ёсоор дааж нөхөн төлөх үүргээ хариуцах болсон гэж шаардлага гаргасан.

Автотээврийн үндэсний төвтэй байгуулсан "Цэнгэлтранс" ХХК Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх 2014.05.28-ны өдрийн ЗТГ/013-2014 дугаартай гурван талт хуулийн хүчин төгөлдөр хуанлийн 2,4,6 дах өдрүүдэд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээтэй. Энэ гурван талт хуулийн хүчин төгөлдөр гэрээнд хаанаас ч, хэнээс ч ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт хийгээгүй өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс гэрээний Пүрэв гарагийг хасаагүй бөгөөд Засгийн Газрын 2015.02.09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийж АТҮТ, компанийн хоёр талт 2015.06.16-ны өдрийн ЗТГ/032-2015 дугаар шинэ гэрээ хийх хүртэл хүчин төгөлдөр байсан ба дунд нь Пүрэв гаригаа луйвардуулж 1 жилийн турш алдсан хэдий ч энэ ЗТГ/013-2014 дугаартай гурван талт гэрээний дагуу ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн. Гурван талт хуулийн хучин төгөлдөр гэрээ гэх нь тухайн үед компани, АТҮТ, Аймгийн Тээвэр Зохицуулалтын газар гурван талт гэрээ хийсэн бөгөөд ийм гурван талын бүтэцтэй байсан. Харин эсрэгээр Автотээврийн Үндэсний төвтэй байгуулсан “Газрын Од" ХХК-ийн 2013.05.26-ны өдрийн ЗТГ/012-2013 дугаартай хоёр талт хуулийн хүчин төгөлдөр бус хуанлийн 1.3,5,7 дах өдрүүдэд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээтэй байсан. “Газрын Од" ХХК тухайн үед хоёр талт хуулийн хүчин төгөлдөр бус гэрээгээр ажиллаж байсан. Дээр нь нэмээд бидний Пүрэв гарагийг хуйвалдаанаар авч 1 жил ажилласан давхар давхар зөрчлийг хамаарал бүхий этгээдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлыг хэтрүүлэн ашиглаж хууль журмыг ноцтой зөрчиж байна.

“Газрын Од" ХХК АТҮТ-ийн шинээр томилогдсон захирал П.Дэлгэрнарангийн мэдээлэлгүй байсан, ажилд дөнгөж орсон шинэхэн байдлыг овжиноор ашиглаж түүнийг хууль бус үйлдэлдээ татан оролцуулж түүгээр гаргуулсан 2016.09.26-ны өдрийн 1/1690 тоот албан бичигт мөн адил Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичигт тусгасан заалт, шийдвэрийн агуулга, үг, үсгийг гуйвуулан өөрчилж ЗТХЯ-ны биелүүлэх Захиргааны хэргийн шүүхийн 472 дугаар шийдвэрийг АТҮТ албадан гүйцэтгэх мэтээр зохиож найруулан бичиж гарын үсэг зуруулж, тамга даруулан амжиж тэрбээр 2016.10.06-ны өдрийн бидний ПҮРЭВ гарагийг бас дахин булааж аваад 324019 дугаар бүхий тооцооны хуудастай тээвэрлэлт хийсэн ба тухайн үед бид ЗТХЯ-д хандаж уг үйлдлийг таслан зогсоосон. Энэ ПҮРЭВ гараг нэг өдрийн гэм хорын хэмжээг мөн нэмж нэхэмжилсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн 184/ШШ2017/01354 дугаар шийдвэр нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байгаа тул тус шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Цэнгэлтранс" ХХК нь хариуцагч "Газрын-Од" ХХК-д холбогдуулан зорчигч тээвэрлэлтийн хөлсөнд 122 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, зорчигч тээвэрлэлтийн хөлсөнд олох ёстой байсан орлого 68 427 165 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 79 дүгээр талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/04699 дүгээр шүүгчийн захирамжаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын Сонгинохайрхан дүүргийн “Драгон” салбараас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу "Цэнгэлтранс" ХХК, "Газрын-Од" ХХК-иудын Улаанбаатар–Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн тээвэрлэлтийн үйлчилгээний холбогдох тайланг ирүүлсэн байна./хх-85-93/

 

Уг тайлангийн дэлгэрэнгүй болох 47 рейсийн 52 ширхэг "тооцооны хуудас" тамга, гарын үсэгтэй санхүүгийн анхан шатны 53 хуудас баримтыг гаргаж өгсөн байхад хавтаст хэргээс алга хийж үрэгдүүлсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлан маргаж байгаа болно.

 

Хэргийн оролцогчийн хүсэлт болон шүүгчийн захирамжид заасан хичнээн хуудас, ямар баримт ирсэн нь тодорхой бус, уг захирамжийн заалт бүрэн биелэгдсэн эсэх нь эргэлзээтэй, шүүх үүнийг тодруулаагүй нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж уг байдлыг тодруулах боломжтой байтал хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүхээс энэ байдлыг тодруулах, залруулах, хэргийн үйл баримтад эрх зүйн болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

          

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

 

                                                                                            Б.НАРМАНДАХ