Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 802

 

                                                           

 

 

 

 

 

                                                  Д.Тд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Л.Нинжбат,

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 978 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Тд холбогдох эрүүгийн 201525031134 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Түдэв Гүн овогт Дуламын Т, 1976 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологи хамгаалал мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Булган аймаг, дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Д.Т нь “2002 оны сонгуулийн үеэр Сү.Батболдтой хуйвалдаж, тусгай зөвшөөрлөө хууль бусаар сунгуулах шийдвэр гаргуулсан, энэ асуудал чинь хууль бус учраас холбогдох газарт гомдол гаргаж, хүчингүй болгуулна, хүчин төгөлдөр бус үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн худал мэдээллүүдийг ард иргэдэд тараана, төрийн захиргааны байгууллагуудад хандаж гомдол гаргана” хэмээн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн төр, байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, ашиг орлогын алдагдалд орох, хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлэн 40 сая төгрөг өгөхийг шаардаж, улмаар тус компанийн ажилтан Г.Болдбаатараар дамжуулан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах хоолны газарт 10.000.000 төрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Калифорниа ресторанд 10.000.000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Тд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй шинээр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

  1. Компанийн ямар эрх, ямар хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан, түүнчлэн ямар баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, уг баримт, мэдээлэл нь компанийн ямар хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц гэж үзсэн талаар холбогдох шалгалтыг явуулах.
  2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч талаас шүүгдэгч Д.Тгаас 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Гэтэл Д.Т нь би мөнгө аваагүй гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгч байна. Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн М.Идэр нь “...би 30.000.000 төгрөгийг өг гэсэн цохолт хийж өгсөн...”, харин гэрч Д.Уранчимэг “...10.000.000 төгрөгөөр 2 удаа цохолт хийж өгсөн, нийт 20.000.000 төгрөг гаргасан...” гэсэн мэдүүлгүүдтэй холбогдуулж, яг хэдэн төгрөгийг компаниас гаргаж, хэн авсан эсэхийг шалгаж тогтоох.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн, Г.Болдбаатар, Д.Уранчимэг, М.Идэр нарын мэдүүлгүүд хоорондоо зөрж байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогч тал 40.000.000 төгрөгөөр хохирсон, 20.000.000 төгрөгөөр хохирсон аль нь болох, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг зөв тогтоосноор шүүгдэгчийн хувьд 2002 оны Эрүүгийн хууль, эсвэл 2015 оны Эрүүгийн хууль аль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эсэхийг тодорхойлох тул хохирлыг зөв тогтоох шаардлагатай байна.

3. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 271 дүгээр яллах дүгнэлтэд “...Д.Т нь ...40 сая төгрөг өгөхийг шаардаж, улмаар тус компанийн ажилтан Г.Болдбаатараар дамжуулан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах хоолны газар 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Калифорниа” ресторанд 10.000.000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”, 2.2 дугаар зүйлийн 7-д “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Иймд хэргийн харьяаллыг тогтоож, харьяалах газрын шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд, шүүгдэгч Түдэв гүн овогт Дуламын Тд холбогдох эрүүгийн 201525031134 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт шилжтэл шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Компанийн ямар эрх, ямар хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан, түүнчлэн ямар баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, уг баримт, мэдээлэл нь компанийн ямар хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болох талаар хангалттай шалгаж тогтоосон, энэ талаар хохирогч байгууллага талаас хохирогчоор тогтоогдсон О.Дарханбаатар, гэрч Г.Болдбаатар, М.Идэр нарын мэдүүлэгт маш тодорхой байдаг.

Мөн Д.Тд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр бүхэлд нь хянаж үзээд, дээрх нөхцөл байдлыг тогтоогдоогүй байна гэж үзээгүй, харин яллах дүгнэлтэд энэ талаар тодорхой зааж өгөөгүй гэж дүгнэсэн байдаг. Үүний дагуу хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлаж, хохирогч О.Дарханбаатараас дахин мэдүүлэг авч, тус асуудлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдэж, магадлалын дагуу яллах дүгнэлтэд маш тодорхой тусгасаар байхад нэгэнт тогтоогдсон асуудалд холбогдох шалгалтыг явуулах гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Гэрч М.Идэр нь шүүх хуралдаанд “Д.Тд 20.000.000 төгрөгийг өгсөн” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултад хариулж, компанийн зүгээс тус асуудалд 30.000.000 төгрөгийн цохолт хийсэн гэж хариултыг өгсөн нь зөрүүтэй байдлыг үүсгээгүй юм.

Д.Т нь “Алтан Дорнод Монгол” ХХК-иас 40.000.000 төгрөг авахыг шаардаад, харин 20.000.000 төгрөгийг хэзээ, хаана, ямар байдлаар авсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, “Алтан Дорнод Монгол” ХХК-иас гаргаж өгсөн санхүүгийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон асуудал.

Д.Т нь бусдаас эд хөрөнгө өгөхийг шаардаж, хуульд заасан гэмт үйлдлийг хэрэгжүүлж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах хоолны газар 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Калифорниа” ресторанд 10.000.000 төгрөгийг тус тус авсан, 2015 оны 5 дугаар сарын дундуур 20.000.000 төгрөгийг авахаар сүрдүүлэн улмаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Улсын их дэлгүүрийн ойролцоо уулзсан гэдэг. Үүнээс үзэхэд Д.Тгийн үйлдэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төгссөн байдаг тул шүүхийн харьяаллын асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал тогтоох нийтлэг үндэслэл”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлд заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал”-ын дагуу хэргийг шалгасан. Шүүгчийн захирамжид заасан хэргийн харьяаллыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяалал нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 978 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Л.Нинжбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байгаа учраас хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Захирамжид дурдсанаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх баримт хавтас хэрэгт маш бага байдаг. Миний үйлчлүүлэгчийг мэдээ, баримт тараахаар сүрдүүлсэн гэсэн зүйл яригдаж байгаа. Энэ тал дээр баримт мэдээ тараахаар сүрдүүлээгүй, угаасаа тараачихсан. Д.Т нь өөрийн төрсөн нутаг Булган аймгийн байгаль, экологийг хамгаалдаг зүтгэлтэн юм. Энэ хэрэгт хохирлын хэмжээг тогтоох нь маш чухал байсан. Прокурор, мөрдөгч нар хохирлын хэмжээг бодитой тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Хавтас хэрэг нь гэрч Болдбаатар гэдэг хүний мэдүүлэг дээр бий болсон. Гэрч Болдбаатар хэлэхдээ “Д.Т 40.000.000 төгрөг биднээс нэхсэн. Би 20.000.000 төгрөгийг өгсөн” гэдэг. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Идэр гэх гэрч шүүх хуралдаанд орж ирээд “би 30.000.000 төгрөг цохож өгсөн” гэж хэлсэн.  Хамгийн чухал мэдүүлэг нь гэрч Болдбаатар анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө, өмгөөлөгч миний асуусан “Т танай компаниас 40.000.000 төгрөг өг гэж шаардсан уу” гэх асуултад “40.000.000 төгрөг өг гэж хэлээгүй. Дөрвөн хуруугаа гозойлгосон. Тэгэхээр нь би 40.000.000 төгрөг юм байна гэж ойлгосон” гэх хариулт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн. Ингэж зүйлчлэхдээ 40.000.000 төгрөг сүрдүүлж, заналхийлж авсан гэдэг гэмт хэрэгт ялласан. Хохирлын хэмжээнээс шалтгаалаад зүйлчлэл өөрчлөгдөнө. Үүнээс үүдээд 2002 оны Эрүүгийн хууль болон Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж таарна. Тэгэх юм бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Магадгүй зарим зүйл дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдал ч харагдаж байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр асуудлуудыг тавьсан. Шүүх үүнийг хүлээн авч, захирамждаа тусгасан. Мөн хэрэгт харьяаллын асуудал яригдаж байгаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрт мөнгө өгсөн гэдэг боловч энэ талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Калифорниа ресторанд 20.000.000 төгрөгийг 2 хувааж өгсөн гэж бичлэг хийсэн байсан. Үүнийг үндэслэн яллах дүгнэлтийн гол үндэслэлээ болгосон учраас шүүхийн харьяаллын асуудлыг тавьсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Хохирогч “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг нь анх 2015 онд үүссэн, 3 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, 3 дахь жилдээ шалгагдаж байна. Хэргийг анхны удаа буцаахдаа яагаад зөв тодорхойлж буцаахгүй байгаа юм бэ. Шийдвэл шийдээд, цагаатгавал цагаатгаад энэ хэргийн ард гармаар байна. Д.Т нь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ажил хэрэг, нэр төрд халдаж байгаа. Хавтас хэрэгт Захиргааны хэргийн шүүхийн тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн магадлалууд байгаа. Өдрийн сонин, ТВ9, Үндэсний шуудан зэрэг сонинуудад худал ташаа нийтлэл нийтэлсэн болохыг хууль, шүүхийн байгууллага тогтоосон. Энэ талаар тухайн үед мөрдөн байцаагчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110, 111 дүгээр зүйлд заасан нэмэлт нөхцөл байдал илэрсэн байна, энэ байдлаар үйлдлийг нь давхар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргахад хүлээж аваагүй. 3 удаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд “Алтан Дорнод Монгол” ХХК яаж хохирсон, хэдэн төгрөг гарчихсан гэдэг асуудлыг л яриад байгаа болохоос биш, Д.Т гэдэг хүн ямар үйлдэл гаргасан, хэдэн төгрөг нэхсэн, ямар мэдээлэл цацсан гэдэг талаар хэн ч яриагүй. Энэ хэрэгт Идэр гэдэг хүн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд бас гэрчээр асуугдсан байсан. Энэ хэргийн хүрээнд харвал 40.000.000 төгрөг нэхээд 20.000.000 төгрөг авсан гэх гомдлын дагуу хэрэг үүсгээд, шалгагдаж байгаа. Гэтэл Идэрийн хэлсэнчлэн “би 30.000.000 төгрөг Д.Тд өгсөн. Мөнгөө буцааж авъя” гэж гомдол гаргаагүй. Заавал энэ хэргийг буцаах ямар ач холбогдол байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Гэмт хэргийн үйлдсэн, үргэлжилсэн, төгссөн газруудыг авч үзэх хүндрэлтэй. Яагаад өмнө нь шүүх хуралдаанаар орж байхад яриагүй байж гэнэт энэ асуудал сөхөгдөөд байгаа юм бэ. Хувь хүний зүгээс энэ хэргээс залхаж байна. 4 жил гаруй хугацаанд Д.Т гэх хүнтэй зууралдлаа. Энэ хэргийн нэг талд нь гармаар байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 978 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

1. Хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 816 дугаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж авагджээ. /4-р хх-ийн 92-95/

 

Дээрх захирамжаас үзэхэд анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нь “хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй” гэж дүгнэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодруулан хуульчилжээ.

 

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 978 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Тд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Аливаа эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараалал, шүүхэд олгогдсон бүхэн эрхийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулдаг.

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцнэ.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах эсэх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаанд тусгай журмын дагуу хийгдэх,  зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон онцгой бүрэн эрх юм.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх тухайн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

 

Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг болно. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх зарим гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэдэг.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад тухайн гомдол, хүсэлт үндэслэлтэй тохиолдолд шүүхээс хэргийг прокурорт буцаах боломжтой хуулийн ганц зохицуулалт юм.     

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 816 дугаар шүүгчийн захирамжид дээрх байдлын талаар огт дүгнэлт хийлгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Үүнээс гадна шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

 

2. Шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар дүгнэх боломжтой.

      

Иймээс шүүгчийн захирамжид дурдсан “...компанийн ямар эрх, ямар хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан, түүнчлэн ямар баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, уг баримт, мэдээлэл нь компанийн ямар хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц гэж үзсэн, энэ талаар холбогдох шалгалтыг явуулах. ...Хэдэн төгрөгийг компаниас гаргаж хэн авсан эсэхийг шалгаж тогтоох...” зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэх нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

Дээрх хуулиас дүгнэвэл нэгэнт шүүх хуралдааны явцад хэргийн харьяаллын асуудлыг мэдсэн тохиолдолд тухайн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхаар хуульд зохицуулсан байх тул шүүгчийн захирамжид дурдсан хэргийн харьяаллын асуудал зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэрэгт, шүүх цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнээс гадна анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов хойшлуулах тухай” 774 дүгээр шүүгчийн захирамж гаргасан атлаа “...2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсугай.” гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: