Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 36

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч Ш.Баянмөнх, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2133000000038 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хавцал гэх газар оршин суух хаягтай, Дархан-Уул аймгийн 0 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02- ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Галзад овгийн Шагдарын Баянмөнх /РД:ОО00000000/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Ш.Баянмөнх нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцал” гэх газраас тус сумын иргэн Д.Баасанхүүгийн эзэмшлийн шар алаг зүсмийн эр үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн эр үхэр 1 толгой, нийт 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж, Д.Баасанхүүд 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ш.Баянмөнх нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцал” гэх газраас тус сумын иргэн Д.Баасанхүүгийн эзэмшлийн шар алаг зүсмийн эр үхэр 1, улаан халзан зүсмийн эр үхэр 1, нийт 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж, Д.Баасанхүүд 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Мөрдөн байцаалтад: 1.Яллагдагч Ш.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт 2019 оны хавар 5 сард ирж суурьшин мал маллах болсон юм. 2021 оны 06 дугаар сарын 20-ний өглөө үүрээр 05 цагийн үед үхрээ урагш чиглэлд туучхаад гэртээ ирж байж байгаад 10 цагийн үед үхрийнхээ араас очтол манай үхэрнүүд ширээ нуруу талдаа хужаагийн пойл гэх газар пойлонд тулаад ирчихсэн байхаар нь үхрээ хариу эргүүлээд туугаад явж байтал манай үхэрнүүд дунд улаан халзан зүсмийн эр шүдлэн үхэр, шар алаг эр шүдлэн үхэр нийт 2 үхэр манай үхэрнүүдтэй нийлчихсэн явж байхаар нь би тэр хоёр үхрийг өөрийн үхэрнүүдтэйгээ хамт пойлноос доош нь туугаад гэрийнхээ ойролцоо аваачаад орхичихсон юм тухайн үед би борлог зүсмийн бүдүүн морио унаад явж байсан юм. Тэгээд гэртээ ирээд ойр зуурын юмаа хийгээд байж байтал орой манай үхэрнүүд бэлчээрээс ирэхэд өдрийн байсан 2 эр шүдлэн үхэр манай үхэрнүүдтэй хамт манай гэрийн гадаа ирсэн юм. Тэгээд тэр 2 эр шүдлэн үхэр манай үхэрнүүдтэй хамт хоёр хоног бэлчээрт яваад салалгүй байгаад байсан юм. Тэр хоёр үхэр манай үхэрнүүдтэй нийлснээс хойш гурав дахь өдрийн өглөө нь би тэр хоёр үхрийг холоос ирж нийлсэн мал байна нэгийг нь зараад машинаа засчихая гэж бодоод тэр өдрөө Дархан-уул аймагт махны ченж хийдэг Дархаа гэх залууруу утсаар яритал Дархаа тэр үхрийг авья гээд тэгээд өдөр 10 цагийн үед Дархаа манай малын бэлчээр дээр ирхээр нь би манай гэрийн ойролцоо пойлны захад мал хариулж байсан 4 залууг үхэр ачилцаад өг гэж гуйгаад хамт Дархаагийн машинд шар алаг зүсмийн эр шүдлэн үхэрийг ачаад Дархаад өгөөд явуулсан юм.Тэгээд Дархаад тэр үхэрийг өгч явуулаад удаагүй байтал Дархаа надруу залгаад “Энэ чинь хүний үхэр юм бишүү ирж уулз энэнийхээ учирыг ол” гээд надруу ярихаар нь би “за одоо яваад очлоо” гээд ширээ нуруунд яваад очтол тэнд Дархаагийн машины хажууд үхрийн эзэн гээд залуу ирчихсэн зогсож байсан тэгээд намайг хажууд нь яваад очтол Тэр залуу“энэ чинь манай үхэр байна чи манай үхэрийг хулгай хийж хүнд зарсан байна одоо цагдаа дуудчихсан байгаа чи хүлээгээд байж бай” гэхээр нь би “за уучлаарай танай үхэр гэж мэдсэнгүй холоос ирсэн үхэр юм байх гэж бодоод нэгийг нь зарчихлаа нэг нь одоо манай үхэртэй хамт байгаа аваарай” гээд хэлсэн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг явсан юм. Тэр хоёр үхэрт ямар нэгэн содон шинж тэмдэг гэхээр зүйл байгаагүй юм улаан халзан үхэр нь чихнийхээ үзүүрт ногоон утастай байсан юм. Харин нөгөө үхэр нь цагаан шар алаг үхэр л байсан юм. Би тэр хоёр үхэрний эзнийг нь танина Дашаа гэж залуу байдаг юм гэр нь манайхаас 10 аад км орчим зайтай. Зүгээр нэг нутгийн хүмүүс болохоор л нэг нэгнээ мэддэг юм өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би тухайн хоёр эр шүдлэн 5 үхрийг өөрийн үхэрнүүдтэй хамт гэрийн зүг тууж явахдаа борлог зүсмийн бүдүүн морьтой явж байсан юм. Тэр борлог зүсмийн бүдүүн морь нь манай хуурай ах Эрдэнэ-Очирын эзэмшлийн морь байгаа юм. тэр морийг 2021 оны хавар 06 сард надад маллаад өгөөчээ гэж өгсөн юм би тэгээд хааяа нэг ойр зуур үхэр малдаа унадаг юм. Би Дархаад тэр шар алаг үхрийг 1150.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед Дархаагаас 200.000 төгрөгийг бэлнээр авсан юм үлдсэн мөнгийг нь Дархаа малаа борлуулчихаад үлдэгдэл мөнгийг нь өгье гэж хэлж байсан юм. Тэгээд цагдаад баригдсаны дараа би Дархаад 200.000 төгрөгийг нь буцааж өгсөн юм.Тухайн үед надаас Дархаа малын гарал үүслийн гэрчилгээний талаар асуухаар нь би “би энд харьяалалгүй болохоор надад гарал үүслийн гэрчилгээ олдохгүй байгаа”гэж хэлээд зарсан юм. Тэгээд сүүлд цагдаад баригдсаны дараа Дархаа надад хандан “чи надад хулгайн мал өглөө” гээд уурлаад байсан юм. Би тэр хоёр үхрийг эзэнд нь буцааж өгсөн юм. Би тухайн үед тэр хоёр үхэрийг өөр хүний эзэмшлийн үхэр гэдгийг мэдэж байсан мөн өөр хүний эзэмшлийн эд зүйл малыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй худалдан борлуулах нь хууль бус үйлдэл гэдгийг ойлгож ухамсарлаж байсан юм тухайн үед өөрийн өчүүхэн шуналаас болж л тийм болчимгүй үйлдэл хийчихсэн юм одоо хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг хх-ийн 52-53-р хуудас/, 2. Хохирогч Д.Баасанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчим манайх үхэрээ гаргахад тоо ёсоороо байсан. Тэгээд би эхнэртэйгээ гадуур ажилтай явж байгаад орой ирсэн чинь манай үхэрнүүд ирчихсэн байсан. Тэгээд бүртгээд үзсэн чинь манай шар алаг зүсмийн шүдлэн үхэр, улаан халзан шүдлэн үхэр нийт 2 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд ойр хавийнхаа бүх айлаас асууж сурагласан боловч мэдэх хүн байхгүй байсан. Тэгээд би "*** *****гэх газруудаар хайсан боловч олдоогүй. 2021 оны 06 сарын 23-ны өдөр гэртээ байж байсан чинь Баярт гээд манай нутгийн залуу утасаар залгаад танай үхэртэй их ойролцоо үхэр Баянмөнх ченжэд ачуулж байна гэхээр нь тэр ченжийнх нь машиныг дугаар номероор нь хөөж явсаар байгаад Дархан-Уул аймгийн Древень гэх газар айлын хашаанд миний шар алаг зүсмийн үхэр байж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нэг нь шар алаг зүсмийн шүдлэн үхэр, нөгөөх нь улаан халзан зүсмийн шүдлэн үхэр байгаа юм. Манай үхэрний чихэнд ногоон өнгийн даавуу байдаг юм. Би Баянмөнхтэй нэг нутагт хэдэн жил хамт амьдарч байна. Манай үхрийг Баянмөнх сайн мэднэ ээ. Бид 2 уржинан адууны наймаа хийж байсан юм. Манайхаар байнга орж гардаг манай малыг ялангуяа үхэрнүүдийг маань сайн мэднэ. Миний алдсан 2 тооны үхэр манай үхэрнүүд дундаас хамгийн том шүдлэнгүүд байсан тийм болохоор нэг үхрээ 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. 70-40 ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн Х.Портер маркийн машин байсан. Дархаа гэж залуу авсан байсан. Тэгээд ямар учиртай манай үхэрийг авсан юм бэ гэсэн чинь Дархаа надад Баянмөнх гэж хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Хавцал гэх газраар л бэлчдэг манай тэр хавийн айлуудын мал бүгд л тэнд бэлчдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/, 3. Гэрч Ч.Баяртын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 23- ны өдөр би “Гүн шим” гэх газарт үхэрээ хариулаад явж байсан чинь Баянмөнх над дээр ирээд хүнд үхэр зарах гэсэн чинь ченж нь ирдэгггүй ээ гээд яриад байж байтал нөгөө ченж нь цаагуур нь хэтрээд явчихсан. Тэгээд Баянмөнх араас нь давхичихсан. Тэгээд байж байсан чинь нутгийн “Ооб” гэх залуу бас малаа хариулаад явж байхаар нь “Баянмөнх сая үхэр ачих гээд явж байна” гэсэн чинь “очиж харья” гээд бид 2 “Гүн жалганд” Баянмөнхийн үхэр дээр очсон чинь цэнхэр өнгийн портер маркийн машинд Баянмөнх 3 залуугийн хамт ачиж байсан. Тэр үхэр нь цагаан цоохор эр үхэр байсан. Тэгээд гэртээ хариад удалгүй байж байсан чинь Баасанхүү над руу залгаад ямар содон тэмдэгтэй үхэр байсан талаар асуухаар нь би болсон асуудлыг хэлсэн. Тэгсэн тэр Баянмөнхийн ачуулсан үхэр нь Баасанхүүгийн үхэр байсан юм шиг байна лээ. Тэр портерын жолооч нь Дархаа гэдэг Дархан-Уул аймагт байдаг залуу байсан. Ооб гэдэг манай нутгийн залуу бид хэд л мэднэ. Тухайн ачуулж байсан үхэр нь цагаан цоохор зүстэй, шүдлэн үхэр байсан. Имийг нь сайн анзаараагүй. Баянмөнх өөрийнхөө үхэрнүүд дунд ачуулж байсан болохоор нь хулгайн юм гэж ёстой мэдээгүй. Баянмөнх, Баасанхүү гэх айлууд нэг нутагт айл саахалт зусдаг хүмүүс, өөрөөр сүрхий харилцаа холбоо байхгүй. Тухайн үед Өндрөө, Дашка гэх хоёр залуу байсан. Баасанхүү, Баянмөнх нарын өвөлжөө нь их ойрхон байдаг. Зуслан нь хоорондоо 10 аад километр зайтай. Мал нь нийлэх боломж байхгүй. Нийлэх байсан ч Баянмөнхийн үхрийг дагаад явна гэж яагаад ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/, 4. Гэрч Д.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчим Дарханбаатар утсаар залгаад Баянмөнх үхэр зарна гэнээ, тэднийх хаана байдаг билээ гээд залгаад утсаа салгасан. Тэгээд би төв орчиход буцах гэсэн чинь Дамдинбаатар гээд Дарханбаатарын ахынх нь гадна үхэр ачин Дарханбаатар зогсож байсан. Тэгээд уулзсан чинь намайг Дарханбаатар “танайхаас мал авч байгаа гэж хэлээд Дарханаас гарал аваад өгөөч, би Дарханд мал тоолуулдаггүй болохоор надад гарал үүсэл өгөхгүй байна” гэхээр байна гэхээр нь би Дарханы малын эмч Очироо гээд залуугаас өөрөөсөө мал зарж байгаа гэж хэлээд гарал үүслийн бичиг аваад өгчихсөн юм. Тэгээд Дархаа нөгөө үхэрээ аваад Дархан явсан. Манай Увсынхан ягаан алаг үхэр гэж ярьдаг, шүдлэн насны үхэр байсан. Тухайн үхрийг хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Дарханбаатар гуйгаад байхаар нь аваад өгчихсөн юм. Би өөрөө дарж аваад өгөөд манай үхэр гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, 5.Гэрч С.Дарханбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр санагдаж байна. Гэртээ байж байсан чинь “Хавцал” гэх газарт байдаг зүс таних Баянмөнх гэх залуу утсаар яриад “Үхэр зармаар байна авах уу” гэхээр нь би очиж үзье гээд Одхүү гээд ахынхаа портертой “Хавцал” гэх газарт очиж Баянмөнхтэй уулзаад “Их ганга” гэх газрын хажууд жалганд байсан хэдэн үхрийг Баянмөнх тууж гарч ирээд шар алаг зүсмийн үхэр лүү заагаад энийг зармаар байна гэхээр нь хэдэд өгөх юм гэсэн. Тэгээд би 1.150.000 төгрөгөөр наймаа хийхээр болоод надад мөнгө байхгүй байсан болохоор маргааш нь мөнгийг нь өгөхөөр тохиролцоод ачаад “Ширээ нуруунд” явж байсан чинь Дархан явах ажил гарчихаар нь Дамдинбазар гээд ахынхаа гадаа машинтайгаа үхэрээ орхиод өөрөө жижиг тэрэгтэй Дархан орсон. Тэгээд сэлбэг авахаар явж байсан чинь Баянмөнх залгаад мөнгөний хэрэг гараад байна, Дархан ороод ирчихсэн байна гэхээр нь наашаа хүрээд ирээ, надад байгаа нь л 200.000 төгрөг байна гээд удалгүй Баянмөнх ирээд аваад явсан. Тэгээд Дархан дахь ажлаа дуусгаад орой 18 цагийн орчим Ширээн нуруунд ирээд үхрээ авах хашаандаа оруулаад ачиж байсан чинь хохирогч нь гээд Баасанхүү гэж хүн ирээд хулгайн үхэр байсан талаар мэдсэн. Тухайн үхрийн имийг сайн анзаараагүй. Шар цоохор шүдлэн насны үхэр байсан. Би Баянмөнхөөс гарал үүслийн бичиг аваагүй. Баянмөнх надад өгөөгүй. Би өөрөө Дархан-Уул аймгийн 2 дугаар багийн Малын эмнэлгээс гарал үүсэл авсан. Би 5046467680 гэсэн Хаан банкны өөрийнхөө данснаас Баянмөнхийн данс луу хийсэн. Тухайн данс нь ямар нэгэн Чимэг гэсэн нэр орсон данс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/, 6.Гэрч Г.Амгаландалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянмөнх өглөө малаа туугаад гарсан юм. Өдөр нь ченжид 1 үхэр зарсан гэсэн. Тэр нь хулгайн үхэр байсан талаар дараа нь л сонссон. Баянмөнхийн үхэр шар алаг, улаан халзан зүсмийн үхэр байдаггүй ээ. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өглөө үхрээ туугаад явж байхад би харж байсан. Тийм үхэр байгаагүй. Өдөр нь шар алаг үхэр ченжид зарсан гэж ярьж байсан. Манай ойр хавийн айлууд Баасанхүүгийн үхэр байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, 7. Гэрч Д.Дашзэвэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шиг санагдаж байна. Намайг Өндрөө гэх залуутай хамт хониндоо явж байсан чинь зүс таних Дархаа гэх ах таараад “Баянмөнхийх хаана байдаг вэ, Үхэр зарна гэсэн авах гээд явж байна” гэхээр нь “та хэзээ ченж болчихсон юм бэ” гэсэн чинь ах нь угаасаа л авдаг ш дээ гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй цаанаас Баянмөнх ах гараад ирээд тэр хэд үхэр мал асуугаад наймаа ярьсан. Намайг хонио хариулаад буцаад явж байсан чинь шар алаг зүстэй үхэр ачих гээд чадахгүй зогсож байгаад Баянмөнх ах Өнөрөө гээд манай найз бид хоёрыг хамт ачилцаад өг гэхээр нь бид хоёр ачилцаж өгсөн. Тэгээд Дархаа ах Баянмөнх ах хоёр тэндээ үлдээд би гэрлүүгээ явчихсан. Тухайн үхэр нь шар алаг зүстэй шүдлэн насны үхэр байсан. Тухайн үед Баянмөнх надад миний өөрийн үхэр гэж хэлж байсан. Сүүлд нь өөр хүний үхэр байсан байна гэж яриа гарч байсан. Баянмөнх Баасанхүү нарын гэр хоорондоо 10 орчим километр зайтай байх Баянмөнхийн үхрүүд гэрийнхээ ойр орчмоор л бэлчдэг байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, 8. Мeg 688486 дугаартай Мал эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 18-р хуудас/, 9. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20-р хуудас/, 10. “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийг /шар алаг зүсмийн эр үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн эр үхэр 1 толгой/ үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт ...4.400.000... төгрөг...” гэх /хх-ийн 29-р хуудас/, 11.“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийг /борлог зүсмийн нас гүйцсэн морь 1 толгой/ үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт ...750.000... төгрөг...” гэх /хх-ийн 85-р хуудас/, 12.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 92-93-р хуудас/, 13.Хохирогч Д.Баасанхүүгийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан:“...Миний бие Дэмбэрэл овогтой Баасанхүү нь Шагдар овогтой Баянмөнхөөс 2 үхэр болох 4 сая 4 зуун мянган төгрөг болох мөнгийг барагдуулсан үнэн болно. Хохирол барагдуулж 1 үхэр авсан үнэн болно. Шагдар овогтой Баянмөнхөөс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 96-р хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас тус хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд зүйлчлэл тохирсон гэж үзэв. Бусдын олон тооны малыг хулгайлсан гэдэгт “найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон тул Ш.Баянмөнхийн 2 тооны үхэр хулгайлсан үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Нөгөөтэйгүүр бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хялбар аргаар мөнгө олж, өөртөө давуу байдал бий болгох гэсэн шунахайн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Учир нь шүүгдэгч Ш.Баянмөнх нь өөрийн гэсэн мал хөрөнгөтэй атлаа өөрийн малд бэлчээрт нийлсэн байсан хоёр тооны үхэрийг гэртээ тууж аваачин бусдад зарж борлуулсан нь нотлох баримтаар нотлогддог. Шүүгдэгч Ш.Баянмөнх нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар үйлдсэн хэрэг нь нотлогддог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Баянмөнхийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч Д.Баасанхүүгийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “...Миний бие Дэмбэрэл овогтой Баасанхүү нь Шагдар овогтой Баянмөнхөөс 2 үхэр болох 4 сая 4 зуун мянган төгрөг болох мөнгийг барагдуулсан үнэн болно. Хохирол барагдуулж 1 үхэр авсан үнэн болно Шагдар овогтой Баянмөнхөөс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтээр хохирогч Д.Баасанхүү нь “гомдол саналгүй, гаргуулах төлбөр, нэхэмжлэх зүйлгүй” болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Ш.Баянмөнхийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ. Шүүгдэгч Ш.Баянмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнх нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнх нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол хүчинтэй болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ш.Баянмөнхийн борлог зүсмийн нас гүйцсэн морь 1 толгой адууг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Галзад овгийн Шагдарын Баянмөнх/РД:ОО00000000/-ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ш.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч Ш.Баянмөнхөд оногдуулсан 03 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ш.Баянмөнхөд оногдуулсан 03 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.

5.Шүүгдэгч Ш.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнх нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ш.Баянмөнхийн борлог зүсмийн нас гүйцсэн 1 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН