| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2017/02301/и |
| Дугаар | 2255 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******,******* хороолол ******* тоот хаягт оршин суух, Бодотой овогт Т*******ийн М******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, , тоот хаягт оршин суух, Хүдэр Боржигон овогт Б*******гийн Г******* /РД:*******/-д холбогдох
Үндэслэлгүй хөрөнгөжсөний улмаас учирсан хохиролд 3.910.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.М*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү/ ШТ№2318/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.М******* миний бие нь Б.Г*******тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд тухайн орон сууцны үнэ 46.900.000 төгрөгний 20.000.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Гын ХААН банкны тоот дансанд шилжүүлсэн.
Орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкнаас орон сууцны зээл авч өгөхөөр тохиролцсон гэрээ хийсэн.
Гэтэл 2015 оны 1 дүгээр сард Б.Г******* нь “яаралтай мөнгө хэрэг болоод байна. Үлдэгдэл төлбөрөөс 3.000.000 төгрөг авах шаардлагатай байна. Банкнаас зээлийн шийдвэр гараад, олгох зээлийн мөнгө миний дансанд орж ирэнгүүт 3.000.000 төгрөгийг чинь буцаагаад өгье” гэж хэлсэн.
Тэгээд Б.Г*******д өгөх гээд 3.000.000 төгрөгийг найз Б.Батцэрэгтэй 3 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног дутамд 0.5 алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, уг 3.000.000 төгрөгийг Б.Г*******д өгсөн.
Голомт банкнаас 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны зээлийн шийдвэр гарч 26.900.000 төгрөгийг Б.Гын “Голомт” банк дахь дансанд шилжүүлснээр түүний дансанд орсон.
Б.Г******* нь надаас 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр авсан 3.000.000 төгрөгөө буцааж өгөхгүй хэд хонохоор нь 3.000.000 төгрөгөө буцааж авах талаар түүнтэй ярихад, мөнгө дансанд байсан чинь банк зээлэндээ татчихсан байна. Хэд хоногийн дараа шилжүүлье” гэсэн хариу өгсөн.
Б.Г******* хэлснээрээ мөнгийг хэд хоногийн дараа шилжүүлээгүй, хэсэг хугацааны дараа мөнгөө нэхэж, удаа дараа шаардсаны эцэст 2015 оны 7 дугаар сард 1.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5139033454 тоот дансанд, дараа нь дахин нэхэж шаардсаар 2015 оны 9 дүгээр сард 400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Үүнээс хойш одоог хүртэлх хугацаанд өгөх ёстой мөнгөө надад шилжүүлэн өгөөгүй байгаа бөгөөд миний Б.Батцэрэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг үргэлжилсээр байна.
Миний бие Б.Батцэрэгтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015 оны 3 сараас хойш 2017 оны 1 сар хүртэл хугацаанд cap бүрээр тооцож нийтдээ 2.310.000 төгрөгийг хүүд төлсөн.
Одоо болтол гэрээний үүргээ хугацаандаа төлөөгүй тул алданги 800.000 төгрөг төлөх болчихоод байна. Алдангийг төлөөгүй байгаа учраас алдангид нэхэмжилсэн 800.000 төгрөгийн шаардлагаа шийдвэрлүүлэхгүй, татан аваад энэ хэмжээнд илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан авах хүсэлтэй байна.
Б.Г******* банкнаас орон сууцны үнийн үлдэгдэл 2015.03.10-ны өдөр дансанд нь шилжиж орсон тэр даруй 3.000.000 төгрөгийг буцаагаад надад шилжүүлсэн бол Б.Батцэрэгтэй байгуулсан зээлийн гэрээний хүүд 2.310.000 төгрөг төлөхгүй байсан.
Б.Г******* бидний хооронд орон сууцны зээл бүтэхгүй, удааширсан тохиолдолд сарын 400.000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр тооцох талаар огт яригдаж байгаагүй. Үүгээр бусдад төлөх мөнгөн төлбөрөө төлөхөөс зайлсхийх үйлдэл гаргаж байна гэж үзэж байна.
Түүнээс гадна Б.Г******* бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд үлдэгдэл 26.900.000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон тул орон сууцны зээл бүтээгүй байна гээд түүнд 3.000.000 төгрөгийг бусдаас зээлж авч өгөх шаардлагагүй байсан. Гэвч би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг илүүд үзэж түүнд туслахыг хичээсэн.
Б.Гын тухайд Голомт банкнаас 2015.03.10-ны өдөр орон сууцны мөнгө орж ирэнгүүт надад мөнгийг буцааж өгөх үүрэг үүссэн. Гэтэл энэ үүргээ Б.Г******* биелүүлээгүйгээс би бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүү төлж хохирохгүй байсан, өөрөөр хэлбэл хүүд төлсөн 2.310.000 төгрөг бол надад учирсан хохирол гэж үзэж байна.
Иймд Б.Г*******ас миний Б.Батцэрэгтэй байгуулсан зээлийн гэрээний хүүд төлсөн 2.310.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 1.600.000 төгрөг, нийт 3.910.000 төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Б.Пүрэвхүүгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Г******* нь 2014 оны 9 дүгээр сард Т.М*******той орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэ 46.900.000 төгрөгний 20.000.000 төгрөгийг хүлээн авсан. Гэрээгээр орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2014 оны 12 сарын 30-ны өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцсон.
Гэтэл Т.М******* нь үлдэгдэл мөнгөө банкны зээлээр төлнө гэсэн боловч гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй.
Гэрээний дагуу 2015 оны 1 дүгээр сарын сүүлч гэхэд Т.М*******ын орон сууцны үлдэгдэл мөнгөө төлөх хугацаа нь дууссан тул түүнээс үлдэгдэл төлбөрөө шаардсан бөгөөд үүний дагуу 3.000.000 төгрөгийг Б.Гын гэрт аваачиж өгсөн.
Т.М******* гэрээгээр тохиролцсон үүргээ хугацаандаа биелүүлэхгүй 3 cap хоцроосон бөгөөд орон сууцны үлдэгдэл мөнгө болох 26.900.000 төгрөг нь 2015 оны 3 дугаар сард Б.Гын дансанд шилжиж орж ирсэн.
Б.Г******* болон Т.М******* нар 3.000.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг байрны үлдэгдэл мөнгөө хугацаанд нь өгч чадаагүй тодорхой хугацаанд байранд суусан төлбөр болгож авахаар ярилцаж тохиролцсон.
Ийнхүү тохиролцсоны дагуу Т.М*******ын Хаан банкны 5139033454 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 29-нд 1.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 2-нд 400.000 төгрөгийг шилжүүлж өгсөн.
Т.М******* нь 2014.09.06-ны өдөр орон сууцанд орсон, худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2015.03.02-ны өдөр шилжсэн.
Б.Г*******, Т.М******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, тэдний хооронд хүү, алданги тооцохоор бичгээр хийгдсэн гэрээ хэлцэл байхгүй учраас тэрээр хүү шаардах эрхгүй. Мөн Б.Г*******ас гэм хор учруулсан гэдэг нь тодорхойгүй байх тул хохирол шаардсан нь үндэслэлгүй юм.
Т.М******* нь өөрийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт өөрийн үүргээ биелүүлснээ Б.Г*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй хамааралтай болгож хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Б.Батцэрэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүүд 2.310.000 төгрөг төлсөн гэх баримт нь хангалтгүй гэж үзэж байна.
Иймд талууд 3.000.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг байрны үлдэгдэл мөнгөө хугацаанд нь өгч чадаагүй тодорхой хугацаанд байранд суусан төлбөр болгож авахаар тохиролцсон, Б.Г******* нь 1.400.000 төгрөгийг Т.М*******д банкаар дамжуулан буцаан өгсөн тул одоо үлдэх 400.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М******* нь хариуцагч Б.Г*******д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөний улмаас учирсан хохиролд 4.710.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.М******* нь 4.710.000 төгрөгийн нэхэмжлэлийнхээ шаардлагаас алдангид нэхэмжилсэн 800.000 төгрөгийн шаардлагаа татан авч, зээлийн үлдэгдэл 1.600.000 төгрөг, хүүд төлсөн 2.310.000 төгрөг, нийт 3.910.000 төгрөг болгосон бөгөөд энэхүү шаардлагаа дэмжсэн болно.
Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038081 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, *******,******* хороолол, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48б байр, 169 тоот хаягт байршилтай, 26.8 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Уг гэрээгээр худалдагч Б.Г******* нь дээрх орон сууцыг 46.900.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Т.М******* нь орон сууцны үнэ 46.900.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг Б.Гын ХААН банкны тоот дансаар төлж, үлдэх төлбөр 26.900.000 төгрөгийг банкны зээлээр төлөх, ингэхдээ төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар тохиролцжээ.
/хх-ийн 4 дүгээр тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.М*******ын гэрээгээр тохиролцсон орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч Б.Г******* нь гэрээний үүргээ биелүүлэхийг Т.М*******оос шаардсаны дагуу тэрээр 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөгийг хариуцагч Б.Г*******д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Г******* нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөр 26.900.000 төгрөгийг хүлээн авснаас хойш 2015.06.29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015.10.02-ны өдөр 400.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.М*******д хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч Т.М*******д 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дээрх орон орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон,
хариуцагч Б.Гын Голомт банкны дансанд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөр 26.900.000 төгрөг шилжин орсон болох нь №000394413 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Голомт банкны мемориалын баримт зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 12, 36 дугаар тал/
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д: ”Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”,
Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: ”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.
Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкнаас Б.Г*******д орон сууцны үлдэгдэл төлбөр 26.900.000 төгрөгийг шилжүүлснээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Т.М******* нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.Батцэрэгтэй зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд з******* хугацаанд зээлийг, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.
/хх-ийн 15 дугаар тал/
Т.М******* нь бусадтай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээж авсан 3.000.000 төгрөгийг хариуцагч Б.Г*******д орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцож шилжүүлсэн, тэрээр орон сууцны үлдэгдэл төлбөр 26.900.000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр банкнаас хүлээн авснаар илүү төлсөн 3.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээний хүүд төлсөн гэх 2.310.000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохиролд шаарджээ.
Хариуцагч Б.Г******* нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, 3.000.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг тодорхой хугацаанд байранд суусны төлбөрт тооцохоор талууд тохиролцсон, 1.400.000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 400.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д: ”Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Т.М******* нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөр 26.900.000 төгрөгийг хариуцагч Б.Г*******д шилжүүлснээр талуудын хоорондох үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх 2.310.000 төгрөгийг хариуцагч Б.Г******* хариуцан арилгах үүрэггүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т: ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заажээ.
Нэхэмжлэгч Т.М******* нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Б.Г*******д орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцож 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгөхдөө ямар үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон гэх байдлаа,
Хариуцагч Б.Г******* нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлбөр тохиролцсон гэх байдлаа тус тус нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.М******* нь хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч Б.Г*******ас 1.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.310.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Г*******ас 1.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.310.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 23.750 төгрөг, хариуцагч Б.Г*******ас улсын тэмдэгтийн хураамжид 40.550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.М*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.310 төгрөгөөс үлдэх 66.560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ