Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч П.Болд-Эрдэнэ, хохирогч Ж.Лхагважаргал, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Нармандах/цахимаар/, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг /цахимаар/, нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2033000000048 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн. 29 настай, дээд боловсролтой. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн резедент эмчээр ажилладаг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р хороо 7а байр 52 тоотод оршин суух Мангууд овогт Пүрэвийн Болд-Эрдэнэ /РД:ЙВ00000000/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч П.Болд-Эрдэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 81-82 дахь тэмдэгт бүхий газарт “GSB Capital” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн 65-45 УАВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Ж.Лхагважаргалын эрүүл мэндэд баруун мөрний үений эгэм, далны холбоосны урагдал, тархи доргилт, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.Болд-Эрдэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 81-82 дахь тэмдэгт бүхий газарт “GSB Capital” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн 65-45 УАВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Ж.Лхагважаргалын эрүүл мэндэд баруун мөрний үений эгэм, далны холбоосны урагдал, тархи доргилт, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч П.Болд-Эрдэний өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны би ажлынхаа завсраар Эрдэнэт орчхоод 16 цагт ажилтай байсан. Т.Лувсанцэрэн өмнө нь хотоос нэг унаанд сууж ирсэн ах ирэх замдаа ахын дүү би маргааш орой Улаанбаатар буцна чи буцахдаа миний машиныг бариад маргааш орой явчих гэсэн. Би орой гарахгүй өглөө эрт замын унаагаар явна гэсэн чинь тэгвэл ахын дүү би нөгөөдөр өглөө чамайг аваад явъя гэхээр би за за гээд миний дугаарыг аваад үлдсэн. Шөнөжин орой 8 цагаас шөнө 2 цаг хүртэл согтуу залгаад чи машин барьж явна биз дээ, хот явна биз дээ гээд байсан. Чи хүн явна гээд зар тавиад өгөөч гэхээр нь зар тавьсан чинь зарын дагуу Лхагважаргал залгасан. Т.Лувсанцэрэн нь өглөө 06 цаг өнгөрөөд 07 цаг болж байхад согтуу залгаад эврика гээд худалдааны төвийн үүднээс намайг ирж авсан. Ах нь уусан байна бас жолооны эрх байхгүй хасуулсан байгаа чи машин бариад явчих гээл гуйгаад байхаар нь зөвшөөрөөд машиныг бариад явсан. Ж.Лхагважаргалыг Эрдэнэт үйлдвэрийн постоос аваад гарсан. Явж байх замдаа урд том ачааны машин явж байсан эсрэг урсгалд машин байхгүй байхаар би гүйцэд түрүүлэх гэж байхад өөдөөс гэнэт машин гарч ирээд баруун тийшээ дарахад шон гарч ирээд шонгоо гаргах гээд зүүн тал руугаа дараад замын хажуу тал руу орсон. Би өөрөө өмнөх өдөр нь 24 цаг эмчээр ажиллаад нойр дутуу байсан. Ерөнхийдөө би 3, 4 цаг унтсан байсан. Т.Лувсанцэрэн нь чи миний машиныг бариад явчих согтуу байна гээд шөнөжин над руу залгаад байхаар нь би бариад явж байгаад ийм зүйл болсон. Болсон процесс нь ийм зүйл болсон. Хүн машин барьж явж байхдаа санаатай осол гаргая гэж гаргахгүй ерөнхийдөө санамсаргүй гэхдээ миний анхаарал болгоомжгүйгээс болсон. Осол өглөө 09 цагт гарсан. Цагдаа дуудаад 11, 12 цаг болоод Хөтөлд ирээд мэдүүлэг өгчхөөд тэр өдрийн орой нь хойно сууж явсан зорчигч нарын замын зардлыг төлөөд хот руу явсан. Ж.Лхагважаргал өөрийн унаагаар түрүүлээд явсан. Хамт явсан Т.Лувсанцэрэн нарын замын зардлыг даагаад хот руу таксигаар явж тэр шөнөдөө гэмтлийн эмнэлэг дээр очоод Т.Лувсанцэрэн үзүүлээгүй. Ж.Лхагважаргал хамт явж байсан 2 залуу гэмтлийн хүлээн авахад очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Лхагважаргал мөрний, нурууны, толгойны рентген зураг авхуулсан. Би эмч учир эмч нар хэн хэн хаана ажилладаг вэ гэдгийг тодорхой мэддэг. Гэхдээ сайн танихгүй зүс царай сайн мэддэг. Хүлээн авахын эмч нь Лхагважаргалыг өрөөндөө оруулаад эмч нь бүх зургийг харчхаад Лхагважаргалын дээд хэсгийг бүгдийн тайлаад шалдалж зогсож байгаад тонших, тэмтрэх, дарах, илэх үзлэгүүдийг би хажууд нь зогсож байхад үзлэгүүдийг бүгдийн хийж зовуурийг асуугаад хийсэн. Өөр хамт явсан 2 залууг үзсэн. Гэмтлийн эмч Ж.Лхагважаргалд эм бичиж өгөөд уугаарай гэсэн. Би эмийг нь тэр орой нь аптек ороод авч өгсөн тэр өдрийн болсон явдал ийм байна...” гэх мэдүүлэг, 2.Хохирогч Ж.Лхагважаргалын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 07 цагийн үед Орхон аймгаас хөдлөөд 09 цагийн үед осол гарсан нь үнэн. Би тухайн үед шөнө ээлжтэй байгаад өглөө ээлжээс буусан. Машинд унтаж явж байсан тул хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдээгүй. Хүмүүсийн орилолдох дуунаар сэрэхэд осол гарч миний талаар өнхрөөд би хамгийн дор нь орсон байсан. Осол болсны дараа миний бие хөшиж ганцхан мөр дал гэхгүй хамаг бие хөшсөн. Болд-Эрдэнэ эмч гээд үзлэг хийсэн нь үнэн. Тухайн үед бүгд үхээгүй, хөл гар нь хугараагүй юм байна. БолдЭрдэнэ хот руу авч ороод үзүүлээд өгнө гэснийг хүлээн зөвшөөрч бид нар цагдаа дуудахгүйгээр эндээ асуудлаа шийдээд өнгөрөх утгатай юм ярьсан. Миний баруун гар баруун хөл нуруугаар чинэрч өвдөөд жалга руу орж бие засаж чадахгүй байсан. Битгий хөл гараа хөдөлгө би эмч гэхээр би итгэсэн. Машинаа гаргаж авах асуудал гарч маргаан үүссэн тул би дуудлага өгсөн. Тухайн үед эндээ зохицоод нэг нэгээр нь машинд суулгаад явуулна гэсэн. Хэн хаана очоод хотод яаж холбогдох вэ? чамайг эмч гэдгийг мэдэхгүй нотлох юм байна уу? гэсэн чинь байхгүй банкны картаар овог нэрийг нь харсан. Дуудлага өгөөд анхны тусламжийг Хөтөлийн эмнэлэг дээр аваад цагдаад анхны мэдүүлэг өгсөн. П.Болд-Эрдэнийн хамаатны ах нь машинтай ирж аваад бүгд Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Надаас гадна арын суудал дээр сууж явсан хоёр хүн бүгд үзүүлсэн. Тухайн үед над шиг зовуурьтай хүн байгаагүй юм байлгүй. Тухайн үед П.Болд-Эрдэнэтэй ямар тохиролцоо хийснийг мэдэхгүй. Би цээжний рентген зураг авхуулж гадна үзлэг хийсэн. Гэмтлийн эмч тухайн үед 10 хоног хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй булчингийн чангарал үүссэн, хугарсан яс байгаагүй, тархины зураг авхуулах болоогүй гэсэн. Би шууд акт аваад Болд-Эрдэнэ эм авч өгөөд явсан. Би ардаа ажилтай жоохон хүүхдүүдтэй сургууль цэцэрлэг орох боллоо. Шүүхийн шинжилгээ хийлгэж ажил удахгүйгээр П.Болд-Эрдэнийг тухайн үед хамт яваад өвдөж байгаа газар нуруу толгойгоо үзүүлээд төлбөр төлөөд яваа өөр мөнгө төгрөг авахгүй гэсэн. Зам тээврийн осол одоо мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа суумгай болохыг үгүйсгэхгүй тул үзүүлье гэхэд миний саналыг хүлээж авахгүй чи зүгээр байна, надад тэгж явах цаг зав байхгүй гэсэн. Ажлаасаа акт авчхаад эргээд мөрдөн байцаагчдаа энэ хүн утсаа авахгүй байна би үзүүлэх ёстой байна гэхэд өөрийгөө үзүүлээд баримт цуглуулаад яв гэсэн. Би өөрийгөө үзүүлж харуулаад баримт цуглуулаад явсан. Биеийн зовуурь арилахгүй дахин үзүүлэхэд мөрний холбоос тасарсан байсан. Осол болсноос хойш хагалгаанд орсон. Энэ хугацаанд 3 сар өнгөрч группт гарах хугацаа болсон. Би залуу хүн 2 нялх хүүхэдтэй. Тэгэхэд П.Болд-Эрдэнэ ерөөсөө надтай холбоо бариагүй. Өмгөөлөгч аваад явахад нэг ч төгрөг өгөх нь битгий хэл намайг худлаа яриад мөнгө нэхэж байгаа юм шиг харьцсан. Энд би гомдолтой байна. Санаатай биш үйлдэл тухайн үед ингээд үзүүлээд таньдаг газар чинь явъя гэхэд ерөөсөө хүн бодоогүй. Цуг явж байсан 2 хүн надтай холбоотой байгаа. Тэр хүмүүс Улаанбаатар ороод цаашаа Дорнод аймаг руу явах зардлыг нь өгөөгүй байсан. Энэ хүн цагдаа дээр гомдолгүй гэсэн бичиг авсан бол болоо гээд хаясан. Тийм хүн чанаргүй байж болохгүй. Чи эмч гэхэд би итгэхгүй байна. Хүнийг гаднаас нь хараад өвдсөн өвдөөгүй гэж болохгүй. Тэрийг баримт нотолгоогоор гаргаж ир. Амаараа олон зүйл ярих хэрэг байхгүй. Өнөөдрийн П.БолдЭрдэнийн байдлыг харахад надад эмчилгээний зардал, ажилдаа яваагүй цалингийн зөрүүг нэхэмжилж байна. Би өөрийн эрүүл мэнд, эдийн засаг ажлыг ажлаараа хохирсон болгоныг нөхөж гаргаагүй. Бодит хохирлоо нэхэмжилж байна. Өчнөөн жил гаран хугацаа болж байна. Хэрэг хийсэн хүний цаг заваар энэ ажил явагддаг юм уу? шүүх тодорхой хуулийн хугацаатай тэрний дагуу бичгээ өгөөд дуудагдах хугацаанд ял нь хүндэрдэггүй юм уу, Ирэхгүй байх үндэслэл байна уу ард нь шүүх хурал удаан цалгардаад байгаад удаан байна гэж үзэж байна. Би өмнөх шүүх хурал дээр Болдэрдэнэтэй уулзсан. Би чамаас бэлэн мөнгө гэхгүй. Тодорхой хэмжээгээр бага багаар төлөөд гэрээ эсвэл баталгаатай зүйл хийвэл би хүлээн зөвшөөрнө гэсэн. Хэзээ төлөгдөх нь тодорхойгүй. Хэзээ хэрэг дуусах нь тодорхойгүй. Энд тэндээс Эрдэнэт, Улаанбаатараас хохирсон дээрээ дахин дахин хохироод, хамаг цаг заваа барж явах нь хүндрэлтэй байна. Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 3.Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Нармандахын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр банк бусаас авсан миний машин авто осолд орсон. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Миний хүү Тамир Эрдэнэд хотод амьдардаг. Машин миний хүү Тамирт байсан. Т.Лувсанцэрэн замд П.Болд-Эрдэнэтэй танилцан машиныг барьж явах санал тавьсан гэсэн. П.Болд-Эрдэнэ нь би машин бариад явж болно би бариад явъя гэсэн байсан. Наашаа ирэх жолоочтой байсан тул Т.Лувсанцэрэн нь П.Болд-Эрдэнийг гуйсан нь худлаа. Өчнөөн өндөр зээл хүүтэй машин тул би замын хүн хэн нэгнийг машин авч ир гэж хэлэхгүй. П.Болд-Эрдэнэ нь би маргааш чухал ажилтай. Буцаад машинд суухаар амжихгүй тул би хүн олоод бензин тос даагаад явчихъя гэж шөнө өдөргүй, өглөө эрт утасдсан. Манай хүү Лувсан ах машин аваад явчихъя гээд байна. Жолооч нь найдвартай олон жил машин барьсан хүн гээд байна гээд аваад явсан. Осол болсон хэргийн газар би байгаагүй. Цагдаагийн газар шинжээч томилж дүгнэлт гарсан. Дараа нь би П.Болд-Эрдэнэтэй Эрдэнэт уулзсан бөгөөд банк бус дээр байсан машин Мандал даатгалд бүрэн даатгал хийлгэсэн байсан. Даатгалаас мөнгө авч болдог бол тэрийг нь хөөцөлдөөд авъя гэхэд жолоочийг нь авч ир гэсэн. Жолоочийг нь аваад очиход даатгал нь дурын жолооч барихад 100 хувь үйлчлэхээр даатгал байсан. Гэхдээ даатгал өгөхөөс татгалзсан бөгөөд танай жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд осол хийсэн байна. Хэрвээ жолооч дүрмээрээ явж байхад өөр жолооч мөргөх үерийн далан нурах зэрэг хохироовол 100 төлнө гэсэн. Ослын дүгнэлтийг аваад очиход мөнгө олгогдоогүй. Тэрийг Болд-Эрдэнэ мэдэж байгаа. Би дараа нь П.БолдЭрдэнэтэй уулзаад машинаа засуулмаар байна. шинжээчийн дүгнэлт гарсан тул хохирлынхоо талыг нь эсвэл 1,000,000 төгрөг өгөөч ээ хотод засварын газар тавьсан чинь шууд мөнгө нэхээд эсвэл машинаа ав гээд байна гэсэн. Тэгэхэд ах нь ГОК-д ажилладаг гэсэн байх ажил хийдэг тул банкнаас зээл аваад өгч болно. Гэхдээ нь цагдаа шүүхээр явна мөнгө гарга гэвэл өгнө тэрнээс наана би юу ч өгөхгүй гэсэн. Би албан ёсоор нэхэмжилсэн хохирлоо барагдуулна. П.Болд-Эрдэнэ миний хохирлыг барагдуулбал надад өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 4. Гэрч Т.Лувсанцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Орхон аймгаас 07 цагийн үед өөрийн эзэмшлийн 65-45 УАВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн сувдан цагаан өнгийн машинтай явсан. Уг машиныг 2020 оны 08 дугаар сарын 26-нд таксигаар явахдаа Болд-Эрдэнэ гэх залуутай танилцаад 2 хоноод Улаанбаатар хот руу буцна гэхээр нь би “чи машин бариад Улаанбаатар хот явахгүй биз” гэж асуухад “тэгье” гэж зөвшөөрсөн. Би хэдэн жил жолоо барьж байгаа талаар асуухад 12 жил машин барьж байна гэхээр нь би итгээд машинаа бариулаад явсан. Би жолоочийн хажуу талд буюу урд суудал дээр сууж явсан. 08 цаг 30 минутанд осол болсон. Би хурдны заалтыг харахад 125 километр цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед хурдаа хасах талаар хэлсэн боловч хурдаа хасаагүй. Миний машины өмнө 1 том ачааны машин явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийчихээд эсрэг урсгалд ороод явж байгаад 1 дүгээр эгнээндээ орж амжаагүй байж байхад урдаас машин гарч ирээд миний машиныг барьж явсан жолооч 1 дүгээр эгнээ рүү ороод буцаад эсрэг урсгалд ороод л шууд замын хажуу тийшээ буюу зүүн тал руу гараад 1 бүрэн хөрвөөгөөд онхолдож зам тээврийн осол гаргасан. Миний машиныг барьж явсан жолооч өдөр 15 цагт Улаанбаатар хотод ажилтай гээд яараад байсан. Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны орой тухайн залуутай гар утсаар яриад “бороо ороод байна зам хэцүү байхдаа явж болох болов уу” гэж асуусан. Тэгэхэд тэр залуу “би зам сайн мэднэ асуудалгүй. Хөтөлөөр салаад явна. Тойроод тойроод явчихдаг юм” гэж хэлсэн. Би яг байршлыг нь мэдэхгүй байна. Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум өнгөрөөд л явж байгаад онхолдсон. Би гомдолтой байна. Машинаа засварлуулж авмаар байна. Миний машин сэв зураасгүй будаг хүргэж байгаагүй машин юмаа. 2020 оны 01 сард монголд орж ирэхэд нь шинээр нь авсан. Би өөрийгөө гэмтлийн эмнэлэгт үзүүлмээр байна. Миний 2 чих шуугиад толгой маш хүчтэй өвдөж байна. Шилэн хүзүүгээр халуу дүүгээд нуруу өвдөөд байна. Эмнэлэгт үзүүлсэн зардал болон бусад гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 47-48-р хуудас/, 5.Гэрч С.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07 цагийн орчимд Улаанбаатар хот руу явах 65-45 УАВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн замын унаанд дайгдсан юм. Тэгтэл 08 цаг 40 минутийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд явж байх замд том машиныг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалдаа орчихсон давхиж байхад урдаас цэнхэр өнгийн приус-20 маркийн машин ирж байсан ба тэр машиныг мөргөчихгүйгээр хажуугаар дарж гараад огцом дараад машины бөгс нь шидэгдээд буцаагаад дарж байгаад замын хажуу руу гарч хайлаас мод мөргөөд машин өнхөрч унасан. Ийм л зүйл болсон. Би тухайн үед жолоочийн эсрэг талын хойд тал буюу машины зүүн талын арын суудалд сууж байсан. Би толгойгоороо юм мөргөөд толгойны дагз хэсэгт хавдсан байна. Өөр гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Машин осолдохоос өмнө буюу тойрог тойрч байхад 125 мильтэй явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ххийн 17-р хуудас/, 6.Гэрч О.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу Тоёото Приус маркийн 65-45 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Орхон аймгаас 07 цаг өнгөрч байхад гарсан ба тухайн тээврийн хэрэгслийн жолооч, надаас гадна, 3 хүн авсан. Ингээд жолоочтой нийлээд 5 хүн болоод гарсан. Тухайн тээврийн хэрэгсэлд замын зардал гэж 20.000 төгрөг өгсөн. Замдаа явж байгаад Зэгстэй давааны баруун талд явж байхад манай жолооч үзэгдэх орчин байхгүй газар эсрэг урсгалд орж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгтэл өөдөөс нь машин ирж таараад баруун гар тийшээ дараад буцааж зүүн гар тийш дарахдаа хэтэрхий дараад замаас гарсан. Машин бүтэн эргэсэн.Би арын суудал дээр голын хэсэгт сууж явсан. Бүс хэрэглээгүй явсан. Осол 09 цагийн үед гарсан. Миний толгой манарч байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Осолд орохын өмнө бол 125 км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20- р хуудас/, 7.Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт Индранил” авто жолооны курсын дүрмийн багш Ч.Үнэнмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай “...Тоёото Приус маркийн 65-45 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Пүрэв овогтой Болд-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэлт гаргав...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/, 8.“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт ...4,829,000... төгрөг /ххийн 32-р хуудас/, 9. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №10021 дугаартай “...Дүгнэлт: 1.Ж.Лхагважаргалын биед тархи доргилт, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашил ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/, 10.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн шинжээчийн №1169 дугаартай “...1.Ж.Лхагважаргалын биед баруун мөрний үений эгэм, далны холбоосны урагдал, тархи доргилт, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 55-57 хуудас/, 11.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн 1249 дугаартай “...1.2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10021 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд баруун эгэм далны холбоосны урагдлыг оношлоогүй байсан байна. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Ж.Лхагважаргалын биед баруун мөрний үений эгэм, далны холбоосны урагдал, тархи доргилт, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Ж.Лхагважаргалын биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Яллагдагч П.Болд-Эрдэнээс: 1.2. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэнд баруун мөрний үений эгэм, далны холбоосын урагдал нь рентген зураг, цээжний КТГаар оношлогдохгүй харин мэс заслаар оношлогдож эмчлэгдсэн байна. 2020 оны 10 дугаар сарны 02-ны өдрийн нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. З.Баруун мөрний үений эгэм далны холбоосын урагдал гэмтэл нь учирсан даруйдаа мэдэгдэнэ. 4.Хэрэгт анх гарсан шинжээчийн дүгнэлтийг гаргах үед эгэм далны холбоосын урагдал нь оношлогдоогүй байсан байна.5.ГССҮТ-д 2020.09.17-нд Ж.Лхагважаргалд мэс заслын эмчилгээг өвчтөний зовиур, үзлэгийг үндэслэж хийсэн байна. Хохирогч Ж.Лхагважаргалаас: 1.Ж.Лхагважаргалын биед учирсан бүсэлхийн 1-2 болон бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугаламуудын нугалам хоорондын жийргэвч арагш централ байрлалтай цүлхийлт нь архаг өөрчлөлт бөгөөд зам тээврийн улмаас үүсээгүй болно. 2.Ж.Лхагважаргалын биед тухайн үед тархи доргилт гэмтэл тогтоогдсон байна. Тархи доргилтын улмаас ухаан алдсан эсэхийг эмнэлгийн бичиг баримт байхгүй учир тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 130-136-р хуудас/, 12.2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч П.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч П.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Шүүгдэгч П.Болд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Болд-Эрдэнийг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч Ж.Лхагважаргал нь уг ослын улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог тул өөрт учирсан хохирол, хор уршгийг хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна. Хохирогч Ж.Лхагважаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Миний бие эмчилгээний зардал 6.650.000 төгрөг, үлдсэн зардал нь цалингийн зөрүү, 13 дах сарын цалин зэрэг 9.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв. Мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Нармандах нь машины эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 4.829.000 төгрөг, машин ачуулсан 1.000.000 төгрөг нийт 5.829.000 төгрөг нэхэмжилнэ гэв. Хохирогч Ж.Лхагважаргалын хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нотлох баримтуудыг тооцож үзэхэд 73-78 хуудаст авагдсан эмчилгээний болон шатахууны зардал, цүнхэнд байсан эвдэрч гэмтсэн зүйлд 3.512.266 төгрөг, цалингийн зөрүү 3.151.969 нийт 6.664.235 төгрөг, 163-164 хуудаст цалингийн зөрүүнд 9.260.310 төгрөг нийт 15.924.545 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс нотлох баримтын шаардлага хангаагүй буюу нотлох баримтгүй нэхэмжилсэн Нурууны бүс авсан 104.900 төгрөг Такси болон хоолонд орсон зардал 200.000 төгрөг /баримтгүй/ Улаанбаатараас Эрдэнэт явсан замын зардал 40400 төгрөг /баримтгүй/ Цүнхэнд байсан эд зүйл эвдэрч гэмтсэн гэх 800.000 төгрөг нийт 1.145.300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.366.966 төгрөгт холбогдох хэсгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1249 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр ...Ж.Лхагважаргалын биед учирсан бүсэлхийн 1-2 болон бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугаламуудын нугалам хоорондын жийргэвч арагш централ байрлалтай цүлхийлт нь архаг өөрчлөлт бөгөөд зам тээврийн улмаас үүсээгүй болно... гэсэн дүгнэлтийг үндэслэн нурууны бүс авсан гэх 104.900 төгрөгт холбогдох хэсэг, зам тээврийн ослын улмаас Ж.Лхагважаргалын цүнхэнд явсан эд зүйл эвдэрч гэмтэн алга болсон зардалд 800.000 төгрөгт холбогдох хэсэг, замын зардал болон хоолонд орсон зардал 240400 төгрөгт холбогдох хэсэг зэрэг нь нотлох баримтгүй нэхэмжилсэн байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүнд нэхэмжилсэн 12.412.279 төгрөгт холбогдох хэсгийг уг шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Учир нь Ж.Лхагважаргал нь хэзээнээс хэзээ хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй болох, эмнэлэгт хэдий хугацаагаар хэвтэж эмчилгээ хийлгэсэн талаарх эмнэлгийн байгууллагын лист, холбогдох материал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй учир шийдвэрлэх боломжгүй байна. Хэрэг бүртгэлтийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Нармандахыг иргэний хариуцагчаар тогтоосон байна. /хх-ийн 143 хуудас/ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй... гэж зааснаас үзвэл иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Нармандах гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг хариуцах үндэслэлтэй байх боловч Хэрэг бүртгэлтийн шатанд иргэний хариуцагч Д.Нармандахын: ...би өөрийн танил Лувсанцэрэнг Улаанбаатар хотод байхад нь Эрдэнэт хот яваад миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү Тамирт зам заагаад Улаанбаатар хотруу авч ирэхэд туслаач гэж хэлэхэд Лувсанцэрэн зөвшөөрөөд Эрдэнэт хот явах замын унаанд Болд-Эрдэнэ гэх хүнтэй танилцсан байсан... Маргааш нь Лувсанцэрэн манай хүү Тамирлуу яриад ээжийнхээ тээврийн хэрэгслийг аваад ир би жолооч олчихлоо машин жолоодоод явах хүн байна гэж хэлсэн байна лээ. Тэгээд надруу Лувсанцэрэн холбогдоод Эрдэнэт явах замдаа нэг сайн түргэн тусламжийн жолоочтой танилцлаа тэр хүнээр машиныг чинь бариулаад явчих уу гэхээр нь таньж мэдэхгүй хүнээр машин бариулахгүй хүүгээр маань машинаа бариулаад замаа заагаад ирээ гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Урд өдөр нь жолооч авч явна гэж ярьсан. Явна явахаар боллоо гэж яриагүй. Болд-Эрдэнэ бариад явах тохиолдолд би хориглох байсан. Би Болд-Эрдэнээр тээврийн хэрэгслийг жолоодохыг зөвшөөрөөгүй... гэх мэдүүлгийг тус тус өгчээ. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж зааснаас үзвэл Д.Нармандах нь П.Болд-Эрдэнийг тээврийн хэрэгслийг жолоодохыг зөвшөөрөөгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг шүүгдэгч П.Болд-Эрдэнэ хариуцаж гэм хорыг арилгах үүрэгтэй гэж дүгнэлээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу шүүгдэгч П.БолдЭрдэнээс гэм хорын хохиролд 2.366.966 төгрөг гаргуулж хохирогч Ж.Лхагважаргалд олгож, тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон болон машин ачуулсны төлбөрт нийт 5.829.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Нармандахад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч П.Болд-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүхийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт танилцуулах шатанд: Улсын яллагч шүүгдэгч П.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн/ тул хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг, Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч “Өршөөл үзүүлэх” тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч П.Болд-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэж байна. Хохирлыг ямар хугацаанд хэрхэн яаж төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Хохирол төлөх бодит боломж харагдахгүй байна. Иймд Өршөөл үзүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэсэн саналыг тус тус гаргасан. Шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Болд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ. Шүүгдэгч П.Болд-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг чадах чинээгээрээ төлж барагдуулна... гэж мэдүүлдэг боловч шүүх хуралдааны оролцогч нараас асуусан асуултад хариулахдаа: ... би бас хохирогч, тухайн өдөр Лувсанцэрэн намайг машин бариад яваад өгөөч гэж гуйж гувшаагүй бол би өнөөдөр ийм байдалд орохгүй байх байсан, би Улаанбаатар хотод өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Тэгэхэд хохирлыг шүүхийн шийдвэр гарсны дараа төл, наана нь мөнгө төлбөл чиний төлсөн мөнгийг тооцдоггүй юм гэж хэлсэн... гэх мэдүүлгүүдийг өгчээ. Шүүгдэгч П.Болд-Эрдэнэд холбогдох хэрэг 2020 оны 08 дугаар сарын 28-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч шүүгдэгчийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэх субьектив тайлбараар хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэлт хийх боломжгүй юм. Учир нь: шүүгдэгч хэрэг үйлдсэнээс хойш 1 жил гарангын хугацаанд гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учруулсан хохирлоо төлөх талаар санаачлаг гаргаагүй, сайн дураар тодорхой хэмжээгээр хохирлыг төлөөгүй, шүүхийн шийдвэрээр хохирол гарсан тохиолдолд төлнө гэсэн байр суурьтай, үйлдсэн хэргийн гэм бурууг бүрэн ухамсарлаагүй /би өөрөө хохирогч гэсэн үзэл бодолтой/ гэж үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч П.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүгдэгч П.Болд-Эрдэнэ торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Болд-Эрдэнээс 5,829,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Нармандахад олгож, хохирогч Ж.Лхагважаргалын нэхэмжилсэн 15,924,545 төгрөгийн нэхэмжлэлээс 2,366,966 төгрөгийг шүүгдэгч П.Болд-Эрдэнээс гаргуулж хохирогч Ж.Лхагважаргалд олгож, нэхэмжлэлээс 1,145,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож 12,412,279 төгрөгт холбогдох хэсгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч хохирол төлбөрийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3- 1, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мангууд овогт Пүрэвийн Болд-Эрдэнэ /РД:ЙВ00000000/-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч П.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.

3.Шүүгдэгч П.Болд-Эрдэнэ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.БолдЭрдэнээс 5,829,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Нармандахад олгож, хохирогч Ж.Лхагважаргалын нэхэмжилсэн 15,924,540 төгрөгийн нэхэмжлэлээс 2,366,966 төгрөгийг шүүгдэгч П.Болд-Эрдэнээс гаргуулж хохирогч Ж.Лхагважаргалд олгож, нэхэмжлэлээс 1,145,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож 12,412,279 төгрөгт холбогдох хэсгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч хохирол төлбөрийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН