| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00039/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2021-10-07 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Н.Бадам, иргэний нэхэмжлэгч О.Тэнгис, Шүүгдэгч Б.Будхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорь буриад овгийн Бодь-Эрдэнийн Будхүүд холбогдох эрүүгийн 2133000000050 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн, 2 дугаар хороо, 0-р хэсэг 0 тоотод оршин суух, Хорь буриад овгийн Бодь-Эрдэнийн Будхүү /РД:УК00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Будхүү нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гэх газарт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Будхүү нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Овоот хороолол гэх газарт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэх үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Будхүүгийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны орой хаалганы урд сэтгэцэд нөлөөлөх ургамалтай адилхан ургамал байсныг харсан. Тэр ургамлыг аваад уутанд хийгээд машины урд талд тавьчихсан байсан. Тухайн үед нээх юм бодолгүйгээр хэрэглэж үзээд мансууруулах мэдрэмж төрөхгүй байхаар нь тэндээ үлдээгээд пиво уугаад сууж байсан. Машин дотор бензин хийсэн талон байсан. Тамхи ороож татдаг шиг имрээд татахад шатахгүй байсан.Ийм буруу үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1.2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4, 5-6-р хуудас/, 2.2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2243 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-10, 11-13-р хуудас/, 3.2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, түүгээр бэхжүүлсэн гэрэл зураг/хх-ийн 14-15, 16-20-р хуудас/, 4.Гэрч Б.Буджавын мэдүүлэг: “...2021 оны 07 дугаар сарын 18-ний шөнө 01 цагийн орчим Будхүү, Энхтөр гээд найзуудтайгаа, Будхүүгийн эхнэр хүүхэдтэй Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Будхүүгийн эгчийнд ирж амарсан. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай найз Тэмүүжин хотоос наашаа гарч байна гэхээр нь түүнийг хүлээнгээ бид 3 ганц нэг лааз пиво ууж байсан. Тэгээд Тэмжүүжинг тосоод замаараа дэлгүүрээс 2 том пиво худалдаж аваад Будхүүгийн эгчийн тэр хавьд гудамд зогсоод пиво ууж байгаад бөөндөө гарч бие засаж байсан чинь хашааны хажууд хар тамхины ургамал ургаж байсан. Тэгээд Будхүү бид хоёр ярилцаад энэ нөгөө фейсбүүкээр яваад байдаг ургамал юм биш үү гэхэд Будхүү намайг уут олоод ир гэхээр нь би машины араас нэг цагаан уут олж өгчхөөд машиндаа суугаад байж байсан чинь араас Будхүү нөгөө ургамлаа уутанд түүгээд ороод ирсэн. Тэгээд тэр ургамлаасаа 2 навч тастаж аваад машины пааранд хатааж байгаад НӨАТ-н баримтын цаасанд ороож татсан. Бид нар бүгдээрээ хэд хэдэн удаа сороод хоолой гашуун оргиод байхаар нь хаячихсан юм. Тэгээд пиво уугаад байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн..., 2021 оны 07 дугаар сарын 20-ны орой 22 цагийн л орчим байх манай найз Будхүү эгчийнхээ хашааны ойролцоогоос нэг гялгар уутны талаар л түүсэн байх. Будхүүг тухайн ургамлыг түүсэн талаар би л мэдэж байгаа. Тухайн ургамлыг Будхүү нь машиныхаа урд тавиад мартчихсан байсан. Тэр ургамлаас дахиж хэрэглээгүй, тэгээд л шөнө цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, 5.Гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн үед найз Буджав, Будхүү, Будхүүгийн эхнэр 2 хүүхэд, нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Будхүүгийн төрсөн эгчийн гэрт ирсэн. Тэгээд ирсэн өдрөө гэрээс гаралгүй ойр зуур амраад өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бид гурав гэр зуур байж байгаад орой 21 цагийн орчимд хотоос найз Тэмүүжинг ирэхээр нь тосож замаараа дэлгүүрээс 2.5 литрийн 3 том пиво худалдаж аваад Будхүүгийн эгчийн гэрийн хашааны гадна зогсож байгаад машин дотор пиво уугаад сууцгаасан юм. Тэгээд хэсэг тэндээ байж байгаад айлын гаднаас холдъё гээд машинтайгаа Будхүүгийн эгчийн гэрээс урагш чиглэлд байх овооны хажууд очоод уугаад сууж байгаад бүгд машинаас гарч бие засацгаачхаад би түрүүлж орж ирээд машинд сууж байсан чинь Буджав уут хайгаад надаас асуухаар би мэдэхгүй цаагуураа хай гээд машиндаа сууж байтал Буджав гаднаас машинд орж ирэхдээ уутанд ургамал түүгээд хийчихсэн орж ирсэн юм. Тэгээд тэр ургамлынхаа талаар бид нар хоорондоо ярилцаад, “тамхи шиг ороож татдаг дүнсэн тамхи болох байх” гэж би хэлсэн юм. Тэгээд тэр ургамлыг НӨАТ-н баримтад ороож татсан. Тухайн ургамлыг ороож татдаг тусгай цаас гэж чухам ямар цаас байдаг талаар сайн мэдэхгүй. Дүнсэн тамхинд байгаад байдаг нимгэн цаас байдаг юм. Худалдаанд зарагдаж байгаа тамхинуудыг ороосон цаасны ижил судалтай нимгэн цаас байдаг. Үгүй бол сонинд бас татаж болдог...,Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд найз Будхүүд замд нь хань больё Будхүүгийн гэрийнхэнтэй танилцангаа ганц хоёр өдөр амаръя гэж бодоод Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирсэн юм. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй...,Би тухайн ургамлыг ямар төрлийн ургамал гэдгийг сайн мэдэхгүй байна, хүмүүс өвс гээд байдаг болохоор нь л мэддэг. Кинон дээр л гараад байдаг. Би тухайн ургамлыг өмнө нь татаж байгаагүй. Өчигдөр л анх удаагаа татаж байгаа юм. Чухам яаж хэрэглэдэг талаар нь сайн мэдэхгүй байна тамхи татдаг шиг л ороогоод татдаг байх гэж бодоод ороогоод татсан. Тухайн ургамлыг татах үед нэг их мэдрэмж төрөөгүй юм. Өмнө нь пиво уучихсан байсан болохоор юу ч мэдрээгүй юм..., тухайн үед Буджав, Тэмүүжин, Будхүү бид дөрөв тойруулаад бүгдээрээ л тухайн ургамлаас татаж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27- 28-р хуудас/, 6.Гэрч Т.Тэмүүжингийн мэдүүлэг: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай найз Будхүү Сэлэнгэ аймагт манай хэдэн найзтай хамт эгчийндээ байна гээд хүрээд ирээч гээд утсаар ярихаар нь би унаанд суугаад үдээс хойш 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирсэн. Тэгээд эгчийнд орж авч ирсэн идэж уух юмаа өгчхөөд Будхүү, Буджав, Энхтөр бид 4 машинтайгаа гараад нэг гудманд сууж байгаад 2 том пиво ууж байсан чинь Будхүү Е баримтын цаасанд өвс татаж байгаад бид нарт өгсөн тэгээд бид нар 2, 2 удаа сороод Будхүүд өгсөн чинь Будхүү унтраагаад хаясан. Тэгээд пиво уугаад сууж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан...,Би Будхүүгийн Е баримтад ороож татаж байсан гэх өвсийг хар тамхины ургамал гэдгийг нь мэдэж байсан. Зургийг нь сошиал орчноос харсан болохоор мэдэж байсан. Тухайн өвсийг яаж хэрэглэдгийг нь мэдэхгүй **** Е баримтын цаасанд ороосон юм шиг байна лээ бид 4 анх удаа л хэрэглэж үзсэн..., Тухайн үед би хаанаас олж авсан талаар юу ч мэдээгүй байсан. Дараа нь цагдаа ирсний дараа Будхүү эгчийнхээ хашааны гаднаас түүсэн байж байгаад машиндаа хонуулаад бид нар маргааш нь татсан юм байна лээ..., дэлгүүрийн цагаан тороор л нэг байсан, яг хэдэн кг гэдгийг нь сайн мэдэхгүй байна..., бид урд өмнө ийм зүйл хийж байгаагүй, огт хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, 7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээч А.Батбаярын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №3379 дугаартай... –1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидрорканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидрорканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. -5.6.7.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Будхүү 2021.07.21”, “Б.Энхтөр 2021.07.21”, “О.Буджав 2021.07.21” гэж хаягласан 3ш шээсний дээжнээс тетрагидрорканнабинол /ТНС/ илэрсэн. “Т.Тэмүүжин 2021.07.22” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис илрээгүй. Тетрагидрорканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна”... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/50-51, 52-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” хэлнэ гэжээ.Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерын сүлжээг ашиглан сурталчлах”-г хориглосон байна. Шүүгдэгч Б.Будхүүгийн түүж, хадгалсан гэх ургамалд “...Дельта-9 тетрагидрорканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидрорканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...”гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээч А.Батбаярын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №3379 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Бүдхүү нь “ надад тэр ургамлыг хадгалах зорилго байгаагүй учир хадгалсан гэж үзэхгүй байна гэж мэтгэлцэж байна. Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Будхүү нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны орой 18 цагийн болох гэж байсан, Тэмүүжин арай ирээгүй байсан юм. Энхтөр манай гэрт байсан Буджав бид хоёр түүгээд авчихъя гээд нөгөө айлын хашааны араас цагаан өнгийн гялгар уутанд түүж аваад машинд хийчихсэн /хх-24-25/гэж мэдүүлсэн. Гэрч Б.Энхтөрийн “ ...Т.Тэмүүжин 21 цагийн орчим хотоос найз Т.Тэмүүжинг ирэхээр нь тосож авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-27 ар тал/-ээс найз Т.Тэмүүжинг иртэл тэр ургамлыг хадгалж дөрвүүлээ татаж үзсэн болох нь тогтоогддог. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр эргүүл хийж байсан цагдаагийн ажилтнууд машинд нь шалгалт хийхэд дээрх ургамал гарч ирсэн /хх- 03/ байна. Иймд шүүгдэгч Б.Будхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч Б.Будхүү нь гэмт хэрэг үйлдэх үедээ иргэний нэхэмжлэгч О.Тэнгис нь 2243-УБУ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч О.Тэнгис нь 2243-УБУ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 93-р хуудас/, Иймд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож Тоёота Кроун 22-43 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч О.Тэнгист буцаан олгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Будхүүг бусдад төлөх төлбөргүй болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Будхүү нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-/хх-73/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Будхүүд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг байна. Шүүгдэгч Б.Будхүүд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргээ ухамсарлан ойлгож байгаа байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Будхүүг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Будхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож Тоёота Кроун маркийн 22-43 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч О.Тэнгист буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Будхүүгээс 700.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... ургамыг устгах, шүүгдэгч Б.Будхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1. 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Бодь-Эрдэнийн Будхүү /РД:УК00000000-г Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулалгүйгээр шүүгдэгч Б.Будхүүг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Б.Будхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Будхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож Тоёота Кроун 22-43 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч О.Тэнгист буцаан олгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ургамлыг устгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Будхүүгээс 700.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Будхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА