Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Да зурхайч овгийн ******* холбогдох эрүүгийн 2133000000049 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймгийн Тэс сумд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Бэлэндалай гэх газарт оршин суух албан ёсны хаягтай одоогоор Сэлэнгэ Сайхан сумын Гавшгай 2 дугаар баг 22 дугаар байрны 11 тоотод оршин суух,урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Да зурхайч овгийн ******* /РД:ОО00000000/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 22 дугаар байрны 11 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч *******той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн хөлийн гуя орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 22 дугаар байрны 11 тоотод хамтран амьдрагч *******той маргалдан зүүн хөлийн гуя орчимд нь хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт : Шүүгдэгч *******ын өгсөн: Тухайн өдөр ******* бид хоёр маргалдсан байсан. Өглөө бид хоёр 08 цаг гэж босоод манай хүн ажил руугаа явсан. Би ор дэрээ хурааж цайгаа чанаад байж байхад 11 цагийн үед ******* орж ирсэн. Өмнө блокийн үйлдвэр лүгээ явдаг байхад Сайханаа гэдэг ах Санота-6 маркийн машинтайгаа явж таараад тэрэнд нь суугаад ажил руугаа явсан чинь Сайханаа ахтай хардаад зодсон. Тухайн үед цагдаа Батсайханд мэдүүлэг өгөхдөө хувь хүнээс нь ичсэн болохоороо намайг хүчирхийлж тархи толгойн дээр гишгэж, үсэдсэн, угаалгын өрөөнд орж ирээд ус гоожуулж байгаад толгойг минь дарсан талаар хэлээгүй. Үүнийг **** өөрөө мэдэж байгаа. Хохирогч өөрөө байхгүй болохоор үүнийг гэрчлэх боломжгүй.Тэр өдөр *******той муудалцаж байхдаа орны бүтээлэг аваад 2 сэгсэрсэн төдийд ******* хөл рүү хутга зоогдчихлоо гэж хэлсэн. Би гайхаад яагаад хүний хөл рүү бүтээлэг сэгсрэхэд хутга зоогддог юм бэ? Ямар сонин юм бэ? чи өөрөө өөрийгөө хутгалчихсан юм биш үү? гэсэн чинь үгүй гээд байсан. Би цагдаа дуудъя гэхэд миний утсыг булаагаад авсан байсан. Би Сайхнаа ахын эгч болох Туул эгч рүү залгаад манай гэрт хүрээд ирээч гэхэд эгч нь завгүй байна дараа очъё гээд утсаа тасалсан. Би цагдаад хэлье гэхэд *****хэлүүлэхгүй байхаар нь эмийн сан орж ойр зуурын эм тариа авч өгчхөөд утасгүй ч гэсэн эгчийнх рүүгээ явъя гээд Дархан-Уул аймагт байдаг. Алимаа эгч дээрээ очиж үнэн байдлыг хэлсэн. Манай эгч ******* руу залгаад чи ингэж болохгүй эхлээд ямар ч байсан эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд ******* эмнэлэгт очсон байсан. Манай нэгдүгээр орцонд байдаг сувилагч эгч намайг таньдаг болохоор *******ийг гэртээ ганцаараа байгаа юм уу? гэсэн чинь би ганцаараа байгаа. Блокийн машин дээрээ унаад хөлөө гэмтээчихлээ гэж хэлсэн гэсэн... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтад хохирогч *******ийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2018 оноос хойш амьдарч байгаа юм хувиараа нүхтэй хашааны блок хийдэг юм. Би 2020 оноос хойш Сайхан сумын 2 дугаар баг 22 дугаар байрны 11 тоотод Буянтогтох болон тэдний 2 хүүхэдтэй хамт амьдарч байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ойролцоогоор 14 цагийн үед би ажлаасаа гэртээ ирсэн чинь хамтран амьдрагч Буянтогтох гэртээ унтаж байсан юм. Тэгэхээр нь би Буянтогтохыг “босооч гэр орноо цэвэрлэж хоол ундаа хийгүй юм уу “гэсэн чинь Буянтогтох “Би чиний хоолыг хийх албатай юм уу” гээд тэгээд хоорондоо бага зэрэг маргалдтал шууд орноосоо босож ирээд орны хажууд байсан хар иштэй хутгыг барьж ирээд шууд миний зүүн талын гуя хэсэг рүү хутгалчихсан юм. Тэгээд намайг хутгалчхаад зугтаад шууд Дархан-Уул аймаг руу эгчийнх рүүгээ яваад өгсөн юм. Тэгээд би тэр өдөр оройхон тийшээ гээ Сайхан сумын эмнэлэгт очиж үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-18/, Мөрдөн байцаалтад хохирогч *******ийн “...Надад өмнөх ярьсан мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга. Би гомдолтой байна. Би хүнд ажил хийж чадахаа байсан хөл өвдөг хэсгээрээ татаж өвддөг болсон. Сайн нугардаггүй өвчин намдаах эм байнга хэрэглэдэг. Надад нэхэмжлэх зүйл алга зүгээр эрүүл мэндээрээ хохирсондоо л маш их гомдолтой байна...” гэх /хх-22/ мэдүүлэг Гэрч *******гийн “...2021 оны 07 дугаар сарын эхээр байсан би яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би Дархан-Уул аймагт гэртээ байж байтал орой нар жаргаж байтал манай дүү ******* над руу залгаад би Дархан орж явна гэхээр нь чи ямар ажлаар яваа юм бэ гэж асуутал би очиж байгаад танд ярина гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй манай дүү ганцаараа манай гэрт орж ирсэн. Тэгээд цай унд уугаад сууж байтал Буянтогтохын утас дуугарсан. Тэгсэн Буянтогтох гар утсаа авсан чинь ******* утсаар ярьж байсан. Яриаг нь сонсож байтал “чи хаана байна хурдан хүрээд ир өөр хүнтэй болчихсон юм уу? гэр орондоо ирдэггүй юм уу би доошоо цус алдаад байна” гээд уурлаад байхаар нь би Буянтогтохын гар утсыг нь аваад “Буянтогтох манай гэрт ирчихсэн байна яагаад хаанаас чинь цус гараад байгаа юм бэ? гэж асуусан чинь “би ажлаа хийж байгаад төмөр дээр уначихсан” гэж хэлсэн, дараа нь болохоор Буянтогтох намайг хутгалчихсан гээд янз бүрээр яриад байсан. Тэгэхээр нь чи тэгвэл яаралтай эмнэлэгт үзүүл гэж хэлээд утсыг нь салгасан. Тэгсэн чинь ******* дахин дүү рүү залгаад эмчилгээ хийлгэх гэсэн юм гээд мөнгө авсан байсан. Тэгээд би яагаад ******* цус алдаад байгаа талаар Буянтогтохоос асуусан чинь “ би гэртээ байж байтал ******* орж ирээд намайг хэнд сайхан харагдах гэж ийм хувцас өмсдөг юм бэ?гээд өмссөн байсан юубикийг нь ураад хаячихсан. Тэрнээс болоод хоорондоо маргалдсан чинь ******* манай дүүгийн 3 хоолойг багалзуурдаад орон дээр унагаагаад зодсон гэсэн тэгэхлээр нь орон дээрээс орны бүтээлэг аваад шидсэн тэрнээс би хутгалаагүй. Намайг хутгалсан гэж гүтгээд байгаа юм” гэж Буянтогтох надад хэлсэн. Тэгээд ******* дахин дүү рүү залгасаар байгаад маргааш нь Буянтогтох гэр лүү гээ харьсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Буянтогтох над руу залгаад дахиад намайг зодоод байна гэж ярьсан. Тэрнээс болоод *******оос аль болох хол байлгах гээд дүүгээ гэртээ авч ирсэн юм...”гэх /хх-27 ар тал /мэдүүлэг Гэрч Б.Ганбаатарын өгсөн “...Би энэ хаяг дээрээ 8 орчим амьдарч байна. Энэ айлыг би сайн мэдэхгүй 2020 онд намар манай хажууд орж байсан санагдаад байна. Ямар ч байсан хөдөөгөөс ирсэн юм шиг байсан. Би сүүлийн 3 жил Улаанбаатар, Хөтөл 2-ын дунд ирэн очин байгаа. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэдэг юм. Гэртээ хэрүүл маргаан хийдэг эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэдэхээр 2020 оны намар болон 2021 оны зун 2 удаа хаалга нүдээд өшиглөөд эвдчих шахаад байсан юм. Тэр удаагийн үйлдэл нь дандаа шөнө байдаг юм. Би эхнийх дээр нь гарч харахад нэг залуу байсан бөгөөд би наад айлд чинь хүн байхгүй юм биш үү гэж хэлж уурлаж байсан юм. Дараагийн удаад нь гараагүй...” гэх /хх-30 ар тал / мэдүүлэг, Гэрч Д.Одгэрэлийн өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хөтөлтийн эмлэг дээр жижүүр эмчийн үүргийг 24 цагийн хугацаанд гүйцэтгэсэн юм. Оройн 20 цагийн үед хүлээн авах дээр зүүн гуяны дотор хэсэгт зүсэгдсэн шархтай эрэгтэй хүн нэлээд цус алдсан байдалтай ирсэн. Тэгээд хэмжилт хийхэд гүн шарх байсан бөгөөд мэсний шарх байсан. ******* гэдэг залуу байсан бөгөөд юу болсон талаар нь асуусан чинь гэртээ ганцаараа байсан бөгөөд мах идэж байгаад унагаасан, блокны машин дээр унасан ч гээд янз бүрийн худлаа үнэн юм яриад байсан юм. Тэгээд тухай залуу нэлээд нүүр нь цонхийж цайсан цус алдсан бололтой байхаар нь эмчилгээ хийсэн. Тэгээд гэр орноосоо хүн дууд гэсэн чинь гэрт хүн байхгүй гээд гэр орныхоо хүмүүсийн утсыг өгөхгүй байсан юм. Тэр залуу архи уусан зүйлгүй эрүүл саруул байсан. Тэгээд би цагдаад хэлнэ гээд хэлчхээд үзлэг хийхээр дээшээ гарсан хойгуур цагдаа ирээд явсан байсан. Би тухайн хүнд цус тогтоох эмчилгээ хийсэн, шингэн нөхөх дусал залгасан. Шархан дээр нь оёдол тавьсан. Тухайн хүн анх ирэхдээ толгой эргээд байна гэсэн зовуурьтай ирсэн бөгөөд 2 цаг орчим эмчилгээ хийсний дараа гэр лүүгээ өөрөө явсан. Хүн дууд гэсэн чинь би ганцаараа байгаа явна гэсээр явсан...” гэх /хх-33 ар тал/ мэдүүлэг 1. Дархан уул аймгийн 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 453 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ 1. *******ийн биед зүүн гуянд шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.*******ийн биед илэрсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******ийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх-11/ хэсэг, Эд мөрийн баримтаар ажлын хэсэг дээрээ ”Bass” бичигтэй хар өнгийн бариултай 21 см-ийн урттай 1 ширхэг төмөр хутгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол/хх-06/, Яаралтай тусламжийн хуудас хх-12/,шүүгдэгч *******ын эрүү хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-51/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь “ би хохирогч *******ийг хутгалаагүй, бид 2 4 маргалдаад би буйдангийн бүтээлэг аваад сэгсрэхэд л ******* хутгалуулчихлаа гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаан улсын яллагчийн хүсэлтээр орсон шинжээч “ ...бүтээлэг сэгсрэх төдийд хүний гуя руу хутга орлоо гэхэд анхны яаралтай тусламжийн хуудаснаас харахад шархны гүн 3 см байсан ба бүтээлэг сэгсрэхэд ийм гүн хутгалагдана гэж байхгүй... Хүн өөрийгөө хутгалахад баруун ч бай зүүн ч бай гуянд өөрийгөө хөндлөн хутгална гэж байхгүй. Ямар нэг байдлаар ташуу байрлал үүсэх ёстой ...”гэх мэдүүлж байна. Иймд бүтээлэг сэгсрэхэд дээр нь байсан хутга хохирогчийн баруун гуяны дээд 1/3 хэсэгт 3 см гүн шарх үүсгэх боломжгүй байдал нь тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: ******* нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нэхэмжлээгүй учир шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д “...заасан бусад туслалцаа үзүүлсэн...” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын багийн засаг даргын 2021 оны 08 сарын 24-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын хаягтай боловч гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн өмчлөлийн орон сууц болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 22 дугаар байрны 11 тоотод оршин /хх-54/ амьдран сууж байсан одоо ч энэ хаягтаа 2013 оны 06 сарын 11-ий өдөр төрсөн хүү А.Одбаяр /хх-56/, 2015 оны 11 сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Билэгсайхан нарын хамт амьдардаг байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл нэг сараас гурван сар хүрт эл зорчих эрхийг хязгаарлах “ гэсэн ял шийтгэлтэй. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял “ гэж хуульчилсан. Дээрх нөхцөл байдлыг дүгнээд Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хяналтад өөрийн оршин сууж байгаа газар болох Сайхан сумын нутаг дэвсгэрээс явахыг хоёр сарын хугацаагаар хязгаарлах зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаалах ялыг биелүүлээгүй бол ялтын зорчих эрхийг хязгаарлах 5 ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримаар хураагдаж ирсэн ажлын хэсэг дээрээ ”Bass” бичигтэй хар өнгийн бариултай 21 см-ийн урттай нэг ширхэг төмөр хутгийг устгах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Да зурхайч овгийн ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хяналтад өөрийн оршин сууж байгаа газар болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс явахыг хоёр сарын хугацаагаар хязгаарласугай.

3.Эрүүгийн хуулийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаалах ялыг биелүүлээгүй бол ялтын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй,цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг дээрээ ”Bass” бичигтэй хар өнгийн бариултай 21 см-ийн урттай нэг ширхэг төмөр хутгийг устгасугай.

7.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөг, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА