| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00041/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2021-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргад овгийн *******т холбогдох эрүүгийн 2133000000057 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт2 дугаар баг Дэнжийн ус гэх газарт ,урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай оршин суух, Таргад овгийн ******* /РД:ПП00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг Дэнжийн ус гэх газарт Г.Дэнсмаатай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн зүүн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хэнгэргийн цооролт, баруун зүүн эгэм мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг Дэнжийн ус гэх газарт шүүгдэгч *******ийн эхнэр Оюунчимэгийн төрсөн өдөр тэмдэглэж байхдаа хохирогч Г.Дэнсмаатай маргалдан толгойн зүүн хэсэгт гараараа цохиж зүүн чихний хэнгэрэгт цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт : Шүүгдэгч *******ийн өгсөн “2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн дэнжийн ус гэх газар иргэн Дэнсмаатай маргалдаж хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бүх буруугаа хүлээсэн гэв. Хэрэг бүртгэлтэд Мөрдөн байцаалтад хохирогч Г.Дэнсмаагийн өгсөн /хх19-22/“...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай хажууханд зусдаг Гантөмөр гэх хүний эхнэр Оюунчимэгийн төрсөн өдөр гээд би нөхөр Эрдэнэзулын хамтаар тэдний гэрт очсон юм. Тухайн өдөр тэдний гэрт Гантөмөр эхнэр Оюунчимэг, Төмөртогоо эхнэр Өлзийжаргал, Батзул эхнэр Хандаа, Ука эхнэр Батцэцэг, Рентогтох эхнэр Цэнгэл гээд нэлээд олуулаа цуглаж ууж идэж сууцгаасан. Ингээд шөнийн 02-03 цагийн үед бид нар гэрт орж ирсний дараагаар хүмүүс явцгааж Гантөмөрийн гэрт нь эхнэр Оюунчимэг, Төмөртогоо эхнэр Өлзийжаргал, би нөхөртэйгөө бид зургаа үлдсэн юм. Ингээд би Гантөмөрийн гэрээс 05 цагийн үед хүүхдээ хөхүүлж унтуулчхаад гараад бие засчхаад гэр лүүгээ яваад өгсөн юм. Ингээд би гэртээ очоод цаг харахад 05 цаг 25 минут болж байсан ба охиныхоо өвөрт ороод нойрмоглоод унтах гэж байсан чинь гадаа мотоцикл ирээд Гантөмөр гэрт орж ирсэн. Гантөмөр гэрт орж ирээд миний унтаж байсан хөнжлийг маань татаад чамайг хайгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд Гантөмөр намайг “буцаад хамт явъя” гэхээр нь би үгүй би “буцахгүй, одоо үхэр мал саах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Гантөмөрөөс би “чамаас нэг юм асууя” гэж хэлсэн чинь Гантөмөр “за тэг юу асуух юм” гэхээр нь “чи манай бүслүүр үхрийг хулгайн үхэр гэж манай нөхөрт хэлсэн байна, чамд хэн тэгж хэлсэн юм бэ” гэж асуусан чинь “би наадхыг чинь хэлж чадахгүй, үгүй” гэж хэлээд цаашаа эргээд гарах гэхээр нь би орноосоо босоод баганын доод талд урдаас нь харж зогсоод “хэн хэлснийг нь хэлчхээд гар” гэсэн чинь “үгүй” гэж хэлээд миний хажуугаар гарахаар нь би Гантөмөрийг “ чи баячууд / баячууд /-ын барлаг болоо юу” гэсэн чинь Гантөмөр над руу “түй май би хэний барлаг болсон юм” гээд миний толгойны зүүн тал руу гараараа цохисон чинь би газарт унасан. Үүний дараагаар намайг дахиад 1 удаа цохисон. Ингээд бид хоёр гадаа гараад маргалдаж байхад Гантөмөр нь намайг миний цамцнаас татаад “би хэний барлаг болсон юм” гээд миний цамцнаас намайг дээш нь татаад байсан. Ингээд Гантөмөр намайг зодчихоод явах гээд байхаар би гэрийн гадна хүүдийн тэрэгний хажууд байсан хүүхдийн баасны хутгыг Гантөмөрийг айлгах гэж аваад “чи эмэгтэй хүнийг зодоод байхдаа яадаг юм бэ” гэсэн чинь Гантөмөр миний хутгыг булаацалдах үедээ миний гарыг зүссэн байсан. Тэгээд Гантөмөр мотоцикл руу яваад өгөхөөр би араас нь очоод Гантөмөр лүү гараа харуулаад чи хүнийг ийм болгоод байхдаа яадаг юм бэ гэсэн чинь Гантөмөр “хохь чинь, хохь чинь” гэж хэлэхээр нь би Гантөмөрийг мотоциклтой нь татаад унагаасан чинь босож ирээд миний цээжний эгэм хэсэг рүү “чи муу яах гээд байгаа юм бэ? гээд өшиглөж унагаагаад мотоциклтойгоо яваад өгсөн. Ингээд удаагүй байж байтал манай нөхөр, Гантөмөр, Өлзийжаргал, Төмөртогоо, Оюунчимэг нар манайд ирсэн. Гантөмөр тухайн өдөр архи уугаагүй. Тухайн өдөр би архи уусан. Гэхдээ нэг их согтоогүй. Тухайн өдөр би Гантөмөрөөс манай бүслүүр үхрийг ямар учраас хулгайн үхэр гэж хэлснийг асуусан юм. Тэгээд надад хариулахгүй болохоор нь би Гантөмөрийг “чи баячуудын барлаг болоо юу” гэж хэлсэн чинь над руу шууд салаавч гаргаад цохиод авсан. Тухайн өдөр Гантөмөр нь над руу салаавч гаргаад миний нүүрний зүүн тал руу 1 удаа, үүний дараа намайг гэдэс рүү 1 удаа өшиглөсөн, гэрийн гадна намайг унагаагаад миний нуруу руу 1 удаа дэвссэн, мотоциклийн хажууд цээжний эгэм рүү 1 удаа өшиглөсөн, үснээс зулгааж гэрийн үүдэнд чирч аваачсан. Тухайн өдөр манай бага хүүхдийг баас цэвэрлэдэг ногоон иштэй хутгаар миний зүүн гарын шуун хэсэгт хутгаар зүсэж гэмтээсэн. Миний зүүн гарын шууг хутгаар миний зүссэн асуудлыг Гантөмөр бид хоёр хутга булаацалдах үед намайг санаандгүй гэмтээсэн байх гэж бодож байна. Тухайн үед Гантөмөр нь миний барьсан байсан хутгыг хутга тавь тавь, тавьчих гээд булаацалдаж байх үед миний гар зүсэгдсэн. Хэрэв намайг санаатай хутгалах гэсэн бол миний хутгыг булааж аваад намайг ямар ч хамаагүй хэсэгт хэд бол хэдэн удаа хутгаах байсан байх гэж бодож байна. Одоо миний чих өвдөж, гар хааяа чинэрдэг. Надад иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгөх баримтууд байгаа. Гантөмөр намайг хэл амаар доромжилж зодсон асуудал дээр би гомдолтой байна. Харин хутгаар зүсэж гэмтээсэн нь санаатай үйлдэл биш санамсаргүй надтай хутга булаацалдаж байгаад гарыг гэмтээсэн учраас гомдолгүй...” гэх мэдүүлэг / Гэрч Н.Өлзийжаргалын өгсөн /хх-49-51/ “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай саахалт айлын Гантөмөр гэх хүний эхнэр Оюунчимэгийн төрсөн өдөр болж манай тэр хавийн айлууд ирж бид нар сууцгаасан юм. Тухайн үед тэдний гэрт нэлээн олуулаа цуглацгаасан. Ингээд бид нар ууж идэж сууцгаасан. Үүний дараагаар ирсэн хүмүүс явцгаасан ба Гантөмөр эхнэр Оюунчимэг, Эрдэнэзул эхнэр Дэнсмаа, манай нөхөр бид зургаа үлдсэн юм. Ингээд сууж байсан чинь “Дэнсмаа байхгүй байна” гэхээр нь бид нар Дэнсмааг ойр орчмоор хайсан боловч олоогүй. Тухайн үед Эрдэнэзул согтуу байсан учраас архи уугаагүйгээр нь Гантөмөрийг Эрдэнэзулыг гэр лүү нь явуулж Дэнсмааг харчхаад ир гэж хэлсэн. Ингээд Гантөмөр нь явчхаад ирэхдээ Дэнсмаа сая над руу хутга барьж дайрлаа гэж хэлсэн. Тухайн үед Гантөмөр надад хэлэхдээ “гэрт нь очсон чинь Дэнсмаа унтаж байсан. Тэгэхээр нь гэртээ ирээд унтаж байгаа юм уу” гэсэн чинь Дэнсмаа араас нь хутга бариад дайрахаар нь мотоцикл тойрч зугтаагаад хутгыг нь булааж авах гээд хоёулаа ноцолдсон гэж хэлсэн. Ингээд бид нар Эрдэнэзулын гэрт очиход Дэнсмаа нь бид нарыг очиход үс нь сэгсийсэн, гар нь цус болцон байсан. Ингээд Гантөмөрөөс юу болсон талаар асуухад “намайг явахад зүгээр байсан. Би хутгыг нь шүүрч аваад цааш нь шидээд яваад өгсөн” гэж хэлж байсан. Тухайн үед Дэнсмаа нь Гантөмөрийг “наадах чинь намайг хутгалчихлаа” гээд байсан. Харин Гантөмөр нь Дэнсмаа руу нь “би чамайг хутгалаагүй, хутгыг чинь булааж авсан” гэж хэлсэн. Би Гантөмөр гэх хүнтэй айл саахалт хөршийн холбоотой хүмүүс. Тухайн өдөр Гантөмөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн өдөр Дэнсмаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Дэнсмаа ер нь согтолттой байсан. Тухайн өдөр ер нь хүмүүс нэг их согтоогүй. Харин Дэнсмаа, Эрдэнэзул хоёр хүмүүс тарах гэж байхад гэрээсээ монгол архи авчирч уусан юм. Тэр монгол архи уусны дараа өөрсөө нэлээн согтсон юм...” гэх мэдүүлэг Гэрч Н.Төмөртогоогийн өгсөн /хх-68-69/ “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай саахалт айлын найз Гантөмөр гэх хүний эхнэр Оюунчимэгийн төрсөн өдрийг тэмдэглэж манай хажуу саахалт айлын хүмүүс Гантөмөрийн гэрт нийлж сууцгаасан юм. Тухайн өдөр Гантөмөр гэрт нэлээн олон хүмүүс цугларсан ба тухайн хүмүүсээс ихэнх нь гэр гэр лүүгээ буцаж Гантөмөр эхнэр Оюунчимэг, Эрдэнэзул эхнэр Дэнсмаа, би өөрийн эхнэр Өлзийжаргал нарын хамтаар бид зургаа Гантөмөрийн гэрт үлдсэн юм. Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн үед хэсэг унтаад өглөө 05 цагийн үед сэрсэн чинь Эрдэнэзул нь Гантөмөрт хэлэхдээ манай эхнэр Дэнсмаа хаашаа явчив, харьсан байн уу харчхаад ирээч гэж хэлсэн. Ингээд Гантөмөр нь Эрдэнэзулын гэр лүү явчхаад ирсэн. Иргэж ирэхдээ Гантөмөр ах гэр лүү орж ирээд Эрдэнэзулд “танай авгай чинь хутга барьж над руу дайрсан” гэж хэлсэн. Ингээд би өөрийн эхнэр Өлзийжаргал, Гантөмөр эхнэр Оюунчимэг, Эрдэнэзул бид нар Эрдэнэзулын гэрт нь очтол Дэнсмаагийн гарын шуу нь зүсэгдсэн цус гарсан, үс нь сэгсийсэн байсан. Тухайн хэрэг учрал гарахаас өмнө Г.Дэнсмаагийн биеийн байдал нь зүгээр байсан. Гар нь зүсэгдсэн байсан. Би тэрнээс өөр сайн хараагүй. Тухайн үед үс нь сэгсийсэн гараас нь цус гарсан байсан. Би Гантөмөр гэх хүнтэй айл саахалт байгаа юм. Дэнсмаатай мөн ялгаагүй айл саахалт хүмүүс байгаа юм. Тухайн өдөр Гантөмөр нь архи уугаагүй. Дэнсмаа архи уусан. Хэр хэмжээний согтолттой байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ бол жаахан халамцуу байсан. *******, Г.Дэнсмаа нар айл саахалт хүмүүс тэр хоёр юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Хоорондоо гайгүй л байдаг...” гэх мэдүүлэг Гэрч Ц.Эрдэнэзулын өгсөн мэдүүлэг /хх-62-64/ “...2021 оны 08 дугаар сарын 20- ны өдөр манай саахалт айлын найз Гантөмөр гэх хүний эхнэр Оюунчимэгийн төрсөн өдөр болж манай тэр хавийн айлууд Гантөмөрийн гэрт цуглаж сууцгаасан юм. Тухайн өдөр бид нар үүр цайтал суусан ба би тэр өдөр нэлээн согтсон байсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өглөөний 06 цагийн орчимд Гантөмөр, Өлзийжаргал, Төмөртогоо нар нь намайг дагуулаад манай гэрт очих үед манай эхнэр Дэнсмаагийн гараас нь цус гараад нил цус болсон байсан. Тухайн үед би эхнэр Дэнсмаагаас юу болсон талаар асуухад Гантөмөртэй маргалдсан чинь ийм зүйл болсон гэж надад хэлсэн. Тухайн үед манай эхнэрийн зүүн гарын шуу нь зүсэгдсэн цус гарсан, үс нь сэгсийсэн байсан. Зөв зүгээр эрүүл саруул байсан. Зүүн гарын гар нь зүсэгдсэн нь өвддөг, нэг чих нь юм сонсохгүй дүнгэнэдэг болцон байсан. Цээжний зүүн талд хөхөрсөн байсан. Би Гантөмөр гэх хүнтэй найз нөхдийн холбоотой. Тухайн өдөр Гантөмөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн өдөр манай эхнэр Дэнсмаа нь архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн. Хөхүүл хүүхэдтэй учраас нээх их уугаагүй. Найз нөхөд, айл саахалт хүмүүс. Хоорондоо зүгээр энгийн харилцаатай. Би яг юунаас болж маргалдсан нарийн учрыг нь мэдэхгүй байна. *******, Г.Дэнсмаа нарын хооронд урьдын таарамжгүй харилцаа байхгүй...гэх мэдүүлэг Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн өгсөн /хх-14/ “...Г.Дэнсмаагийн биед учирсан баруун, зүүн эгэм мөрөнд цус хуралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн чихний хэнгэргийн цооролт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2021 оны 09 сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-09/ зэрэгт нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн хувьд хохирогч 244.420 төгрөгийн шатахууны зардал нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед яллагдагч, хохирогч нар эвлэрсэн гэрээндээ “ ...Иргэн Гантөмөртэй өөрийн мал буюу хөрөнгөний талаар маргалдаж биедээ гэмтэл, бэртэл авсан.Одоогоор миний бие эдгэрч иргэн Гантөмөр нь хохирол гомдолгүй болгож уучлал гуйсан тул энэ хүнд гомдолгүй гэдгээ албан ёсоор хэлж байна”/хх-99/ гэжээ. Иймд шүүгдэгч ******* нь хохирогч Г.Дэнсмаад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар : Эрүүгийн хариуцлага хүлээж байсан, захиргааны зөрчилд шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас/хх-83,84/-аар шүүгдэгч ******* нь урд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Яллагдагч ******* нь хохирогч Г.Дэнсмаатай эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-105/ гаргасныг прокурор хянаад 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол /хх-106/ -оор хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх тухай шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгуулийн 500.000 төгрөгийн биелүүлэхийг мэдэгдсэн болно. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болно. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Таргад овгийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнсэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгуулийн 500.000 төгрөгийн биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй,эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА