Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146 

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

      орчуулагч, хэлмэрч А.А,

      улсын яллагч Х.Ө,

      шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

      шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б-ын Т-т холбогдох эрүүгийн 2113001300147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын харьяат, 1995 оны 11 сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян- Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар баг, Баянзүрхэд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2013 оны 02 сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулж байсан, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 2 жил 5 сарын хугацаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоон шийдвэрлэсэн, регистрийн дугаар БК............, Ж овогт Б-ын Т-.

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Х.Т-ий эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1 хос гутал хулгайлж, 65000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

     Мөн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Х.С-ы эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 3 үе дамжиж ирсэн мөнгөн бүсийг нь хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001300147 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-22, 23-27/,

2. Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн

33-37/,

3. Хохирогч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53, 56, 59, 62, 65-66, 70/,

4. Гэрч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 74/,

5. Гэрч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 76/,

6. Гэрч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82/,

7. Гэрч Ө.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 68, 78/,

8. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 85/,

9. Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-21-152, БӨА-21-153  дугаартай дүгнэлт /хх-ийн 90-95, 101-104/,

10. Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 137-138/,

11. Хохирогч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45, 48-49/,

12. Насанд хүрээгүй гэрч Е.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 71/,

13. Хохирогч Х.С-д мөнгөн бүст үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 39-41/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

     Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Х.Т-ий эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1 хос гутал хулгайлж, 65000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27/,

- Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-37/,

- Хохирогч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хадланд явсан. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед аймгийн төвд ирж, хашаандаа өвс буулгах гэж байхад байшингийн хаалга эвдэрсэн байсныг харсан. Тэгээд би тэр доор нь гэрт орж гэрийн эд зүйлүүдийг шалгаж үзэхэд үүдний амбаарт байсан нэг хос хуучин гутал алга болсон байсан. Өөр эд зүйл хулгайд алдаагүй байсан. Тус өдөр цагдаа нар очиж шалгасан ба миний хувьд ямар нэгэн сэжиглэх хүн байхгүй байсан. Тэр үед манай ах болох Х.С- эхнэр, хүүхдүүдийн хамт хөдөө хадланд явсан байсан. Манай гэрт хулгай орсноос хойш хоёр өдрийн дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед манай ах болох Х.С-ы эзэнгүй байшингаас миний таньдаг байсан Б.Т- гараад явж байсан. Тэр үед гүйж очоод түүнийг барьж авахад манай ах Х.С-ы гэрт байдаг байсан хуучин мөнгөн бүсийг Б.Т- нь бүсэлхий хэсгээр бүслээд явж байхаар нь цагдаа дуудаж харуулсан. Тэр үед Б.Т- нь хоёр өдрийн өмнө манай байшингийн хаалгыг эвдэж ороод нэг гутал хулгайлж авч явсан талаар хэлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Т- нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагаас өмнө манай гэрт, дараа нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед манай ахын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан байна. Миний бие хулгайд алдсан гутлыг алга болохоос 7 хоногийн өмнө захаас 65,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Дараа нь хэд хоногийн дараа гудамжинд явж байхад Б.Т- надад тааралдаж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас сайн дураараа уучлалт гуйж, надад 70,000 төгрөг бэлэн өгсөн. Тэр үед би түүнийг уучилж, өгсөн мөнгийг аваад өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Тийм учраас одоо миний зүгээс Б.Т-т холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Т- нь манай байшингийн цоожийг төмрөөр гөнжиж онгойлгоод, буцаад гарсан үед цоожийг байранд нь хийж явсан байна. Тухайн үед манай хаалга эвдрээгүй. Харин 5000 төгрөгт цоож авсан. Өөрөөр хэлбэл Б.Т-ээс авсан 65,000 төгрөг бол гутлын мөнгө, 5000 төгрөг бол шинээр авсан цоожны үнэ байгаа юм. Тийм учраас би өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 53, 56, 59, 62, 65-66/,

- Гэрч  Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өлгий сумын 1 дүгээр багт байрлах Х.Т-ий гэрт очиж эргэж тойроход хаалга, цоож бүрэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74/,

- Гэрч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед тус хашаанд очиж шалгахад бүх зүйл зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/,

- Гэрч  Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Х.Т- нь миний гутал зардаг лангуунаас гутал авч байсан. 2021 оны 08 дугаар сард байх яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Бор шар өнгийн 65,000 /жаран таван мянга/-ийн төгрөгийн гутлаас авсан. Тэр өдөр нь хамгийн эхний үйлчлүүлэгч байсан болохоор сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

- Гэрч  Ө.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...аавын ах болох Х.С-ы гэрт хулгай орсон. Тухайн үед Б.Т- гэх залуу манай найз болох Е.А-д баригдсан. Тэгэхэд манай ээж болох Манаргүл, манай аавын дүү болох Х.Т- нар байхад Б.Т- гэх залуу хэлэхдээ танай ах болох Х.Т-ий гэрээс алга болсон 1 хос гутлыг бид нар авсан, авчирч өгье гэж хэлсэн. Х.Т- ахыг урьд нь таньдаг байсан залуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

- Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг хамт Өлгий сумын 1 дүгээр багт голын эрэг дагуу айлд очиж юм аваад ирье гэж хэлсэн. Тэр айлаас өмнө хулгай хийж нэг гутал авсан. Харин тухайн гутал надад таарахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд хажуу айлд нь орвол үнэ хүрэх зүйл байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хулгай хийх гэж байгаа бол надаас хол яваарай, би мөрөөрөө архи л уудаг, харин хулгай хийдэггүй гэхэд Б.Т- надад өөр юм хэлээгүй бид архиа хувааж уугаад унтсан. Өглөө сэрэхэд Б.Т- байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,

- Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-21-152 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-104/,

- Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүх хурал болж орой 19-20 цагийн үед тарсан. Тухайн үед шүүхээс бид нарт 14 хоног аймгийн төвд байж, өдөр болгон шүүхэд ирж бүртгүүлж байх тухай үүрэг өгсөн. Тэгээд өдөр бүр шүүхэд очоод бүртгүүлдэг байсан. Шүүх хурал болж өнгөрснөөс хойш 2-3 хоногийн дараа миний бие орой 19 цагийн үед зүс таньдаг байсан Х.Т- гэх хүний гэрт очиход тухайн гэрт хүн байхгүй байхаар нь хаалганы гадна талд байсан цоожийг нь гөнжиж дотогшоо ороход тухайн байшингийн үүдэн дэх амбаарт байсан шар өнгийн үдээстэй ботинкийг хулгайлан авч гараад хаалгыг нь гадна талаас нь хааж, цоожийг нь байранд нь хийж явсан. Маргааш нь юм уу, нөгөөдөр нь юм уу дахин Х.Т-ий гэрийн хажууд очиход хашаан дотор эсгий гэр байсан ба тухайн хашаанд ямар нэгэн хүн байхгүй байхаар нь эхлээд эсгий гэрийн хаалгыг нь эвдэж дотогшоо ороход ямар нэгэн эд зүйл байхгүй байсан. Тэгээд хажууд нь байсан өвлийн байшингийн хаалгыг нь эвдэж дотогшоо нэвтрэн орж тухайн байшингийн булангийн өрөөнд байсан шкафыг онгойлгож үзэхэд дотор нь мөнгөн бүс байсан тул тухайн мөнгөн бүсийг хулгайлж аваад байшингаас гарч ирж байхад Х.Т- намайг барьж авсан. Тэр өдөр би тухайн мөнгөн бүсийг нь өгсөн. Миний бие 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр хоёр айлд орж хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би Х.Т-д гутлын үнэ болох 70000 төгрөг өгсөн. Харин Х.Т-ий хөрш гэх хүнд мөнгөн бүсийг нь буцаагаад өгсөн. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж өгч барагдуулсан. Би маш их гэмшиж байна. Иймд миний үйлдсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/ зэрэг нотлох баримтуудаар,

 Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Х.С-ы эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 3 үе дамжиж ирсэн мөнгөн бүсийг нь хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-22/,

- Хохирогч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 22-23-ны шөнийн 01 цагийн үед Өлгий сумын 1-р багт байрлах гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд миний байшингийн хаалганы цоож болон эсгий гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Тэгэхээр нь юу болсон талаар Х.Т-ээс асуухад танай гэрт хулгай орсон гэж надад хэлсэн. Манай гэрээс алдагдсан мөнгөн бүс нь манай өвөг эцгээс надад 3 үе дамжиж ирсэн, миний хувьд эрхэм нандин зүйл минь байгаа юм. Бүргэдийн наадмын үед тухайн бүсийг зүүгээд явж байхад гадаадын хүмүүс 1000000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд нь би өгөөгүй юм.

...Б.Т- нь манай гэрийн хаалгыг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, манай гэрт байсан гурван үе дамжиж ирсэн мөнгөн бүсийг хулгайлж авч явж байхад миний дүү Х.Т- барьж авсан байна. Би анх мэдүүлэг өгсөн үед уг мөнгөн бүсийг 1000000 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 600000 төгрөгийн үнэ ханштай байна гэж тогтоосон. Би тухайн үед өөрийн хулгайд алдсан мөнгөн бүсийг бүрэн бүтэн буцааж авсан. Тийм болохоор надад ямар нэгэн хохирол учраагүй. Надад эдийн засгийн хохирол учраагүй тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.

...Би гурван үед дамжиж ирж байгаа мөнгөн бүсээ олж авсандаа л баярлаж байна. Тийм болохоор миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хулгай хийж гэмт хэрэг үйлдсэн залуу хуулийн дагуу хариуцлага хүлээх юм бол болоо. Миний зүгээс өөр хэлж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45, 48-49/,

- Гэрч  Ө.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Өлгий сумын 1 дүгээр багт байрлах гэртээ байж байхад Е.А- гэх залуу манай гэрт ирээд танай ах болох Х.С-ы гэрт орсон хулгайчийг барчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд Е.А- бид хоёр Х.С- ахын гэр лүү очоод хашаа руу ороход миний ээж болох Маржангүл, манай аавын дүү болох Х.Т-, бас нэг үл таних эрэгтэй байсан. Тэр хулгайч гэж баригдсан эрэгтэйг би танина. Б.Т- гэх нэртэй залуу байсан. Өнгөрсөн жил 2020 онд манай аавын дүү болох Х.Т-, бид хоёр Ховд, Говь-Алтай аймаг руу явж барилгын ажил хийж байсан. Тухайн үед Б.Т- гэх залуу хамт барилгын ажил хийж байсан. Б.Т- гэх залуу урьд нь Х.Т- ахын гэрт 2020 онд 2-3 хоноод явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

- Гэрч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр Х.Т- миний бие хажуу айл болох Е-гийн гэрт цай уугаад сууж байх хооронд Е-гийн хүү болох Е.А- гэх хүү манай хашаанд хүн харлаа гэж хэлсэн. Тэгээд Е.А- бид 2 гүйгээд манай хашаанд ороход миний ах болох Х.С-ы эсгий гэрийн хаалга онгорхой цоож нь эвдэрсэн байсан. Дараагаар нь эсгий гэрийн хажууд байрлах байшингийн хаалга онгорхой, ойртож харахад цоож нь эвдэрсэн байсан. Тэгэхээр нь би Е.А-аас харсан хүн чинь хаана байна гэхэд манай хашааны хаалгаар гараад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү нэг эрэгтэй хүн алхаж байсан. Харин тухайн залууг бариад автал Б.Т- гэх нэртэй залуу байсан. Б.Т- нь манай ах болох Х.С-ы 3 үе дамжиж ирсэн мөнгөн бүсийг гартаа барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

- Насанд хүрээгүй гэрч Е.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай гэр Х.Т- гэх айлын хөрш Х.Т- ах манай гэрийн ажилд тусалж байсан. Тэгээд ажлаа хийгээд дуусаад манай гэрт орж хоол идэж байх зуур Х.Т- ахаас өмнө идэж дуусаад гэрээс гарч хашааны хаалганы хажууд очиход Х.Т-ий хашааны хаалгыг нэг хүн хааж байсан. Тэгэхээр буцаж гэр лүүгээ ороод Х.Т- ахад очоод танай хашаанаас нэг үл таних эрэгтэй хүн гарч байна гэж хэлсэн. Тухайн эрэгтэй хүн нь бор цоохор өнгийн цэргийн ангийн өвлийн куртиктай байсан. Тэгээд Х.Т- ахыг дагуулаад Х.Т- ахын гэрийн доод талын хашааны гудамжнаас өнөөх эрэгтэй хүнийг барьж авсан. Цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай байсан, мөнгөн бүсийг бүсэлхий хэсгээрээ бүсэлсэн байсан. Тэр бүсийг нь Х.Т- ах авсан. Тэгээд тухайн эрэгтэйгээс Х.Т- ах чи яагаад манай гэрээс хулгай хийж байгаа юм бэ, чи уг нь сайн залуу байсан биз дээ гэж хэлж байсан. Тэр залуу Х.Т- ахаа та цагдаа битгий дуудаач, би хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Тухайн үл таних эрэгтэй хүний нэр нь Б.Т- гэх нэртэй байсан. Содон шинж тэмдэг гэвэл арьс нь нэлээн харласан байсан ба цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай, брюкэн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

- Хохирогч Х.С-д мөнгөн бүст үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 39-41/,

- Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-21-153 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-95/,

 - Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүх хурал болж орой 19-20 цагийн үед тарсан. Тухайн үед шүүхээс бид нарт 14 хоног аймгийн төвд байж, өдөр болгон шүүхэд ирж бүртгүүлж байх тухай үүрэг өгсөн. Тэгээд өдөр бүр шүүхэд очоод бүртгүүлдэг байсан. Шүүх хурал болж өнгөрснөөс хойш 2-3 хоногийн дараа миний бие орой 19 цагийн үед зүс таньдаг байсан Тилеген гэх хүний гэрт очиход тухайн гэрт хүн байхгүй байхаар нь хаалганы гадна талд байсан цоожийг нь гөнжиж дотогшоо ороход тухайн байшингийн үүдэн дэх амбаарт байсан шар өнгийн үдээстэй ботинкийг хулгайлан авч гараад хаалгыг нь гадна талаас нь хааж, цоожийг нь байранд нь хийж явсан. Маргааш нь юм уу нөгөөдөр нь юм уу дахин Тилегений гэрийн хажууд очиход Тилегений хашаан дотор эсгий гэр байсан ба тухайн хашаанд ямар нэгэн хүн байхгүй байхаар нь эхлээд эсгий гэрийн хаалгыг нь эвдэж дотогшоо ороход ямар нэгэн эд зүйл байхгүй байсан. Тэгээд хажууд нь байсан өвлийн байшингийн хаалгыг нь эвдэж дотогшоо нэвтрэн орж тухайн байшингийн булангийн өрөөнд байсан шкафыг онгойлгож үзэхэд дотор нь мөнгөн бүс байсан тул тухайн мөнгөн бүсийг хулгайлж аваад байшингаас гарч ирж байхад Тилеген намайг барьж авсан. Тэр өдөр би тухайн мөнгөн бүсийг нь өгсөн. Миний бие 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр хоёр айлд орж хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би Х.Т-д гутлын үнэ болох 70000 төгрөг өгсөн. Харин Х.Т-ий хөрш гэх хүнд мөнгөн бүсийг нь буцаагаад өгсөн. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж өгч барагдуулсан. Би маш их гэмшиж байна. Иймд миний үйлдсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” /хх- ийн 137-138/ гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч Б.Т- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Х.С-, Х.Т- нарт хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь иргэн Х.С-, Х.Т- нарын эзэмшлийн байшингийн цоожийг нь эвдэж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.

Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул байдал болон шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал нөлөөлсөн байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Т-д 70,000 төгрөгийн, хохирогч Х.С-д 600,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хулгайд алдсан гэх мөнгөн бүсийг хохирогч Х.С-д биет байдлаар буцааж өгсөн, мөн хохирогч Х.Т-д учирсан 70,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Х.С-д мөнгөн бүст нь үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хохирогч Х.Т-, Х.С- нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

6.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. ...Шүүгдэгч Б.Т-т 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсантай холбогдуулан түүнд оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг, 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн. Уг ялаас өнөөдрийн байдлаар 2 сар 12 хоногийг эдэлсэн. Иймд түүнд өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялтай дүйцүүлэн сольж, 2 жил 2 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, өнөөдрийн шүүх хуралдаанд санал болгож байгаа 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн, нийт эдлэх хорих ялыг 4 жил 8 сар 18 хоногоор тогтоож, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа анхнаас хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шаардлагыг хангаж байгаа учраас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Өмнөх ялаас 2 жил 2 сар 18 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байна. Тэр талаар маргаантай зүй байхгүй. Харин уг ялыг хорих ял эдэлсний дараа тусдаа эдлэх боломжтой. Яагаад гэвэл өмнөх шийтгэх тогтоолоор хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.  Үүнийг шууд хорих ялаар солих юм бол шүүгдэгчийн эрх зүйн байдал доордохоор байна. Тийм учраас өмнөх ялаас үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаа эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр шийдвэрлүүлж өгнө үү”  гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Т- урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 145-149/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 150-153/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгч Б.Т- нь тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж 2 жил 5 сарын хугацаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, шүүгдэгчид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Т- нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 2 жил 2 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/1265 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жил 2 сар 17 хоногийн хорих ялаар солих нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жил 2 сар 17 хоногийн хорих ялаар сольсныг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 жил, 3 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс: “шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь, шүүгдэгч Б.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн хэдий ч түүний хувийн байдлыг шалгаж үзэхэд урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдэж, ял шийтгүүлж байжээ.

Гэтэл шүүгдэгч Б.Т- нь уг үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс ял оногдуулахдаа анхааран үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч шүүгдэгч Б.Т- нь тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байх хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ий шүүгдэгч Б.Т-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

7. Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Т-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-т өмнөх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 17 /арван долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 17 /арван долоо/ хоногийн хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 17 /арван долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 17 /арван долоо/ хоногийн хорих ялаар сольсныг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 3 /гурав/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т  оногдуулсан 4 /дөрөв/ жил, 3 /гурав/ сар, 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Т-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК