| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0137/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Ө.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Х т холбогдох эрүүгийн 2113000000155 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие, Баян-Өлгий аймгийн Т сумын **5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө.Х , РД:**********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ө.Х нь 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай өөрийнхөө гэрт согтуу байдалтай ирсэн иргэн Х.Х ыг гэрээс гарсангүй хэмээн хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ө.Х мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч Х.Х ы нэхэмжилсэн 282.000 төгрөгийг төлж өгнө гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000155 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Д.Г аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.Х ы тухайн өдөр өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.Х ы Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, хохирогч Х.Х, гэрч М.Х, Х.Г, М.А, А.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 435 дугаартай хохирогч Х.Х ы эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт, тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээч С.Р гийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/40 дугаартай мөр судлалын дүгнэлт, яллагдагч Ө.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Х ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөгч талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох - Иргэн Д.Г аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийж хураан авсан бор өнгийн гэртэй, бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Х ы тухайн үед өмсөж явсан саарал өнгийн куртик 1 ширхэг, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримт болох бор өнгийн гэртэй, бор өнгийн иштэй хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 153-156 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Х ы Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хавтаст хэргийн 42-49 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагт босоод байж байсан. Манай эхнэр болох Г хүнсний зүйл авахаар 09-10 цагийн хооронд таксигаар аймаг явсан юм. Тэгээд би 10 цаг өнгөрөөд манай гэрт ойрхон хүнсний дэлгүүр орж дөрвөлжин хуванцар савтай 0.5 литрийн Хийморь нэртэй архи аваад гэртээ очсон. Тэгээд архины тал хүртэл ганцаараа уусан юм. 11 цаг өнгөрч байхад М гэх залуу манайд ирээд ямаа гаргаж өг гэж хэлсэн. Тухайн үед би архиа М ад үзүүлээгүй юм. М ад би “за чи явж бай, би араас чинь очъё” гэж хэлээд явуулсан юм. Тэгээд 12 цаг өнгөрч байхад би М ын гэрт очиж нөгөө ямааг нь гаргаж өгөөд цай уугаад сууж байхад М надад за чи гэртээ очиж бай, би араас чинь нэг шил архи аваад очъё гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа М 0.5 литрийн Хийморь нэртэй архи аваад манай гэрт авчирсан юм. Тэгээд бид хоёр уг архийг хувааж ууж дуусгаад, гэрт байсан нөгөө тал шил архийг би М ад задалж 2 лаа хамт хувааж уугаад дуусгасан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад М манай гэрээс явсан юм.
Тэгээд гэртээ цайгаа уугаад зурагт үзээд сууж байхад 18 цагийн үед манай эхнэр аймгаас ирсэн. Эхнэр хүүхдүүдтэйгээ цайгаа уугаад сууж байхад гаднаас М архи үнэртүүлээд халамцуу манай гэрт орж ирсэн бөгөөд манай эхнэр “...манай гэрээс гар, чиний архи уудаг газар чинь энэ биш.." гэж хэлээд хөөгөөд гаргасан юм. Тэгээд эхнэр болох Г д би “..манайд ирсэн хүнийг чи хөөгөөд явууллаа..” гэж уурлаад, маргаан үүссэн. Тухайн үед маргалдсан болохоороо би гэрээсээ гараад өглөө архи авсан дэлгүүрээс 3 шил 0.5 литрийн Хийморь нэртэй архи авсан. Дэлгүүр явах үед би ганцаараа байсан бөгөөд М тай дахиж уулзаагүй юм. Тэгээд 3 шил архиа аваад хашаандаа очиж, амбаарын хажууд суугаад ганцаараа 1 шил архи уусан юм. Тухайн үед оройн 22-23 цагийн үе байсан байх би нийлээн согтсон байсан. Тэрнээс хойш болсон асуудлыг би сайн санахгүй байна.
Нэг мэдэхэд Х /Х / гэх айлын гадна байснаа үл ялиг санаж байна. Тэгээд нэг сэрсэн чинь гал тогооны шалан дээр хэвтэж байсан. Тухайн үед цагдаа, түргэн ирчихсэн намайг сэрээсэн юм. Сэрэхэд цамц нийлээн их цус болчихсон байсан ба түргэний эмч намайг, миний биеийг үзээд түргэний машинаар шууд аймгийн төв авч явсан. Явахаас өмнө манай эхнэр чамайг шөнө Х хүргэж ирсэн гэж хэлж байсан. Тухайн үед би нийлээн согтсон байсан ба Х /Х / гэх хүний гэрийн гадна Х той зодолдсон учир Х /Х / намайг хутгалсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/,
- Гэрч М.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие өчигдөр шөнө гэртээ унтаж байсан юм. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад манай гэрийн цонх цохихоор нь очоод хартал Х байсан. Тэгээд би гэрээсээ гараад Х тай уулзахад нийлээн согтуу зогсож байсан. Тэгээд Х намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би дагуулаад гэрийн үүдэнд нь хүргэж өгөөд буцсан юм. Тухайн үед Х нь согтуу явж байсан ба хувцас нь шороо болсон байдалтай, цустай байсан юм. Нүүрэн хэсэгт ямар нэгэн шарх сорив байгаагүй ба нуруу хэсгээр нь цус болсон байсан. Би Х аас ямар нэгэн юм асууж тодруулаагүй ба Х надад өөрөө Х /Х / намайг зодсон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 00 цаг хүртэл байж байгаад хүүхдүүдээ унтуулаад би нөхрөө хүлээгээд хувцастай хэвтэж байхад гаднаас хүний газарт унасан чимээ сонсогдохоор нь би охиноо сэрээж, охины хамт үүдний коридорт гарахад Х шал нь дээр хэвтэж байсан бөгөөд би охиндоо унтаж бай гэж хэлээд зуухны дэргэд очоод сууж байхад Х өвдөглөж, мөлхсөн байдалтай гал тогооны өрөөнд орж ирсэн. Тэр орж ирээд шал нь дээр суугаад надад чи намайг харааж зүхдэг биз дээ, чиний хараалаар боллоо, миний хувцаснуудыг хар бүгд цустай байна гээд, эхлээд нимгэн урдуураа цахилгаантай цамц, дараа нь 2 цамцаа тайлаад хулдаасан дээр тавьсан. Хувцаснууд нь бүгд цустай байхаар нь дөхөж очтол мөрнөөс нь цус гарсан байдалтай байхаар нь би охиноо сэрээгээд цагдаа руу явсан. Тэгээд би цагдаагийн кабонд ирж хүнгүй байх шиг байхаар нь би буцаад гэртээ ирж Х ыг унтаж байгаа болов уу гэж цонхоор харахад манай 3 хүүхдийг сэрээж өөрөө хөнжил нөмрөөд зуухны дэргэд очоод хэвтэж байсан тул, би хөрш айл болох Х ы хамаатны эгч А ийн гэрт очиж тэднийг сэрээгээд болсон асуудлын талаар хэлээд цагдаагийн дугаар луу залгаж дуудлага өгөөд гэртээ ирсэн. Охин бид хоёр гэрт очмогц эмч, цагдаа нар ирж, эмч нар биеийн байдлын үзээд аймаг руу авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
- Гэрч М.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Х.Г , том охин нь болох Х.М нар манай гэрт ирсэн. Тухайн үед Х.Г нь манай нөхөр болох Х.Х гаднаас хүнд хутгалуулсан байдалтай гэрт согтуу ирсэн байна. Та цагдаа дуудаж өгөөч гэхээр нь би гар утсаа өгч Х.Г миний утсаар сумын цагдаа Г д болсон асуудлын талаар ярьж дуудлага өгсөн. Тэгээд шууд гэр лүү яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/,
- Гэрч А.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 29-ний гэмтлийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байх үед үүрээр Толбо сумын 5 дугаар багийн иргэн Х.Х гэгч залуу согтуу, хутгалуулсан байдалтай яаралтай хүлээн авах тасагт хүргүүлж ирсэн. Тэгээд миний бие Х д анхан шатны яаралтай тусламж үзүүлж шархны тэсэлгээ хийж, оёдол тавьж шархийг цэвэрлэж гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Х.Х ыг 5 хоног эмнэлэгт хэвтэх хугацаанд миний бие эмчийн эмчилгээ хийж, боолтон эмчилгээ хийсэн. Х.Х нь анх ирэхдээ дунд ирээд эмнэлгээс гарахдаа хөнгөн болж гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 435 дугаартай “1. Х.Х ы биед зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ө.Х ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-ний шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад манай байшингийн цонхийг үл таних хүн цохиж, удалгүй үүдний амбаарын ц г цохисон. Тэгээд төд удалгүй үүдний амбаарын уяатай байсан хаалгыг хүчтэй татаж уяаг нь тасалж манай үүдний амбаарт ороод ирсэн юм. Тэгээд би тухайн хүнийг харахад Х гэгч залуу согтуу байсан. Тэгээд тэр намайг дарамталж, мөнгө аваад ир, архи аваад ир гээд дарамталсан. Тэгэхэд нь би өгч чадахгүй, чи манай гэрээс яв гэж хэлсэн. Тэгээд явахгүй надтай зууралдаад миний гарны тохой хэсэгт хэд хэдэн удаа цохисон учир би айлгах гээд гэрт байсан хутгыг аваад гараараа даллахад хутганы үзүүр Х ы нуруу хэсэгт хүрсэн. Тухайн үед хутга ишнээсээ мултарч, суларсан.
...Х гэх хүнтэй өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед шөнийн 00 цагийн үед манай гэрт Х ганцаараа ирсэн. Би гэртээ ганцаараа амьдардаг учир бид хоёр л байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие Х ыг хутгалсандаа харамсаж, гэмшиж байна. Миний бие урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Би энэ гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байх хугацаанд хохирогч Х.Х гэх хүнтэй очиж уулзаж уучлалт гуйсан. Тэр намайг уучилсан. Тэр хүнд учруулсан хохирлыг бүрэн төлж хохиролгүй болгох болно. Миний бие Т сумын ** дугаарт багт ганцаараа амьдардаг, дунд чөмөг минь хугарсан учир ажил хийх боломжгүй, группт байдаг юм. Би уг гэмт хэргийг үйлдэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж, харамсаж байна. Бусдад учруулсан хохирлыг сайн дураараа төлж өгөх болно. Тийм учраас миний үйлдсэн гэмт хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Х нь 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай өөрийнхөө гэрт согтуу байдалтай ирсэн иргэн Х.Х ыг гэрээс гарсангүй хэмээн хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.Х ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ө.Х ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ө.Х ийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч Ө.Х ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Ө.Х нь хохирогч Х.Х ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд хохирогч Х.Х ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан шүүгдэгч Ө.Х ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Х ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн цаг хугацаанд хохирогч Х.Х нь хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нотлох баримтуудын хүрээнд харьцуулан дүгнэж үзэхэд хохирогч Х.Х ы архидан согтуурсан байдал, мөн зүй бус үйлдэл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ө.Х ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Х ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүхийн шатанд хохирогч Х.Х ы зүгээс гэмт хэргийн хор уршигт томограф зургийн үнэ 95.000 төгрөг, хувцасны үнэ 138.000 төгрөг, замын зардал 12.000 төгрөг, эм тарианы үнэ 25.000 төгрөг, таксины үнэ 12.000 төгрөг, нийт 282.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлж өгөхийг хүсэж, энэ тухай хүсэлтээ бичгээр гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Х ээс хохирогч Х.Х д гэмт хэргийн хор уршигт гарсан зардал болох нийт 282.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхийг илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Х ээс гэмт хэргийн хор уршигт 282.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Х д олгохоор шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ө.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан Баян-Өлгий аймгийн Толбо, Өлгий сумын хооронд зорчихоор зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Ө.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч Ө.Х урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Ө.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Х т оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн саарал өнгийн куртик 1 ширхэг, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, дөрвөлжин хээтэй хөнжил 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, алаг эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хийморь нэртэй хуванцар 0.5 литрийн савлагаатай шингэн зүйл 1 ширхэг, хэргийн газарт байсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг бэхжүүлж авсан дээж 2 ширхэг, бор өнгийн гэртэй, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Х т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х т оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Х ээс 282.000 (хоёр зуун наян хоёр мянга) төгрөг гаргуулан хохирогч Х.Х д олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн саарал өнгийн куртик 1 ширхэг, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, дөрвөлжин хээтэй хөнжил 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, алаг эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хийморь нэртэй хуванцар 0.5 литрийн савлагаатай шингэн зүйл 1 ширхэг, хэргийн газарт байсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг бэхжүүлж авсан дээж 2 ширхэг, бор өнгийн гэртэй, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ