| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0142/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч Б.Ж,
улсын яллагч Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д д холбогдох эрүүгийн 2113001580184 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 28 на , эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, С.Д , РД:БЮ93******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Д нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны оройн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Тавилтай” гэх газарт хохирогч Ш.Б ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001580184 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Ш.Б , гэрч Б.А , З.Е , Е.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 481 дугаартай иргэн Ш.Б ийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт, яллагдагч С.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Д ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Д нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны оройн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Тавилтай” гэх газарт хохирогч Ш.Б ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Ш.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн Норд бенз загварын 1098 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 21 дэх жилдээ нүүрсэнд явж байна. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Норд бенз загварын тээврийн хэрэгслийг жолоодож нүүрсний уурхайгаас Баян-Өлгий аймаг руу ирж байх замд оройн 18 цагийн үед Тавилтай гэх газарт ирээд зогссон юм. Би зогссон газрын ойролцоо С.Д гэх залуу УАЗ-469 загварын тээврийн хэрэгслээр зогсож тухайн газарт бие засаж байсан ба С.Д ийн машинаар Ногооннуур сумын Ховдгол багийн иргэд явж байсан. Би өөрийн машины хажууд зогсож байхад С Д миний хажууд ирж чиний хүүг би ална, дээр миний хадам ахтай зодолдсон байна гэж хэрүүл маргаан гаргасан. Тэр үед би С.Д т хандаж чи миний хүүг алдаг хэн бэ гэхэд С.Д хүрч ирээд толгойгоороо миний ам руу нэг удаа мөргөсөн, тэр үед миний амнаас цус гарсан. Тухайн үед С.Д ийг А /Б / гэх хүн ирж салгаж С.Д ийг барьж авсан.
Дараа нь би өөрийн эзэмшлийн Норд бенз загварын тээврийн хэрэгслийг жолоодож аймаг руу явчихсан. Тухайн үед А , өөр үл таних 2 хүн байсан, харин би ганцаараа хотгорын уурхайгаас нүүрс ачиж ирж байсан юм.
...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, харин С.Д согтуу байсан.
...Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон таарамжгүй асуудал байхгүй. Энэ хэргээс болж шүдний эмчид үзүүлж рентген зураг авхуулахад үүдэн хоёр шүд дотор талаас хугарсан байна, авхуулахгүй бол болохгүй гэснээр Ахмеруерт шүдний эмнэлэгт очиж үүдэн дээд хоёр шүдийг авхуулсан юм. Одоо би шүдний оронд хиймэл шүд хийлгэнэ. Би эмчилгээнд гарсан мөнгийг нэхэмжлэх болно.
...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гарсан 481 дугаартай шинжээчийн дүгнэлтэд танилцсан, дүгнэлттэй холбоотой гомдол санал байхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.
...Эмчилгээнд 400.000 төгрөгийн хохирол гарсан. ... Д нь эмчилгээнд гарсан 400.000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн. Цаашид гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22 дугаар хуудас/,
- Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бие засаж дууссаны дараа машинд ирж сууж байхад гаднаас хоёр машины жолооч нэг нэгнийгээ хэл амаар доромжилж байсан дууг сонсоод машинаас бууж очиход уг нүүрс ачсан Норд бенз загварын тээврийн хэрэгслийн жолооч Ш.Б манай машины жолооч С.Д нар нэг нэгний гадуур хувцасны захнаас барьж аваад нэг нэгнийг хэл амаар доромжлоод зогсож байсан. Тэр үед би С.Д , Ш.Б нарыг салгаж Норд бенз загварын тээврийн хэрэгслийн жолооч Ш.Б ийг тухайн газраас хөөж явуулсан. Тэр үед хоёр жолооч юунаас болж нэг нэгнийгээ хэл амаар доромжилсныг мэдэхгүй байна. С.Д , Ш.Б нар юунаас болж хэрүүл маргаан гаргаж нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдсаныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
- Гэрч Е.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Ш.Б гэж хүн манай эмнэлэгт ирж шүдээ үзүүлэхэд үүдэн дээд шүд нь буйлан хэсгээс хугарсан байдалтай, эмчилгээ хийх боломжгүй шүд байсан. ...үүдэн дээд 11, 21 дэх шүд нь хөдөлгөөнтэй буйлан хэсгээс хугарсан байсан. ...Шүдийг сугалж авахад 4 ширхэг болж гарсан, 11, 21 дэх шүдний буйлан хэсгийн хугарал нь шинээр үүссэн хугарал байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Е ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 481 дугаартай “1. Ш.Б ийн биед үүдэн 2 шүд хугарч, шүдний эмнэлэгт авхуулсан, доод уруулны дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
- Яллагдагч С.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би уурлаад Ш.Б ийн ам руу толгойгоороо нэг удаа мөргөсөн маань үнэн. Хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Д ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.Д ийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч С.Д хохирогч Ш.Б ийн эрүүл мэндэд “үүдэн 2 шүд хугарч, шүдний эмнэлэгт авхуулсан, доод уруулны дотор хэсэгт шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Д ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Б ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ш.Б ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “С.Д нь эмчилгээнд гарсан 400.000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн. Цаашид гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Д ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч С.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Д т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Д нь хохирогч Ш.Б т гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн саналд яллагдагч С.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Д хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 96 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С.Д т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.Д урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Д т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ