Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 803

 

                                                           Л, Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор У.Дэндэвдорж,

шүүгдэгч Л, түүний орчуулагч Э.Мөнхбаяр, өмгөөлөгч Ж.Болдбаатар,

шүүгдэгч Г, түүний орчуулагч Д.Уянга, өмгөөлөгч Х.Баасанжаргал, Г.Буян,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Ж М” ХХК, “А С” ХХК, “П Л” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжин,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Д Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н Б групп” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Гантулга,

иргэний хариуцагч Ч.Угийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Б З” ХХК-ийн захирал Ш.А, хохирогч “Ж М” ХХК, “А С” ХХК, “П Л” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжин, хохирогч “Н Б групп” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Гантулга, хохирогч “Д Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л, Г нарт холбогдох эрүүгийн 1702000000036 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Л /L J Y/, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, …. оны …. дугаар сарын …-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө БНСУ-ын “С С Э Т” …, түүний охин компани болох “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан, ам бүл …, …., …., …….ийн хамт БНСУ-д амьдардаг, ... дүүргийн … дүгээр хороо, “...” хотхон … дугаар блок, … тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй, ял шийтгэлгүй, паспортын дугаар /…/;

 

2. Г /K D H/, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, ... оны … дүгээр сарын ….-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ БНСУ-ын “С И” компанийн … ажилтай байсан, ам бүл …, …, … хамт амьдардаг, … дүүргийн … дүгээр хороо, ... тоотод түрээсээр оршин суух, ял шийтгэлгүй, паспортын дугаар /…/;

 

1. БНСУ-ын иргэн Л /L J Y/ нь “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Э С Т И С Э” ХХК болон “МТЗ” ТӨХК хооронд байгуулсан ... аймгийн … сумын нутаг … худгаас ... чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “У”-ын тоон мэдээ тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилт олгож, “МТЗ” ТӨХК-иас 17.491.450.145 төгрөгийг илүү санхүүжилтээр авсан боловч уг илүү санхүүжилтээс туслан гүйцэтгэгчээр ажилласан нэр бүхий 13 компанид санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж “Ж М” ХХК-д 1.324.870.580,76 төгрөгийн, “М” ХХК-д 1.530.633.812,4 төгрөгийн, “Б З” ХХК-д 1.081.609.225,44 төгрөгийн, “Б” ХХК-д 882.256.590 төгрөгийн, “Д Г” ХХК-д 928.139.256 төгрөгийн, “П Л” ХХК-д 305.405.115,2 төгрөгийн, “А С” ХХК-д 769.357.640,5 төгрөгийн, “М” ХХК-д 978.260.974,3 төгрөгийн, “Н Б” ХХК-д 756.415.866 төгрөгийн, “КЭЭА” ХХК-д 42.914.324,8 төгрөгийн, “Э” ХХК-д 1.216.841.305 төгрөгийн өртөгтэй ажлын тоон хэмжээг тус тус багасгаж, санхүүжилтийг дутуу олгон залилж, дээрх 11 компанид их хэмжээний буюу нийт 9.816.704.690,4 хохирол учруулсан,

Л /L J Y/ нь “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, “МТЗ” ТӨХК, “Э С Т И С Э” ХХК-ийн хооронд … худгаас ... хүртлэх төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “…” гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын хуулийн этгээд “С И” компанитай 2.308.402 ам.долларын өртөгтэй “У худгаас ... хүртэлх 267 км замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээ, мөн 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “С И М” ХХК-ийн захирал Г Д Хтой 2.684.000 ам.долларын өртөгтэй Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, улмаар “Э С Т И С Э” ХХК-ийн ... аймгийн … сумын нутаг дэвсгэр … худгаас ... чиглэлд баригдаж байсан төмөр замын ажилд ашиглагдах зураг төсөл боловсруулах ажлыг МУ-д мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх эрхгүй “С И” ХХК, “С И М” ХХК-иар суурь судалгаагүйгээр зураг төсөл боловсруулж, мөн холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад зураг төслийг дээрх төмөр зам барих ажилд ашиглаж, 100 хувь гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, “МТЗ” ТӨХК-иас олгосон 5.021.600 ам.доллар буюу 8.772.297.926 төгрөгөөс 1.942.307.661,18 төгрөгийг авч завшин М У С яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

Л /L J Y/ нь “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Ухаа худгаас ... чиглэлийн төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад ... аймгийн … сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын төлбөр төлөх нэрээр 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Э С Т И С Э” ХХК-ийн данснаас “Ө Х Б Г” ХХК-ийн дансанд 691.372.560,00 төгрөгийг БНСУ-ын иргэн П Ж Х-оор дамжуулан авч завшин “Э С Т И С Э” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

Л /L J Y/ нь МУ-ын “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж БНСУ-ын иргэн К Ч Х-аар дамжуулан Монгол Улсын иргэн У.У, Д.У нарын үүсгэн байгуулсан “С П” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан тус компанид олгосон санхүүжилтээсээ сар бүр 6.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72.000.000 төгрөгийг завшин “Э С Т И С Э” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

 

2. БНСУ-ын иргэн Г Д Х  нь “Э С Т И С Э” ХХК-ийн захирал Л Ж Ё-ын удирдан зохион байгуулсаны дагуу “МТЗ” ТӨХК, “Э С Т И С Э” ХХК-ийн хооронд … худгаас ... хүртлэх төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.308.402 ам.долларын өртөгтэй … худгаас ... хүртэлх 267 км замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээ, мөн 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2.684.000 ам.долларын өртөгтэй Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, улмаар урьд 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Э Р Р” ХХК, “С М” ХХК-тай байгуулсан … худгаас ... хүртэлх төмөр замын төслийн хүрээнд зураг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу зурагдсан зураг төслийг хуулбарлан Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад хуулбарласан зураг төслийг төмөр зам барих ажилд ашиглаж, ажлаа 100 хувь гүйцэтгэсэн мэтээр “МТЗ” ТӨХК-иас 5.021.600 ам.доллар буюу 8.772.297.926 төгрөг гаргуулан үүнээс 3.780.058 ам.доллар буюу 6.829.990.264 төгрөгийн санхүүжилтийг авч завшин М У С яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Л Ж Ё /L J Y/-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Г Д Х /K D H/-ний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Л /L J Y/-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “… худаг ... чиглэлийн төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбогдох хэргийг, шүүгдэгч Г Д Х /К D H/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л /L J Y/-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л /L J Y/-ыг 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л /L J Y/-ын урьд цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.725.000 төгрөгөөр тооцож, торгох ялын хэмжээнээс хасч тооцон, түүний торгох ялын нийт хэмжээг 32.275.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г Д Х /К D H/ цагдан хоригдоогүй болохыг тэмдэглэж, шүүгдэгч Л /L J Y/, Г Д Х /К D H/ нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 240 хавтас зураг /нийт 14 хайрцаг/, 46 хавтас зураг /нийт 3 хайрцаг/, хайрцаг №7 “С” компанийн зураг /цэнхэр өнгийн хавтастай 1 ширхэг, хүрэн өнгийн хавтастай 2 боть/, “МТЗ” ТӨХК, “SСТЕСМ” 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “ЕРС” гэрээ, хар өнгийн хавтастай баримт 1 ширхэгийг, 1-20 хүртэл IРС компакт диск 20 ширхэг, №45 хайрцаг “Б М” ХХК-ийн гүүрийн барилгатай холбоотой баримтууд, хар өнгийн нуруутай 9 хавтастай, нуруугүй задгай 8 хавтас, хайрцаг №8 С компанийн төмөр замын төслийн танилцуулга, өнгөт хэвлэмэл 2 хавтас, “МТЗ” ТӨХК-иас С компанитай харьцаж байсан албан бичгүүд ягаан хавтастай, С, ЕРР … худаг ... “ЕРС” гэрээний төсөл цагаан өнгийн хавтастай, “Э Р” ХХК-иас зам тээврийн сайд А.Г рүү явуулж байсан гэрээний төсөл, нуруутай гялгар хавтастай, “МТЗ” ТӨХК … худаг ... чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ашиглах шилжүүлэх концессын гэрээ, бор өнгийн хавтастай, С компаниас З Т Я-нд хүргүүлсэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийн хуулбарууд, хар өнгийн нуруутай гялгар хавтастай, Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэр, хуралдааны тэмдэглэл 3 хавтас материалууд зэргийг “МТЗ” ТӨХК-д шилжүүлж, хар өнгийн цүнхтэй “Ө Х Б” ХХК-ийн тамга 1 ширхэгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн газарт шилжүүлж, Л Ж Ё /L J Y/-ын цагаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр, Төрийн албан хаагчийн талаар хийсэн судалгаа 1 хавтас, Л /L J Y/-оос хураан авсан гялгар ууттай баримтууд, “Samsung Galaxy Note-2” маркийн “Имай код” …. дугаартай гар утас 1 ширхэг, 120 GB хэмжээтэй зөөврийн хард диск, залгуурын хамт, цагаан өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр 7 ширхэг, хар өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр, Флаш диск 5 ширхэг, Samsung маркийн зөөврийн компьютер, залгуурын хамт зэргийг Л /L J Y/-д буцаан олгож, Ч.У-г иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг болон энэ хэрэгт түүний … дүүргийн … дугаар хороо, … дүгээр хороолол, … гудамжны … дугаар байрны .. тоот орон сууц битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, прокуророос шүүхэд шүүгдэгч нарын барьцааны мөнгө ирүүлээгүй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Хохирогч “Ж М” ХХК, “А С” ХХК, “П Л” ХХК-иудын өмгөөлөгч Ч.Энхжин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

“Ж М” ХХК, “А С” ХХК, “П Л” ХХК-иуд нь ... аймгийн … сумын нутаг … худгаас ... чиглэлийн төмөр зам барих ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч “Э С Т С И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л нь гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж, “Ж М” ХХК-д 1.324.870.580,76 төгрөг, “А С” ХХК-д 769.357.640,5 төгрөг, “П Л” ХХК-д 305.405.115,2 төгрөгийн дутуу санхүүжилт олгон залилж, их хэмжээний хохирол учруулсан. Гэтэл анхан шатны шүүх Л-ын үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Л нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

1. “Э С Т С И С Э” ХХК-ийн зүгээс туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хасч авдаг гэдгийг хохирогч нар удаа, дараа өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Мөн гүйцэтгэлийг дараа сард оруулна гэж хэлдэг байсанд итгэн дараа, дараагийн ажлаа гүйцэтгэдэг байсан. Хэдий гүйцэтгэлийг хасч байгааг мэдсэн боловч туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр “МТЗ” ТӨХК-д тайлагнаж, санхүүжилт авсан байсныг мэдээгүй. Тиймээс “Э С Т С И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л нь туслан гүйцэтгэгч компаниудын ажлын гүйцэтгэлийг дарж, тэгсэн атлаа бүрэн гүйцэтгэсэн хэмжээгээр захиалагч талаас санхүүжилт авч, санхүүжилт авсан хэмжээгээр туслан гүйцэтгэгч нарт олгодоггүй байснаас харахад дундаас нь их хэмжээний мөнгө өөртөө завшиж, энэ талаараа нуун дарагдуулж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.

2. Шийтгэх тогтоолд ...онолын хувьд “Итгэмжлэн хариуцуулсан “Э С Т С И С Э” ХХК нь “МТЗ” ТӨХК-иас олгох санхүүжилтийг ажил гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч компаниудад олгох үүрэгтэй. Тэгэхээр “МТЗ” ТӨХК-иас туслан гүйцэтгэгч нарт олгох ёстой санхүүжилтийг ерөнхий гүйцэтгэгч “Э С Т С И С Э” ХХК хүлээн авч цааш нь туслан гүйцэтгэгч нарт олгоно. Энэ нь туслан гүйцэтгэгч компаниуд болоод “МТЗ” ТӨХК-ийн зүгээс туслан гүйцэтгэгч нарт олгох санхүүжилтийг итгэмжлэн хариуцуулж нөгөө талаас туслан гүйцэтгэгч нар ч өөрсдийн авах ёстой санхүүжилтийг “МТЗ” ТӨХК-иас өөрсдөд нь олгох санхүүжилтийг итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болно. Мөн “Э С Т С И С Э” ХХК-ийн захирал Л Т С болон Ц нарын мэдүүлгээр “Э С Т С И С Э” ХХК-д ирсэн нэхэмжлэлүүд санхүүгийн хэлтэс дээр ирж, санхүүгийн хэлтсийн дарга, дараа нь холбогдох газрууд хамгийн сүүлд Л-д очиж түүний гарын үсгээр мөнгө гардаг гэж мэдүүлснээс харвал Л нь өөрийнх нь гарын үсгээр мөнгө гардаг, санхүүжилт олгох, мөнгө гаргах эсэхийг шийдэх эрх бүхий гол албан тушаалтан бөгөөд энэхүү эрхээ ашиглаж өөртөө давуу байдал бий болгож “МТЗ” ТӨХК-иас орж ирдэг санхүүжилтээс туслан гүйцэтгэгч компаниуд олгох ёстой мөнгийг завшсан гэдэг нь хангалттай нотлогдож байна.

3. “Э С Т С И С Э” ХХК нь “МТЗ” ТӨХК-тай “ЕРС” гэрээ байгуулж төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. “ЕРС” гэрээ гэдэг бол Инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ буюу захиалагчийн хөрөнгөөр инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ юм. Уг гэрээгээр усны зардал, ажлын хөлс, цахилгааны зардал гэх мэт нөхцлүүдээ маш тодорхой тусгаж өгсөн байдаг. Гэтэл Л нь өөрийн завшсан 17 тэрбум төгрөгөөсөө усны зардал төлсөн, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байсан компанид ажлын хөлсөнд төлсөн гэж мэдүүлж байгаа нь ор үндэсгүй, худал зүйл юм.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын талаар хэт нэг талыг барьж тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, хэргийн нөхцөл байдлыг сайн тодруулахын тулд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч “Н Б групп” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Н Б групп” ХХК-ийн өмгөөлөгч би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч Л нь нийгэмд аюултай ямар үйлдэл хийсний улмаас нэр бүхий 11 хуулийн этгээдэд хохирол учирсан байдлыг залилах гэмт хэрэг гэж үзсэн үндэслэл муутай буюу прокуророос энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж “МТЗ” ТӨХК-иас 17.491.450.145 төгрөгийн санхүүжилтээр илүү авсан, уг санхүүжилтээс нэр бүхий 11 компанид 9.816.704.690.4 төгрөгийг дутуу олгож залилан мэхэлсэн гэх боловч эдгээр нөхцөл байдлууд нь ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн иргэний эрх зүйн шинжтэй маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л нь “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа ... аймгийн … сумын нутаг … худагаас ... чиглэлийн төмөр замын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон нэр бүхий 11 компани У гүйцэтгэсэн тайланг үндэслэн “МТЗ” ТӨХК-иас 107.342.372.298 төгрөгийн санхүүжилтийг авч, тэдэнд санхүүжилтээр авсан мөнгөөс 89.850.922.153 төгрөгийг олгон, туслан гүйцэтгэгч нарын ажлын тоо хэмжээ, ажлын хөлсийг багасган олгосон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг үнэлж дүгнээгүй, шүүгдэгч Л  туслан гүйцэтгэгч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал цохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Л-д ял оногдуулсан.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх толгоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Л-ыг гэм буруутайд тооцон, “Н Б групп” ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

 

Хохирогч “Б З” ХХК-ийн захирал Ш.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч “Б З” ХХК-ийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л нь “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан мэхэлж манайд 1.081.609.225,44 төгрөгийн хохирлыг учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байгаа билээ.

Гэтэл анхан шатны шүүх Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л-ыг энэхүү залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах иргэд хоорондын маргаан байна гэж илт үндэслэлгүй дүгнэлт гарган хэргийг хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн залилан мэхлэх гэмт хэргийн диспозитив шинжүүдээс Л-ын үйлдэл нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсхүл нэр хүндийг урвуулан ашиглаж үйлдэх гэсэн шинжийг бүрэн агуулж байгаа тул хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.

Гадны хөрөнгө мөнгөтэй компани шударгаар ажиллаж байгаа Монгол Улсын компани  иргэдийг дээрэлхэж, залилах зэргээр хохироосон үйлдлийг гаргасан байхад ийнхүү хууль тогтоомжийг буруугаар шүүгдэгчид ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж, хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дэмжсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуулийн дагуу хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч “Д Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...... аймгийн … сумын нутаг … худгаас ... чиглэлийн Төмөр зам барих ажилд "Д Г" ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч “Э С Т С И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л нь гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, төлбөр тооцоог багасгаж манай компанид 928.139.256 төгрөгийн дутуу санхүүжилт олгон залилж, их хэмжээний хохирол учруулсан.

1. Анхан шатны шүүх “Э С Т С И С Э” ХХК буюу түүний гүйцэтгэх захирал Л Ж Ё-ын үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. ...“Э С Т С И С Э” ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцсон нэр бүхий 11 компанийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хасч тооцон олгодог байсан гэдэг нь хохирогч нарын өгсөн мэдүүлэг буюу хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

2. Манай компани болон бусад туслан гүйцэтгэгч нарын ажлын гүйцэтгэлийг хасч тооцон олгодог байсан бөгөөд “МТЗ” ТӨХК-иас туслан гүйцэтгэгч нарын хийсэн ажлыг бүрэн гүйцэтгэсэн хэмжээгээр санхүүжилт авч өөртөө завшиж, нуун дарагдуулж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь мөн харагдаж байна.

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэрэгт ач холбогдолтой хэсгийг үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьж тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Э С Т С И С Э” ХХК буюу түүний гүйцэтгэх захирал Л Ж Ё-ыг гэм буруутайд тооцон “Д Г” ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Л-ын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Туслан гүйцэтгэгч нарт олгосон санхүүжилтийг багасгаж залилан мэхэлсэн гэмт хэргийн талаар анхан шатны шүүх дараах байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Энэ талаар хуулийн тайлбарт тодорхой зааж өгсөн байдаг. Мөн иргэний эрх зүйн маргаан байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл залилан мэхлэх гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаан хоёрын хоорондох шинжийг тухайн үйл хэргийн баримттай холбогдуулан тайлбарлаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд манай зүгээс хаалтын гэрээний талаар ярьдаг. Хаалтын гэрээ нь тухайн хэрэг, маргаан шалгагдаж эхэлсний дараа хийгдсэн. Туслан гүйцэтгэгч нарын хэлж байгаагаар дарамт, шахалт үзүүлж байгаад гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Хаалтын гэрээнд тухайн туслан гүйцэтгэгч нарын эрх бүхий албан тушаалтан, захирлууд, манай талаас Л захирал болон бусад холбогдох албан тушаалтнууд Солонгосын “С С Э Т” кропараци болон бусад холбогдох хүмүүс ирээд эцсийн байдлаар хийсэн ажлын тоо болон оногдох мөнгийг нь тооцож гарган шилжүүлээд, дахин гомдол, санал гаргахгүй гэсэн байдлаар хаалтын гэрээ хийж албан ёсоор гарын үсэг зурж, тамга, тэмдэг нь дарагдсан. Албан хүчээр хаалтын гэрээ хийсэн гэдэг асуудлаар нэг ч гомдол, санал гаргахгүй явж байгаад шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон өмнө нь нэг удаа мөрдөн байцаалтын шатанд буцсаны дараах байцаалтаас энэ талаар яриад эхэлдэг. Энэ нь бүрэн бодитой зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ гол нотлох баримт болгосон зүйл нь 01 дугаартай дүгнэлт байдаг. Мөн төсөвчин Ц гэдэг хүний шинжээчийн дүгнэлт, 01 дугаартай дүгнэлт болон төсөвчин Цийн гаргасан тоо хэмжээ нь тухайн зургийн дагуу гаргасан ажлын тоо хэмжээнд гараагүй. Харин тухайн газар дээр хийсэн ажлын тоо хэмжээг гаргасан. Гэтэл шүүх хуралдаанд гэрч Э, тухайн үед МТЗ-ын орлогч дарга болон төслийг хариуцаж байсан ерөнхий инженер маш тодорхой мэдүүлэг өгдөг. Тухайн үед ямар асуудал гарч байсан гэхээр “туслан гүйцэтгэгч компаниуд өгөгдсөн зургаас илүү хэмжээгээр чулуугаа овоолоод тавьдаг байсан. Та нарт энэ мөнгө чинь олгогдохгүй шүү. Зургийн дагуу овоолох ёстой байсан боловч илүү чулуу овоолсон байна гэдгийг удаа дараа мэдэгдсэн боловч энэ талаар огт хүлээж авахгүйгээр ажлаа хийдэг байсан” гэж хэлдэг. Энэ талаар Германы инженер болон “С С Э Т” компанийн 4-5 хүний бүрэлдэхүүнтэй инженерүүд байнгын хяналт, шалгалт хийдэг байсан талаар хавтас хэрэгт нотлох баримт авагдсан. Мөн төсөвчин Ц “Туслан гүйцэтгэгч компанийн захирлууд, инженерүүд нь миний шавь нар. Анх төсөл эхлэхэд би газар дээр нь очоод зөвлөгөө өгөөд явдаг байсан. Зурагдсан зургаас илүү хэмжээгээр чулуу овоолсон байна. Ийм байж болохгүй” гэж хэлж байсан талаар шүүх хуралдааны явцад хэлдэг. Мөн өөрөө туслан гүйцэтгэгч компанийн ажилчидтай багш, шавийн харьцаатай, тухайн газар зөвлөгөө өгөөд явж байсан хүний гаргасан дүгнэлтээр мөнгө завшсан, идсэн гэх тоо хэмжээг гаргах нь үндэслэлгүй юм. Энэ байдал болон бусад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг бүрэн дүүрэн, үндэслэл бүхий дүгнэж тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Мөн шийтгэх тогтоолд “төлбөр, мөнгө авах ёстой гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй” гэдгийг дурдаж өгсөн учраас үйлдлийг хэрэгсэхгүй болгосон зөв гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Г-ы өмгөөлөгч Г.Буян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд өмгөөлөгч нарын зүгээс Г-д холбогдох хэргийг гэм буруутай асуудал байхгүй, завших гэмт хэргийн шинж гэсэн байр сууринаас хандаж ирсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхэд хохирогч нарын зүгээс гомдол гаргасан. Гд холбогдуулж гомдол гаргаагүй ч гэсэн хэргийг гомдлын хүрээнд биш бүхэлд нь хянан хэлэлцэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Гд холбогдох хэргийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй, гэм буруугийн асуудал тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн. Гыг прокурорын зүгээс буюу яллагдагчийн зүгээс гэм буруугийн асуудлыг ЕРС гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнүүдийг хийж зураг төслөө боловсруулахдаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, дүрмийг зөрчөөд үүний дагуу Сангийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан. Гэтэл анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх явцад Г-ы гэм буруугийн асуудал тогтоогддоггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Г-ы өмгөөлөгч Х.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Улсын яллагч болон хохирогч нарын зүгээс Гтой холбогдуулж ямар нэгэн гомдол гаргаагүй. Э З Х Я, З Т Я, МТЗ, М У Х Б нар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, дүгнэсэн актаа үйлдээд бүх ажлаа хүлээлцсэн байдаг. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдсан. Үндсэн ажлыг “С И” гэх Солонгос компанитай гэрээ байгуулаад,  үүнээс үүдэн “С И М” гэдэг компани Монгол Улсад байгуулагдаад ажлын зураг зурах ажлыг хийсэн. Бид нар мэргэжлийн хүмүүс биш учраас шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Тухайн үед Тээврийн тухай хууль гэдэг ганцхан хуулиар төмөр замын харилцааг зохицуулдаг байсан.

Гэтэл барилга байгууламж, төмөр замтай холбоотой эрх зүйн харилцаа нь өөрөө Барилгын тухай хууль, Автозамын тухай хуулийг төсөөтэй хэрэглэх замаар зохицуулагдаж ирсэн. 2017 онд Автозамын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох замаар Төмөр замын зурагтай холбоотой нэмэлт зохицуулалт орж ирсэн. Гэхдээ яг төмөр замын зураг гэж биш замын зураг гэж оруулж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Э мэдүүлсэн байдаг. “Тухайн үед энэ харилцааг хэрхэн, яаж зохицуулах, хэн яаж баталгаажуулах, ямар мэргэжлийн, ямар туршлагатай хүмүүс байх юм гэдэг нь өөрөө Монгол Улсад цоо шинэ байсан учраас байгаа бүхий л нөөц бололцоог ашиглаж, инженерүүдтэй хамтран ажилласан” гэдэг мэдүүлгийг өгсөн. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ч.Угийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж ажилласан. Ч.У нь 2010 онд С их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсөөд С-н хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байсан. Гэтэл ажиллаж байсан компанийх нь захирал П Ж Х гэж хүн Ч.Уд “манай найз Л чамаас татварын эрх зүйн талаар, түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар зөвлөгөө авмаар байна. Чи энэ талаар туслаад өгөөч” гэхэд нь туслаад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Өөрийнх нь захирал хэлэхдээ “энэ ажлыг бүтээж өгөх юм бол Л захирал чамд 200.000.000 төгрөг өгнө гэсэн” гэж хэлсэн байдаг. Гэрээ байгуулагдахад Л захирлын зүгээс “манай компани одоохондоо цалин, мөнгөгүй байгаа учраас чи жоохон хүлээж бай, гэрээ байгуулж болно” гэж хэлээд Ч.У хэлсэн ажлыг нь хийсэн. Ажлыг нь хийчихээд Ч.Уг 2015 оны 10 дугаар сарын 20-нд Солонгос улсад эмчилгээтэй байхад нь Н гэдэг хүний дансаар хоорондын тооцоо гэсэн утгатай 200.000.000 төгрөг Угийн дансанд нь орж ирсэн. Энэ мөнгөний талыг нь П Ж Х захирал нь “би чамд ажил олж өгсөн учраас талыг нь надад өгөх ёстой” гэж хэлсэн учраас Улаанбаатарт ирээд 100.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн 100.000.000 төгрөгийн 60.000.000 төгрөгийг өрөндөө өгөөд үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулаад дууссан байдаг. Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь үнэн байна, мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй болжээ гэж үзээд иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод үүний дагуу битүүмжилсэн байсан 2 өрөө байрын битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн захирал П Ж Хоос Уг хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэдэг утгатай цахим шуудан ирсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн талаар анхан шатны шүүх шударга шийдвэр гаргасанд талархаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой гомдол, санал байхгүй. Гомдол гаргасан компаниудтай би ямар нэгэн харилцаанд орж байгаагүй бөгөөд надтай хамааралгүй. Энэ төсөлд орж ажиллаад өөрт ногдох цалингаас өөр ашиг хүртсэн болон мөнгө санхүүтэй холбоотой асуудал байхгүй. Хэрэгт “У А” гэдэг газар аудит хийсэн байдаг. Аудитын дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шүүхийн шинжилгээний шинжээч нар уг төсөлтэй холбоотойгоор мөнгө шилжин орсон зүйл байхгүй гэж мэдүүлсэн байдаг. 2015 оны 11 дүгээр сард надад хэрэг үүсгэж шалгасан. Үүнээс хойш 2017 оны 5 дугаар сар, 11 дүгээр сард хоёр удаа мөрдөн байцаалтад буцсан. Өнөөдрийг хүртэл хангалттай урт хугацааны шалгалт хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд тухайн үеийн төсөл хариуцаж байсан МТЗын дэд захирал Э “өмнөх төсөл явагдаж байхад байсан С компанийн зураг төслөөр ажил бүрэн гүйцэт явагдах боломжгүй” гэж тодорхой мэдүүлсэн. “С И М” компани нь ажил гүйцэтгэлийн зураг зурсан. Энэ нь зайлшгүй байх ёстой үе шатны, зайлшгүй байх ёстой зураг гэж мэргэжлийн тодорхой зүйлүүдийг хэлсэн. Өмнөх суурь зураг нь нийт 700 хуудас зураг байдаг...” гэв.

 

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнлэтдээ: “...Шүүхийн зүгээс залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотойгоор гэм хор учраагүй гэж үзээгүй. Гэм хорын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэсэн. Энэ талаар хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэж байгаа. Л болон Г нарын зураг төсөлтэй холбоотой нэг үйлдэл байдаг. Зураг төсөлтэй холбогдсон хүмүүс нь итгэмжлэн хариуцсан этгээдүүд биш байна, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирол төлбөртэй холбоотой асуудлаар шүүх Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасны дагуу “С С Э Т” буюу “Э С Т С И С Э” компаниас хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй боловч хэрэгт дээрх компанийг иргэний хариуцагчаар татаж ирүүлээгүй учраас хохирол гэм хорын асуудлыг энэ хэрэгтэй хамтатгаж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Хэргийн дугаар 154 гээд шийтгэх тогтоол дээр буруу бичигдсэн байгаа. Энэ хэрэг нь 150 дугаартай үндсэн хэргээс тусгаарлагдаад шүүхэд шилжсэн 36 дугаартай хэрэг юм. Үндсэн 150 дугаартай хэрэг дээр хохиролтой нь холбогдуулаад “Э С Т С И С Э” компанийг иргэний хариуцагчаар татсан. 8 тэрбум төгрөгийн хохиролтой холбогдуулан тусгайлан татсан зүйл байхгүй. “Э С Т С И С Э” ХХК-ийг бүх хохирол дээрээ иргэний хариуцагчаар татаад явж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас шүүхээс дүгнэлт өгөхдөө гэм хорын асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Улсын яллагчийн зүгээс зураг төсөлтэй холбоотой хэргийг гэмт хэргийн шинжтэй байна гэж анх шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй ямар үйлдэл байна вэ гэхээр өөр компанийн хийсэн зүйлийг хуулбарлах байдлаар зураг төслөө хийж, гэрээ байгуулаад С яаманд хохирол учруулсан. Шүүх энэ талаар итгэмжлэн хариуцсан этгээд биш байна гэж үзээд гэм хорын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Зураг төслийг үнэхээр хуулбарласан эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхаарч үзнэ үү. Улсын яллагчийн зүгээс учирсан хохирлыг “Э С Т С И С Э” ХХК-иас гаргуулъя гэсэн байр суурьтай байсан. Хохирлын асуудал 2 хуваагдсан байгаа. “С И” гэх хуулийн этгээдтэй холбогдох хэрэг, яллагдагч Гтой холбоотой 6.6 тэрбум төгрөг шилжсэн. Зураг төсөлтэй холбоотой 8 тэрбум төгрөгөөс 1.9 тэрбум төгрөг нь “С И М”-гаас гараагүй. Энэ талаар аудитын дүгнэлтээр гарсан. Эдгээр мөнгөний асуудлыг хэн хариуцах талаар дүгнэлт хийсэн зүйл байдаггүй. Боломжтой бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

БНСУ-ын иргэн Л /L J Y/ нь “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, … худгаас ... чиглэлийн төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад ... аймгийн Х сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын төлбөр төлөх нэрээр 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Э С Т И С Э” ХХК-ийн данснаас “Ө Х Б Г” ХХК-ийн дансанд 691.372.560,00 төгрөгийг БНСУ-ын иргэн П Ж Х-оор дамжуулан авч завшин “Э С Т И С Э” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

Л /L J Y/ нь Монгол Улсын “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж БНСУ-ын иргэн К Ч Х-аар дамжуулан Монгол Улсын иргэн У.У, Д.У нарын үүсгэн байгуулсан “С П” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан тус компанид олгосон санхүүжилтээсээ сар бүр 6.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72.000.000 төгрөгийг завшин “Э С Т И С Э” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэрч У.У /6-р хх-ийн 142-144/, Ц.Н /7-р хх-ийн 137-139/, Я.О /7-р хх-ийн 145-146/, Т.О /7-р хх-ийн 151-152/, Ч.Э /7-р хх-ийн 160-161/, М.Ж /7-р хх-ийн 163-164/, Б.М /7-р хх-ийн 168/, Н.Б /7-р хх-ийн 171-172/ нарын мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийн шинжээчийн “Х сумын захиргаанаас “Э С Т И С Э” ХХК-д 691.372.560 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд бичигдсэн бичгийн хэвийг Л-ын бичгийн хэвтэй харьцуулсан” 4326 тоот дүгнэлт /3-р хх-ийн 7-17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийн шинжээчийн “Х сумын захиргаанаас “Э С Т И С Э” ХХК-д 691.372.560 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд дарагдсан тамганы дардастай харьцуулсан 4207 тоот дүгнэлт /3-р хх-ийн 76-80/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрт зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн үндэслэл, журамын дагуу хуулийг буцаан хэрэглэсэн байна.

 

 

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан “...хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, хэргийн нөхцөл байдлыг сайн тодруулахын тулд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй, ...хохирлыг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү. ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, Монгол Улсын  Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

 

Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субьектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харъяаллын тухай асуудлыг авч үздэг. Өөрөөр хэлбэл ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүн нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутай тооцогдох иргэн /хуулийн этгээд/,-ийн нийгэмд харш үйлдэл, эс үйлдэхүйг бүрдүүлэгч шинжүүдийн нийлбэр юм.

 

Мөн хууль зүйн ач холбогдлоор гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан эсхүл иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.

 

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягтлаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Прокуророос шүүгдэгч Л /L J Y/-ыг “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Э С Т И С Э” ХХК болон “МТЗ” ТӨХК хооронд байгуулсан ... аймгийн Ц сумын нутаг ... худгаас ... чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “У”-ын тоон мэдээ тайланг “МТЗ” ТӨХК-нд гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилт олгож, “МТЗ” ТӨХК-иас 17.491.450.145 төгрөгийг илүү санхүүжилтээр авсан боловч уг илүү санхүүжилтээс туслан гүйцэтгэгчээр ажилласан нэр бүхий 13 /давхардсан тоогоор/ компанид санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж, санхүүжилтийг дутуу олгон залилж, дээрх нэр бүхий 11 компанид их хэмжээний буюу нийт 9.816.704.690,4 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг нотлогдсон хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд прокуророос шүүгдэгч Л /L J Y/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч залилах гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...”, 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж заажээ.

 

Шүүгдэгч Л /L J Y/-ыг прокуророос нийгэмд аюултай ямар үйлдэл хийсний улмаас нэр бүхий хуулийн этгээдэд хохирол учирсан байдлыг залилах гэмт хэрэг гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Л /L J Y/-ын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явцад түүнийг яллагдагчаар татсан тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд дээрх хуульд заасан гэмт хэргийн аль шинжид хамаарч байгаа талаар огт дурдалгүй орхигдуулжээ.

 

Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, мөн хэсгийн 1.5 дахь заалтад “Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх”, 1.10 дахь заалтад “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх” гэж хамааруулан зохицуулжээ.

Хууль зүйн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн үйлдсэн гэх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсны эцэст хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоож, улмаар прокурор тэдгээрийг хуульд заасан журмын дагуу хянаж, яллах дүгнэлт үйлдэх ёстой.

  

Шүүхээс хэргийг удаа дараа мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байсан хэдий ч яллах дүгнэлтэд Л /L J Y/-ыг “...албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан...” гэж залилах гэмт хэргийн үндсэн шинжийг орхигдуулж ерөнхий байдлаар, зөвхөн хүндрүүлэх шинжүүдийг дурдсан байна.

 

Дээрх байдлаас үзэхэд шүүхээс хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар хийсвэр, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан дүгнэлт хийх нөхцөл байдал үүсч байна.

Энэ нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчимд нийцэхгүй болно. Эдгээр болон прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан хууль ёсны зарчим алдагдах байдалд хүрчээ.

Үүнээс гадна залилан мэхлэх гэмт хэргийг гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгах гол шинж нь гэрээгээр шилжиж буй эд хөрөнгө, эрх, авч буй ажил үйлчилгээний төлбөрийг хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн байдаг.

Харин Иргэний хууль тогтоомжийн дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас дүгнэлт хийвэл Л /L J Y/-ыг “S” компани, түүний охин компани “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээг тухай бүр дүгнэж, төлбөрийн асуудлаар талууд маргаан үүсч, улмаар тохиролцон санхүүжилтийг олгож байсан байна. Мөн туслан гүйцэтгэгч нар ямар хэмжээтэй төлбөр төлөгдөж байгаа талаарх үнийн дүнг мэдэж байсан бөгөөд тухайн үедээ “Э С Т И С Э” ХХК-тай маргаж байсан хэдий ч төлбөрийг зөвшөөрсөн байна.

 

            Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд “Э С Т И С Э” ХХК  нь 2016 оны 7 дугаар сард туслан гүйцэтгэгч нартай тооцоо нийлэн Хаалтын гэрээ /Agreement of Release/ байгуулан өр төлбөрийг хаасан тухай гэрээнд зааснаар талууд тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл уг хаалтын /Agreement of Release/ гэрээгээр цаашид дахиж ямар нэгэн гомдол гаргахгүй гэж талууд тохирсон боловч туслан гүйцэтгэгч нар хохирол нэхэмжилж буй нь уг гэрээний заалттай зөрчилдсөнөөс гадна туслан гүйцэтгэгч компанийн эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд энэхүү хохирол учруулсан гэх төлбөртэй холбоотой маргаан ажлын явцад тухай бүр үүсч, улмаар туслан гүйцэтгэгч нар “Э С Т И С Э” ХХК-ийн тооцоог зөвшөөрч ирсэн байна.

 

            Нэр бүхий хохирогч нар тооцооны зөрүүг мэдэж байсан, харилцан гэрээг дүгнэж, түүнээс үүсэх үр дагаврыг харилцан тооцсон зэрэг нь гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд залилах гэмт хэргийн шинжийг няцааж байна.

 

            Анхан шатны шүүх, шүүгдэгч Л /L J Y/-ыг буруутгах үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүдэд хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн байх бөгөөд тэдгээрийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт хэмээн үзэх боломжгүй. 

 

Өөрөөр хэлбэл “S” компанийн гүйцэтгэсэн төмөр замын ажилд хяналт тавин ажилласан Герман улсын “D” компанийн тайлантай шинжээч нар танилцалгүй дүгнэлт гаргаснаа анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14, 16.15 дугаар зүйлүүдэд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шалгаж үнэлэх журмыг нэг бүрчлэн тусгайлан зохицуулан хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заажээ.

 

Дээрх хуулиудад заасан үндэслэл, журмын дагуу авагдсан “S” компанийн гүйцэтгэсэн төмөр замын ажилд хяналт тавин ажилласан Герман улсын “D” компанийн тайланг нотлох баримт гэж үзнэ. /31 хх-181-217, 32 хх-ийн 38-123, 37 хх-80-123/

 

Хэрэгт авагдсан гэрч Б.Э-ын “...2013 оны 10 дугаар сарын 14-нөөс “IPC” буюу 2014 оны 11 сар хүртэлх хугацаанд Герман улсын “D” гэдэг компани хянаж байсан. Хяналтын дарааллын хувьд гүйцэтгэгч талаас “IPC”-ээ “D”, манайх хоёрлуу хамт явуулдаг, түүний дагуу Герман улсын “D” манайх хоёр талаасаа нийлж хянаад ирүүлсэн ажлаас ямар ажлыг хүлээн зөвшөөрөх, ямар ажлыг хүлээн зөвшөөрөхгүй талаар гүйцэтгэгч хүргүүлдэг. ....Герман улсын “D” буюу …” компаниар ТЭЗҮ болон техникийн зураг төсөл /нарийн царигаар/ хийлгэсэн байсан. ...Герман улсын “D” уг ажилд ерөнхийд нь хяналт тавиад гол үндсэн чухал ажлууд буюу гадсан суурийн ажил хийчихлээ гэхэд дараагийн ажил хийх дээр зөвшөөрөл олгодог байсан. ...МТЗ-аар баталгаажуулсан зүйл байхгүй байх, зөвлөх компани “D” компаниар баталгаажуулсан байх. Тухайн үед МТЗ-ын удирдлагуудаас зургаа Барилга хөгжлийн төвөөр батлуулж, хяналтын компаниар хянуул гэдэг шаардлагыг тавьдаг байсан...”, гэрч Ж.Э-ын “...бид нарын хянаад гаргасан “IPC”-ыг Герман улсын “D” давхар хянадаг юм. Тэгээд захиралд танилцуулаад баталгаажуулаад Хөгжлийн банк руу санхүүжилт олгуулахаар явуулдаг. Тэгээд С компани руу гүйцэтгэл нь ордог. Герман улсын “D” компани нь “IPC” 12, 13 хүртэл хянасан байх гэж бодож байна...”, гэрч Б.Б-ийн “...”IPC”-гийн нүүрэн дээр барилга угсаралтын менежер Э, “D”-ын ахалж байсан хүмүүс гарын үсэг зураад бас удирдлагууд танилцдаг...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэвэл Герман улсын “D” компанийн тайлан гүйцэтгэгч компанийн гэрээгээр биелүүлсэн ажил, түүний төлбөр, санхүүжилтэй холбоотой баримт аж. /6-р хх-ийн 193-210, 225, 229-231/     

 

“S” компанийн гүйцэтгэсэн төмөр замын ажилд хяналт тавин ажилласан Герман улсын “D” компанийн тайлантай шинжээч нар танилцалгүй дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.1 дэх заалтад “шинжээч нь шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх” үүрэгтэй гэсэнтэй нийцэхгүй юм.

 

Уг байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төмөр замын гүйцэтгэлийн ажилд газар дээр нь хяналт тавин ажилласан Герман улсын “D” компанийн хяналт хийсэн тайлантай танилцалгүйгээр шинжээчид дүгнэлт гаргасныг үнэн зөв, бодитой гарсан гэдэгт эргэлзээтэй.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заажээ.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах хохирлын хэмжээг тогтоох зорилготой шинжээчдийг томилжээ.

 

Харин шинжээчид нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах эрхгүй ба зөвхөн тэдний дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэх боломжгүй байдаг. 

 

Гэмт хэргийн шинжтэй эсэхийг хуулиар тодорхойлон заасан эрх бүхий этгээдээс хийдэг хууль зүйн ойлголтод хамаардаг.

 

Иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн гэм хортой холбоотой маргааныг шүүгдэгч Л /L J Y/-ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна.   

 

“Э С Т И С Э” ХХК болон “МТЗ” ТӨХК хооронд байгуулсан ... аймгийн Ц сумын нутаг … худгаас ... чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “У”-тай холбоотой далан газар шорооны туслан гүйцэтгэгч нарт санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж, санхүүжилтийг дутуу олгосон гэх асуудал иргэний эрх зүйн маргаан болно.

 

Аливаа эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараалал, шүүхэд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулдаг.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэр бүхий хохирогч нар гэрээнээс үүдэлтэй маргаан болох гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоо, санхүүжилттэй  холбоотой  асуудлыг үүрэг бүхий этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Эдгээр байдлуудаас үзэхэд нэр бүхий хохирогч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эдгээрээс гадна прокурорын яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Л /L J Y/-ыг “Э С Т И С Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Э С Т И С Э” ХХК болон “МТЗ” ТӨХК хооронд байгуулсан ... аймгийн Ц сумын нутаг … худгаас ... чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “У”-ын тоон мэдээ тайланг “МТЗ” ТӨХК-нд гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилт олгож, “МТЗ” ТӨХК-иас 17.491.450.145 төгрөгийг илүү санхүүжилтээр авсан боловч уг илүү санхүүжилтээс туслан гүйцэтгэгчээр ажилласан нэр бүхий 13 /давхардсан тоогоор/ компанид санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж, санхүүжилтийг дутуу олгон залилж, дээрх нэр бүхий 11 компанид их хэмжээний буюу нийт 9.816.704.690,4 төгрөгийн хохирол учруулсан...”хэмээн бичжээ.

 

Шүүгдэгч Л /L J Y/-ыг залилах гэмт хэргийг хэзээ үйлдсэн талаар прокурор яллах дүгнэлтдээ бичилгүй орхигдуулсан нь нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчсөн болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан…” байхыг тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан...“ хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлон заажээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаас үзэхэд Сангийн яамны хөрөнгийг шүүгдэгч Л, Г нар нь хариуцахаар үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал Сангийн яам шүүгдэгч нарт төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх үүргийг шууд гэрээгээр болон хуулиар хүлээлгэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л, Г нар нь Монгол Улсын Сангийн яамны эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш болох нь тогтоогдож байх тул прокуророос шүүгдэгч Л /L J Y/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “… худаг ... чиглэлийн төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбогдох хэргийг, шүүгдэгч Г Д Х -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тодотгон заажээ.

 

Гэтэл прокуророос шүүгдэгч Л /L J Y/-ыг “...албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан...” гэх хэргээс бусад гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан гэж ялласан байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч нь тухайн гэмт хэргүүдийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан зэрэг идэвхтэй үйлдэл хийсэн нь тодорхойгүй байна.

            Үүнээс дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийн оролцоог нэг бүрчлэн тодорхойлоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л /L J Y/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд буюу 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л /L J Y/-ын урьд цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.725.000 төгрөгөөр тооцож, торгох ялын хэмжээнээс хасч тооцон, түүний торгох ялын нийт хэмжээг 32.275.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал болон энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Б З” ХХК-ийн захирал Ш.А, хохирогч “Ж М” ХХК, “А С” ХХК, “П Л” ХХК нарын өмгөөлөгч Ч.Энхжин, хохирогч “Н Б групп” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Гантулга, хохирогч “Д Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Б З” ХХК-ийн захирал Ш.А, хохирогч “Ж М” ХХК, “А С” ХХК, “П Л” ХХК нарын өмгөөлөгч Ч.Энхжин, хохирогч “Н Б групп” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Гантулга, хохирогч “Д Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                                         

 

                                                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР

                                                                                             ШҮҮГЧИД Ц.ОЧ

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ