Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар ШЦТ0045

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн эрүүгийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Улсын яллагч Д.Бат-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн

Шүүгдэгч Ц.М

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нарыг оролцуулан Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Мд холбогдох  эрүүгийн  201615010050 тоот хэргийг  хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.... оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг, 1-7 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай М овгийн Ц.М гэв. /РД: ЙС98072811/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Э.Стой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний хамрыг хазаж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  • Хохирогч Э.Сийн мөрдөн байцаалтад ... 2016 оны 02 сарын 08-ны өдөр Б ахынд битүүрч байтал 22 цагийн орчим М, Г 2 цуг орж ирээд мэндэлчихээд би Мгаас адуу малаа олсон уу гэж асуутал адуу малаа олоогүй, ер нь чамд ямар хамаатай юм бэ пизда минь гээд хэрүүл хийх шинжтэй байхаар нь би тэндээс гараад Моогоогийнд ороод байж байтал дахин хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би Моогоогийнхоос гараад иртэл М араас Гийн хамт гарч ирсэн. Г Санжаа ах танайд очиж битүүрье гэхээр нь тэгье гээд тэр 2-ын хамт гэртээ очсон. Мөн Моогоо ч хамт явсан. Гэртээ ирээд М, Г, Моогоо нарт барашк, айраг хийж өгөөд дараагийн айлд буюу Цэнджав гэж айлд очихоор болоод Г, Моогоо бид 3 түрүүлээд гарсан. Гтой Цэнджав ахынд оръё энэ М чинь яагаад байгаа юм бэ алгадчихмаар хүүхэд байна уу үгүй юу наад Мгаа аваад яв гэтэл М гарч ирээд та 2 хор найруулж намайг нийлж зодох тухай ярьж байна уу гээд над руу дайраад миний дээлнээс татаж байгаад дээл урчихаад нүүрэнд нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би газар унагаагаад дээрээс нь дараад уначихсан. Тэр үед манай аав гарч ирээд наад хүний хүүхэд босго гэхээр нь босготол М босохдоо газраас чулуу аваад толгойны баруун дээд хэсэгт 1 удаа цохьчихоод жалга руу гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би Мг хойноос нь гүйж очоод барьж аваад Мд чи яаж баигаа юм, толгой хагалчихлаа гээд Мг дагуулаад Моогоогийнд ороод шархаа харуулж цусаа угаасан. Тэгээд Мг чи харь эмээ дээрээ оч гэж хэлсэн. Тухайн үед М дээлээ, гутлаа тайлчихсан байсан. Өөрөө яваад дээл, гутал зэргээ олоод өмссөн. Мд би сүүлдээ чи яагаад намайг ингэж байгаа юм бэ би чамд хийсэн гэм байна уу одоо эртхэн харь эмээ дээрээ оч гэсэн чинь би төрсөн нутгаасаа чам шиг пиздагаар хөөлгөхгүй, өөрөө гэрээ ачаад зайл гэхээр нь чи яах гэж ингээд байгаа юм бэ гээд зөндөө аргадсан. Тэгтэл над руу цохих гээд дайраад байхаар нь би 2 гарыг нь урд талд нь дээлнийх нь нударгаар холбоод барьчихсан ухарч явж байгаад бүдрээд дээшээ хараад уначихсан чинь М дээрээс унаад миний хамарнаас хазсан. Тэгэхээр нь хазахаа боль миний хамрыг тавь гээд хэлчихсэн чинь миний хамрыг хазаад улам дугтарсаар байгаад таслачихаад дээрээс босохгүй байхаар нь түлхэж босгосон. Толгой эргээд босож чадалгүй цусаа гоожуулаад мөлхөөд явж байтал М хойноос ирээд нуруун дээр 2 удаа дэвсээд, дээшээ харсан хойно цээжрүүр 3 удаа өшиглөсөн. Энэ хугацаанд би маш чангаар орилтол Долгормаа эгч нөхөртэйгөө гарч ирээд Мг салгасан. Мг байлгаж байгаад түүний ах болон аавыг нь дуудуулаад хамт сумын төвийн эмнэлэг дээр ирээд үзүүлсэн. Ямар эмч гарч байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан боолт хийлгээд маргааш өглөө нь Хүрэлбаатар эмчтэй ярьж байгаад үзүүлсэн. Г бүх үйл явдлыг харсан хүн. Моогоо болон түүний эхнэр намайг М-д толгойгоо хагалуулсныг мэдэж байгаа. Харин хамраа хазуулсныг мэдээгүй. Долгормаа эгч нөхөртэйгөө хамраа хазуулчихаад зодуулж байх үед гарч ирсэн. Манай аав намайг Мг дарчихсан байхыг харсан. М согтуугийн хувьд согтуу байсан. Гэхдээ биеэ хянах чадвартай байсан гэж би үзэж байгаа. Хамраа бүрэн гүйцэд янзлуулж, нүүрнийхээ соривыг арилгуулмаар байна. Олон нийтийн газар явахаар нүүрээ байнгын нууж явж байна.эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29-30, 31 дүгээр хуудас/
  • Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад ... 2016 оны 02 сарын 08-ны өдөр М, Г нар нь 19-20 цагийн орчим манайд мотоцикльтой ирсэн. Тэднийг орж ирэхэд С манайд хөзөр тоглоод сууж байсан. М.С, Г 3 манайд айраг ууж, бууз идчихээд гараад явсан. Тэр гурвыг гарсны дараа манай гэрийнхэн унтсан. Унтаж байтал гэрийн ойролцоо хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байснаа нэг хүн багалзуураа шахуулж байгаа юм шиг сонин дуугараад байсан. Тэгэхээр нь гараад хартал С фудволкоороо нүүрээ дарчихсан, М хажууд нь зогсож байсан ба Г мотоцикль дээрээ суугаад унтчихсан байсан. Тэгэхээр нь Гийг сэрээгээд наад 2 чинь зодолдоод салахгүй байна, яасан юм бэ гээд гэртээ орж нөхрийгөө сэрээгээд С, Г, М гурвыг оруулсан. Тэгээд Сийн ээжрүү ярьж түүнийг өгч явуулсан. Сийн хамарны үзүүрээс цус гараад тогтохгүй байсан, өөр шарх анзаараагүй. Гарсан чинь С М миний хамрыг хазчихлаа гээд байсан. гэрт орсон хойноо ч миний гоо сайхныг алдагдууллаа гээд байсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
  • Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтад... би С-той Б ахынд очоод хөзөр тоглоод сууж байсан. Цаг хэд болсныг анзаараагүй. Г М 2 ирээд Б ахынд битүүрцгээсэн. Б ахынхаас гараад С, М, Г гурвын хамт гэртээ очсон. Манайхаас бид 4 цуг гараад Э ахынд очоод тэд удалгүй гараад тамхи татаад байж байтал М С хоёр барилцаад авсан. Хэн нь хэнийгээ яаж зодсоныг хараагүй. С Мгийн дээр гараад суучихсан ба тэр үед Э ах гарч ирээд Сийг босгосон. Тэр үед М гартаа чулуу барьчихсан байсан ба босоод яваад өгсөн. Араас нь С явсан. Гэртээ орж ирэхэд С М 2 ирчихсэн, С нүүрээ, толгойгоо угаачихсан толгой нь хагарчихсан, М толгой хагласан гээд байсан. Тэгж байгаад С, М 2 гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй  ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/Гэрч Ж.Батцэцэгийн мөрдөн байцаалтад ... Моломдавга айлын хамгийн том хүүхэд. Аав нь 2014 онд нас барсан, эхээс 6-уулаа. Архи уудаг байсан, одоо архи уухаа болиод архинаас татгалзаад байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу, дуу цөөтэй, одоо эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар  хуудас/
  • Гэрч С.Э-н мөрдөн байцаалтад ... 2016 оны 02 сарын 08-ны өдөр манайд 22-23 цагийн орчим Г, М, Моогоо нар манай хүү Сийн хамт орж ирсэн. Баярын өдөр байсан тул бүгд идэж уугаад гарсан. Эхнэр бид 2 гэрт үлдсэн. Гэтэл удалгүй гадаа хүмүүс ноцолдоод эхлэхээр нь гартал С Мгийн дээр гарчихсан хүлэх гэж байна гэж байсан. Тэгээд Сийг татаж босгоод яасныг асуухад М агсам тавиад байна гэж байсан. М Сийг босгонгуут босоод гүйчихсэн. Сүүлд нь хүүгээсээ толгойгоо Мд хагалуулсан гэдгийг мэдсэн. Шөнө болсон хойно манай хэнэр Базарваанийд очоод хүүг хамраа хазуулсныг мэдээд эмнэлэг явсан ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
  • Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад ... 2016 оны 02 сарын 08-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Г, М, манай хүү С нар манайд орж ирсэн. Битүүний өдөр байсан тул идэж ууцгаагаад гарсан. Төд удалгүй гадаа пижигнээд байсан. Тэгээд нөхрийгөө гаргасан юм. Манай нөхөр орж ирээд С, Мгийн дээр гарчихсан байна гэж байсан. Нилээд удсаны дараа Долгормаа хүрээд ир гэхээр нь ганцаараа очтол хүүгийн маань хувцас цус болсон, хамраа хазуулсан байсан. Тэгээд шөнөдөө Мгийн ар гэрээс хүмүүс ирэхээр нь сумын төврүү эмнэлэг явсан  ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 43-44 дүгээр хуудас/п
  • Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд ... 2016 оны 02 сарын 08-ны өдөр М бид 2 адуундаа явж байгаад орой 20-оос 21 цагийн орчим Б гэж айлд орсон. Тэднийд ороход Б ах, Долгормаа эгч, Моогоо, С нар хөзөр тоглоод байж байсан. Тэднийд бууз идчихээд айраг уугаад гарсан. Тэднийхээс гараад М, С ах бид 3 Моогоо ахынд ороод битүүрсэн. Тэднийд нэрийг нь мэдэхгүй шилтэй архинаас би Стой талаас доогуур болтол нь уусан. М архи уугаагүй. Зөвхөн Монгол архи уусан. Тэднийхээс гараад М, Моогоо ах, С бид 4 Э ахынд буюу Сийн аавынд очсон. 3 айл хэсээд юм идсэн учраас Э ахынд нэг их удаагүй гарсан. Гартал С ах намайг дуудаж уулзаад Мг би цохьчих уу гэхээр нь би хэрэггүй ээ яах гээд байгаа юм бэ гэсэн чинь миний үгийг тоолгүй Мг дуудаад нэг удаа гараараа нүүр лүү нь цохьчихсон. М яаж байгаа юм бэ гээд Стой барилцаж аваад С Мгийн дээр нь гараад хөдөлгөхгүй байсан. Тэгтэл Э ах боль чи хүний хүүхэд аллаа гээд босгосон. Тэр үед Моогоо хажууд нь дөнгөж ирээд байж байсан. Тэндээсээ буцаад Санаадорж, М бид 3 Моогоо ахынд очсон. Моогоо ахынд хэсэг айраг ууж байгаад С, М бид 3 гарсан. Санжаадоррж Мд ахыгаа хүргээд өгчих гэсэн чинь М чадахгүй гэж хэлсэн. Тэр үед би мотоциклийн ард сундлачихсан, М мотоцикль жолоодоод хөдлөх гэж байтал С өшиглөөд бид 2-ыг мотоцикльтой унагаачихсан. Тэгэхээр нь босож ирээд би өөрөө мотоицклоо асаах гэтэл мотоицклийн маниул хугалчихсан байхаар нь С ахад та маниул хугалсан байна гэсэн чинь С чиний мотоциклийг яадаг юм бэ гэсэн чинь М Стой барилцаж аваад гэрээс холдсон. Тэр 2 нилээд удсан. Би салгах гээд дийлээгүй. Тэгээд би мотоцикль дээрээ сууж байгаад унтаад өгсөн байна лээ. Нэг сэрсэн чинь Б ах эхнэртэйгээ гараад ирчихсэн намайг цохиод Мг цохиод салгасан. С босоод иртэл түүний нүүр ам нь нил цус болчихсон байсан. Б ахынд ороод Мгаас яачихсан юм бэ яагаад хазчихсан юм гэсэн чинь миний дээр гараад 2 гар холбоод барьчихсан, хоолой багалзуурдаад хөдөлж чадахгүй амьсгаа боогдоод байхаар нь аманд нэг юм тээглэхээр нь хазчихсан чинь хамар нь байсан гэж байсан. Тэр шөнөдөө Мгийн ар гэрээс нь хүмүүс ирээд Сийг эмнэлэгт үзүүлэх гээд сумын төв рүү авч явсан. Тэр 2 Моогоо ахынд байхад адуу малнаас маргах шиг болсон. Миний ойлгосноор С Мд байгаа малаа харж чадахгүй гээд байсан. Тэрнээс л болж хэрүүл гарсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 47 дугаар хуудас/
  • Гэрч В.Нэргүйн мөрдөн байцаалтанд ... 2016 оны 02 сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Моогоо буюу Лхагвадорж, С, М, Г нартай орж ирээд битүүрээд гарсан. Хэсэг хугацааны дараа М, С хоёр орж ирээд С толгой хагарчихлаа гээд нил цус болчихсон угаагаад Мгийн хамт гарсан. Дахин манайд орж ирээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/
  • Хууль ёсны төлөөлөгч И.Ц-н мөрдөн байцаалтанд ... миний хүү Ц.М нь Өвөрхангай аймгийн..... сумын Эрүүл мэндийн төвд 1998 онд ууган хүүхэд болж төрсөн. Цэцэрлэгт явж байгаад сумын сургуульд 8 дугаар анги хүртлээ сураад аймгийн төвд МСҮТ-д сурсан. Одоо барилгын засал чимэглэлч мэргэжилтэй. Энэ жил 18 нас хүрч байгаа. Эхнэр хүүхэд байхгүй. Зан байдлын хувьд төлөв даруу ааштай, хүнд тусархаг, ажилч хичээнгүй хүүхэд байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 46 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд ...

                       1. Э.Сийн биед хамрын зүүн самсаа хэсгийн эдийг дутагдал бүхий шарх, хамрын зүүн самсаа, зүүн хацарны урд хэсэгт мэс засал хийгдсэн оёдлын ором бүхий сорви гэмтэл тогтоогдлоо

                        2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

                  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувиар алдагдуулах тул шүүх эмнэлгийн гэмдлийн зэрэг тогтоох журмын 4.9.40.3, 4.9.41.1-т  зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/

  • Сэтгэцийн шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтэнд...

1. Үзүүлэгч Ц.М нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэггүй

2.  Үзүүлэгч Ц.М нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэггүй

3. Үзүүлэгч Ц.М нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэггүй

4. Үзүүлэгч Ц.М нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

5. Үзүүлэгч Ц.М нь болсон үйл явдлыг зөвөөр ойлгох чадвартай ... гэсэн дүгнэлт ... /хх-ийн 57 дугаар хуудас/

  • Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтанд ... Анх үзлэгээр Сийн биед толгойд гэмтэл, шарх илрээгүй. Өөрөө тэр талаар надад дурьдаагүй. Шинжээч томилсон тогтоолын дагуу дүгнэлтээ гаргасан ба дүгнэлт гаргах үедээ би Сийн биеэр үзэж бүх үзлэгийг хийсэн. Тэгэхэд дүгнэлтэн тусгагдсан хамрын зүүн самсаа хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, хамрын зүүн самсаа, зүүн хацрын урд хэсэгт мэс засал хийгсэн оёдлын ором бүхий сорви гэмтэл байсан. Үзлэгээр өөр зүйл илрээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Ц.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт...Би 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г ахтай Б гэдэг айлд ороод бид нар бөөнөөрөө айраг уусан. Гэрээс гарч ирээд Э.С намайг цохиж авсан. Тэгэхээр нь би таныг яасан юм гээд дээлнийх нь энгэрээс татсан. Тэгээд маргалдаж байгаад би доор нь ороод Э.С миний хоёр гарыг хөдөлгөхгүй барьсан явж байгаад арагш унасан. Би дээрээс нь унаад хамрыг хазсан. Аманд нэг юм тэмтрэгдэхээр нь үзсэн чинь хамар нь тасраад унасан байсан. Аав, ээж, ах, эгчийг дуудсан. Тэгээд эмч дуудаад түргэн явсан... гэсэн мэдүүлэг
  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Э.Сийн өвчний түүх, эмчилгээний баримтууд /хх-ийн 09-21 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Мгийн мотоциклийг битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 22, 24-25 дугаар хуудас/,   шүүгдэгч Ц.Мгийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-93 дгаар хуудас/ зэрэг болно. 

Шүүгдэгч Цэрэнчимэдийн М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Э.Стой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний хамрыг хазаж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ...Ц.Мгаас эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөг хүлээж авсан цаашид Э.С миний бие Ц.Мд гомдол санал, байхгүй... гэсэн тул шүүгдэгч Ц.Мг бусдад  төлөх төлбөргүй байна гэж шүүх үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй ба шүүгдэгч Ц.Мгийн эзэмшлийн “Пикон” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараар төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хорих ял оногдуулж болох гэмт хэргийн анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол  Улсын Эрүүгийн  Байцаан  Шийтгэх  Хуулийн  283, 286, 290, 294-с 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч М овгийн Ц.Мг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М овгийн Ц.Мг 1 жил 6 сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлаж, шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.Мгийн “Пикон” маркийн мотоцикль битүүмжлэгдсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-дах хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож “Пикон” маркийн мотоциклийг шүүгдэгч Ц.Мд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1. 61.4 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ..... сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай

8. Шүүгдэгч Ц.Мд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл  бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ДАГИЙМАА