Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 590

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, “АДСС” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарт тус тус холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б[1], хариуцагч О.Б, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А[2], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын агуулга.

 1.1. Гомдол гаргагч “АДСС” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан гомдлын агуулга[3]: “

Гомдлын шаардлага: “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 232018106 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 36 591 570.48 төгрөгийн алдангийг хүчингүй болгож шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж өгнө үү”,

Гомдлын үндэслэл: Гомдол гаргагч нь Татварын улсын байцаагч нарын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2320180* тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хэлэлцэн шийтгэлийн хуудсаар ногдуулсан 163 208 997.90 төгрөгөөс 47 855 867.5 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож 115 130 996.12 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт “Маргаан гаслах зөвлөлийн тогтоолыг тухайн шатны татварын албаны дарга тушаал гарган баталгаажуулна...” гэж заасны дагуу уг тогтоолыг Нийслэлийн татварын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/6* тоот тушаалаар баталгаажуулжээ.

Дээр дурдсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, маргаан таслах зөвлөлийн тогтоолоор алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул зөрчилд холбогдогчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.” гэжээ.

Гомдол гаргагч татвар төлөгч компанийн 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг татварын улсын байцаагч нар шалгаад 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 23201810* тоот Шийтгэлийн хуудас үйлдсэн.

Шийтгэлийн хуудсаар 8 981 363 төгрөгийн нөхөн татвар, 99 708 795 төгрөгийн торгууль, 54 518 839 төгрөгийн алданги нийт 163 208 997.9 төгрөгийн төлбөр ногдуулснаас татварын маргаан таслах зөвлөл 47 855 867.5 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож 115 130 996.12 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Татвар төлөгч нь дараах үндэслэлээр Шийтгэлийн хуудсаар ногдуулсан алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэгдүгээрт,

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт : Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

Тодруулбал Татварын улсын байцаагч нар татвар төлөгчид хариуцлага хүлээлгэхдээ Зөрчлийн тухай хуулийг үндэслэн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Гэвч Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтаар зөвхөн нөхөн татварт алданги тооцох бөгөөд хугацаандаа төлөөгүй татварт алданги ногдуулахгүй байхаар хуульчилсан байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг мөрдхөөргүй байна.

Хоёрдугаарт,

Татварын ерөнхий хуулийн Хугацаандаа төлөөгүй татварыг хураах гэсэн 62 дугаар зүйлийн 62.1-д “Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна. 62.1.1 үл маргах журмаар гаргуулах, 62.1.2 эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах, 62.1.3 шүүхэд нэхэмжлэл гаргах” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл татварын алба татвар төлөгчийн өрийг хураахдаа эхлээд татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулж холбогдох дансыг хаах, дараа нь эд хөрөнгө бусад орлогоос гаргуулах, хамгийн сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн дарааллаар барагдуулахаар зохицуулжээ.

Гэвч улсын байцаагч нар нь дээрх дарааллыг хэрэглэлгүй шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Нөгөөтээгүүр татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсэгт заасан үүргийнхээ дагуу холбогдох тайлангуудыг үнэн зөв гаргаж татвар төлөхөө илэрхийлж тухайн татваруудыг төлсөн байхад алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт.

Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор Шийтгэлийн хуудасны загварыг баталсан байдаг.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан болох Татварын улсын байцаагч нар нь шийдвэрлэх хэсэгтэй алданги ногдуулаагүй байдаг ба олсон хэсэгтэй тусгасан нь дээрх Засгийн газрын тогтоолыг зөрчиж байна.

1.2 Гомдол гаргагч “АДСС” ХХК 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр гомдлын шаардлагаа нэмэгдүүлж шүүхэд ирүүлэхдээ[4]:

“...Гомдол гаргагч нь татварын улсын байцаагч нарын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн 232018106 тоот шийтгэлийн хуудсын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагаа 232018106 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэмэгдүүлж байна. Учир нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гомдол гаргагч компанид үйлдсэн шийтгэлийн хуудастай холбоотой хувийн хэрэг нотлох баримтаар ирсэн.

Тухайн баримтад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан тухай тэмдэглэл гээд гарын үсэг зураагүй баримт хавсаргажээ.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж зааснаар гомдол гаргагч хуулийн этгээд нь холбогдогч юм.

Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг оролцуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эхүл итгэмжпэгдсэн төлөөлөгчийг” мөн зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан ... хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж зааснаар гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригтыг, эсхүл түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу томилогдсон этгээдийг зөрчилд холбогдсон хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон оролцуулахаар байна.

Гэвч эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч нар нь гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дээрх Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан зохицуулалтын дагуу тогтоолгүйгээр шийтгэлийн хуудас үйлдсэн өөрөөр хэлбэл, гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралд зөрчил шийдвэрлэх ажиллагаа болон гарсан шийдвэрийг мэдэгдээгүй нь гомдол гаргагч хуулийн этгээдийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн ажиллагаанд оролцох болон хэрэгжүүлэх эрх, үүргийг ноцтой зөрчсөн. Тодруулбал зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоож, мөн хуулийн Холбогдогч гэсэн 3.1 дүгээр зүйлийн 2-д холбогдогч дараах эрхтэй:

2.1 ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх

2.2 өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах

2.5 зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах

2.9 зөрчлийн хэрэгтэй танилцах

2.10 бусад эрх гэж тус тус заасан эрхүүдийг гомдол гаргагч хуулийн этгээдийн эдлэх боломжийг нь хязгаарласан байна.

Иймд хариуцагч улсын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 232018106 тоот шийтгэлийн хуудас үйлдсэн байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1 Хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа[5]: “...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц бид “АДСС” ХХК-ийн Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2320180* тоот шийтгэлийн хуудсанд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт,

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн “2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” ...“Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасан нь энэ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт заасан зөрчилд алданги оногдуулах болохыг тайлбарласан байна. Харин татвар төлөгчид аль хөнгөрүүлсэн заалтыг нь хэрэглэж Татварын ерөнхий хуулийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн нэмэлт өөрчлөлтийн 74 дүгээр зүйлийн “74.1.Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасан заалтын дагуу алдангийн хэмжээг 50 хувиас хэтрүүлээгүй болно.

Хоёрдугаарт,

Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн “62.1.Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна: 62.1.1.үл маргах журмаар гаргуулах; 62.1.2.эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах; 62.1.3.шүүхэд нэхэмжлэл гаргах.” гэж заасан нь тухайн аж ахуйн нэгжийн өөрөө төлөхөөр тайлагнасан болон хяналт шалгалтаар оногдуулсан татварын өрийг хураах үйл ажиллагааны дараалал бөгөөд тухайн аж ахуйн нэгжид оногдуулсан алданги, торгууль нь татварын хяналт шалгалтын хүрээнд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага оногдуулж байгаа хэлбэр юм.

Гуравдугаарт,

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газраас 2017 оны 194 дүгээр тогтоолоор шийтгэлийн хуудасны загварыг баталж өгсөн бөгөөд хуулийн дагуу Хялбаршуулсан журмаар оногдуулсан шийтгэлийн хуудсанд тухайн дүүргийн прокуророос хяналт тавьж ажиллаж байгаа. Хуулийн дагуу шийтгэл гэдэг нь зөвхөн торгууль бөгөөд бусад нөхөн татвар алдангийг шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт бичиж шийтгэлийн хуудасны төгсгөлд хохирол, нөхөн төлбөр, шийтгэлийн дүнг нэгтгэн бичихээр дүүргийн прокурорын зөвлөсний дагуу тус татварын хэлтсийн хэмжээнд нэгдсэн нэг загвараар шийтгэлийн хуудас бичигдэж хариуцлага оногдуулж байгаа болно.” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдааны тэмдэглэлд[6] тусгав.

ҮНДЭСЛЭХ нь:

   Гомдол гаргагч “АДСС” ХХК-аас анх “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23201810* тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 36 591 570.48 төгрөгийн алдангийг хүчингүй болгож шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.[7]

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлагаа “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 232018106 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэж ихэсгэжээ.[8]

Хариуцагч улсын байцаагч нараас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23201810* тоот шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч компанийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдлыг тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, компанийн харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн шалгаад 2017 онд 453,530,333.0 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд болон 2016 онд 85,938,363.0 төгрөгийн, 2017 онд 3,875,272.0 төгрөгийн суудлын авто машин түүний сэлбэг, эд анги худалдан авсан зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсон зөрчилд тус тус торгууль ногдуулжээ.[9]

Гомдол гаргагч компаниас уг шийтгэлийн талаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05* дугаар тогтоолоор гомдлын дагуу шийтгэлийг өөрчилжээ.[10]

1.Гомдол гаргагчаас ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагын тайлбар[11], шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд “хуульд заасны дагуу холбогдогчоор тогтоож, холбогдогчоор компанийн эрх бүхий албан тушаалтныг оролцуулаагүй, шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй, холбогдогчийн эрх, үүргийг зөрчсөн” гэж маргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэж, 3.5 дугаар зүйлийн 1.2-т “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.” гэж зохицуулжээ.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн ...санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “АДСС” ХХК-ийн нягтлан бодогч Х.Н нь өөрийн компанийн санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, компанийн харилцах дансны хуулга зэргийг хариуцагч талд гаргаж өгсөн, ярилцлага өгсөн гэдэг нь зөрчил ногдуулсан төлбөрийн тооцоо, ярилцлагын тэмдэглэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо[12] зэрэг баримтаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд “АДСС” ХХК-ийн нягтлан бодогч Х.Н-ийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу тус компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байгаа бөгөөд Х.Н нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн хувьд оролцож, компанийн санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, компанийн харилцах дансны хуулга зэргийг хариуцагч талд гарган өгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, тус компанид ногдуулсан торгуулийн шийтгэлийн талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал Б.Ч нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол[13] гаргасан байдал нь шийтгэлийн хуудсыг олж мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байгаа бөгөөд хариуцагч талаас уг шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Мөн түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн “2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” ...“Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасан нь энэ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт заасан зөрчилд алданги оногдуулах болохыг тайлбарласан байна.

Татварын ерөнхий хуулийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн нэмэлт өөрчлөлтийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нараас гомдол гаргагч компанид ногдуулсан алдангийн хэмжээг 50 хувиас хэтрүүлээгүй байна.

Иймээс нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хариуцагч талаас гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

3.Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нь хяналт шалгалтаар оногдуулсан татварын өрийг хураах үйл ажиллагааны дарааллын талаарх зохицуулалт байна. Гомдол гаргагч компанид оногдуулсан алданги, торгууль нь татварын хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага оногдуулсан шинжтэй харин татварын өрийг хураах үйл ажиллагааны дараалал талаарх зохицуулалт биш байх тул энэ талаар маргаж байгаа гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дүгнэхэд, хариуцагч татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудас үйлдсэн үйлдлийг хуульд нийцээгүй бөгөөд уг шийтгэлийн улмаас гомдол гаргагч компанийн үйлдээгүй зөрчилдөө шийтгэл хүлээхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

               3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1.2, 6.6 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг баримтлан “АДСС” ХХК-аас “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23201810* тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарт холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   А.С


[1] 128/2018/0997/3 индекстэй хэргийн /цаашид хэргийн гэх/ 43 дахь тал

[2] Хэргийн 87 дахь тал

[3] Хэргийн 1-3 дахь тал

[4] Хэргийн 117-118 дахь тал

[5] Хэргийн 24 дэх тал

[6] Хэргийн 52-54, 92-93, 120-126 дахь тал

[7] Хэргийн 18-19 дэх тал

[8] Хэргийн 117-118 дахь тал 

[9] Хэргийн 6-7 дахь тал

[10] Хэргийн 13-15 дахь тал

[11] Хэргийн 117-118 дахь тал

[12] Хэргийн 115-114 дэх тал

[13] Хэргийн 13-15 дахь тал