| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/145 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/145
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А т холбогдох эрүүгийн 2113000000160 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н сумын *** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.А , РД:**********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Т.А ээс мэдүүлэхдээ: Хохирогчийн мотоцикл нь гэрийн гадна байсныг унаад явсан нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мотоциклийн оронд мөнгө болон сэрх авсан маань үнэн. Сэрхийг Т ын гэдэг хүний том хүүд өгсөн. Ж надад 980.000 төгрөгийг бэлэн өгч, 300.000 төгрөгөөр сэрх өгсөн. Би Ж ад 520.000 төгрөгийг бэлэн өгч, одоо 650.000 төгрөг үлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000160 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан мотоциклийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Ү.Б , иргэний нэхэмжлэгч Х.Ж , гэрч К.Т ын, Б.Х , С.Ж , Х.Ж , яллагдагч Т.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчний 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-186, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн БӨА-21-214 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А ийн “хохирогч Ү.Б ын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авч, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.А ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөгч талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
- Иргэн Х.Ж аас LXYPCKL09L0299956 арлын дугаартай, Мустанг-5 загварын мотоциклийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
- Иргэн Х.Ж аас хураан авсан LXYPCKL09L0299956 арлын дугаартай, Мустанг-5 загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,
- Иргэн Х.Ж аас хураан авсан LXYPCKL09L0299956 арлын дугаартай, Мустанг-5 загварын мотоциклийг хууль ёсны эзэмшигч нь болох Ү.Б т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
- Хохирогч Ү.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө Н сумын 0**дугаар багийн нутаг “Х” гэх газарт байрлах хашаан дотор, байшингийн хажууд байсан улбар шар өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклээ хулгайд алдсан юм. Би мотоцикл хулгайд алдах шөнө гадаа шороон шуургатай байсан юм. Маргааш нь өглөө 08 цагийн орчим гадаа гарахад гэрийн хажууд байсан “Мустанг-5” маркийн мотоцикл байхгүй байсан. Тухайн үед би миний хамаатан ах дүү нар ирээд миний мотоциклийг унаж явсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй байсан. Би өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг өдөр бүр хашаанд оруулж байшингийн хажууд тавьж байсан ба тухайн өдөр шөнийн 23 цагийн орчимд гэрээс гарч үзэхэд мотоцикл байшингийн үүдний амбаарын хажууд байсан. Тэрээр ойр орчмоос сураглаж мотоциклээ олоогүй юм. Миний эзэмшлийн “Мустанг-5" маркийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хэн нэгэн хулгайлж аваад явсан байж болзошгүй. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.
...Миний хулгайд алдсан мотоцикл “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй, улбар шар өнгийн, “LXYPCKL09L0299956” гэсэн арлын дугаартай, мотор нь 162FMJ*LH052385* дугаартай 2020 онд үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан. Би мотоциклоо 2021 оны 06 дугаар сард Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын **-р багийн иргэн О овогтой Т гэгчээс 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авсан юм. Тус мотоциклийг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж, улсын дугаар аваагүй болно.
...Би өөрийн хулгайд алдсан мотоциклийг бүрэн бүтэн буцааж авсан.
...Миний ээж Т.А ийн аавын охин дүү нь байгаа юм. Өөрөөр хэлбэл Т.А миний нагац ах гэсэн үг, А манай хамаатан хүн, түүний ээж нь надад ирж уучлалт гуйсан. Т.А өөрөө эхнэрээсээ салсан, ээжийн хамт амьдарч байгаа хүн байгаа юм. Би түүнийг өрөвдөж байна. Миний зүгээс Т.А т холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Т.А гэх залууг танихгүй. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр анх манай гэрт Х гэх залуу авч ирж танилцуулж байсан. Би урьд өмнө Т.А ийг харж байгаагүй. Т.А анх манай гэрт ирээд надтай танилцсан үед өөрийн мотоциклийг худалдах гэж байна гэхээр нь би түүний мотоциклийг үзэхэд улбар шар өнгийн, шинэвтэр мотоцикл байсан тул Т.А бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод, би түүний мотоциклийг 1.200.000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан. Миний бие Т.А т бэлэн 950.000 төгрөг тоолж өгч, үлдсэн 250.000 төгрөгт нь тааруулж том биетэй нэг тооны сэрх өгсөн. Гэтэл тус өдрийн орой Ногооннуур сумын хэсгийн төлөөлөгч Ж.Т ирээд уг мотоциклийг хурааж аваад явсан. Тэр өдөр Ж.Т А ээс 520.000 төгрөгийг аваад өгсөн. Одоо үлдсэн 680.000 төгрөгийг Т.А ээр төлүүлж авахыг хүсэж байна.
Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзэж, Т.А ийн надаас авсан мөнгийг төлүүлж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү.
... Би тухайн үед хулгайн мотоцикл гэдгийг мэдээгүй. Хэрэв хулгайн эд зүйл гэдийг мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Би түүнээс бичиг баримтын талаар асуухад Т.А надад “бүх бичиг баримт нь байгаа, би гэрээсээ авч ирж өгье, харин түлхүүрээ гээгдүүлсэн байна” гэж хэлэхээр нь би түүний үгэнд итгэсэн. Тухайн үед мотоцикл худалдаж авсан мөнгө бол миний өөрийн мөнгө байсан. Би тухайн мөнгийг ХААН банкинд хадгалуулсан өөрийн хадгаламжаас гаргаж өгсөн. Харин нэг тооны сэрхийг өөрийн мал сүргээс барьж өгсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
- Гэрч К.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Х.Ж нь Т.А ийн мотоциклийг худалдаж авахаар хооронд тохиролцоод, урьд өдөр нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэг тооны сэрх өгсөн байна. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 09 цагийн үед Цагааннуур тосгоны төв руу явж банкнаас мөнгө гаргаж ирж, иргэн Т.А т бэлэн мөнгө өгч, мотоциклийг нь худалдаж авсан. Яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Улбар шар өнгийн, улсын дугааргүй, “Мустанг-5” маркийн шинэвтэр мотоцикл байсан. Ямар ч байсан бэлэн мөнгө өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1 тооны сэрх өгсөн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
- Гэрч Б.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Ногооннуур сумын 9 дүгээр баг буюу Цагааннуур тосгоны төвд ээжийн хамт амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд Ногооннуур сумын ** дүгээр баг буюу Цагааннуур тосгоны төвд байрлах гэрт унтаж байхад, хаалга тогшсон ба гэрийн хаалгыг онгойлгоход Ногооннуур сумын иргэн Тайлах овогтой А гэгч байсан. Иргэн Т.А надад хандаж “...би Увс аймгийн Бөхмөрөн сумаас мотоцикл худалдаж аваад зарах гэж явж байна, нэг аяга цай уух газар байна уу, даарчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Т.А ийн мотоциклтой Цагааннуур тосгоны иргэн Ж ын гэрт очсон. Иргэн Т.А нь Ж ад өөрийгөө танилцуулаад, би мотоцикл худалдах гэж байна, та худалдаж авах уу гэж асуусан.
Иргэн Х.Ж нь Т.А ийн мотоциклийг үзээд, 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар хоорондоо тохиролцсон. Иргэн Т.А нь Х.Ж ад хандаж “Одоо нэг сэрх өгчих, нэг дэх өдөр үлдсэн мөнгийг нь авъя...” гэж хэлсэн. Иргэн Х.Ж нь Т.А т нас бие гүйцсэн 1 тооны сэрх өгсөн. Тус мотоцикл нь түлхүүргүй, утсаар нь холбож асааж байсан. Бид нар мотоциклийн түлхүүр нь яасан бэ гэж асуухад Т.А “би мотоциклийн түлхүүрээ гээгдүүлсэн” гэж хэлсэн.
... Улбар шар өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн шинэвтэр мотоцикл байсан. ... Иргэн Х.Ж нь Т.А ээс тус мотоциклийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар хоорондоо тохиролцоод 1 тооны нас бие гүйцсэн сэрх өгсөн. Харин бэлэн мөнгө өгөх үед би байгаагүй. Үлдсэн мөнгийг нь яаж тохиролцсон, юу юу өгсөн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
- Гэрч С.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Ногооннуур сумын 09 дүгээр баг буюу Цагааннуур тосгоны төвд нөхөр болох Х.Ж , хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 08 цагийн үед иргэн Х ы хамт нэг үл таних залуу улбар шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклтой манай гэрт ирсэн. Иргэн Х ы хамт ирсэн үл таних залуу миний нөхөр болох Х.Ж ад “би мотоциклоо худалдах гэж байна, та мотоцикл худалдаж авах уу” гэж хэлсэн. Миний нөхөр болох Х.Ж тэр залуугийн мотоциклийг үзээд 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар хоорондоо тохиролцсон. Тэгээд миний нөхөр болох Х.Ж 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Цагааннуур тосгоны Хаан банкны салбараас нийт 950.000 төгрөг гарган бэлнээр өгч, үлдсэн мөнгөнд нь 1 тооны нас бие гүйцсэн сэрх өгч, тус мотоциклийг худалдаж авсан. Иргэн Х ы хамт ирсэн залуу өөрийгөө Ногооннуур сумын иргэн Тайлах овогтой А гэж танилцуулсан. Тус мотоцикл нь түлхүүргүй, кундакторын утсаар нь холбож асааж ирсэн байсан. Бид нар “мотоциклийн түлхүүр нь яасан бэ” гэж асуухад иргэн Т.А “...би мотоциклийн түлхүүрээ гээгдүүлсэн, энэ мотоцикл миний эзэмшлийнх, мөнгөний хэрэг гараад яаралтай худалдах гэж байна гэж хэлсэн. Улбар шар өнгийн, улсын дугааргүй, “Мустанг-5” маркийн шинэвтэр мотоцикл байсан. Миний нөхөр болох Х.Ж нь тус мотоциклийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 950.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн мөнгөнд нь 1 тооны нас бие гүйцсэн сэрх өгсөн. Тухайн үед иргэн Т , Т.А , миний нөхөр болох Х.Ж нар байсан. Өөр хэн ч байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчний 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-186 дугаартай ”Мустанг-5 маркийн 2020 онд үйлдвэрлэгдсэн шинэвтэр мотоцикл 1 ширхэг 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 1.300.000 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн БӨА-21-214 дугаартай “сэрх ямаа 1 ширхэг 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 230.000 төгрөг” гэх дүгнэлтүүд /хавтаст хэргийн 43-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
- Яллагдагч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 04 цагийн үед гэр лүү явж байх замдаа Ү.Б ын хашааны гаднаас явж байхад тухайн хашаад хаалгагүй, урд тал нь задгай байсан. Тэгээд хашаагүй байгаа задгай хэсгээр хашаа руу орж ирэхэд гэрийн гадна нэг мотоцикл байсан тул тухайн мотоциклийг хашааны гадна хөтөлж гарч ирээд утсыг нь холбож асааж аваад явсан. Би тэр үед гэрт очихгүйгээр шууд Цагааннуур тосгон руу орж өөрийн танил Х ы гэрт ирсэн. Тэгээд би түүнд “би Увс аймгийн Бөхмөрөн сумаас нэг мотоцикл худалдаж авч ирж байна, цай уух газар байна байна уу" гэж асуухад Х намайг хүргэн ах гэж нэг үл таних айлд дагуулж очсон. Тэр айлд цай ууж сууж байгаад мотоцикл худалдах талаар хэлсэн.
Миний унаж байсан мотоциклийг хараад худалдаж авахаар болсон ба би уг хулгайлж авсан мотоциклийг тэр хүнд 1.200.000 төгрөгөөр худалдсан ба тэр хүн надад 950.000 төгрөг бэлэн өгч, үлдсэн 250.000 төгрөгт тааруулж нэг том биетэй сэрх авсан. Маргааш нь цагдаа нар миний мотоциклийг хулгайлж авсныг мэдээд миний араас ирж миний худалдсан мотоциклийг аваад явсан байна. Надаас мотоцикл худалдаж авсан хүн мөнгөө нэхэж ирсэн үед би тэр хүнд 520.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн мөнгийг хэд хоногийн дараа олж өгнө гэсэн. Одоо хүртэл төлж өгөөгүй байгаа. Миний бие тухайн үед бусдын мотоциклийг хулгайлж аваад бусдад худалдаж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулах болно. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би маш их гэмшиж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь 2021 оны 09 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ү.Б ын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоциклийг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгоно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Т.А нь хохирогч Ү.Б ын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан өөрийн эзэмшилдээ авч, уг хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч Т.А ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Т.А ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох хүсэл шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Т.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ү.Б т эд зүйлийн үнэлгээгээр 1.300.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Б нь хулгайд алдсан улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан тул шүүгдэгч Т.А хохирогч Ү.Б т төлөх төлбөргүй байна.
Харин шүүгдэгч Т.А хулгайлсан мотоциклоо иргэний нэхэмжлэгч Х.Ж ад 1.200.000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед хохирогчоос 950.000 төгрөгийг бэлэн авч, үлдсэн 250.000 төгрөгт сэрх ямаа 1 ширхэг авсан нь тогтоогдсон байна. Үүнээс иргэний нэхэмжлэгч Х.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 520.000 төгрөгийг шүүгдэгч Т.А ээс бэлнээр хүлээж авсан бөгөөд үлдсэн 680.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.
Иргэний нэхэмжлэгч Х.Ж ын иргэний нэхэмжлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А ээс 680.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Ж ад олгохоор шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчтай санал нэг байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Т.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Т.А ийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А т оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.А ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Т.А т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэхүү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А т 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А ийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А т оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А ээс 680.000 (зургаан зуун наян мянга) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Ж ад олгосугай.
7. Шүүгдэгч Т.А нь хохирогч Ү.Б т төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.А т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэхүү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Т.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ