Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

орчуулагч, хэлмэрч Б.Ж,

улсын яллагч А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч Х.К  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.К т холбогдох эрүүгийн 2113000000180 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х.К , РД:******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.К  нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.М ын гэрт иргэн А.А г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х.К  мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М  гэдэг ахын гэрт цайлаганд сууж байгаад А  гэдэг хүргэн ахтай муудалцаж, зодсон маань үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000180 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: А.А гаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, мэдээлэл, хохирогч А.А н Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, бусад холбогдох баримтууд, хохирогч А.А , гэрч Ө.Ө , М.М  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 493 дугаартай иргэн А.А н эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, мөн албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №493 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, яллагдагч Х.К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.К ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.К  нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.М ын гэрт иргэн А.А г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Иргэн А.А гаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдол /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

- Хохирогч А.А н Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, бусад холбогдох баримтууд /хавтаст хэргийн 5-24 дүгээр хуудас/,

- Хохирогч А.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний бие мал хариулахаар явсан. Харин эхнэр гэрт байсан ба охин маань хадам дүү болох Б.М  нь худуудад цай өгөхөөр болж тэднийд туслахаар очсон. Миний бие мал хариулж оройхон гэрт ирэхэд охин маань Б.М ын худууд Улаанхус сумын төвөөс ирж байна, Та нарыг дуудаж байна гэхээр нь Б.М ын гэрт эхнэрийн хамт очсон. Б.М ын гэрт очиход худууд гэх 13 хүн Улаанхус сумын төвөөс цайгаа уух гэж ирсэн байсан. Тэгээд худуудын хамт миний бие гэрийн хойморт сууж цай ууж дуусаад гадаа гарсан юм. Хүмүүс гар угааж мах идэхээр болж дахин гэрт орж би сууж байсан газар руугаа явж байхад намайг хадам дүү болох Х.Д  барьж авч айлын хүргэн байж яах гэж ёс зөрчиж гэрийн хойморт сууж байгаа юм гэж татаж өөрийнхөө хажууд суулгасан. Миний бие тэнд маргаангүй суучихсан. Худуудаас бусад нь бүгд надаас дүү учир би гэрийн хойморт суусан юм.

Дараа нь Х.Д  надтай зууралдаж тоглож байгаа, эсхүл үнэн эсэх нь мэдэгдэхгүй хэрүүл гаргасан. Гэрт сууж байсан худуудад хандаж би энэ айлд хүргэн болж явдаг юм. Тэр дотроо Х.Д ий хэлснээр явдаг учир энэ эрдэм номтой айлын бага нь гэж тоглож хэлсэн юм. Тэгээд мах идэж эхлэх үед Х.Д  надад хандаж чамайг хүндэлж хэд хэдэн газарт гэрийн хойморт гаргасан. Гэхдээ чамтай тооцоо хийх зүйл байгаа гэж заналхийлж, мах хөшиглөж байсан хутгаа харуулж, зүгээр суухгүй бол хутгална гэж хэлсэн. Тэгэхээр нь чи муу битгий хутга тулгаад бай, үхсэн аавын чинь толгой гэж хэлж түүний гараас барьж авч, бид хоёр хэрэлдэж, нэг нэгнээ барьж босоход нөгөө ширээнд сууж байсан Х.Д ий ах болох Х.К  дэлгэсэн мах, идээний дээгүүр гарч ирж миний баруун нүд орчмоос нэг удаа нударгаар цохиж авсан. Тэр зуур ухаан балартаж зүгээр болоход гэр дотор байгаа хамаатнууд Х.Д , Х.К  нарыг надаас салгаж барьж авсан. Х.К ыг Ө.Ө  гэгч барьж авсан байсан. Миний баруун нүд орчмоор цус гарсан байхаар нь гадаа гарахад Ө.Ө ий эхнэр болох М.М  болон бас нэг эмэгтэй надтай хамт гадаа гарсан. М.М  надад буцаж гэрт ороорой гэсэн боловч миний нүүрнээс цус гарчихлаа, бас нөгөө залуучууд дахин асуудал гаргаж магадгүй гэж хэлж охины хамт гэр лүүгээ явсан.

 Тэр шөнөжин нүд өвдсөн ба маргааш нь өдөржин халуурч өвдөж гэртээ байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр аймагт ирж 26-ны өдөр эмнэлэгт нүдээ үзүүлтэл эмч таны нүдний эвэрлэг хуучир эд гэмтсэн байна. Хагалгаа хийх шаардлагатай, хагалгаанд орохгүй бол хараагүй болно гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтэж, баруун нүдэнд хагалгаа хийж хэд хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгээс гарсан.

...Х.К  надад ирж өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйж, надад учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн. Х.К  намайг нэг удаа цохих үед миний баруун нүд гэмтсэн. Би тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Тэр үед 300.269 төгрөг төлсөн. Дараа нь Улаанхус сумаас хэд хэдэн удаа ирж буцсан. Нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Уг мөнгийг Х.К  бүрэн төлж барагдуулсан учир миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Би түүнийг уучилсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 38 дугаар хуудас/,

- Гэрч Ө.Ө ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Худуудад махыг өгч байхад А.А , Х.Д  хоёр маргалдаж эхэлсэн байсан. Учир нь А.А  өөрийг нь дээш гэрийн хойморт суулгаагүйд гомдож, Х.Д ий тоглоом хэрүүл маргаан болж хувирч А.А , Х.Д ийг хэл амаар доромжилж үхсэн аавын чинь толгой гэх мэтээр доромжилсон үг хэлж байсан юм. Улмаар А.А , Х.Д  нар нэг нэгнийгээ барьж авсан. Бид нар тэд нарыг салгах үед нөгөө ширээнд сууж байсан Х.К  гэнэт чамд үхсэн аавыгаа доромжлуулахгүй гэж идээ, махны дээгүүр гарч А.А н баруун нүүр хэсэгт нэг удаа гараар цохиж авсан юм. Миний бие тэд нарыг салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

- Гэрч М.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.А  болон Х.Д  хоёрын хооронд хэрүүл маргаан үүсэж нэг нэгнийгээ барьж авсан юм. Бид нар тэр 2-ыг салгах үед нөгөө ширээнд сууж байсан Х.К  гэнэт чамд үхсэн аавыгаа доромжлуулахгүй гэж идээ, махны дээгүүр гарч А.А н баруун нүүр хэсэгт нэг удаа гараар цохиж авсан юм. Миний нөхөр Ө.Ө  салгаж авсан. Миний бие хадам ах А.А г гадаа гаргах үед баруун нүдний хажуу хэсгээс цус гарсан мэт харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 493 дугаартай “1. Иргэн А.А гийн биед тархины доргилттой, баруун нүдний салстад цус харвасан, баруун нүдний хүүхэн харааны зүүн талын 5, 6 цагийн орчим эвэрлэгийн хуучир эд гэмтсэн, баруун дээд ба доод зовхинд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт шархтай, доод уруулд хавдартай, дотор талд хэгзэрсэн шархтай, зүүн талын доод орчим шархтай, Vod-0.04 хүртэл хараа буурсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн А.А гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн.

3. Иргэн А.А гийн дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөх эсэхийг эмчилгээний үр дүнгээс хамаарч дахиж тогтоох болно.

4. Дээрх гэмтэлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Иргэн А.А гийн дээрх гэмтлийн улмаас, нүдний эмчилгээ хагалгаа хийлгэх ба хагалгааны дарах хор уршиг үлдэц зэргээс хамаарч нэмэлт шинжилгээ хийлгэх болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 535 дугаартай “...Нэмэлт шинжилгээгээр 1.2. Иргэн А.А гийн биед тархины доргилттой, баруун нүдний салстад цус харвасан, баруун нүдний хүүхэн харааны зүүн талын 5, 6 цагийн орчим эвэрлэгийн хуучир эд гэмтсэн, баруун дээд ба доод зовхинд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт шархтай, доод уруулд хавдартай, дотор талд хэгзэрсэн шархтай, зүүн талын доод орчим шархтай гэмтлүүд тогтоогдлоо.

Нэмэлт шинжилгээгээр иргэн А.А гийн биед нэмэлт хор уршиг үлдэцтэй гэмтэл тогтоогдоогүй тул 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №493 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт шинжилгээгээр дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудас/,

- Яллагдагч Х.К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүргэн ах болох А.А  дээшээ суух ёстой гэж хэрүүл маргаан гаргаж эхэлсэн. Тухайн үед бүгдээрээ архи уусан байсан болохоор юу ч хэлэхгүйгээр махаа идэж сууж байхад А.А  нь И  овгийн нэрийг та нар мэддэг юм уу, Х ийн банди нар гэж хэлэх үед би уурандаа мах идэж сууж байсан газраасаа босож А.А  руу дайрахад хүмүүс намайг барьж авсан. Тэр үед би дахин А.А  руу дайрч түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон...

...Би өөрөө үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруутай үйлдлээ болж гэмт хэрэгт холбогдсон. Мөн хүргэн ах А.А гаас уучлалт гуйсан. Тэр хүн ч гэсэн намайг уучилсан.

...А.А д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Бид хоёр хоорондоо сайн дураар эвлэрсэн. Би үүнээс хойш гэмт хэрэг үйлдэхгүй. Маш их гэмшиж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.К ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.К  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.К ын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргасан болно.

Шүүгдэгч Х.К ын хохирогч А.А ийн эрүүл мэндэд “тархины доргилттой, баруун нүдний салстад цус харвасан, баруун нүдний хүүхэн харааны зүүн талын 5, 6 цагийн орчим эвэрлэгийн хуучир эд гэмтсэн, баруун дээд ба доод зовхинд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт шархтай, доод уруулд хавдартай, дотор талд хэгзэрсэн шархтай, зүүн талын доод орчим шархтай, Vod-0.04 хүртэл хараа буурсан” хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.К ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтуурах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.К ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч А.А ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Уг мөнгийг Х.К  бүрэн төлж барагдуулсан учир миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Би түүнийг уучилсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.К ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч Х.К т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.К т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.К  нь хохирогч А.А т гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн саналд яллагдагч Х.К т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х.К  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Х.К т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.К  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.К  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.К т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.К  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

Шүүгдэгч Х.К т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.К ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.К  цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.К т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.К т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ