| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2021/00044/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2021-10-21 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Н.Бадам, Хохирогч *******, Шүүгдэгч *******, Нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очир овгийн ******* холбогдох эрүүгийн 2133000200045 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Булган аймгийн ***суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дугаар баг Овоот хороолол 00 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Очир овгийн Д-н О-р /РД:ГА00000000/. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О-р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, Овоот хорооллын 3-15 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******ын эрх чөлөөнд халдаж зодон, хэл амаар доромжилсон, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтуугаар эхнэр *******ыг хэл амаар доромжилж, агсам тавьж амгалан тайван байдлыг алдагдуулсан, 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдөр согтуугаар гэртээ агсам тавьж гэр бүлийн хамаарал бүхий иргэн *******тай байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Отгонбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, Овоот хорооллын 3-15 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******ын эрх чөлөөнд халдаж зодон, хэл амаар доромжилсон, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтуугаар эхнэр ***** ыг хэл амаар доромжилж, агсам тавьж амгалан тайван байдлыг алдагдуулсан, 2 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдөр согтуугаар гэртээ агсам тавьж гэр бүлийн хамаарал бүхий иргэн *******тай байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1.Хохирогч *******ын өгсөн: ...******* бид 2 хамт 23 жил амьдарч байна. Өмнө нь архины асуудлаас болж гэр бүл цуцлуулж байсан. Тэрнээс хойш хамт амьдраад бид хоёрын хэрүүл маргаан нь архи уудаг байсантай холбоотой. Манай хүн эрүүл үедээ байж байгаа нь төлөв даруу томоотой, үг дуу цөөтэй, томоотой, авах сайн зан чанар байна. Архи олон жил уухаараа тархийг нь идээд ч юм уу эрүүл болохоороо хийсэн зүйлээ санахаа байчихдаг. Сүүлдээ ийм байдал дээр ирсний дараа Улаанбаатар хот явж боржигины оточ дээр очиж спираль бугалгадаа тавиулсан. Тэрнээс хойш манайд үл ойлголцол байхгүй. Архины асуудал байхгүй архины үнэр авахгүй айраг ч уухгүй. Маш амар амгалан сайхан 3 сар боллоо. Одоо ямар ч хэрүүл байхгүй. Манай хүн одоо малдаа яваад би урьд нь 24 дүгээр цэцэрлэгт багш байсан. Одоо дэлгүүрт худалдагчаар орох гээд ярьсан байгаа. Энэ хэргийг шийдсэний дараа ажилдаа орох гээд байгаа юм. Манайх Хөтлийн зах руу хороололд малтай. Манай нөхөр надтай суухдаа 28 настай байсан. Эд залуухан сайхан 28 настай хөдөөгийн залуутай суучхаад энэ байдал ийм болсонд би буруутай гэж бодож байна. Тухайн үед архины хор уршгийг ойлгуулаагүй байснаас боллоо. Энэ хүний ийм байдалтай байгаа нь миний буруу бас байна. Манай хүн гэртээ бүх зүйлээ хийдэг. Үхэр хониндоо явна. Манайх 20 гаран гахайтай тэрийгээ хардаг. 2 хүүхэд маань хоёулаа сургуульд байдаг. Том охин маань хүнтэй суугаад гэр бүл болоод явсан. Би цалингийн зээлтэй учир байнга ажил хийхгүй бол болохгүй. Гэртээ байхдаа манай хүн их ажилтай, халамжтай. Аль хэзээний архины асуудлыг шийддэг байж гэж харамсаж байна. Аль болох гайгүй шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Манай хүн архинаас гараад бие хаа гайгүй болсон. Аягүй их зүрхээр нь өвддөг байсан архинаас болсон байна. Бие нь тааруу байсан таргалаад сайхан болсон. Архи ууж байгаа хүнтэй таараад зугтаад явдаг. Энэ арга хэмжээг эртхэн авдаг байж гэж бодож байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. Мөрдөн шалгах ажиллагаанд: 2.Хохирогч *******ын өгсөн: “...Би *******тай би хамт амьдраад 22 жил болж байна. Бид дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Одоо 2 хүүхэдтэйгээ бид 2 хамт амьдардаг. Манайх уг нь Булган аймгийн харьяат айл бөгөөд Сайхан суманд 3 жилийн өмнө ирсэн. Бид 2 албан ёсны гэр бүл бөгөөд гэрлэлтийн батлахтай байсан. 2018 онд би *******тай таарч тохирохоо байгаад гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан юм. Булганы цагдаад мөн дуудлага өгч бариулж арга хэмжээ авхуулж байсан. Тэгээд би салаад Сайхан суманд ирээд цэцэрлэгт туслах багш хийгээд хүүхдүүдтэйгээ амьдарч байхад ******* янз бүрээр уучлалт гуйж намайг аргадсаар байгаад буцаад нийлсэн юм. Би бас 3 хүүхдийн минь эцэг, хүн засрах байх гэж найдсан боловч энэ хүн засарсангүй. Архинд бүр орчихсон архи уухаараа дандаа агсамнаж, хэл амаар доромжилж, бусадтай хий хардаж, заримдаа надад бүр гар хүрдэг. Би агсам тавиад зодох гэхээр нь айгаад зугтаад явчихдаг болсон. Сайхан суманд ирсээр 2 удаа цагдаад дуудлага өгч шалгуулан 2021 он гарсаар 2 удаа шүүхээр орж баривчлуулсан. Тэгээд ч засрахгүй байна. Сүүлдээ цагдаад өгч бариулдаг гээд өширхөж агсамнаж байнга ярьж зовоодог болсон. Бүр цагдаа нартайгаа шаалцдаг биз дээ гэх зэргээр хамаагүй юм хүүхдийн дэргэд ярьж хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Би энэ хүнтэй цаашид амьдарч чадахгүй. Архичинд олон жил дарамтлууллаа. 2021 оны 07 дугаар сарын 06-ний орой гаднаас “Хараа” нэртэй 0,5 литрийн архи авч гэрт орж ирээд ганцаараа уусан. Тэгээд согтчихоод “ хувхай жингэр минь, янхан, алаа, танай хүүхдийг чинь би нугасанд нь хутга эргүүлнэ гэж хэлсэн гэл үү одоо би жинхэнээсээ том хүү болох 3 ***** нугасанд хутга эргүүлнэ” гэж заналхийлэн шүүгээнээсээ хутга авахыг завдсан. Тэгэхээр нь би Отгондоржийн хамт зугтаасан юм. Манайх гэрээсээ жоохон зайдуу монгол гэр барьсан бөгөөд тэндээ би хүүхэдтэйгээ хамт нөхрөөсөө айгаад байж байгаа. Гэрээсээ уг нь хүүгээ дагуулж очоод хоолны мах авах гэж очсон юм. Махаа авах гэсэн чинь сэрчихсэн. Отгондорж ааваасаа маш их айдаг. Өмнө нь мэдүүлэг өгч хэрхэн агсам тавьсан талаар мөн нугасанд чинь хутга эргүүлнэ гэж хэлснийг нь өлгөж аван согтох болгондоо ярьж хүүг маань зовоодог болсон. Тэгээд хөдөө гэртээ очихоор араас хүрээд ирсэн. Тэгээд айгаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд *******ыг авч яваад эрүүлжүүлсэн. Би хүүхдүүдээ бодоод одоо энэ хүнтэй хамт амьдрахгүй. Өмнө нь би өөрийгөө бодоод хүүхдүүдээ золиосолж байжээ. Хүүхдүүдээ амар амгалан, тайван орчинд амьдруулмаар байна. Согтох болгонд нь айгаад гэрээсээ гарч зугтаад олон жил боллоо. Энэ байдлаас залхаж байна. Өмнө нь надад гар хүрч зоддог байсан. Одоо бол би зугтаачихдаг болсон. 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдөр эрүүлжүүлэхээс гараад гэртээ ирэхдээ нэг шил архи авч ирээд уусан. Цагдаагаас орой 18 цаг гээд ирээрэй гэсэн гэж хэлсэн. Архиа уугаад “чи намайг бариулаад шоронд хийлгэх гээд байгаа юм уу”, чи цагдаад мэдүүлэг өгөхдөө агсам тавиагүй, уулзаагүй гэж хэлээрэй чи” гээд надад худлаа мэдүүлэг өг гээд тулгаад байсан. Цагдаагаас *******ыг гаргахдаа надтай хамт уулзахгүй байхаар ярьж хэлээд явуулсан байсан.18 цаг болоод цагдаа руу явах уу гэхэд явахгүй гээд байсан. Тэгээд цагдаагийн эргүүл ирж гэрээс бид хоёрыг авч ирсэн. ******* “ чи утсаар яриад цагдаад намайг Булганаас ах дүү нар нь ирээд аваад явсан гэж худлаа хэлчих” гээд байсан. Байнга л намайг хажуудаа байлгаж хий хардаж хэл амаар доромжилж байж санаа нь амардаг. Би хий хардахаас нь болоод ажлаасаа хүртэл гарсан. Ажлын газрынханд хүртэл намайг худлаа ярьж өөр хүнтэй болсон гэх зэргээр худлаа ярьдаг.Аргагүй эрхэнд ажлаасаа гарсан. Том хүү *** 16 настай, бага хүү **** 5 настай бөгөөд хүүхдүүдийн дэргэд хамаагүй архи ууж, тамхиа татдаг. Янз бүрийн эвгүй үг хэллэг хэлж хүмүүжилд нь муугаар нөлөөлж байна. Энэ хүн согтуудаа юу ч хийж магадгүй. Бид нарын амь нас баталгаагүй байдалтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, 3. Шүүгдэгч *******ын өгсөн: “...Би архи уугаад гэр бүлдээ агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгч арга хэмжээ тооцуулж байна. Би хамгийн эхэнд 2021 оны 03 дугаар сарын эхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж агсам тавьсан гэж шүүхээр 30 хоног баривчлах шийтгэл авч цагдаагийн хэлтэс дээр баривчилгааны хоногоо эдэлсэн. Дараа 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөн архи уугаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллагад шалгагдсан. Ингээд шүүхээс дахин 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэртээ нэг шил архи авч очоод ганцаараа уусан. Тэгээд гэртээ агсам тавиад манай эхнэр дахин цагдаад дуудлага өгсөн байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр харамсаж байна. Би архи уухаараа л болсон асуудлын талаар огт санахгүй, юу хэлж юу ярьж, хийж байгаагаа огт мэдэхгүй болчихдог. Тэгээд архи гарахаар урьд нь юу болсноо огт санадаггүй. Би тухайн өдөр эхнэр хүүхдээ зодож цохисон асуудал огт байхгүй намайг архи уугаад согтсон чинь манай эхнэр хүүхдүүд гэрээсээ гарч яваад цагаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, 4. Насанд хүрээгүй гэрч О.Отгондоржийн өгсөн: “...Тэр өдөр манай аав Отгонбаяр гэртээ согтуу байсан. Би хөдөө гэр дээрээ малаа хараад байж байхад ээж *******тай хамт Овоот хорооллын 3-15 тоотод байх гэрээсээ очиж махаа авъя ээж нь айгаад байна гээд бид 2 хамт явсан.Тэгээд гэртээ ороход аав Отгонбаяр орон дээрээ согтуу унтаж байсан. Хөлдөөгч нээгээд махаа авах үед сэрчихсэн. “Муу сайн хулгайчууд одоо яг та нарыг ална, та нар 2 удаа намайг шоронд өгсөн” гээд бос ч ирээд шүүгээ рүү хутга авах гээд явахад ээж бид 2 4 гараад зугтаасан.Ингээд хөдөө гэр лүгээ очсон чинь араас ирж байхаар нь айгаад ээж маань дуудлага мэдээлэл өгсөн. Ер нь манай аав Отгонбаяр хааяа архи уудаг нэг уухаараа 3-4 хоног дараалж бид нарын хажууд хамаагүй уудаг, тамхиа татдаг. Согтсон үедээ ээжид агсраад “янхан, гичий гэх зэргээр хараагаад гэрээс хөөгөөд байдаг. Намайг өмнө нь цагдаад нугасанд чинь хутга эргүүлж ална гэж хэлсэн гээд согтох болгондоо над руу дайрч зодох гэдэг. Би тэр болгонд нь зугтаачихдаг. Эрүүл үедээ бол аав маань зүв зүгээр байдаг. Согтуу байхад нь хамт байхын аргагүй болдог. Өмнө нь ээж болон надад гар хүрч байсан. Зугтаахгүй бол ер нь зодно. Булганаас Сайхан суманд ирснээс хойш 2 удаа цагдаад баригдаад баривчлагдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, 5. Гэрч О.Энххүслэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2018 оноос хойш амьдарч байгаа юм. Манай ээж Сайхан сумын “**** байцаагч хийж байгаад ажлаасаа гарчихсан. Одоогоор гэртээ малаа маллаад байдаг юм. Харин аав маань эрхэлсэн тодорхой ажил байхгүй гэртээ бас малаа хараад гэр зуур байдаг юм. Манай дүү ****Сайхан сумын 1 дүгээр сургуульд сурдаг одоо 10 дугаар ангид орно. Харин бага дүү маань 24 дүгээр цэцэрлэгт явдаг юм. Би өөрөө айлын том хүүхэд байгаа юм. Манай аав Отгонбаяр нь ер нь архины хамааралтай намайг бүр бага байхад л архи уудаг байсан юм. Тэгээд л архи уухаараа агсам согтуу их тавьдаг зан ааш нь их өөр болчихдог юм. Манайх Булганд амьдарч байгаад эцэг эх хоёр маань салаад би ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирж амьдрах болсон юм тэгсэн аав уучлалт гуйгаад дахиж архи уухгүй гэж бид нарт амлалт өгөөд бид нарын араас Сайхан суманд ирж амьдрах болсон юм. Тэгээд бид нарын араас ирснийхээ дараа хэсэгхэн хугацаанд уухгүй байж байгаад баяр ёслолын үеэр хааяа нэг уудаг архи уухаараа яг өмнөх шигээ харааж зүхээд байдаг болсон юм. Сүүлийн үед архи уух нь эрс нэмэгдэж заримдаа 20 гаруй хоногоор хүртэл тасралтгүй уудаг болсон тэгээд архи уусан үедээ намайг болон ээж дүү нарыг маань ална гээд хутга шөвөг хайдаг харааж зүхдэг ер нь зан аашны хувьд их тогтворгүй байдаг юм ээж бид нар сүүлдээ аавыг согтуу ирэх сургаар бүгд гэрээсээ гарч зугтаадаг, заримдаа хөдөө хээр машиндаа хоноцгоодог юм. Сэтгэл санааны хувьд хүртэл үргэлж дарамттай их хэцүү байдаг юм. Аавыг архи уугаад агсам тавиад бүр болохгүй байгаа үед нь ээж бид нар цагдаад дуудлага өгчихдөг юм. Хамгийн сүүлд 7 сард намайг хөдөө байхад Сайхан сумын төвд аав гэрт ээж дүү нарт агсам тавиад байхаар нь ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Тэрнээс өмнө хавар 2 удаа цагдаад дуудлага өгч баривчлуулж байсан юм. Хавар аав эрүүлжүүлэхэд хоноод маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гараад дахин архи уугаад цагдаад баригдаад нэлээн хэд хоног баривчлуулж байсан юм. Манай аав эрүүлдээ ер нь үг дуу цөөтэй ажил төрөлд их сайн гэр орны ажиллаа хийгээд гэр зуур л байдаг юм. Харин архи уухаараа их ууртай харааж зүхээд их хэцүү болчихдог юм. Гэрт өөр гадны хүн байхад зүгээр байж байгаад яг гэрийнхэнтэйгээ үлдэхээр агсан тавиад харааж зүхээд элдэв хэлэх хэлэхгүй үгээр хэлээд ална шудана гээд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, 6.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 2021/ЗШ/26 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 18-20-р хуудас/, 7.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ЗШ/59 дугаартай шийтгэвийн хуулбар /хх-ийн 21-22-р хуудас/, 8.2021 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 26-27-р хуудас/, 9.2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хх-ийн 28-32-р хуудас/, 10.2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Хүүхдийн эрсдлийн нөхцөл 5 байдлын үнэлгээ /хх-ийн 33-35-р хуудас/, 11. Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, ахмад Х.Мөнхбатын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 6/ 12. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн согтуурал хэмжсэн тодорхойлолт /хх-ийн 7 хуудас/, 13. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогддог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь албан ёсны гэр бүл байж байгаад шүүхээр гэр бүлээ цуцлуулсан гэх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1-д хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, 3.2-т хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна... гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэдгийг 2 буюу түүнээс дээш удаа хохирогч этгээдэд халдсан гэж үзэх бөгөөд эдгээр гаргасан зөрчлүүд нь хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдэгдсэн байхыг ойлгох бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хохирогч *******ыг нийт 3 удаа эрх чөлөөнд халдаж цохиж зодон, хэл амаар доромжлон, ална гэж айлган сүрдүүлж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч *******ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийтгэврүүд, бусад баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 18-22-р хуудас/, “Байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэсэн ойлголтод халдагч этгээд тодорхой шалтгаангүй /үл ялих шалтгаанаар/, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбодод нь хүч хэрэглэсэн, үг хэлээр гутаан доромжилж, амгалан тайван байдлыг алдагдуулснаар сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж тэрхүү үйлдлээ тодорхой хугацаанд давтамжтай үйлдэхийг хамааруулахаар заасан байна. Шүүх шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан дээрх зохицуулалтад хамаарахаар байна гэж үзсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хангалттай гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүх шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий 6 харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* нь “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Шүүх шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******: ... Би Отгонбаяртай амьдраад 23 жил болж байна. Нөхөр маань их архи дарс уудаг байсан нь үнэн. Гэхдээ бид Улаанбаатар хот явж боржигины оточ дээр очиж спираль бугалгадаа тавиулсан. Тэрнээс хойш манайд үл ойлголцол байхгүй. Архины асуудал байхгүй архины үнэр авахгүй айраг ч уухгүй. Маш амар амгалан сайхан 3 сар боллоо. Одоо ямар ч хэрүүл байхгүй. Аз жаргалтай сайхан байна. Эртхэн арга хэмжээ авахгүй яав даа л гэж бодож байна. Энэ хэрэгт миний буруутай үйл ажиллагаа бас байгаа...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн нөхцөл байдал, гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***овгийн Д-н О-р /РД:ГА00000000/-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг шүүгдэгч *******т тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т анхааруулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН