Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга хариад овогт *******д холбогдох эрүүгийн 2133000000067 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 03-ний өдөр Хөвсгөл аймаг Галт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инжинер мэргэжилтэй, “*******” ХХК-нд материалын инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, 32-21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Авга хариад овогт ******* /РД:РД00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 94-97 УАС улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч *******ийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, алба хаагчийн биед халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 94-97 УАС улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч *******ийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, алба хаагчийн биед халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч ******* өгсөн: “...Би авто зам дээр ажилладаг. Дарханы зам дээр ажиллаж байгаа. Тухайн өдөр найз охинтойгоо маргалдаад аймар их стресстэй байсан. Согтууруулах ундаа хэрэглээд өөрийгөө хянаж, удирдах чадваргүй байсан. Номгоны ойролцоо замаас гарч зогсоод цагдаатай муудалцсанаа бүрэн сайн санахгүй байна. Би ийм зүйл хийсэндээ гэм буруугаа хүлээж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Хохирогч *******ийн өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр томилгооны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт төв зам дагуу байрлах Хөтөл хөшөөний замын цагдаагийн хяналт шалгалтын постын үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд үүрэг гүйцэтгэж байхад 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мянганбаяр 99196728 гэсэн дугаараас миний гар утас руу залгаад “Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлд төв зам дагуу бор шаргал өнгийн Лексус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж зам хэрээд яваад байна гэсэн мэдээллийг иргэнээс өгч байна хоёулаа хамт явж шалгах хэрэгтэй байна. Чи түрүүлж өөдөөс нь очоод зогсоох хэрэгтэй байна. Харин би араас чинь гарлаа” гэж хэлсэн. Тэгээд би шууд хөдөлж Дархан-Уул аймаг чигтээ төв замаар явж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн төв замын уулзвар дээр очиж зогссон. Энэ үед бор шаргал өнгийн 94-97 УАС улсын дугаартай Лексус маркийн машин Дархан-Уул аймаг талаасаа ирсэн. Тэр үед би дохиур улаан модоороо зогс гэсэн дохиог өгсөн боловч жолооч машинаа зогсоогоогүй шууд миний хажуугаар гараад явсан. Харин би шууд Х.Мянганбаяр байцаагч руу залгаад “Миний дохиогоор зогссонгүй шууд яваад өглөө би араас нь дагаад явж байна. Та өөдөөс нь ирж зогсоогоорой” гэж хэлсэн. Тэгээд дагаад явж байтал Лексус машины жолооч гэнэт ямар ч гарц уулзвар байхгүй байхад замаасаа баруун тийш гараад замгүй газар луу зугтаасан. Тэгээд нэг тариан талбай руу ороод шороонд тэгнээд зогсчихсон. Энэ үед би араас нь явж очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож машиныг нь унтрааж машины түлхүүрийг нь авсан. Тэгээд машины жолооч талаар нь очиж хаалгыг нь онгойлгож жолоочийг машинаас буулгах үед надад архи үнэртсэн. Тэгсэн жолооч машинаас буучхаад буцаад машиндаа орж машинаа барьж явна гээд эсэргүүцсэн. Харин би машинд нь суулгахгүй гээд татсан чинь газарт уначихаар нь босгохгүй гээд дээр нь дарсан. Тэгсэн нэг приус машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгсэн чинь тэр хоёр хүнийг хараад согтуу жолооч ******* намайг түлхээд миний дээр гарч бид хоёр барьцалдаад хамт газарт унасан. Тэгсэн араас нь ирсэн хоёр хүн боль гээд *******г татах үед бид хоёр хамт барьцалдсан чигээрээ газраас боссон. Тэгээд одоо гараа тавьчих гэхээр нь би гараа тавьсан чинь ******* нь шууд миний зүүн шанаа орчим руу хоёр удаа мөргөсөн. Тэгсэн чинь араас ирсэн эмэгтэй нь “чи яаж байгаа юм бэ” гээд *******г дагуулаад цаашаа явсан. Харин удалгүй Х.Мянганбаяр байцаагч ирээд бид хоёр хамт согтуу жолоочийг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би жолооч дээр очоод “чи үхлээ ш дээ яагаад согтуу машин барьж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн жолооч ******* нь миний өөдөөс ямар ч хариу хэлэлгүй. Сүүлд нь надад “намайг уучлаарай би найз охинтойгоо маргалдсан. Уур бухимдлаа гаргаж чадахгүй ийм зүйл болчихлоо миний буруу” гэж байсан. Өөр хүн байхгүй ганцаараа машин жолоодож явсан. Миний зүүн шанаа руу хоёр удаа мөргөсөн. Энэ үед миний зүүн шанаа орчимд овоож хавдсан бас хамраас бага зэрэг цус гарсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байхгүй. Би тухайн үед энгэрийн камераа асаах гээд товчлуурыг нь дарсан юм. Тэгээд энгэрийн камер ассан байсан боловч бичлэг хийх товчийг нь дарж амжаагүй байхад нь ******* шууд энгэрийн камерыг татаж аваад газарт шидээд надтай зууралдсан юм. Тэгээд бичлэг хийгдээгүй байсан. Миний шүглийн оосор тасарсан байсан. Бас өмсөж байсан шар хантаазыг сунгасан байсан. Гэхдээ энгэрийн камерт ямар нэг гэмтэл учраагүй ажиллагаа хэвийн байсан. Гомдол санал ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна. Хууль ёсны шаардлага эсэргүүцэж биед минь халдсан этгээдэд арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/, 2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч *******ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...Би үүрэг гүйцэтгэх хугацаандаа иргэний дуудлагаар Дархан-Уул аймгаас Эрдэнэт чиглэл рүү явж байгаа 94-97 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дайрчих шахаад өнгөрлөө зам хэрээд явж байна гэхэд Номгон өнгөрөөд ******* машинаас бууж ирээд миний биед халдаж камер булааж шууд мөргөсөн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд согтуурал шалгахад 2.20% согтолттой үедээ LEXUS-НS250 маркийн тээврийн хэрэгсэл согтуу үедээ жолоодож явсныг илрүүлэн ажилласан...” гэх илтгэх хуудас/хх-ийн 2-р хуудас/, 3.Гэрч Э.Энхболдын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байсан. Үдээс хойш 15 цагийн орчимд би амьдардаг гэртээ гал түлээд байж байтал гэрийн гадаа машин асаад хөдлөөд явчихсан. Тэгээд гараад харсан чинь ******* гэрийн гадаа байсан Лексус маркийн машиныг унаад явчихсан байсан. Тэгсэн Алтанзул эгч намайг хамт араас нь машинтай хамт явахгүй бол согтуу машин бариад явчихлаа гэхээр нь би ажлын газрын ахынхаа машиныг аваад ******* араас Алтанцэцэг эгч бид хоёр явсан. Тэгээд хар зам дагуу нэлээн явж байгаад замдаа ******* рүү залгаад утсаар яриад хаана байгааг нь асуусан чинь Эрдэнэт явж байна гээд байсан. Тэгээд Эрдэнэт чигтээ замаа дагаад явж байтал замаас гараад замын хажууд зогсчихсон байсныг харсан. Тэгээд машинтайгаа хойно нь зогсоод машинаас буух гэтэл ******* машинаа хөдөлгөөнд яваад өгсөн. Тэгээд би машин унаад араас нь дагаад явсан. Явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон ороод зам дагуу байдаг Тэс петролиум шатахуун түгээх станцын уулзвар өнгөртөл нэг цагдаад замын хажуунаас машиндаа суугаад ******* машины араас дагаж байхыг харсан. Тэгээд хэсэг явж байгаад ******* зам дээр зогсчихсон. Тэгсэн араас цагдаа зогсоод цагдаа машинаас буусан чинь ******* дахиад хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би ******* рүү залгаад чи зогсчих цагдаа чамайг дагаад явж байна. Миний хөгшин зогсчих гэж зөндөө ятгасан. Тэгсэн ******* хэсэг явж байгаад замын баруун тийш гараад 50-60 орчим метр яваад зогссон. Тэгээд цагдаагийн араас ******* машин дээр очсон чинь цагдаа *******г машинаас нь татаж гаргаад газарт хэвтүүлээд дээр нь дарчихсан байсан. Тэгээд машинтай очиж зогсоод Машинаасаа буусан чинь ******* цагдаад намайг босгочих гэж хэлсэн. Тэгсэн цагдаа босгохгүй гээд гарыг нь өчиж доош дарсан байсан. Тэгээд ******* уурлаж босч ирээд цагдаатай барьцалдаад авсан. Тэгэхээр нь би *******ээг араас нь очоод барьж авсан чинь *******ээ цагдаагийн дух орчимд хоёр удаа мөргөчихсөн. Тэгээд би цагдаа ахыг тавьчих гэж хэлсэн чинь цагдаа ах тавиад би *******г аваад явсан. Тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Би уул нь яг салгаж авах гээд араас нь тэвэрсэн. Тэгсэн яг салгах хооронд л 2 удаа мөргөчихсөн. Тэр талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Манай ажлын Баагий гэж ахтай 2 том пиво уусан юм. 1 том пивыг нь гүйцэд ууж чадаагүй. Ер нь нэлээн согтоод пиво уугаагүй орхисон. Би архи дарс хэрэглээд байдаггүй. Өнөөдөр л пиво уучихсан байсан. Яагаад пиво уусан талаар хэлж мэдэхгүй байна. ******* унаж явсан машин Алтанзул эгчийн машин байгаа юм. Алтанзул эгч ******* хоёр хоорондоо үерхдэг учраас машин машиндаа ганцаараа өөрөө бариад явж байсан. Би яг араас нь машинтай дагаад явж байсан. Тэгсэн замын эсрэг урсгал руу 2-3 удаа ороод их эвгүй байхаар нь ******* рүү утсаар залгаад “миний хөгшин тайвшир машинаа зогсоочих зогсож байгаад ярилцаж учраа олъё” гэж хэлсэн чинь ******* “араас цагдаа дагаад байна яах вэ” гэхээр нь би зүгээр зогс гэж хэлж байгаад хэсэг явж байгаад зогссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27-р хуудас/, 4.Гэрч Б.Алтанзулын өгсөн: “...Би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлийн авто замын засвар дээр ажиллаж байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө ажилдаа гарахдаа найз залуу *******тэй жаахан маргалдчихсан юм. Тэгээд үдээс хойш 15 цагийн орчимд амралтын байран дээрээ ирэхэд манай найз залуу ******* согтуу байсан. Тэгээд намайг дуудахаар нь би бие засах гээд нойл орчхоод гараад ирсэн чинь ******* машинтайгаа хөдлөөд зам руу нийлж байхыг нь харсан. Тэгээд хайгаад Эрдэнэт чигтээ явж байтал Сэлэнгэ аймгийн Номгоны наахан талд замаас гараад аваараа татаад зогсчихсон байсан. Тэгээд Энхболд бид хоёрыг машинтай дөхөөд очсон чинь шууд хөдлөөд явчихсан. Тэгээд Номгон өнгөрөөд явж байтал Энхболд гар утсаараа ******* рүү залгаад “чи зогс цагдаа араас чинь явж байна” гэж хэлсэн чинь эхэндээ зогсохгүй яваад байсан. Тэгснээ гэнэт замаас баруун тийш гараад зогссон. Тэгээд Энхболд бид хоёр цагдаагийн араас ******* машин дээр яваад очсон чинь цагдаа *******г машинаас нь гаргаад газарт хэвтүүлээд дээр нь дарчихсан байсан. Тэгсэн ******* босч ирээд цагдаатай барьцалдаад авахаар нь Энхболд *******г салгаж авах гээд араас нь тэврээд ачсан чинь салах үедээ цагдаагийн нүүр хэсэг рүү нь мөргөх шиг болсон. Тэгээд *******г салгаад машинаас холдуулсан. Удалгүй араас нь дахиад нэг цагдаа ирээд *******г авч явсан. Би тэр талаар бас мэдэхгүй байна. Уул нь намайг хүрээд ир гэж дуудсан. Харин би очилгүй шууд биеэ засах гээд 00 орсон юм тэр хооронд л машин бариад яваад өгсөн байсан. Манай ажлын газрын ахтай нэг том пиво хувааж уусан юм шиг байна лээ. Өнөөдөр бороотой байсан болохоор амарч байсан юм. ******* ааш зангийн хувьд их зөөлөн хүн, архи дарс хэрэглээд байдаггүй юм. ******* надтай муудалцаад жаахан эмзэглээд пиво уучихсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24-р хуудас/, 5.Гэрч Х.Мянганбаярын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг өнгөрч байсан санагдаж байна. Би ажил дээрээ ажиллаж байхад манай найз над руу залгаад “Дархан-Уул аймгаас Орхон чиглэлд нэг машин их эвгүй яваад байна, согтуу байж магадгүй шалгаарай” гэж хэлсэн. Тэгээд би замын Хөтөл хөшөөний постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч *******ийг яаралтай явж Дархан-Уул аймгаас ирж байгаа Лексус маркийн шаргал өнгөтэй жижиг тэргийг зогсоож шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байтал *******э буцаж над руу залгаад би Номгоны уулзвар дээр зогсоох гэсэн боловч зогсохгүй хажуугаар гараад явчихлаа та постон дээр ирээд зогсоогоорой би араас нь дагаад явж байна гэж хэлсэн. Тэгээд би шууд Хөтөл хөшөөний постон дээр ирээд байж байтал *******э дахин залгаад “тухайн машиныг зогсоочихлоо. Та Даваахүүгийн бригадын тэнд хүрээд ир” гэж хэлсэн. Харин би постноос хөдлөөд *******ийн хэлсэн газарт яваад очсон чинь *******э нь согтуу жолооч намайг мөргөчихлөө гээд байж байсан. *******г найз нь гээд нэг залуу араас нь тэвэрчихсэн хажууд нь найз охин нь гэх эмэгтэй зогсож байсан. Харин *******э нь машины хажууд зогсож байсан. Яриа өгүүлэл нь нэлээн хурц догшин агсам байрын залуу шиг харагдсан. Намайг очсоноос хойш ямар нэгэн маргаан болоогүй харин үг хэлээр над руу дайраад байсан. Зүүн шанаа нь улайгаад бага зэрэг хавдсан байсан. Надад яагаад мөргөх болсон талаар мэдэх зүйл байхгүй. Очиход нэлээн согтуу байсан. Хүмүүсийн ярьж хэлж байснаар бол ******* нь нэлээн хурдтай явж байсан. Дээр урсгал сөрж зам хэрээд яваад байсан аваар осол гаргах юм бол аюултай зүйл болохоор байсныг нь цагдаагийн албан хаагч таслан зогсоосон. Тиймээ *******э нь ганцаараа байсан тул өдрийн цагаар өдөр болон томилгооны дагуу Хөтөл хөшөөний постод үүрэг гүйцэтгэж байсан. Угаасаа Ковид-19 өвчний улмаас хамт үүрэг гүйцэтгэх хүн хүч орон тоо байхгүй учраас ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан. Эхлээд иргэнээс ирсэн мэдээллээр яг согтуу байгаа эсэх нь тодорхойгүй нэлээн хурдтай явж байна гэж хэлсэн. Тиймээс би цагдаагийн дэд ахлагч *******ийг осол аваар гаргахаас нь өмнө тухайн тээврийн хэрэгслийг өөдөөс нь тосч шалгах үүрэг өгсөн мөн тээврийн хэрэгсэл шалгахдаа зам дээр зогсохгүй аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг өгсөн. Тэгээд *******ээс надад согтуу байна гэдгийг мэдээлмэгц би нэмэлтээр очихоор явсан боловч намайг очиход аль хэдийн асуудал болоод өнгөрсөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-р хуудас/, 6.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 614 дугаартай “...ДҮГНЭЛТ: 1.*******ийн биед хамарт зулгаралт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/ххийн 6-7 хуудас/, 7.2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Гиймаагийн тодорхойлолт/хх-ийн 8-р хуудас/, 8.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд гарч ажиллах жижүүр, харуул, эргүүлийн хуваарь/хх-ийн 17-р хуудас/, 9.Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалын хуулбар/хх-ийн 18-19-р хуудас/, 10.Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тухай 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл/ гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэжээ. Хохирогч Х.Мөнх-эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6/10 дугаартай тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар томилсон /хх-19/ байна. Гэмт хэрэг гардаг өдөр цагдаагийн д/а *******э а/д Х.Мянганбаяр нар жижүүр харуул, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд гарч ажиллах хуваариар батлагдаж байна. Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-/хх-58/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэгт холбогдохын өмнө “*******” ХХК-нд материалын инженерийн албан тушаалд сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан /хх-59/ байна. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаан ойлгож гэмшиж байгаа байдлыг харгалзан нийгмээс тусгаарлалгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1. 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Авга хариад овогт ******* /РД:РД00000000/-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА