| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0155/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/163 |
| Огноо | 2021-12-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч Х.Р, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, орчуулагч С.Жанибек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х ургийн овогт Х-ы Р-т холбогдох эрүүгийн 2135001810196 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Х ургийн овогт Х-ы Р, 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сум, хоёрдугаар багийн Цагаан эрэг 20-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Р нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тэс сумын зургаадугаар багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө иргэн Х.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135001810196 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: Хохирогч Х.Х-ийн мэдүүлгүүдийг /хх-ийн 6-7, 45 дугаар хуудас/, гэрч З.Т-ы мэдүүлгийг /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Б.Е мэдүүлгийг /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч В.А-ийн мэдүүлгийг /хх-ийн 51 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Р-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 76-77 дугаар хуудас/, хохирогч Х.Х-ийн гэрэл зургийг /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Х.Х-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарыг /хх-ийн 23-28 дугаар хуудас/, хохирогч Х.Х-ийн өвчний түүх гэх баримтын хуулбарыг /хх-ийн 103-111 дүгээр хуудас/, хохирогчийн өмгөөлөгч С.Алтайн тодорхойлолтыг /хх-ийн 97 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Р-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх-ийн 116 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоолыг /хх-ийн 117 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: хохирогчийн өмгөөлөгч С.Алтайн тодорхойлолтыг /хх-ийн 97 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Р-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх-ийн 116 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоолыг /хх-ийн 117 дугаар хуудас/, гэрч С.А-гийн мэдүүлгийг /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Х.М-ын мэдүүлгийг /хх-ийн 55-56 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан.
Хохирогчийн өмгөөлөгч С.Алтай нотлох баримт шинжлэн судлаагүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
- Хохирогч Х.Х-ийн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед уг барилга баригдаж буй хашаанд байх эсгий гэрт З.Т, Н, Ж, А, В.А нарын хамт унтаж, амарч байхад миний толгой руу нэг нь ус хийсэн. Би цочиж сэрээд харахад Х.Р гэгч хамт ажилладаг залуу савтай ус миний толгой руу асгаад зогсож байсан. Би түүнээс “яагаад байгаа юм бэ?” гэж асуухад “танай эхнэр манай эхнэр рүү утсаар яриад биднийг энд архидаад хэвтэж байгаа мэтээр хэлсэн байна” гэж хэлээд гараад явсан. Түүнийг гараад явахаар нь хамт хэвтэж байсан дээрх залуучууд Х.Р-ийг архи уусан байна гэж хэлэхэд Х.Р буцаж орж ирээд “та нар намайг яриад байна уу?” гэж хэлээд миний зүүн нүд рүү нэг удаа өшиглөхөд би өндийгөөд суух үед цээж, баруун хавирга руу хэд хэдэн удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг[1],
- гэрч З.Т-ы “...Х.Р гаднаас согтуу орж ирээд гэрийн баруун талын наарны захад унтаж байсан Х.Х-ийн дээрээс хөлөөрөө цээж, толгойг нь дэвсэж байсан. Бид нарыг харахад Х.Х-ийн хамраас болон зүүн нүднээс шиг санагдаж байна цус гарч байсан. Баруун хавиргаа дараад байсан ба өмсөж байсан хувцасны баруун хавирга тус газар нь гутлын мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг[2],
- гэрч Б.Е-ын “...гаднаас нэг хүн орж ирээд гэрийн баруун талын захад нь хэвтэж байсан хүнийг өшиглөөд дэвсээд эхэлсэн. Тэгэхэд нэг хүн гэрэл асаахад Х.Р Х.Х-ийг зодож байсан. Х.Хийг харахад хамраас нь болон зүүн нүдний ухархай хэсгээс нь цус гар байсан...” гэх мэдүүлэг[3],
- 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаартай “...Х.Хийн биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугаралтай, хамар ясны баруун хажуу хананы уг хэсгээр сэлтэрсэн хугаралтай, зүүн хацрын зөөлөн эдэд хаван хавдартай, баруун талын 4, 5, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар босоо болон ташуу, зөрүү багатай хугаралтай, зүүн нүдний доод зовхи, хацар хаван хавдартай, эмзэглэлтэй, зүүн нүдний алим нь цус хурсан, цээжний баруун талаар эмзэглэлтэй гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[4],
- шүүгдэгч Х.Р-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11:00 цагийн үед манай ажилчид архи ууж эхэлсэн. ...21:30 цагийн үед сэрэхэд ээж рүү манай эхнэр С.А утсаар залгаад “Х.Х-ийн эхнэр над руу утасдаж танай нөхөр миний нөхрийг дагуулаад арван хоног архи уусан гэж хэлж байна” гэж хэлсэн байсан. Би түүнийг нь сонсоод Х.Х-ээс тэр талаар асуухаар гэрт ороход харанхуй, ажилчид унтаж, амарч байсан. Зуухны дэргэд ундааны савтай ус байсныг аваад гэрийн баруун талын захад нь унтаж байсан Х.Хийг ус цацаж сэрээсэн. Х.Х сэрээд “яаж байна аа” гэхэд нь би “та эхнэртээ архи уусан гэж хэлсэн юм уу? Би хэзээ арван хоног архи уусан юм бэ? Өнөөдөр л ганц өдөр та нартай архи уусан шүү дээ. Таны эхнэр миний эхнэр лүү утасдаж намайг таныг уруу татаж арван хоног архи уусан гэж хэлсэн байна. Та эхнэртэй тэгж хэлсэн юм уу?” гэхэд “би тэгж хэлээгүй” гэж хэлээд эхнэр лүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би “та тэгж болохгүй шүү, эхнэртээ зөвөөр ойлгуулж хэлээрэй. Өмнө архи уугаагүй, өнөөдөр л тантай архи уусан шүү” гэж хэлээд гарсан. Би гэрээс гарч явтал үүдэнд нэг залуу тааралдаад ярилцаад зогсож байтал гэр доторх хүмүүс “энэ юу хийж яваа юм бэ?” гэж асуухад Х.Х “энэ юу гэдэг юм, архи уучихсан өдөж, хэрэгт дурлаж явна” гэж хэлсэн. Би буцаж ороод “би ямар чамаас хэрүүл хайж ирсэн юм уу? Чамайг өдөх гэсэн юм уу?” гэж хэлээд хажуулдаад хэвтэж байхад нь суган доогуур нь нэг өшиглөөд, нүд рүү бас нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг[5] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Увс аймгийн Тэс сумын зургаадугаар багийн нутагт шүүгдэгч Х.Р нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Х.Х-ийн баруун хавирга тус газар болон зүүн нүдний орчим тус тус өшиглөж хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананы уг хэсгээр сэлтэрсэн хугарал, баруун талын 4, 5, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар босоо болон ташуу, зөрүү багатай хугарал гэмтлүүд учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан “зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананы уг хэсгээр сэлтэрсэн хугарал, баруун талын 4, 5, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар босоо болон ташуу, зөрүү багатай хугарал” гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Х.Р нь хүний биед халдах нь хууль бус, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж хохирогчийг удаа дараа өшиглөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Р-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Х-ийн “...Надад учирсан 1,2 сая төгрөгийн хохирлыг Х.Р нөхөн төлж барагдуулсан. Уг мөнгийг би өмгөөлөгчөөрөө дамжуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[6], хохирогчийн өмгөөлөгч С.Алтайн “...Х.Х-ийн өмгөөлөгч С.Алтай би ...Х.Р-ээс хохирогч Х.Х-т учирсан гэх хохирлын мөнгө 1’200’000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогчид өгнө гэж хохирогчийг төлөөлж хүлээн авлаа...” гэх тодорхойлолтыг[7] үндэслэн шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Х.Р-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, хохирогчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн гаргасан 800’000 төгрөгөөр торгох ялын саналыг дэмжиж байна” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 800 нэгжээр торгох ялын хүрээнд хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.А-гийн “...Нөхөр маань зан араншингийн хувьд хүнтэй эвсэг харилцаатай, түргэн ууртай боловч уур нь хурдан гарчихдаг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хурдан гавшгай хөдөлгөөнтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хааяа баяр ёслол, найз нөхдийн хүрээнд тохируулж хэрэглэдэг, агсам согтуу тавьж байгаагүй, гэр бүлийнхэндээ халамж анхаарал сайн тавьдаг, ахмад настныг хүндэлж харьцдаг, ажилсаг, хөдөлмөрч, хүүхдүүдээ сургуульд байнга хүргэж өгч, тосч авдаг, бусдад тус болоод явж байдаг...” гэх мэдүүлэг[8], гэрч Х.М-ын “...Зан араншингийн хувьд хүнтэй нээлттэй ярилцаж чаддаггүй, үг дуу цөөтэй, зөөлөн харьцаатай, төлөв даруу зантай, эелдэг дөлгөөн зантай, хүнтэй хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа найз нөхдийн хүрээнд тохируулж хэрэглэдэг, агсам согтуу тавьж байгаагүй. ...Найз нөхөд олонтой, хар бор ажлаас зугтаад байдаггүй, ажилсаг хөдөлмөрч хүн байгаа юм.” гэх мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Р нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сум, хоёрдугаар багийн Цагаан эрэг 20-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Х.Р-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди диск нь хохирогч Х.Х-ийн толгойн болон цээжний томографын зургийг агуулсан байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Х-ы Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Р-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Х.Р нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Р-ээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хохирогчийн томографын хоёр ширхэг сиди дискийг хохирогч Х.Х-т буцаан олгосугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА