| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт А-ийн Х-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт А-ийн Х, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Өндөрхангай сумын Дулааны цахилгаан станцад галч ажилтай, ам бүл зургаа, эцэг, эх, гурван дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Х нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутагт хохирогч С.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн ..................... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг /хх-ийн 01 дүгээр хуудас/, хохирогч Ц.Г-ын мэдүүлгүүдийг /хх-ийн 12-13, 15 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-ийн мэдүүлгийг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Н.А-ий мэдүүлгийг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Л-ийн мэдүүлгийг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ийн мэдүүлгийг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 44-3/1642 дугаартай албан бичгийг /хх-ийн 82 дугаар хуудас/ шинжлэн судалсан байна.
Шүүгдэгч А.Х өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй, мөн “мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна” гэх үндэслэлээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
- Хохирогч Ц.Г-ын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би босоод иртэл Н.А Луукаа /Д.Л/-г “босоод ир” гээд нүүр лүү нь гараа атгаж байгаад хоёр гурван удаа цохиод авахаар нь би “чи яагаад хүүхэд цохиод байгаа юм” гээд Н.А-г заамдаад автал намайг гараа атгаж байгаад миний нүүр лүү хоёр удаа цохиод миний хоолой боогоод унагаасан. Тэр үед миний хамраас цус гараад байхаар нь нойлын цаасаар хамраа арчаад сууж байтал А.Х ирээд намайг унтуулах гээд орон дээр хэвтүүлсэн. Тэр үед би Н.А-д уурласан уурандаа А.Х-г хоёр удаа алгадаад автал гараа атгаж байгаад миний ам хэсэг рүү нэг цохиход миний амнаас хоёр шүд уначихсан...” гэх мэдүүлэг[1],
- гэрч Ц.Ц-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Тэгээд Н.А Ц.Г-ын нүүр лүү алгадаад цаашаа түлхэхэд хамраас нь цус гарсан. Ц.Г Н.А рүү дайраад ирэхээр нь Туяа, А.Х бид гурав салгахад А.Х Ц.Г-ыг “та одоо унт” гээд орон дээр цээжээрээ дарцан байж байтал Ц.Г А.Хг “чи муу гуйлгачин, хулгайч” гээд нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. А.Х буцаагаад гараа атгаж байгаад нэг удаа цохиж харагдсан. Н.А бид хоёр очоод Ц.Г, А.Х хоёрыг салгаад зогсож байтал Ц.Г “миний шүд уначихлаа” гээд босож ирээд шүлсээ шал руу хаятал цустай нэг ширхэг шүд унаад ирсэн...” гэх мэдүүлэг[2],
- гэрч Н.А-ий 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Тэр үед Ц.Г ах А.Хг “чи муу гуйлгачин” энэ тэр гээд цохих гээд байсан. Тэгж байтал А.Х “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд Ц.Г-ыг баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгтэл Ц.Г ах шүлсэндээ хахаад шүлсээ нулимтал цустай нэг шүд унаад ирсэн...” гэх мэдүүлэг[3],
- гэрч Д.Л-ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Ц.Г ахын хамраас цус гараад байх шиг байсан. Би ухаан ороод сэртэл Ц.Г ахын эхнэр Ц.Б “Ц.Г ахын чинь шүд байхгүй болчлоо, ахыг чинь энэ Н.А цохиод шүдийн унагаачихлаа” гээд байсан. Тэгтэл А.Х гаднаас орж ирээд “би цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
- Гэрч Ц.Б-гийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Тэр үед манай хадам ээж над руу залгахаар нь би утсаар гадаа гарч ярьчхаад ороод иртэл манай нөхөр “миний шүд уначихлаа” гээд орилоод байсан. Тэр үед амандаа байсан цусаа шал руу хаятал хоёр ширхэг шүд уначихсан байсан. Би “хэн манай нөхрийг цохисон юм” гээд Н.А-ийг цохисон байж магадгүй гээд Н.А-тэй хэрэлдэж байтал А.Х “би цохисон юм аа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],
- 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 425 дугаартай “Үзүүлэгч Ц.Г-ын биед үүдэн баруун дээд 01 дүгээр шүд, зүүн дээд 01 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад зулгаралт, цус хуралт, доод уруулын салстад зулгаралт, цох, хамрын баруун угалз, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Үүдэн баруун дээд 01 дүгээр шүд, зүүн дээд 01 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад зулгаралт, цус хуралт, доод уруулын салстад зулгаралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийг бага хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт[6],
- Шүүгдэгч А.Х-гийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн “...Би яваад ороход Н.А, Ц.Г ах хоёр зодолдсон Ц.Г ахын хамраас цус гарчихсан байдалтай байхаар нь би орон дээр дараад хэвтүүлсэн. Ц.Г ахыг унтуулах гэхэд унтахгүй “намайг гуйлгачин, хулгайч, гөлөг минь” гээд намайг баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу хоёр удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараа атгаж байгаад Ц.Г-ын ам хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл Ц.Г ах миний шүд уначихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг[7] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч Ц.Г нь гэрч Н.Амартүвшинтэй үл ялих зүйлээр шалтаглан зодолдох явцад нь шүүгдэгч А.Х уг үйлдлийг таслан зогсоож, хохирогчийг унтуулахаар дарж хэвтүүлжээ. Улмаар хохирогч шүүгдэгчийг зүй бус үгээр гутаан доромжилж, түүний нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч А.Х түүний уруул тус газар нэг удаа цохиж хохирогч Ц.Гантулгын биед үүдэн баруун дээд 01 дүгээр шүд, зүүн дээд 01 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад зулгаралт, цус хуралт, доод уруулын салстад зулгаралт гэмтлүүд учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан “үүдэн баруун дээд 01 дүгээр шүд, зүүн дээд 01 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад зулгаралт, цус хуралт, доод уруулын салстад зулгаралт” гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч А.Х нь хүний биед халдах нь хууль бус, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж харилцан зодолдож, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч А.Х-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Г “...Надад учирсан хохирлыг А.Х бүрэн төлж барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй...” гэж[8] мэдүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч улсын яллагчийн “Танаас хэдэн төгрөг нэхэмжилсэн бэ?” гэх асуултад “1’500’000 төгрөг нэхэмжилсэн” гэж, мөн улсын яллагчийн “Үүнээс хохиролд мөнгө төгрөг өгсөн зүйл бий юу?” гэх асуултад “Байхгүй” гэж хариулсан байна.
Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, хохирогч Ц.Гантулгын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Д-гийн “...А.Х нь их төлөв даруухан, үг дуу цөөнтэй, эелдэг, хүний үгнээс гардаггүй, ажилсаг, тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршилгүй, гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай залуу юм...” гэх мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын тодорхойлолт[11] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч А.Х нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт эцэг, эх, гурван дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн Өндөрхангай сумын Дулааны цахилгаан станцад галч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдсэн байх бөгөөд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэрэг гарчээ. Тодруулбал шүүгдэгч А.Х-г хохирогч Ц.Г хоёр удаа цохисон болох нь хохирогч Ц.Г, гэрч Ц.Ц, шүүгдэгч А.Х нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооход харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тогтвортой ажилтай гэх хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт А-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч А.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, хохирогч Ц.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 12-13 дугаар хуудас
[2] хх-ийн 19 дүгээр хуудас
[3] хх-ийн 21-22 дугаар хуудас
[4] хх-ийн 26 дугаар хуудас
[5] хх-ийн 28-29 дүгээр хуудас
[6] хх-ийн 39-40 дүгээр хуудас
[7] хх-ийн 54-55 дугаар хуудас
[8] хх-ийн 15 дугаар хуудас
[9] хх-ийн 31-32 дугаар хуудас
[10] хх-ийн 70 дугаар хуудас
[11] хх-ийн 75 дугаар хуудас