Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00132

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

            Улсын яллагч Ц.Идэрмөнх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Оюунчимэг, Д.Энхбаяр,

            Шүүгдэгч Г.Сэрэлмаа, Ч.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Сэрэлмаа, Ч.Нямсүрэн нарт холбогдох 201614000229 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1965 оны 01 сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн гаражийн албанд түгээгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг  1-25-12 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Жигжид овгийн Гэнэндарамын Сэрэлмаа / РД: ХЛ 65010624 /

Монгол улсын иргэн, 1975 оны 03 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ерөнхий агарномич, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагад үйлчлэгч ажилтай,  ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт  Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг  6-25-09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Цорс овгийн Чойжилсүрэнгийн Нямсүрэн /РД: МЗ 75032363/

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Нямсүрэн нь 2016 оны 04 сарын 27-ны өдөр Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын  Технологийн тээврийн гаражийн сүү, тараг олгох өрөөнд тус гаражид түгээгч ажилтай Г.Сэрэлмаатай үл ойлголцсоны улмаас хэрүүл, маргаан хийж харилцан зодолдож Г.Сэрэлмаагийн биед хөнгөн гэмтэл учруулсан,

 Шүүгдэгч  Г.Сэрэлмаа нь 2016 оны 04 сарын 27-ны өдөр Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын  Технологийн тээврийн гаражийн сүү, тараг олгох өрөөнд тус гаражид түгээгч ажилтай Г.Сэрэлмаатай үл ойлголцсоны улмаас хэрүүл, маргаан хийж харилцан зодолдож Ч.Нямсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Шүүгдэгч Г.Сэрэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоорондоо эвлэрсэн. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэв.

2. Шүүгдэгч Ч.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоорондоо эвлэрсэн. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

3. Гэрч М.Лхагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Өдөр цайны цагийн дараа би сүү, тараг олгодог өрөө рүү ундаа авч уух санаатай очсон. Намайг өрөөнд ороход үйлчлэгч Нямсүрэн, түгээгч Сэрэлмаа нар хоорондоо хэрэлдэж байсан. Сэрэлмаа нь Нямсүрэн рүү чи намайг авгай гэж хэллээ гээд гараараа зангаж хэрэлдэж байснаа Нямсүрэнг цохиж үснээс нь 2 гараараа зулгааж үсдсэн. Юу юугүй л нэг нэгийгээ үсдэж аваад хөлөөрөө нэг нэгийгээ өшиглөсөн. Салаад дахиж хэрэлдэж байснаа Сэрэлмаа чи муу зүгээр байгаарай гэж байснаа Нямсүрэн рүү дайрч дахиж нэг нэгийгээ үсдэж нэг нэгнээ өшиглөлцөж авсан. Харж байхад Сэрэлмаа Нямсүрэнг цохиж үсдэж авсан  гэжээ.

4. Гэрч Г.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 04 сарын 27-ны өдөр ээлжийн ажилтай байсан. 13 цаг 55 минутын үед белазын гаражийн их эмч Батхишиг манай цех дээр 2 хүн муудалцаж, зодолдож бие биенээ  гэмтээсэн байна гэсэн дуудлага өгсөн. Нямсүрэн нь зөвшөөрсөн учир биед нь үүссэн гэмтлийн зургийг өөрийнхөө гар утсан дээр баримт болгон дарж авсан нь одоо миний гар утсанд байна. Утсан дээрх зурганаас харахад духны зүүн хэсэгт болон хацарт маажсан гэмтэл шарх байсан байна. 2 шилбэний урд дунд хэсэгт хөхөрсөн байна  гэжээ.

5. Гэрч Л.Ханддорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Нямсүрэн тараг болсон нүүрээ угаасны дараа харахад маажсан байна гээд үзүүлсэн. Хэд хэдэн маажсан шарх байсан. Өмсөж явсан өмднийхөө түрүүг дээш нь сөхөж үзүүлэхэд нэг хөлийн шилбэн дээр 2,3 газар хөхөрсан харагдсан гэжээ.

6. Гэрч Ө.Батхишиг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Нямсүрэнгийн биеийн нүүрний хэсэгт хацар, духанд нь маажсан байсан. 2 хөлийн шилбэ нь улайж хавдсан байсан. Сэрэлмааг үзүүл гэхэд би үзүүлээд байх юм байхгүй. Ичихгүй үзүүлээд байхдаа яадаг юм гэж байсан гэжээ.

7. Гэрч Д.Пүрэвжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 04 сарын 29-ний өдөр намайг гэмтлийн эмчийн оронд түр ажиллаж байхад иргэн Г.Сэрэлмаа ирж үзүүлсэн. Үзлэгт биеийн ерөнхий  байдал дунд, арьс салст ердийн өнгөтэй, нүдний хүүхэн харааны хэлбэр хэмжээ зөв, гэрлийн урвалд жигд, нүдний хөндлөн булчингийн чангарал илрээгүй, хүзүүний тууш булчингийн чангарал бага зэрэг илэрсэн, 2 талын шилбэний урд хэсэгт хөхөрч хавдсан өвдөлт ихтэй. Зүүн гарын шуунд хөхөрсөн өвдөлттэй. Нүүрний дух болон зүүн хацарын арьс зулгарч маажигдсан. 4-5 шархтай. Онош нь уураг тархины доргилт. Зөөлөн эдийн 2 хөлийн шилбэний няцарсан гэмтэл. Нүүрний зүүн хэсгийн арьсны зулгарсан /маажигдсан/ шарх гэсэн онош тавьж эмчилгээ зааж мэдрэлийн эмчид дахин үзүүлэх зөвлөгөө заасан байна гэжээ.

8. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 318 тоот дүгнэлтээр: 1.
Ч.Нямсүрэнгийн биед тархи доргилт, нүүр, зүүн бугуйнд 8 тооны шалбархай, дээд доод мөчид зөөлөн эдэд 4 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 630 тоот дүгнэлтээр: 1. Ч.Нямсүрэнгийн биед тухайн үед тархи доргилт, дух, зүүн завьж, зүүн дээд зовхи, баруун хөмсөг, зүүн бугуйнд зулгаралт, зүүн шуу, 2 шилбэ, зүүн өвдөгт цус хуралт зэрэг гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Ч.Нямсүрэнгийн биед учирсан бүх гэмтэлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад зулгаралт цус хуралт гэмтэлүүд нь бүгд нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Нүүрэнд учирсан гэмтэл нь ердийн явцаар бүдгэрч арилах боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.   

10. Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Нямсүрэн нь 2016 оны 04 сарын 27-ны өдөр Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын  Технологийн тээврийн гаражийн сүү, тараг олгох өрөөнд тус гаражид түгээгч ажилтай Г.Сэрэлмаатай үл ойлголцсоны улмаас хэрүүл, маргаан хийж харилцан зодолдож Г.Сэрэлмаагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч  Г.Сэрэлмаа нь 2016 оны 04 сарын 27-ны өдөр Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын  Технологийн тээврийн гаражийн сүү, тараг олгох өрөөнд тус гаражид түгээгч ажилтай Ч.Нямсүрэнтэй үл ойлголцсоны улмаас хэрүүл, маргаан хийж харилцан зодолдож Ч.Нямсүрэнгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн бид хоорондоо эвлэрсэн, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрхи нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

Ч.Нямсүрэн, Г.Сэрэлмаа нарын үйлдсэн хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

Ч.Нямсүрэн, Г.Сэрэлмаа нар нь хоорондоо эвлэрсэн, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Нямсүрэн, Г.Сэрэлмаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Цорс овгийн Чойжилсүрэнгийн Нямсүрэнг Г.Сэрэлмаагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Жигжид овгийн Гэнэндарамын Сэрэлмааг Ч.Нямсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т тус тус заасныг баримтлан Чойжилсүрэнгийн Нямсүрэн, Гэнэндарамын Сэрэлмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.