Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 207

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд оршин суух Жалайр Загдсүрэнгийн Энхбат,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төвд оршин суух Иөншөөбү Сосорын Энхмаа нарт холбогдох

Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 5.732.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч З.Энхбат, С.Энхмаа нар нь Хаан банкны Говь-Алтай салбарын Баян-Уул тооцооны төвөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ 13/2225 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 11.392.536 /арван нэгэн сая гурван зуун ерөн хоёр мянга таван зуун гучин зургаан/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй /жилийн 18 хувийн хүүтэй/ 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, 2.4.1 дэх хэсгүүдэд заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн дагуу үндсэн зээлд 5.917.865 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.621.281 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 8.539.146 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл 131 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 заасан үндэслэлээр банк зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж байна. Иймд банк барьцаат зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ 13/2225 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 5.474.671 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 249.446 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8.527 нийт 5.732.644 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                                                              

Хариуцагч З.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие З.Энхбат нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны Говь-Алтай салбарын захирал Б.Алтангэрэлтэй биеэрээ уулзаж нэхэмжлэлийн шаардлага болох 7 сая төгрөгийг төлж барагдуулахаар болсон болно гэжээ.

Хариуцагч С.Энхмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Энхмаа нь Хаан банкнаас өөрөө зээл авсан. Мөн З.Энхбатын хамтран зээлдэгч болсон. Ижил хэмжээний зээл авсан. Одоо тусдаа амьдарч байгаа, сүүлийн 1 жил, 6 сар тусдаа амьдарч байгаа, өөрийн зээлээ сард их хэмжээгээр төлдөг учир өөрийн цалин авдаг банк болох Төрийн банкинд шилжүүлсэн. З.Энхбатын зээлийг төлөх боломжгүй, өөрөө зээлтэй, 2 хүүхэдтэйгээ амьдардаг, удаа дараа Энхбатын зээлийг төлж байсан. Өөрийн машинаа зарж борлуулсан байсан. Миний бие З.Энхбатын зээлийг төлж барагдуулах боломжгүй. З.Энхбат миний мөн хамтран зээлдэгч гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Загдсүрэн овогтой Энхбат нь Хаан банкнаас авсан зээлийн төлбөрийг хүүгийн хамт 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан тул 2016 оны 01 дүгээр сарын 11-ний  өдрийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар нь З.Энхбат, С.Энхмаа нарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт нийт 5.732.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээсээ хариуцагч З.Энхбат нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан хүсэлтээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 106.673 төгрөгийн тал хувь буюу 53.336 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд оршин суух, Жалайр Загдсүрэнгийн Энхбат, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төвд оршин суух, Иөншөөбү Сосорын Энхмаа нарт холбогдох барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 5.732.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 106.673 төгрөгийн тал хувь буюу 53.336 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН