| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0154/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт М-гийн Т-т холбогдох эрүүгийн 2135000000195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт М-гийн Т, 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .....
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Итгэлт” барааны захад байрлалтай “Үүрэг нуур” дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Д-гийн “Самсунг-эс10 5жи” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Б.Д-д 744’167 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135000000195 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Увс аймаг дахь Цагдаагийн газрын Тариалан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Ө-ийн илтгэх хуудсыг /хх-ийн 01 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 3-5 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлийг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 17 дугаар хуудас/, хохирогч Б.Д-гийн мэдүүлгүүдийг /хх-ийн 20, 22 дугаар хуудас/, гэрч Ц.М-ийн мэдүүлгийг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гар утасны үнэлгээ тогтоосон 288 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч Б.Х-ын мэдүүлгийг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Э.Баярын мэдүүлгийг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, шүүгдэгч М.Т-ийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгийг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 769 дугаартай тодорхойлолтыг /хх-ийн 66 дугаар хуудас/, Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 44-8/1688 тоот албан бичгийг /хх-ийн 68 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
- 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн “...гар утсыг үзлэгийн тэмдэглэлд тусгаж иргэн М.Т-аас хураан авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
- 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын камерт үзлэг хийсэн “...14:43:20 цагт М.Т тавцан дээрх хар өнгийн хавтастай гар утсыг аваад шаланд тавьсан цагаан өнгийн нийлэг тортой хувцсыг аваад дэлгүүрээс 14:43:30 цагт гарч явав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],
- хохирогч Б.Д-гийн “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаангом сумын барааны зах дээр үйл ажиллагаа явуулдаг “Үүрэг нуур” гутлын дэлгүүрт худалдаа хийж байгаад лангуун дээр хар өнгийн хавтастай “Самсунг эс10 5жи” загварын гар утсаа орхиод явсан. Би гар утсаа санаад уг дэлгүүрт ирэхэд миний гар утас байхгүй байсан. Худалдагч эгчээс гар утсаа асуусан чинь мэдэхгүй чиний дараа Тариалан сумын эмэгтэй хүн ирсэн гэхээр нь би тэдний хяналтын камерыг шүүж үзэхэд гар утсыг нэг эмэгтэй хүн аваад явж байсныг гар утсанд бичлэг хийж авсан...” гэх мэдүүлэг[3],
- гэрч Ц.М-ийн өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Үүрэг нуур” гутлын дэлгүүр ажиллуулж байтал нэг цэнхэр куртиктэй хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн гутал үзэж байгаад гарч явсан. Тэр эмэгтэйн хажуу талд хар өнгийн куртик, ягаан цамц, цэнхэр өмдтэй эмэгтэй хүн мөн гутал үзэж байсан. Тухайн хүн гутал нь таарахгүй бол сумын унаанд хүргүүлж болох уу гэж ярьж байсан. ...Бид хоёр манай дэлгүүрийн камер шүүж үзсэн чинь тэр хүний хажууд гутал үзэж байсан өөрийгөө Тариалан сумынх гэж ярьж байсан эмэгтэй гар утсыг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг[4],
- 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 288 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын байдлаар Улаангом суманд “Самсунг-эс10 5жи” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 744’167 /долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жаран долоо/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[5],
- Шүүгдэгч М.Т-ийн яллагдагчаар дахин өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ...Улаангом сум руу хүүхдүүдэд хувцас авахаар орж ирээд ...Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байх зах дотор хувцас хараад явж байгаад гутал зардаг дэлгүүр лүү орсон. ...Эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй хүн дэлгүүрээс гарч явсны дараагаар би гутал сонирхож байхад лангуун дээр гар утас байсан ба тэр эмэгтэйн гар утас гэдгийг тухайн үед мэдээгүй, гэхдээ хэн нэгний эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан. ...Тариалан сумын хэсгийн цагдаа Д.Өлзийхишиг гэгч нь дуудаж уулзаад “та гар утас авсан байна, таны бичлэг байна” гэхээр нь би гар утас авсан болохоо хүлээн зөвшөөрч гар утсыг гаргаж үзүүлсэн” гэх мэдүүлэг[6] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах “Үүрэг нуур” дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Д-гийн “Самсунг-эс10 5жи” загварын гар утсыг өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч Б.Д-гийн “Самсунг-эс10 5жи” загварын гар утас 744’167 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 288 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон ба хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.Т нь шунахай сэдлээр хохирогчийн гар утсыг авсан байна. Тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч М.Тийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц утга агуулгын ноцтой зөрөөгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хохирогч Б.Д “Самсунг-эс10 5жи” загварын гар утсыг буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр[7] тогтоогдож байна. Мөн хохирогч Б.Д “Би гар утсаа Солонгос улс руу явуулж апликейшн суулгуулах шаардлагатай бөгөөд өөрийн таньдаг хүнийг гуйсан. Түүний нэг өдрийн цалин болох 150’000-180’000 төгрөгийг төлчих гэхэд гар утас авч явсан эмэгтэй бэлэн мөнгөөр миний хохирлыг төлж өгсөн” гэж мэдүүлсэн[8] байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...Шүүгдэгч М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Х-ын “...М.Т нь зан байдлын хувьд төлөв даруухан, энгийн эелдэг боловсон харьцаатай, яриасаг, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, ажилсаг, олонтой нийтэч, хүнд тусархуу, хүүхэд гэр бүлдээ халамжтай, хүмүүжилтэй, хүүхдүүдээ хайртай, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаггүй, ...урьд хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, миний үгнээс гардаггүй хүн юм...” гэх мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь нөхөр, долоогоос арван таван насны дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Т-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт М-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч М.Т-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Т-т хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5 Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА