Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Л-гийн С-д холбогдох эрүүгийн 2135000000200 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Л-гийн С, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл долоо, нөхөр, таван хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.С нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Б.Э-ийн гэрт агсам тавьж улмаар гэрт байсан Монел зурагтын дэлгэц, шилэн аяга, шаазан аяга, сандал зэргийг устгаж, гэмтээж хохирогч Б.Э-д 713’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135000000200 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 23-26 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зурагтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 27-30 дугаар хуудас/, хохирогч Б.Э-ийн мэдүүлгүүдийг /хх-ийн 5-6, 8 дугаар хуудас/, гэрч Л.Б-гийн мэдүүлгийг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мэдүүлгийг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 449 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 294 дугаартай эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 42 дугаар хуудас/, Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44-1/963 тоот албан бичгийг /хх-ийн 86 дугаар хуудас/, Увс аймгийн Прокурорын газарт гаргасан шүүгдэгч Л.С-гийн хүсэлтийг /хх-ийн 87 дугаар хуудас/, Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч Ч.М-ийн мэдүүлгийг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч П.Э-ын мэдүүлгийг /хх-ийн 20 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 59-60 дугаар хуудас/ шүүгдэгч Л.С-гийн охин М.М-ийн төрсний гэрчилгээний хуулбарыг /хх-ийн 74 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.С-гийн гэрлэлтийн гэрчилгээг /хх-ийн 75 дугаар хуудас/, шүүгдэгч Л.С-гийн хүү М.С, М.Б, охин М.М нарын төрсний гэрчилгээний хуулбаруудыг /хх-ийн 76-78 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Шүүгдэгч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

- Хохирогч Б.Э-ийн “...Л.Б ахад Л.С мөнгө өгч хоёр пиво аваад ир гэж явуулсан ба Л.Б ах хоёр том пиво аваад ирсэн. Тухайн үед 21 цаг болох гэж байсан ба нэг пиво задлаад ууж байтал Л.С орилж хашхираад уйлаад намайг “гуйлгачин авгай зайл, миний ахаас сал” гэх мэтээр хэл амаар доромжлоод эхлэхээр нь би “эгчийн дүү яагаад байгаа юм бэ” гэж аргадаж хажууд нь суусан. Тэгтэл Л.С гараараа ширээ цохиод орилоод босож ирээд шууд миний нүүр лүү алгадаад авахаар нь би нүүрээ дарж сууж байгаад босоод иртэл Л.С дахиад гараа бондойлгож байгаад миний зүүн талын нүд рүү цохиход миний нүд гал дүрэлзээд сонин болсон. Хэсэгтээ миний толгой манараад сууж байгаад босож ирсэн. Тэгтэл Л.С цай ууж байсан аягаа шууд газар луу шидэж хагалаад сууж байсан сандлаа барьж аваад намайг цохих гэж дайраад миний толгой, нуруу, ар шил рүү хоёроос гурван удаа цохиход Л.Б ах Л.Сг хоёр гараас нь бариад орон дээр суулгасан. Тэгтэл Л.С намайг цохисон сандлыг аваад над руу шидэхэд сандлын мод нь хагарч хоёр хэсэг болсон. Тухайн үед Ч.М газарт унтаж байсан ба босож ирээгүй. Тэгж байтал Л.С гайгүй болоод хэсэг сууж байснаа дахиад намайг “халтар, архичин, янхан авгай, чи миний ахын гэрээс зайл” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би согтуу хүнтэй юу ярих уу гэж бодоод юу ч дуугараагүй ба сүүлд нь Л.С-г “чи одоо больчих, гэртээ хариад амар” гэж зөндөө гуйсан боловч гартаа таарсан зүйлээ над руу шидээд байсан. Сүүлд агсам тавьж хэрүүл хийж байгаад өглөө 05 цагт Л.С, Ч.М хоёр манай гэрээс гарч явсан. Би гэртээ орж ирээд зурагтаа асаахад манай зурагтын дэлгэц хагарч цуурсан байхаар нь Б.А болон хадам ах Л.Б-гаас “энэ зурагт яасан юм бэ?” гэж асуухад миний охин “таны энэ тосыг зурагтын дэлгэц рүү шидсэн” гэж зурагтын урд байсан тосыг аваад ирсэн...” гэх мэдүүлэг[1],

- гэрч Л.Б-гийн “...Би Л.С-г чи болиоч гэхэд “чам шиг юм зүгээр дуугүй бай, муу гуйлгачин, боол минь” гэхэд бэр Б.Э босож ирээд “чи болиоч, юу яриад байгаа юм бэ? хэчнээн ядуу ч гэсэн чамаас хоол гуйж амьдарч байгаа юм уу?” гэхэд Л.С орилж хашхирч босож ирээд “бүгдийг чинь ална шүү” гээд бэр Б.Э-ийн нүүр лүү алгадаад авсан. Тэр үед би салгах гэхэд намайг түлхээд унагаасан. Тэгснээ Б.Э-ийн нүүр лүү дахиад цохиж байгаа харагдсан ба аяга, шилэн стакан эд нарыг шидэж хагалсан. Тэгснээ сууж байсан сандлаа авч Б.Э-ийг цохих гэхээр нь би гарын бариад Л.С-г орон дээр бариад суусан. Тэгтэл намайг өшиглөж унагаагаад босож ирээд Б.Э-ийг хэл амаар доромжилж, “зайл янхан авгай минь, миний ахаас салж яв” гэж хэрэлдэж байгаад сандлаа далайхад Б.Э цаашаа харсан ба түүний толгой, нуруу луу хэд хэдэн удаа сандлаар цохисон. Би босож очоод сандлыг нь булаацалдаж байтал Б.Э рүү шидээд сандлыг хагалж эвдсэн. Тэгснээ ширээн дээр суугаад ширээг гараараа цохиж орилж хашхираад ширээн дээр байсан шилэн савтай нүүрний тосыг гартаа атгаад ширээг хэд хэдэн удаа цохиж балбаад зурагт руу шидэж дэлгэцийг нь хагалсан...” гэх мэдүүлэг[2],

- Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн “...Л.С эгч орилж хашхираад ээж рүү хоёр удаа аяга, нэг удаа стакан шидсэн. Тэгснээ сууж байсан сандлаа авч ээжийн ар нуруу луу цохиход дүү бид хоёр айгаад уйлсан. Ээж Л.С-г “чи одоо манай гэрээс яв, хүүхдүүд айгаад байна” гэхэд “чи өөрөө энэ гэрээс зайл, энэ миний ахын гэр” гэж орилсон. Ээж зурагтын урд зогсож байтал Л.С эгч ээжийн нүүрний тосыг авдар дээрээс аваад ээж рүү шидэхэд зурагтын дэлгэцийг оносон юм. Тухайн үед зурагтын дэлгэц дээр жоохон зураас гарсан...” гэх мэдүүлэг[3],

- 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 449 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Үзүүлэгч Б.Э-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хэсгийг хамарсан, баруун бугалга, шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хэсгийг хамарсан, баруун бугалга, шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх дүгнэлт[4],

- 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 294 дугаартай эд зүйл үнэлсэн “...2021 оны 11 дүгээр сарын байдлаар эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 713’000 /долоон зуун арван гурван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[5],

- Шүүгдэгч Л.С-гийн яллагдагчаар өгсөн “...би ууж байсан пивондоо согтож Л.Б ах, Б.Э эгч нартай маргалдаж аяга, шилэн стакан зэргийг шидэж хагалсан. Мөн жижиг модон сандлаар нөхөр Ч.М-ийг цохиж байгаад газарт шидэхэд хагарсан. Тэдний том хавтгай зурагтын дэлгэц яаж хагалснаа сайн санахгүй байна. ...Хүний эд хөрөнгөд халдаж устгаж, гэмтээсэн миний буруу, буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг[6] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутаг, хохирогч Б.Эийн гэрт шүүгдэгч Л.С нь архидан согтуурч хохирогчийн биед халдаж, тухайн гэрт байсан хохирогчийн монел зурагтын дэлгэц рүү шилэн савтай тос шидэж эвдсэн, шилэн аяга, шаазан аяга, сандал зэргийг шидэж хагалсан буюу дахин ашиглах боломжгүй болгож устгасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.С нь бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх нь хууль бус, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Л.С нь хохирогч Б.Э-ийн Монел зурагтын дэлгэцийг эвдэж, шаазан аяга, шилэн стакан, модон сандлыг устгаж 713’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд зүйл үнэлсэн 294 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эд хөрөнгө гэмтээх гэдэгт эд зүйл, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан түр хугацаагаар зориулалтаар нь ашиглах, хэрэглэх бололцоогүй болохыг ойлгох бөгөөд засвар үйлчилгээгээр анхны байдалд нь сэргээж болдог. Харин эд хөрөнгө устгах гэдэг нь гэмт үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон ба засварлаж анхны байдалд нь сэргээх боломжгүй болсныг ойлгоно.

Шүүгдэгч Л.С-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Э-ийн “Л.С надад учруулсан хохиролд 725’000 төгрөгийн хохирлыг бэлнээр барагдуулсан, урьд би тэр хүнд мөнгө өгөх ёстой байсан ба 910’000 төгрөгийг надаас авахааргүй болж тохиролцсон. Нийтдээ 1’635’000 төгрөг өгсөн гэсэн үг. Надад одоогоор Л.Сгаас нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг[7], мөн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бэлэн мөнгөөр өгч барагдуулсан тул надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх хүсэлтийг[8] тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Л.С хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ч.М-ийн “...Миний эхнэр Л.С нь шулуун шударга, хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг хүн бөгөөд хүүхдүүдээ хайр халамжтай, хүнд их тусархуу хүн юм. Хүнтэй эвсэг харьцаатай, уурлаж уцаарлаад байдаггүй, төлөв даруу, гэр бүлдээ хайр халамжтай, тайван хүн юм...” гэх мэдүүлэг[9], гэрч П.Э-ын “...Зан араншингийн хувьд шударга хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг, хүн бөгөөд хүнд их тусархуу хүн юм. Ах, дүү нартай эвсэг харьцаатай нэг их юманд уурлаж уцаарлаад байдаггүй, төлөв даруу, гэр бүлдээ хайр халамжтай, тайван хүн юм....” гэх мэдүүлэг[10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн Засаг даргын тодорхойлолт[12] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Л.С нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт нөхөр, таван хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, бусдыг зүй бус үгээр гутаан доромжилж, хохирогчийн биед хохирол учруулахгүйгээр халдаж тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Л.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Л-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Л.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.С-гаар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 5-6 дугаар хуудас

[2] хх-ийн 10-11дүгээр хуудас

[3] хх-ийн 17-18 дугаар хуудас

[4] хх-ийн 33-34 дүгээр хуудас

[5] хх-ийн 42 дугаар хуудас

[6] хх-ийн 59-60 дугаар хуудас

[7] хх-ийн 8 дугаар хуудас

[8] хх-ийн 80 дугаар хуудас

[9] хх-ийн 14 дүгээр хуудас

[10] хх-ийн 20 дугаар хуудас

[11] хх-ийн 79 дүгээр хуудас

[12] хх-ийн 73 дугаар хуудас