| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч ургийн овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 2135000000167 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт Г-ын Б 1997 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ................,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг “Тарлан” гэх газраас 14.21 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж ойн экологи эдийн засагт 3’355’222 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135000000167 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 5-8 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 19 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын мэдүүлгийг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Ж.Х-ын мэдүүлгийг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч М.М-гийн мэдүүлгийг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Н.Ж-гийн мэдүүлгийг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч З.Б-ийн мэдүүлгийг /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Э.Т-ын мэдүүлгийг /хх-ийн 41 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дугаартай эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сүхний үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 47 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээний дүгнэлтийг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 66 дугаар хуудас/ шинжлэн судалсан.
Шүүгдэгч Г.Б өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Манай эхнэр мэдүүлэг өгөхдөө буруу мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед бид хоёр айлаас тэмээ авахаар ярьж тохирсон бөгөөд тэр өдөр би айлаас тэмээ авахаар очсон боловч тэр айлын ах тэмээ олдсонгүй гэж хэлсэн. Тийм болохоор тэмээгээр зөөсөн гэж манай эхнэр буруу мэдүүлэг өгсөн. Тэр ах тэмээ өгөөгүй, би өөрөө бага багаар зөөсөн. Манай гэр тухайн мод бэлтгэсэн газрын ойролцоо байдаг” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын “...Би Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Г овогтой Б гэгчийг танихгүй. Г.Б гэх хүн Түргэн сумаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байна...” гэх мэдүүлэг[1],
- гэрч Ж.Х-ын “...Би Г овогтой Б гэгчийг танихгүй. Тухайн Г.Б гэх хүн 2021 онд манай Түргэн сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Тарлан” гэх газар нь Түргэн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг юм. Тухайн “Тарлан” гэх газарт ямар нэгэн талбайн тусгаарлалт хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],
- гэрч М.М-гийн “...Бид нар 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Н.Ж ахын өвөлжөөнд ирж буугаад малын хашаа барихаар болж манай нөхөр Г.Б өвөлжөөний урд талын модноос хашаа барих бургас модыг ганцаараа бэлтгэж эхэлсэн. Манай нөхөр Г.Б өөрийн гэрт байх сүхээр модоо бэлтгэж, айлын тэмээ гуйж авч мод бэлтгэсэн газраас ачиж авч ирсэн...” гэх мэдүүлэг[3],
- гэрч Н.Ж-гийн “...Г.Б өөрийн мал өвөлжүүлэх хашаа барих зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хашааны мод бэлтгэж эхлээд малын хашаа барьж эхэлсэн.” гэх мэдүүлэг[4],
- гэрч З.Б-ийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Э.Т-ын хамт долоон хоногийн хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хөндлөн” гэх газарт морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ...айл өрхүүдэд санамж, сэрэмжлүүлэг тарааж яваад Г овогтой Б гэх айлд ороход тухайн айл нь гаднаа бургас мод бэлтгэсэн байсан. Мөн бэлтгэсэн бургас модоор хашаа сүлжиж барьж байгаад талын хаячихсан байдалтай байсан. Иргэн Г.Б гэгчээс “хэзээ, хаанаас бэлдсэн мод бэ?” гэж асуухад “одоогоос хоёроос гурван хоногийн өмнө гэрийнхээ баруун талаас ойрхон газраас бэлдсэн мод” гэж хэлсэн. ...Мөн би тухайн хүнээс “та мод бэлтгэх эрхийн бичигтэй юу?” гэж асуухад “мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],
- гэрч Э.Т-ын “...З.Б нь хаанаас бэлдсэн талаар асуухад “гэрийнхээ баруун талаас ойрхон газраас бэлдсэн” гэж хэлсэн. ...Мөн Г.Б гэгч нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байгаа гэж хэлсэн тул би цагдаагийн байгууллагад “хууль бусаар бургас мод бэлтгэсэн байна” гэж дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэх мэдүүлэг[6],
- 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай “...Увс аймгийн Түргэн сумын “Тарлан” гэх 50.1237.9, 91.5837.0 солбилцолд орших ойн улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй байна. Мод 14.21 метр куб болж байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг мод нь нойтон мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3’355’222 /гурван сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт[7],
- Шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...би малын хашаа барих зорилгоор Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэр болох “Тарлан” гэх газар буюу гэрийн ойролцоо модон дундаас бургас мод сүхээр тайрч ганцаараа хоёр гурван хоногийн хугацаанд бэлдсэн. ...Би тухайн үед нойтон бургас бод бэлдсэн. Би мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл авдаг эсэх талаар мэдэхгүй байсан. Урьд өмнө бэлдэж байгаагүй. Анх удаагаа бэлдэж байна...” гэх мэдүүлэг[8] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг “Тарлан” гэх газрын ойгоос шүүгдэгч Г.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр, малын хашаа барих зорилгоор 14.21 метр куб хэрэглээний нойтон бургас мод тайрч ойн экологи эдийн засагт 3’355’222 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц утга агуулгын ноцтой зөрөөгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааснаар ойлгоно.
Дээр дурдсан шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь ойгоос мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдэх насанд хүрсэн байж 14.21 метр куб нойтон бургас мод бэлтгэж ойн санд 3’355’222 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 14.21 м3 нойтон бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 3’355’222 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.
Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /3’355’222₮х3/=10’065’666 /арван сая жаран таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /10’065’666₮(хохирол, хор уршиг) - 3’355’222₮(хохирол)=/ 6’710’444 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ. Шүүгдэгч Г.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 10’065’666 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүхийг улсын орлогод оруулах саналтай байна. Хэрэгт шүүгдэгч Н.Б-ын 14.21 метр куб модыг битүүмжилсэн бөгөөд үүнийг мөн адил улсын орлогод оруулах” саналыг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.Ц-гийн “...Г.Б-ын хувийн зан байдлын хувьд гэр бүлдээ хайр халамж сайтай, дөлгөөн, амьдралын төлөө хар бор ажил голохгүй хийж амьдарч ирсэн. Үг дуу цөөнтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй, төлөв төвшин, гэр бүлийн хүмүүжил сайтай, хүнд тусархуу сэтгэлээсээ туслаад явж байдаг юм.” гэх мэдүүлэг[9], гэрч М.Д-ын “...Г.Б нь одоогоор Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутагт найман ханатай гэрт эхнэр, хоёр хүүхдийн хамтаар өөрийн хэдэн тооны бог, мод мал маллаж амьдардаг. Г.Б хувийн зан байдлын хувьд гэр бүлдээ хайр халамж сайтай, үг дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл зүйл хэрэглэж байгаагүй, төлөв төвшин, гэр бүлийн хүмүүжил сайтай, хүнд тусархуу, хаана, хэн юу хийж байна бүгдийн хийгээд сэтгэлээсээ туслаад явж байдаг залуу юм...” гэх мэдүүлэг[10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[12] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б эхнэр, хоёр хүүхдийн хамт нүүдлийн мал ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан ба шүүгдэгчийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан талаар баримт хэрэгт байхгүй, мөн жаран нас хүрээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нь бургас модыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн сүхээр тайрч бэлтгэсэн байх тул уг сүхийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, мөн хууль бусаар бэлтгэсэн 14.21 метр куб нойтон бургас модыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх тул шүүгдэгч Г.Бас тус тус хураан авах үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 20’000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүхийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 14.21 метр куб нойтон бургас модыг тус тус худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. Тодруулбал дээр дурдсан сүх болон бургас модыг худалдан борлуулсан орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, уг орлогын үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 10’065’666 төгрөгөөс хасаж, үлдэх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Хууль бусаар бэлтгэсэн 14.21 метр куб нойтон бургас модыг хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн уг модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч ургийн овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 20’000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүхийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 14.21 метр куб нойтон бургас модыг тус тус шүүгдэгч Г.Б-аас хураан авч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-аас 10’065’666 /арван сая жаран таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл 14.21 метр куб нойтон бургас модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Г.Б-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 25-26 дугаар хуудас
[2] хх-ийн 28 дугаар хуудас
[3] хх-ийн 30-31 дүгээр хуудас
[4] хх-ийн 33 дугаар хуудас
[5] хх-ийн 39 дүгээр хуудас
[6] хх-ийн 41 дүгээр хуудас
[7] хх-ийн 52-53 дугаар хуудас
[8] хх-ийн 66 дугаар хуудас
[9] хх-ийн 35 дугаар хуудас
[10] хх-ийн 37 дугаар хуудас
[11] хх-ийн 68 дугаар хуудас
[12] хх-ийн 85 дугаар хуудас