| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0774/и |
| Дугаар | 00774 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 21-17 тоотод оршин суух, “Шарнууд” овогт Шаравын Пүрэвцэрэн /РБ-66122009/-гийн хүсэлттэй
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ш.Пүрэвцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Пүрэвцэрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийг 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд Төв аймгийн Баянчандмань сумын техник мэргэжлийн сургуульд тракторчнаар сурч 1984 онд төгсөж ирээд Тариалангийн сангийн аж ахуйн 7-р бригадад 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 07 дугаар сарын хүртэл тракторын жолоочоор хуваарилагдаж ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ирж тус сумын Мандал нэгдлийн цайны газарт 1987 оны 10 дугаар сараас 1992 он хүртэл бэлтгэгч, Арбулаг сумын шинэ төвд 1992 оноос 1994 оноос сахиулаар тус тус тасралтгүй ажиллаж байсан юм. Мөн намайг хүмүүс Пүрэвсүрэн гэж дууддагаас болж надад олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр Пүрэвсүрэн гэж бичсэнээс болоод бичиг баримтын зөрчилтэй байгаа ба одоо өндөр насны тэтгэвэрт орох болж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн 7 дугаар бригадад 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн цайны газарт 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл бэлтгэгчээр, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын шинэ төвд 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сахиулаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү,
Мөн надад олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр болон бусад ажиллаж байсныг нотлох баримтанд миний нэрийг Пүрэвсүрэн гэж дуудлагаар бичсэн байдаг тул 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр техник мэргэжлийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Шаравын Пүрэвцэрэн мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ш.Пүрэвцэрэн нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн 7 дугаар бригадад 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн цайны газарт 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл бэлтгэгчээр, Хөвсгөл аймгийн шинэ Арбулаг сумын төвд 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сахиулаар ажиллаж байсан байдал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр техник мэргэжлийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Шаравын Пүрэвцэрэн мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчийн тухайд: Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Шаравын Пүрэвсүрэнд гэж нээж олгосон №100196 дугаартай хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигч нь Шаравын Пүрэвцэрэн мөн болох нь түүнд олгосон Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар,
2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №0760292 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 00/004087 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
Гэрч Б.Амаржаргалын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Ш.Пүрэвсүрэнгийн албан ёсны нэр нь Ш.Пүрэвцэрэн гэдэг юм байна манай нутаг усны хүмүүс Пүрэвсүрэн л гэж мэднэ. Аав нь Шарав гэж хүн байсан....” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Ажиллаж байсан байдлын тухайд: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/88 дугаар архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/210 дугаар архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1984 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар тушаалд: ”....199/ Пүрэвсүрэн 353 төгрөг....” гэх САА-1983 оны ашгийн шагналыг хуваарилах тухай тушаалын хуулбар,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 188 дугаар тушаалд: ”....470/ Шарав Пүрэвсүрэн тракторист....” гэх Эг-Үүрийн САА-д ажилчид шилжүүлэх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай тушаалд: ”....шилжих болсон тул 2 дугаар бригадын тракторч Шаравын Пүрэвсүрэнг 7 дугаар сарын 15-наас тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй....“ гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар тушаалд: ”....Гуанзны үйлчлэгчээр Ш.Пүрэвсүрэнг 10 дугаар сарын 07-ны өдрөөс томилон ажлуулсугай....“ гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Шаравын Пүрэвсүрэнд гэж нээж олгосон №100196 дугаартай хөдөлмөрийн хуулбар дахь бичилтүүд,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн №190 дугаартай Архивын лавлагаа,
Гэрч Ц.Нарантуяагийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Ш.Пүрэвцэрэн нь 1983 оноос 1987 он хүртэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Сангийн аж ахуйн үр тарианы 7 дугаар бригадад тракторын жолооч хийж байсан....” гэх,
Гэрч М.Цэцэгмаагийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Ш.Пүрэвцэрэн нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8-н жилийн сургуулийг төгсөөд ТМСургуульд сурч ирээд Арбулаг сумын шинэ барилга барьж байхад 1990 оноос 1994 онд манаач сахиул хийж байсан....” гэх мэдүүлгүүд, Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэгтийн №9 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Ш.Пүрэвсүрэнг гэх тушаал, цалин хөлсний лавлагаа зэрэг нотлох баримтуудыг үнэлсэн болно. Учир нь: Нэхэмжлэгч Шаравын Пүрэвцэрэнгийн Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 00/004087 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа болон гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзсэн болно.
Харин нэхэмжлэгч Ш.Пүрэвцэрэнгийн ажиллаж байсан талаарх холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10/54 дугаартай “....Ш.Пүрэвсүрэнд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэл буюу нэхэмжлэлийн 2 шаардлагатай нэхэмжлэлд төлөх 144.400 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Төв аймгийн Баянчандмань дахь Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон №100196 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэрт Шаравын Пүрэвсүрэн гэж бичигдсэн дэвтрийн жинхэнэ эзэмшигч “Шарнууд” овогт Шаравын Пүрэвцэрэн /РБ-66122009/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Шарнууд” овогт Шаравын Пүрэвцэрэн /РБ-66122009/-ийг Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн 7 дугаар бригадад 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн цайны газарт 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл бэлтгэгчээр, Хөвсгөл аймгийн шинэ Арбулаг сумын төвд 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Пүрэвцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 144.400 /зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ