| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/180 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Ц-гийн М-д холбогдох эрүүгийн 2135000000191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ц-гийн М 1977 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.М нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг “Их голын хөвөө” гэх нэртэй газраас 0.127 метр куб хэрэгцээний нойтон хус мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 49’570 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг бэлтгэсэн 0.127 метр куб хус модыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 32-78 УНЗ улсын дугаартай “Муссо” загварын авто машинаар Увс аймгийн Тэс сумаас Улаангом сум руу тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135000000191 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Э-ы илтгэх хуудсыг /хх-ийн 4 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 5-8 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 12-16 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 32 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мэдүүлгүүдийг /хх-ийн 39, 41 дүгээр хуудас/, гэрч П.Ц-ын мэдүүлгүүдийг /хх-ийн 43, 45 дугаар хуудас/, гэрч М.Э-ы мэдүүлгийг /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Ж.Б-ын мэдүүлгийг /хх-ийн 55 дугаар хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Мын Увс аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтийг /хх-ийн 155 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч П.Ц-ын мэдүүлгийг /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч Ж.Я-гийн мэдүүлгийг /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Ж.Б-ын мэдүүлгийг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг /хх-ийн 110 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 120 дугаар хуудас/, ойн экологи эдийн засагт учруулсан хохирол, хор уршиг нөхөн төлсөн баримтыг /хх-ийн 122 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн “...Ц.М ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хус модыг хэрэглээний болон түлшний зориулалтаар бэлтгэх эрхийн бичиг ерөөсөө өгдөггүй. Манай байгууллага хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл ганцхан бургас модон дээр өгдөг.” гэх мэдүүлэг[1],
- гэрч П.Ц-ын “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Ц.М “тухайн Хус модыг авмаар байна” гэхээр нь би “яаж болдог юм бэ? зөвшөөрөл авахгүй бол болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “голын хөвөөнд байгаа уначихсан модыг тайрахад хэнээс зөвшөөрөл авдаг юм. Усанд урсаад явчихна” гэж хэлээд өөрийн мотоциклтой ганцаараа тухайн газар луу яваад орой ирэхдээ цөөхөн тооны мод мотоцикл дээрээ ачаад ирсэн...” гэх мэдүүлэг[2],
- гэрч М.Э-ы “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ойролцоогоор 19 цагийн үед тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт үүрэг гүйцэтгэж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж байхдаа 32-78 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн “Муссо” загварын автомашиныг зогсоож тэвшин дээрх зүйлийг тодруулахад жолооч “автомашины хучлага” гэж хэлсэн бөгөөд дарж үзэхэд хатуу зүйл байхаар нь сөхөж харахад долоон ширхэг хус мод байсан. Уг модны гарал үүслийн бичиг байгаа эсэх талаар асуухад гарал үүслийн бичиг баримт байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],
- гэрч Ж.Б-ын “...Хус модыг аймгийн ойн ангиас тусгайлан заасан газраас бэлтгэх зөвшөөрлийг авдаг ба манай Тэс суманд хус мод бэлтгэхийг хориглодог. Хэрэглээний болон түлшний зориулалтаар бэлтгэх эрх олгодоггүй. Ц.М нь надаас хус мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.” гэх мэдүүлэг[4],
- 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай “...Увс аймгийн Тэс сумын Их голын хөвөө гэх 50.3214.0, E094.0506.5 солбилцолд орших ой нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Хус мод байна. Уг мод нь нойтон мод байжээ. Уг мод 0.127 метр куб болж байна. Уг мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 49’570 /дөчин есөн мянга таван зуун дал/ төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт[5],
- Шүүгдэгч Ц.М-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн улаан өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоциклтой ганцаараа тухайн мод байгаа газарт очоод ганц гарын хөрөөгөөр хөрөөдөж тухайн модыг бэлтгэсэн. Би долоон хэсэг болгон хувааж өөрийн мотоциклийн хоёр хажуу талын хэсгийг буулгаж байгаад ачаад цагаан өнгийн олсоор уяж бэхлээд гэртээ ирсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Тэс сумаас Улаангом сум руу 32-78 УНЗ улсын дугаартай “Муссо” загварын автомашинд ачаад явж байгаад замын цагдаагийн пост зөрөөд Улаангом сум руу орох хэсэгт цагдаагийн алба хаагч шалгаад цагдаагийн газар луу намайг авч очсон. Би хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[6] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Ц.М нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклоор Увс аймгийн Тэс сумын нутаг “Их голын хөвөө” гэх газар очиж, тухайн газрын ойгоос мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмээлийн хавтас хийх зорилгоор 0.127 метр куб хэрэглээний нойтон хус модыг хөрөөгөөр тайрч бэлдсэн. Мөн шүүгдэгч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг модыг Увс аймгийн Тэс сумаас Улаангом сум руу гэрч П.Ц-ын эзэмшлийн 32-78 УНЗ улсын дугаартай “Муссо” загварын автомашинаар тээвэрлэсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц утга агуулгын ноцтой зөрөөгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааснаар ойлгоно.
Дээр дурдсан шүүгдэгч Ц.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэх хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинжүүдийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М нь ойгоос мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 0.127 метр куб нойтон хус мод бэлтгэж ойн санд 49’570 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 0.127 м3 нойтон хус модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 49’570 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.
Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /49’750₮х3/=148’710 /нэг зуун дөчин найман мянга долоон зуун арав/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /148’710₮(хохирол, хор уршиг) - 49’570₮(хохирол)=/ 99’140 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ. Шүүгдэгч Ц.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны бэлэн мөнгөний шилжүүлгийн баримтаар[7] тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч Ц.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын мотоциклыг болон 32-78 УНЗ улсын дугаартай Муссо загварын автомашины үнэ 1’447’000 төгрөгийг, 10’000 төгрөгийн үнэ бүхий хөрөө нэг ширхгийг, 1’200 төгрөгийн үнэ бүхий зургаан метр олсыг, хэрэгт хураагдсан 0.127 метр куб модыг тус тус албадан гаргуулж улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг шүүгдэгч Ц.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ж.Я-гийн “...Ц.М нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг, хүн үг хэлэхээр инээчхээд явж байдаг, уурлаад байдаггүй, яриасаг биш, үг дуу цөөтэй, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, нийтэч, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи хааяа татдаг, өөр ямар нэгэн муу зуршилгүй, гэртээ хэрүүл маргаан хийж агсам тавьдаггүй, гэр бүлийн орчин таатай, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг[8], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт нүүдлийн мал ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх боломжтой гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ц.М урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нь хус модыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хөрөөгөөр тайрч бэлтгэсэн, зургаан метрийн урттай цагаан өнгийн даавуун уяаг татлага болгон ашигласан байх тул тухайн зүйлсийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, мөн хууль бусаар бэлтгэсэн 0.127 метр куб нойтон хус модыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж тус тус үзнэ. Мөн шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэхдээ өөрийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг ашигласан, 0.127 метр куб нойтон хус модыг Увс аймгийн Тэс сумын нутгаас Улаангом сумын нутаг руу гэрч П.Ц-ын эзэмшлийн 32-78 УНЗ улсын дугаартай Муссо загварын автомашинаар тээвэрлэсэн байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.М-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар 32-78 УНЗ улсын дугаартай Муссо загварын автомашины үнэ болох 1’447’000 төгрөгийг, улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг, 10’000 төгрөгийн үнэ бүхий хөрөөг, 1200 төгрөгийн үнэ бүхий зургаан метр урттай цагаан өнгийн даавуун уяаг, 0.127 метр куб нойтон хус модыг тус тус хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 32-78 УНЗ улсын дугаартай Муссо загварын автомашиныг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл 0.127 метр куб нойтон хус модыг, Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хөрөө нэг ширхгийг, зургаан метрийн урттай цагаан өнгийн даавуун уяаг, хэрэгт битүүмжилсэн 0.127 метр куб нойтон хус модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Ц-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжилсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-78 УНЗ улсын дугаартай Муссо загварын автомашины үнэ болох 1’447’000 төгрөгийг, улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклийг,
эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10’000 төгрөгийн үнэ бүхий хөрөө нэг ширхгийг, 1’200 төгрөгийн үнэ бүхий зургаан метрийн урттай цагаан өнгийн даавуун уяаг,
гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 0.127 метр куб нойтон хус модыг тус тус шүүгдэгч Ц.М-аас хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч Ц.М-аар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 32-78 УНЗ улсын дугаартай Муссо загварын автомашиныг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож,
- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл 0.127 метр куб нойтон хус модыг, Мустанг 5 загварын мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж,
- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хөрөөг, зургаан метрийн урттай цагаан өнгийн даавуун уяаг, 0.127 метр куб нойтон хус модыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 39 дүгээр хуудас
[2] хх-ийн 43 дугаар хуудас
[3] хх-ийн 53 дугаар хуудас
[4] хх-ийн 55 дугаар хуудас
[5] хх-ийн 69 дүгээр хуудас
[6] хх-ийн 93-94 дүгээр хуудас
[7] хх-ийн 122 дугаар хуудас
[8] хх-ийн 59-60 дугаар хуудас
[9] хх-ийн 110 дугаар хуудас