Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жаргал, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шинжээч эмч Н.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У ургийн овогт О-н П-д холбогдох эрүүгийн 2135001310149 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У ургийн овогт О-н П, 1983 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Цэц майнинг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны 76 дугаар байрны 133 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 хоногийн хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’200 нэгж буюу 1’200’000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: он83052671.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын нэгдүгээр багийн нутаг улсын чанартай А-18 кодтой автозам дээр 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 98-15 УБЦ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд зорчиж явсан иргэн Ж.Згийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2135001310149 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийг /хх-ийн 5-10 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон актыг /хх-ийн 11 дүгээр хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг /хх-ийн 12 дугаар хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 13-17 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 22-31 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг /хх-ийн 35 дугаар/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Х.Ж-ыг томилсон мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 40 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ын өгсөн мэдүүлгүүдийг /хх-ийн 42-43, 45 дугаар хуудас/, гэрч Д.Д-гийн мэдүүлгийг /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Г.О-ийн мэдүүлгийг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Б.Б-ы мэдүүлгийг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч О.С-ын мэдүүлгийг /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ийн мэдүүлгийг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч С.Б-ийн мэдүүлгийг /хх-ийн 64 дүгээр хуудас/, гэрч М.Э-ы мэдүүлгийг /хх-ийн 66 дугаар хуудас/, гэрч Ж.М-ийн мэдүүлгийг /хх-ийн 68 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 88-91 дүгээр хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 142-143 дугаар хуудас/, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01 цаг 03 минутад, 03 цаг 30 минутад, 09 цаг 40 минутад яллагдагч О.П-г Алкотест 6810 багажаар хэмжсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 167-173 дугаар хуудас/, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэлийг /хх-ийн 37 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ын мэдүүлгүүдийг /хх-ийн 42-43, 45 дугаар хуудас/, гэрч Г.О-ийн мэдүүлгийг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Б.Б-ы мэдүүлгийг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Д.Г-гийн мэдүүлгийг /хх-ийн 74 дүгээр хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 88-91 дүгээр хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл: гэрч Д.О-ийн мэдүүлгийг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/, гэрч О.Цэвээний мэдүүлгийг /хх-ийн 81 дүгээр хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 125-126 дугаар хуудас/,  шүүгдэгч О.П-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 189-191 дүгээр хуудас, шүүхийн шатанд гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлэг гэх хоёр хуудас баримтыг, мөн шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тодорхойлолтыг тус тус шинжлэн судалсан байна.

Шүүгдэгч О.П шүүх хуралдаанд “Мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Талийгаач нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээс гарч өөрийн найз О.Птэй нийлж “их наяд” зочид буудалд архи ууж хоёр хоносон байсан. Талийгаач нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 00 минутын үед өөрийн эгч болох Ж.М рүү утсаар залгаж “ирээд миний машин авчих би “Их наяд”-д байна” гэж хэлсэн байсан. ...Тэр өдөр талийгаач нь О.П-тэй хамт Улаангом сумаас Улаанбаатар хот руу явах замдаа О.П нь өөрийн машиныг согтуугаар жолоодож явж байгаад зам дээр хаалт хийж овоолсон шороог мөргөж осол гаргаж улмаар миний хүү Ж.З нь биедээ гэмтэл авч нас барсан байсан...” гэх мэдүүлэг[2],

- гэрч Д.Д-гийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг 50 минутын орчим намайг эрүүл мэндийн төв дээр ээлжид гарч байхад эмнэлэг рүү нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд засмал зам дээр шороо мөргөөд осол гарчихлаа, нэг хүн ухаангүй байна яаралтай эмч авч очих хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Тухайн хүн эмнэлэгт орж ирэхдээ нэлээн сандарсан байдалтай, өөрөө хөл нүцгэн, улаан өнгийн цамц, хар өнгийн өмдтэй, цамц нь бага зэрэг цус болчихсон байдалтай эмнэлэгт ирсэн. ...уг дуудлагад жолооч н.Ө, их эмч Б.Б, ахлах сувилагч Г.О нар явцгаасан...” гэх мэдүүлэг[3],

- гэрч Г.О-ийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 28-ны орой 23 цаг 40 минутын үед намайг гэртээ байж байтал манай сумын эрүүл мэндийн төвийн эмч Б.Б намайг дуудаж сэрээгээд “ослын дуудлага ирсэн байна. Хоёулаа явах юм байна” гэж хэлсэн. Би босоод эмнэлгийн гадаа байсан эмнэлгийн машинд ороод сууж байтал осолд орсон машины жолооч гэх ах орж ирээд урд талын суудалд суусан юм. Тухайн жолооч ганцаараа явсан бөгөөд манай машинд суугаад ослын газар луу явцгаасан. Уг дуудлагад би Б.Баярсайхан эмч, жолооч н.Ө нарын хамт явсан. ...Бид нар сумын төвөөс хойш Улаангом сум явах чиглэлд хар замаар 12-13 километр явж ослын газарт очсон. Тухайн газарт очиход хар замын хаалт тавьж асгасан шороог 98-15 УБЦ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин хүчтэй мөргөж шороог дайрч хаалт тавьсан зам руу ороод зогссон байсан. ...Тухайн газарт бид нарыг очиход манай сумын цагдаа Б.Б ирчихсэн байсан. Талийгаач нь ослын газарт байх автомашины зүүн урд талын суудал дээр хагас суусан, суудлын бага зэрэг хойш налуулсан байсан. Эмч Б.Б нь түүний биеийн үзэхэд амьсгалахгүй нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг[4],

- гэрч Б.Б-ы 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Тухайн үед дуудлага өгч ирсэн О.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэр хүнээс архи согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан. Би О.П-гээс болсон явдлын талаар асуумж асуухад О.П нь “ирж яваад замд аваар осолд орчихлоо, тэнд хүний бие муудаж байна” гэж хэлсэн. ...Тухайн газарт бид нарыг очиход манай сумын цагдаа Б.Б ирчихсэн байсан. ...О.П нь тэр шөнө өөрөө машинаа барьж яваад зам тээврийн осолд орсон гэж байсан...” гэх мэдүүлэг[5],

- 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Талийгаач Ж.З-н биед гэмтэл тогтоогдлоо. Тархины суурийн судасны тасралт, зүүн зулай, дух, баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, баруун бугалга, зүүн шилбэний зулгаралт, баруун шуу, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Талийгаач Ж.З нь тархины суурийн судасны гэмтлийн улмаас тархины эд эдгэшгүй өөрчлөлтөд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...” гэх дүгнэлт[6],

- Шүүгдэгч О-гийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Маргааш өглөө нь буюу 2021 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 10 цаг 00 минутын үед босоод жаахан үлдсэн архийг Ж.З бид хоёр хувааж уучхаад Ж.З гарч хоол авч ирсэн. ...Ж.З бид хоёр 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 00 минут орчим миний 98-15 УБЦ улсын дугаартай автомашинтай Улаангом сумаас гарсан. Адаргана дахь цагдаагийн хэсэгт зогсож шалгуулсан бөгөөд онцгой, цагдаа хоёрын аль нь болохыг мэдэхгүй байна зогсож шалгуулсан бөгөөд “хаашаа явж байгаа, хэдүүлээ явж байгаа юм бэ” гэхэд нь хариуд нь “хоёулаа Улаанбаатар хот руу явж байна” гэж хэлсэн. Миний вакцин хийлгэсэн гэрчилгээг шалгасан байх. Өөрөөр бол согтуурал шалгуулаагүй, мөн үнэмлэх бичиг баримт шалгаагүй юм. ...Цааш нь хөдлөөд би машинаа жолоодож явсан бөгөөд бид хоёр хоорондоо юм яриад явж байтал гэнэт хар зам дээр шороо тулж гарч ирсэн. Би тоормос гишгэж амжилгүй уг шороог чигээрээ мөргөж цаана нь гараад машин зогссон. Хэсэг манарсан бөгөөд би машинаас буугаад газарт хэвтэж байгаад машинд байх Ж.З руу “гайгүй юу” гэхэд дуугарахгүй байсан. Би босоод машины жолооч талын хаалгаар орж Ж.Зг татахад ухаангүй байсан ба толгойноос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг[7] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар Увс аймгийн Наранбулаг сумын нэгдүгээр багийн нутаг, улсын чанартай А-18 кодтой автозам дээр 2021 оны 7 дугаар сарын 28-ны шөнө шүүгдэгч О.П өөрийн эзэмшлийн 98-15 УБЦ улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад тухайн зам дээр аюулгүй байдлыг хангах зорилгоор Увс АЗЗА ТӨХК-ийн босгосон шороон овоолгон хаалтыг мөргөж зам тээврийн осол гаргажээ. Тухайн ослын улмаас автомашинд зорчиж явсан иргэн Ж.Згийн амь нас хохирсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Увс АЗЗА ТӨХК-ийн талбайн инженер О.С-ын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн “...Тухайн замын хэсгийг Увс АЗЗА ТӨХК-иас засварлахдаа замын эвдэрсэн хэсгийн хоёр талын захад автомашинаар шороо авч ирж түр хаалт хийж, мөн замын түр хаасан хэсэгт замын зорчих хэсгээс баруун тал руугаа буусан түр зам хийж замын хөдөлгөөнийг хаасан. Тухайн хийсэн хаалтын урд болон арын хаалт тус бүр дээр орохыг хориглосон болон чиг заасан 2 ширхэг тэмдэг тэмдэглэгээг байршуулсан. Мөн уг хоёр шороо асгасан хаалтын хоёр талын захад асгасан шорооноос 100-150 метр зайд “улсын чанартай авто зам дээр замын ажил явагдаж байна” гэсэн бичиглэлтэй самбарыг байршуулсан бөгөөд уг самбар дээр мөн чиг заасан болон орохыг хориглосон тэмдэглэгээ байршуулж ажиллаж байна...” гэх мэдүүлэг[8],

- 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай авто замын хяналтын улсын байцаагчийн “Улаангом сумаас Наранбулаг, Сонгино, Нөмрөг чиглэлийн А-18 кодтой улсын чанартай хатуу хучилттай авто замыг хариуцагч байгууллага нь Увс АЗЗА ТӨХК бөгөөд уг замд гарсан эвдрэл гэмтлийг засварлан хэвийн байдлыг ханган ажиллах чиг үүрэгтэй байгууллага тул Увс АЗЗА ТӨХК өөрийн чиг үүргийн хүрээнээс гадуур хууль зөрчсөн ажил хийгээгүй байна. ...Мөн шороон овоолгон хаалтыг улсын болон орон нутгийн чанартай авто зам, суурин газраас зайдуу хөдөлгөөний эрчим багатай авто замд хэрэглэдэг тул Увс АЗЗА ТӨХК байршуулсан шороон овоолгон хаалт нь ямар нэг зөрчил биш юм...” гэх дүгнэлт[9],

- 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай техникийн шинжээчийн “...98-15 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормослохтой холбоотой эд анги эвдэрч, гэмтээгүй байв. ...98-15 УБЦ улсын дугаартай “Тоёота кровн” загварын автомашин нь хамгийн сүүлд тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоонд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орж тэнцсэн. ...Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь он83052671 регистрийн дугаартай Оотой овогтой Пгийн нэр дээр бүртгэлтэй байна...” гэх дүгнэлт[10] зэргээр тухайн зам тээврийн осол гарахад гаднын хүчин зүйл буюу замын нөхцөл байдал, автомашины эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй байна.

Шүүгдэгч О.П нь яллагдагчаар “...араас нь ирж байсан машиныг зогсооход жижиг цагаан машин байсан. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна. “Эмнэлэг дуудаад өгөөч, туслаач” гэж хэлээд би өөрийн машин дээр очоод Ж.Згийн цусыг дарчхаад буцаж ирээд “манай найз ухаан орохгүй байна, туслаад Наранбулаг оруулаад өгөөч” гэхэд тэр машины жолооч надад “аваарт орсон хүнийг хөдөлгөж болохгүй, бид нар Тариалангийн тэнд нэг зам заасан хүн хүлээгээд байгаа болохоор явах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэр автомашины жолооч надад “ядаж та тайвширчих” гэж хэлээд аяганд архи хийж өгсөн. Би уг архийг бүгдийг нь уучихсан...” гэж[11] мэдүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн дээр дурдсан мэдүүлгийг шалгах зорилгоор гэрч Б.Ө-аас мэдүүлэг авчээ. Гэрч Б.Ө-ын “...ослын газарт бид нарыг очиход Наранбулаг сум талаас Улаангом сумын чиглэлд  буюу урдаас хойшоо чиглэлд микро юм уу? стана шиг загварын нэг машин зогсож байсан. ...Тухайн үед өөр ямар нэгэн машин унаа байгаагүй, ойр хавьд ч гэсэн машин унаа байгаагүй юм. ...Ослын газарт бид нараас өөр суудлын цагаан өнгийн автомашин байгаагүй. Тухайн шөнө ослын газарт бид нар машинаас буугаагүй бөгөөд тэр эрэгтэйд архи согтууруулах ундааны зүйл өгөөгүй...” гэх мэдүүлгээр[12] шүүгдэгч О.П-гийн яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Гэрч Ж.М-ийн “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11:00 цаг өнгөрч байхад над руу манай дүү Ж.З утсаар залгаад “эгч би жаахан юм уучихлаа, машин ирж аваад намайг гэрт хүргэж өгөөч, би өөрөө Их наяд буудалд О.П-тэй байна” гэж хэлсэн. ...би арав гаруй минутын дараа Төрийн банкнаас алхаад Улаангом сумын гуравдугаар багийн нутагт байрлах Их наяд баарны нэг давхрын 4 тоот өрөөнд ороход Ж.З нь архи уучихсан согтуу байсан ба гайгүй, ухаан санаа зүгээр байсан. Харин О.П бол нэлээд согтолттой байсан...” гэх мэдүүлэг[13],

- гэрч Б.Б-ийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...би тухайн үед жолооч О.Пг Наранбулаг сумын хэсгийн албан өрөөнд авч ирж түүний согтолтыг шалгахад 1.92% байсан учир тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг[14],

-2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүний биеэс биологийн дээж авсан “...О овогтой П /.........../-ийн биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь цагдаагийн хэсгийн албан өрөөнд 03 цаг 30 минутад эхлүүлэв. ...О.П нь өөрөө сайн дураар зөвшөөрсний үндсэн дээр цусны дээж авав...” гэх тэмдэглэл[15],

- 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх химийн шинжилгээний 72 дугаартай “...О.П-гийн гэх 00178013 дугаартай хуруу шилтэй цусанд 1.4% промилли спиртийн агууламж илэрч байна. О.П-гээс цусны дээж авах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна...” гэх дүгнэлт[16] зэргээс дүгнэхэд шүүгдэгч О.П “Тоёота кровн” загварын 98-15 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.5-д “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх тул шүүгдэгч О.Пг зам тээврийн осолд орох үедээ согтуурсан байсан гэж үзнэ.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч О.П Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглон гэж, 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д “харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг шүүгдэгч О.П зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.П Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг санаатай зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, амь насыг хохироосон тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч О.Пгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч О.Пгийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч иргэн Ж.З-гийн амь нас хохирсон, мөн согтуурсан үедээ Тоёота кровн загварын 98-15 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодсон тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэх, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж “...Миний хүү Ж.З нь дөнгөж 38 настай байсан. Иймд би хүүгийнхээ цаашдын хор уршиг, бодит хохирлыг нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан шимтгэлийг хасаад цэвэр гарт олгох цалингийн дүнгээр сэтгэл санааны хохирлоо мөнгөн дүнгээр нэхэмжилж байна. Ж.Згийн сүүлд авч байсан цалингаар тооцвол сард 501’795 төгрөг олдог гэж үзвэл жилд 6’021’540 төгрөг, залуу хүн 20 жил сар бүр 500’000 олж ажиллаж амьдарна гэвэл 120’430’800 төгрөг болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовуурь шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна. Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээс дүгнэхэд сэтгэл санааны хохирол бус гэм хор учруулсан төлбөр гэж ойлгогдохоор байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 508.3-д “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж, мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д “хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэж тус тус заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж нь амь хохирогч Ж.З-г өөрийн хууль ёсны асран хамгаалагч гэж мэдүүлж байгаа боловч амь хохирогч Ж.Згийн нас барсны гэрчилгээнээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн амь хохирогч Х.Жаргалаас өөр амь хохирогчийн хууль ёсны өв залгамжлагч байгаа эсэхийг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна.

Тодруулбал Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д нас барсны гэм хорын төлбөрийг сар тутамд гаргуулахаар заасан ба амь хохирогч Ж.Зг Х.Жаргалын хууль ёсны асран хамгаалагч болохыг нотолсон баримт байхгүй, мөн өөр төлбөр авагч байгаа эсэхийг тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.П нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 21’780’250 төгрөгийг төлсөн байна. Тодруулбал амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ын Төрийн банкны 162100058089 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 05-ны 5’500’000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1’280’250 төгрөг шилжүүлсэн болох нь Төрийн банкны орлогын баримтуудаар, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад оршуулгын зардал өгсөн, сүүлд 15 сая төгрөг өгсөн....” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч О.П-гийн хувийн байдлын талаар гэрч Д.О-ийн “...Манай нөхөр зан аашийн хувьд цайлган, цагаан сэтгэлтэй, хүнд хар буруу зүйл бодоод байдаггүй, элдэв муу зангүй, найрсаг эелдэг зан харилцаатай, хүнтэй хэл ам гаргаад байдаггүй. ...О.П нь бие эрүүл мэндийн хувьд хэвийн өвдөөд байх зүйл байдаггүй юм. О.П нь архи согтууруулах ундааны зүйлийг найз нөхөдтэй уулзсан үедээ, баяр ёслол болсон үед хэрэглэдэг. ..Манай нөхөр бол ар гэрийнхээ төлөө хөдөлмөрлөж амьдралаа авч яваа үр хүүхдүүдээ хайр халамжтай, анхаарал сайн тавьдаг...” гэх мэдүүлэг[17], гэрч О.Ц-ий “...О.П нь зан аашийн хувьд сайн, хүнд тусархаг, ямар нэгэн зүйлийг санаачилга гаргаж хийхдээ сайн...” гэх мэдүүлэг[18], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[20] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлжээ.

Уг нотлох баримтуудаар шүүгдэгч О.П нь “Цэц майнинг” ХХК-д жолооч ажилтай, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 76 дугаар байрны 133 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’200 нэгж буюу 1’200’000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан хувийн байдал тогтоогдож байна.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд шүүгдэгч О.П нь өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой гарсан зардалд буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 6’780’250 төгрөгийг нөхөн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж 15’000’000 төгрөгийг төлсөн, урьд хоёр удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулна үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...О.П нь хуулиар яллагдах болсон тул бас нэг үеийн хүүхдүүд, бид нэг нутгийн хүмүүс ярьж ойлголцоод байгаа учир гомдолгүй болохыг тодорхойлж бичив” гэх тодорхойлолт зэргийг харгалзан шүүгдэгч О.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сиди дискийг хэргийн хамт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.75 литрийн архины шил нэг ширхгийг, цагаан өнгийн хагархай аяга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Тоёото кровн загварын 98-15 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч О.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ургийн овогт О П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч О.П-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.П-д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ын гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

- шүүгдэгч О.П нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 21’780’250 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сиди дискийг хэргийн хамт хадгалж,

- 0.75 литрийн архины шил нэг ширхгийг, цагаан өнгийн хагархай аяга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

- Тоёото кровн загварын 98-15 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгосугай.

8.  Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 05-17 дугаар хуудас

[2] хх-ийн 42-43 дугаар хуудас

[3] хх-ийн 47 дугаар хуудас

[4] хх-ийн 49-50 дугаар хуудас

[5] хх-ийн 52-53 дугаар хуудас

[6] хх-ийн 88-91 дүгээр хуудас

[7] хх-ийн 189-191 дүгээр хуудас

[8] хх-ийн 59 дүгээр хуудас

[9] хх-ийн 135-136 дугаар хуудас

[10]  хх-ийн 106-108 дугаар хуудас

[11] хх-ийн 189-191 дүгээр хуудас

[12] хх-ийн 76 дугаар хуудас

[13] хх-ийн 68-69 дүгээр хуудас

[14] хх-ийн 61-62 дугаар хуудас

[15] хх-ийн 37 дугаар хуудас

[16] хх-ийн 142-143 дугаар хуудас

[17] хх-ийн 78-79 дүгээр хуудас

[18] хх-ийн 81 дүгээр хуудас

[19] хх-ийн 201 дүгээр хуудас

[20] хх-ийн 204-206 дугаар хуудас