| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0229/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/250 |
| Огноо | 2021-10-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Хохирогч Л.Б,
Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дхаь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г, П.Ц нарт холбогдох эрүүгийн 213800000060 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г, П.Ц нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Цагаанбургас гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Л.Бгийн өсгий цагаан азаргатай 18 тооны адуу буюу олон тооны адууг машин механизм ашиглан нууцаар, хууль бусаар авч мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б өгсөн мэдүүлэгтээ: “ 2020 оны 12 дугаар сарын 18-19 шилжих шөнө Бүрэн тогтох сумын нутаг дэвсгэр Чигжийн ам гэх газраас 18 тооны адуугаа алдсан. ..Би адуугаа алдсаны дараа гүүр гараад явчихна гэж бодоогүй. Голоос урагшаагаа бэлчээр дагуу адуугаа хайгаад байсан. Цахим орчинд тавигдсан байсны дагуу л бид нар хаана байсныг нь мэдэж очсон. Харанхуй шөнөөр гүүрэн дээгүүр тууна гэж бодоогүй болохоор Бүрэнтогтох, Цагаан бургас, Жилчиг булаг гэх газруудаар олон хоног хайж хугацаа алдсан. Тэгээд сураг гарлаа гэж сонсоод хоёр хүнтэй өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр очсон. Сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаад манай адуу энд ирсэн байна, мэдээлэл өгсөн хүмүүстэй уулзаад өгөөч гэсэн. Тэдгээр хүмүүс иймэрхүү харж байгаагүй адуу 21-ний өдөр сумын төвөөс доод уулны бэлд байсан. Өөрийнхөө адууг алдсан хүн адуугаа хайж байхдаа харсан байдаг. Ц, Г хоёр тухайн үед хоёулаа явж байсан байгаа юм. Г нь тэрүүгээр адуугаа хайж байсан юм шиг байсан. Сумын Баяндалай гэх цагдааг аваад мөрөөр нь явж нутгийн хүмүүстэй уулзаж явсаар байгаад хамгийн сүүлд Лынд очсон. Ерөнхийдөө Л гол зохион байгуулагч нь байсан. 26-ны өглөө Лын дотор нь нэлээн муу шартчихсан хүн шиг бага хүүтэйгээ хамт үхрээ услаад зогсож байсан. Лаас юм асуухаар мэдэхгүй гээд байсан. ... Машинд сууж явж байтал Л хэсэг явж байснаа дүү нар эрэгтэй хүмүүс яахав, 2, 3 өдөр архи уусан үхлээ, 100 грамм байна уу? гэхээр нь өөрт байсан 33 граммын архи өгөөд 2 татуулахад хамаг зүйлээ ярьж эхэлсэн. Цийн эгчийн газаа очиход Л намайг ирсэн гэж битгий хэлээрэй, би машины чинь хонины хонхроос гарахгүй шүү, энэ адууг авчирсан, одоо гэрийнхээ ойролцоо адуугаа байлгаж байгаа байх. Үгүй бол Чандмань зүг рүү туусан байх гэсэн. Би Цийн төрсөн эгчийнд ороод 200,000,000 төгрөгийн адуу явж байгаа шүү гэж хэлэхэд цочирдоод, эхлээд миний дүү хулгай хийх хүн биш гэж байснаа хүмүүсийн ятгалгаас л боллоо гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь та холбогдвол хүмүүс ирээд явлаа гэж хэлээрэй. Бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөөрэй гэж хэлээрэй гэж хэлээд явсан... Тэгэхэд нэг хүн “бид нар Хатгал Тосгоны Оргил супер маркетаас авдар архи аваад явж байтал мотоцикль замд эврээд замдаа хаяад явсан гэж ярьсан. ... Хамт явж байхад Ц бүх зүйлээ ярьсан. .. Эхлээд Огийнд очиход юу яриад байгаа юм гээд над руу уурласан. ..Би мөнгөө үрж ядсандаа адуу мал өндөр үнээр худалдаж авдаг хүн биш юм. Би төсвийн байгууллагад ажилладаг. Цалингийн зээл аваад л адуу авдаг. Би багаасаа хурдан морины дэлэн дээр өссөн. Гуравдахь үеэрээ Хөвсгөл аймагт хурдан адуу бий болгох гэж зүтгэж байгаа. Би нэг саарал гүү авчираад түүнээс баталгаатай улсын наадамд уралдчихаар адуу гаргаж авахыг дотроо зориод ийм ажил хийж байгаа юм. Үржүүлгийн ажил хийж байгаа юм. Түүнийг хардаг, малладаг олон адуучинтай байсан. Цалингийн зээл аваад сар болгон цалингийн зээл өгдөг үе байсан. Өнжөөдөг үе ч байсан. Энэ болгонд хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө орсон байсан. Хүний хүч хөдөлмөрийн хулгайч хүн нэг өдрийн дотор хулгайлаад үрчихдэг, тэгээд түүнийг нэг хүн өмгөөлж хамгаалаад нэг хүн нь хохирч үлдэж байна. Хохирол нь 3,600,000 төгрөг болсон байсан. Гүү медаль аваад уралдаад байдаггүй юм. Алтан сав гэж ярьдаг юм. Миний хувьд бол үнэлж баршгүй зүйл юм. Тухайн үед би авсан үнэ ханшаа л хэлсэн юм. Түүнээс биш би 20,000,000 төгрөг нэхсэн ч болох байсан. Би тэр гүүг хурдны чиглэлтэй авсан эрлийз азаргандаа хураалгасан байсан юм. Тэр эрлийз азаргандаа боломжийн хурдны гаралтай гэсэн гүүнүүдээ бас хийсэн байсан. Одоо зах зээл дээр аймгийн наадамд уралдаад түрүүлээд айрагдсан бол хамгийн доод тал нь 20,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Бүсийн наадамд айрагдаж түрүүлсэн бол 150,000,000 төгрөгөөр үнэлэгддэг. Ер нь бол 40,000,000-50,000,000 төгрөгөөр үнэлэгддэг. Би саарал гүүг 8,000,000 төгрөгөөр үнэлж байна. Гадны цус ороогүй учраас 2 гүүг 2,000,000 төгрөгөөр үнэлсэн юм. Үнэлгээний байгууллага махны адууны үнэлгээгээр үнэлсэн байсан. Тээврийн зардал 339,800 төгрөг, би адуугаа хайж явахдаа юм идсэн. Сум баримт өгдөггүй учраас би бусад зардлаа нэмээгүй юм. Иймд нийт 10,339,800 төгрөг нэхэмжилж байгаа. Миний хохирлыг барагдуулж өгвөл нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Өсөж яваа капитал байсан юм..... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Э.Г, П.Ц нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Цагаанбургас гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Л.Бгийн өсгий цагаан азаргатай 18 тооны адууг машин мехнизм ашиглан хулгайлан авч бусдад зарж борлуулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машиныг хурааж улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол хор уршиг нөхөн төлбөрийн хэмжээний хувьд хохирогч иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шийдвэрт тусгуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгч Э.Г, П.Ц нарыг олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, улсын яллагчийн гаргасан ялын саналыг хөнгөн байна, хохирлыг бүрэн хэмжээгээр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс гаргуулахаар шийдсэн хохирлыг төлнө гэдгээ мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар уг оногдуулсан 2 жилийн хорих ялыг Зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн санаачилга зэргийн харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 213800000060 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч Э.Г, П.Ц нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Чигж гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед бэлчээрт байсан загасан тамгатай өсгий цагаан хар халзан эрлийз 1 тооны азарга, хээр зүсмийн 3 тооны гүү, хээр халтар зүсмийн 1 тооны гүү, хонгор зүсмийн 2 тооны гүү, хул зүсмийн 1 тооны гүү, бор зүсмийн 1 тооны гүү, саарал зүсмийн 1 тооны гүү, хүрэн зүсмийн 1 тооны гүү, хээр зүсмийн 1 тооны үрээ, ширээ чаньдмань тамгатай өсгийн цагаан хул зүсмийн 1 тооны даага, хул зүсмийн 1 тооны даага, хар зүсмийн 2 тооны унага/ сарваа/, хонгор зүсмийн 2 тооны унага / сарваа/ -г тус тус шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Л.Бгийн өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Чигжийн ам гэх газраас өсгий цагаан хар халзан эрлийз азрагатай 19 тооны дандаа гүү адуунуудыг бэлчээр дээрээс нь алдсан. .. 18-ны орой манай аав Б.Л нь Чигжийн амнаас Өгөөмөр зуслангийн зүг гэрийнхээ ойролцоо адуугаа хурааж бөөгнүүлж орхиод Мөрөн рүү орсон. 18-н тооны адуу хулгайд алдагдсан. Дээрх гурван гүү нь бүгд хээлтэй байсан. Харваас эрлийз хурданы удам угшилтай байсан. Тийм болохоор их гомдолтой байна. Эрэл хайгуулд явсан бензины зардал хүн хөлсөлсөн гээд зүйлүүдээ гаргуулж авмаар байна. Алдсан 18 адуунаас 15 тооны адууг хүлээн авсан. Үүнээс саарал гүү 1, хонгор гүү 1, хээр гүү 1, нийт 3 тооны гүү дутсан байгаа юм. .... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20, 23, 25 тал/,
Гэрч Д.Нгийн өгсөн: ...Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад М, Пгэх 2 залуу над руу залгаад хар азаргатай адуу тууж яваа мотоцикльтой хүн явж байна, гэрэлгүй мотоцикльтой зугтчихлаа гэж надад хэлэхээр нь би ойрхон болохоор нь уг газарт яваад очсон. Уг адуунууд байхгүй байсан. Тэгээд нөгөө 2 залуудаа байхгүй байна, адуу гэхэд байгаа ах хамрын ар өгсөөд байгаа гэхээр нь хамрын толгойг тойроод үзэхэд 16 тооны өсгий цагаан хар азаргатай адуунууд байсан уг адуунуудын тойрч хараад эргээд иртэл гүүрний тэнд мотоцикльтой залуу зогсож байсан. Тэгэхээр нь чи явахгүй яасан юм бэ? гэж асуухад миний гар даараад байна гээд зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27, 127 тал/,
Гэрч Л.Лын өгсөн: .... 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ц /Тайга/ Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багт манай 14 тооны адууг тууж ирсэн. Би энэ юун адуу тууж яваа юм гэж Цоос асуухад айлын мал маллаж байгаа, энэ адуунаас нэг адуу хөлсөнд нь авч байгаа тэгээд гэрүүгээ тууж явна гэж ярьсан. Би Цоос 500.000 төгрөг авах ёстой байсан. Ц нь манай гадаа саарал зүсмийн нэг адуу янзалж махыг нь өгсөн. ...Цийн моитоциклийнх нь гинж нь тухайн үед тасарсан байсан. Ц надаас надаас мотоциклийн гинж асуусан. Надад мотоциклийн гинж байгаагүй, Ц би адуунуудаа гэр рүүгээ аваачих гэсэн юм та надад унах морь байвал өгөөч гэж гуйсан. Тэгээд би хонинд унадаг хар морио өгөөд явуулсан. Цийн тууж явсан адуу бол манай нутгийн адуу бол биш байсан. Би Цоос хулгайн адуу биш юм биз гэж асуухад айлын адуу маллах гэж яваа юмаа гэж надад хэлсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэрч Х.Бийн өгсөн: 2021 оны 12 дугаар сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг “Хөх толгой” гэх газарт оршин суух гэртээ байж байсан. Шөнө 23 цаг өнгөрч байхад манай дүү гэрийн гаднаас орж ирээд адуу туусан хүн явж байх шиг байна моитоциклтой тууж байна гэж манай дүү хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклио унаад гэрлээ тусгаад адуу тууж яваа мотоциклийн зүг явж очсон. Тэгтэл гэрлийн үзүүрт хар азаргатай адуу байсан. Тууж явсан хүн нь мотоциклио унаад зүгтаад явсан. Тэгээд би буцаж гэртээ ирээд сургуулийн ажилтан Н гэх хүний адуу байх шиг байна гэж бодоод Н рүү утсаар залгаж хэлсэн. Тэгээд Н гуай эхнэртэйгээ манайд сумын төвөөс гэрээсээ ирсэн. Би адуу байгаа газрыг зааж өгөхөд Н гуай эхнэртэйгээ цуг адууны зүг явсан. Тэгээд маргааш өглөө нь над руу Н гуай утсаар яриад өчигдөрийн хүн тууж явсан гэх адуу манай адуу биш байна лээ гэж хэлээд утсаа тасалсан. гэх мэдүүлэг / хх-ийн 123 тал/,
Гэрч Б.Лийн өгсөн: ... 158 тооны адуу алдаад 15 адууг буцааж авсан. 3 адуу нь байхгүй байсан. Саарал гүү, хонгор гүү, хээр гүү гурав байхгүй болсон байсан. ... намайг бүртгэхэд 18 тооны адуу байсан. Бүрэн бүтнээрээ байсан. /хх-ийн 132 тал/,
Гэрч Б.Лгийн өгсөн: ... 2021 оны 01-р сарын эхээр байх яг сайн он сарын мэдэхгүй байна. Намайг Хатгал тосгон Адууны гол гэх газарт О гэдэг айлд байж байхад орой 19 цагийн үед байх гадаа харуй бүрий болж байхад О, Тайга гэж дууддаг 2 залуу ирсэн юм. Тухайн үед О гэдэг залуу надаас 2020 оны 08-р сард 500,000 төгрөг хэрэг болоод байна самарт явах гэсэн чинь мөнгө байхгүй байна ирээд өгье гэж хэлээд аваад явсан байсан юм. Тэгээд би тэр үед таараад чи нөгөө мөнгөө өгөөч гэсэн чинь та тэгвэл Тайгаас мөнгөндөө тохироод нэг даага авчих би Тайгад хэлчихсэн байгаа гэхээр нь тэгвэл адуу чинь хаана байгаа юм бэ? гэсэн чинь энд ойрхон Бор хөндий гэдэг газарт байгаа та аваад үлд гэсэн, тэгсэн чинь О бас Ос мөнгө авах болж таараад бас адуу авахаар болсон юм тэгээд О бид хоёр адуу авахаар болж таараад Тайга гарч яваад Хул зүсмийн даага, Хонгор зүсмийн даага тууж ирээд бид хоёрт өгөөд явсан. Тухайн үед Тайга адуу авчирна гээд ганцаараа явсан. О Мөрөн рүү гэрлүүгээ явсан. Тайга тэр оройгоо адуугаа тууж ирээд бид хоёрт даага барьж өгөөд явсан юм... Тухайн үед орой адуугаа Тайга тууж ирэхдээ 10 гаран тооны бараан зүсмийн адуу тууж ирээд О бид хоёрт 2 даага барьж өгөөд явсан. Тэр адууг Тайга миний адуу гэж ярьж байсан. Тухайн үед Ос бид хоёр мөнгө авах байсан юм тэгээд мөнгөө авъя гэхэд О би Тайгатай наймаа хийсэн байгаа мөнгөний орондоо адуу авчих гэхээр нь авсан юм. Харин хэд хоногийн дараа хүмүүс ирээд манай адуу байна. Та хулгайн даага авсан байна гэж хэлсэн тэгээд би хулгайн юм болж таарлаа гэж ойлгосон... /хх-ийн 150-151 тал/,
Гэрч Д.Огийн өгсөн: ... 2021 оны 01 дүгээр сарын 2-3 өдөр байсан байх би Адуун гол гэх газарт гэртээ байж байхад 16 цагийн үед байх О, Тайга гэж дууддаг 2 залуу ирсэн юм. Тухайн үед би О гэдэг залууд 2020 оны 04-р сард үхэр авч худалдан авч байхад надаас үхэр өгнө гэж хэлээд 500,000 төгрөг аваад явсан байсан юм. Тэгээд тэр үед ирэхдээ та нөгөө мөнгөний оронд надаас даага авчих гэхээр нь за яахав тэгье гэж хэлээд одоо даага чинь хаана байгаа юм бэ? гэсэн чинь Тайга адуугаа туугаад энд ойрхон бор хөндий гэдэг газарт байгаа гэж хэлсэн тэгээд одоо туугаад аваад ирнэ гэсэн юм мөн тухайн үед манайд байсан Л бас Ос мөнгө авах болж таараад бас даага өгөхөөр болсон юм тэгээд Тайга адуугаа тууж ирнэ гэж яваад Ог харин Л Алаг-Эрдэнэ явах байсан болохоор хамт суугаад явсан юм. Тэгээд Л Алаг-Эрдэнэ орчхоод 20 цагийн үед манайд ирсэн байхад Тайга 10 гаран тооны адуу тууж ирээд надад хонгор зүсмийн даага, Лд бас хул зүсмийн даага өгөөд унаж ирсэн мотоциклтойгоо адуугаа туугаад яваад өгсөн юм. Удаагүй 2 хоногийн дараа хүмүүс ирээд минйи хулгайд алдсан адуу байна гэж хэлээд Мөрөн оруулж өг гэхээр нь Л бид хоёр портер машинаар ачиж мөрөн сумр уу оруулж эзэнд өгсөн юм... Тухайн үед орой адуугаа Тайга тууж ирэхдээ 10 гаран тооны адуу тууж ирсэн. О тухайн үед надаас авсан байсан мөнгөний оронд адуу өгөх гэж ирсэн гэж байсан. Адуугаа өгөхдөө Тайгын адуу байгаа юм бид хоёр хоорондоо наймаа хийсэн юм гэж хэлсэн. Би урьд өмнө Од 500,000 төгрөг өгөөд шүдлэн үхэр авна гэж тохирсон байсан юм тэгээд оронд нь даага ав гээд би авсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 153 -154 тал/,
Гэрч Ш.Сийн өгсөн: Би 2020 оны 12 дугаар сарын дунд үеэр Баян булгийн тохойнд адуундаа явж байхдаа харахад барагцаагаар 18 юм уу 19 тооны хар халзан азаргатай адуу байхыг нь харсан. Арай ч 20 хүрэхгүй байх гэж бодож байна. .. Миний санаж байгаараа цагаан саарал гүү, хонгор гүү, хул гүү, хээр гүү, бор гүү, хэдэн унага байсан. Ихэвчлэн бараан зүсмийн адуунууд байдаг. / хх-ийн 187 тал/,
Гэрч Л.Бгийн өгсөн: 18 тооны адуутай. Манай ах 2020 оны 12 дугаар сарын эхээр хар халзан азаргатай адуугаа алдсан юм. Тухайн үед алдахаасаа өмнө хар халзан азаргатай адуу нь 19 байсан. Тэгээд нэгийг нь идшиндээ идээд 18 тооны адуу үлдсэн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 234 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,
Алдагдсан малын үнэлгээ тогтоосон “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2145617200247 дугаартай “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Л.Бгийн хулгайд алдсан 18 толгой адууны нийт үнэлгээг 21.700.000 төгрөгөөр тогтоох саналыг хүргүүлж байна” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 40-41 тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-821/413 дугаартай “саарал гүү 1 ширхэг 1.800.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 194-196 тал/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №21-14902/02-147 дугаартай: “саарал зүсмийн 6 настай английн 25 %-тай гэх адууны үнэ 3.600.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 224-227 тал/,
“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №2145617200399 дугаартай “...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэн П.Цийн хулгайд алдсан мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 900.000 үнэлж саналыг хүргүүлж байна” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 208-209 тал/,
Хохирогч Л.Бгийн малын А дансны хуулга / хх-ийн 190-193 тал/,
Шүүгдэгч Э.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Анх Ц бид хоёрыг хилэнтийн гүүрний ойролцоо явж байхад өсгий цагаан хар азаргатай 16 тооны морь байсан...Ц нь манай гэрт ирээд хоносон юм. Хэдэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Манайд байж байгаад бид хоёр нэг шил хараа гэдэг нэртэй архи хувааж ууж дуусаад би Цид Мөрөнгийн урд байдаг гүүр лүү явах уу гэж хэлсэн. Тэгэхэд Ц нь тэгье гэж хэлээд Цийн унаагаар явсан юм. Тэгээд бид хоёр мөрөнгийн урд байдаг гүүр гараад явж байхад өсгий цагаан хар азаргатай 16 тооны адуу тааралдсан юм. Би Цид энд адуу байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тэр адуунуудыг туугаад Алаг-Эрдэнэ сумын наана аваачаад хаяад Цийн гэрт нь өнжсөн юм. Хэн нь анх хулгайлах санааг гаргасан гэдгийг би сайн санахгүй байна. Цийн гэр нь Алаг-Эрдэнэ сумын төв дээр байдаг юм. Тэгээд бид хоёр орой болоод харанхуй болохоор нь нөгөө 16 тооны адуугаа туугаад Алаг-Эрдэнийн гүүр гараад нэг давааны тэнд аваачиж хаясан. Тэгээд үүр цайнгуут нь Далайхаа гэдэг айлд очсон. Тэнд хоноод маргааш өдөр нь би Далайхаа гэдэг хүнтэй цуг Алаг-Эрдэнэ сум луу орж ирсэн. Тухайн үед би адуу туухаа болилоо гэж Цид хэлээд Апаг-Эрдэнэ сум луу явсан юм. Далайхаа гэдэг хүн тухайн үед Алаг-Эрдэнэ сум луу явж түлш авна гээд байхаар нь би цуг яваад өгсөн юм. Алаг-Эрдэнэ суманд би очоод Бонго-3 тай сарлаг ачсан машинтай цуг мөрөн лүү орж ирсэн. Би Бонго-3 машины эзнийг танихгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 116 тал/,
Шүүгдэгч П.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ..Г хамгийн анх надад энэ санааг хэлсэн. 2020 оны 12 сарын хэдэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна Г над руу залгаад Мөрөн ороод ирээч гэсэн. Тэгэхээр нь Мөрөн сум руу орж ирээд Гантулгын гэрт нь очсон юм. Намайг гэрт нь ороход Г нь надад Мөрөнгийн урд байдаг гүүр лүү гарья гэж хэлсэн. Тэгээд бид хоёр миний шар өнгийн мустанг маркийн мотцикльтой гүүр лүү явсан юм. Тэгээд гүүр гараад явж байхад 16 тооны адуу харагдсан юм. Г нь энэ адуунуудыг хөөгөөд явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр адуунуудыг хөөгөөд гүүр гаргаад Мөрөнгийн ард байдаг Дулааны энгэрт аваачиж тэнд нь хонуулсан юм. Тэгээд хонуулсныхаа маргааш орой нь туугаад Алаг-Эрдэнэ сумын зүг рүү туугаад явсан юм. Бид хоёр туугаад Алаг-Эрдэнэ сумын наад талд нь ирэхэд үүр цайгаад гэгээ орж байсан. Г бид хоёр тууж явсан адуунуудаа Алаг-Эрдэнэ сумын наад талд нь үлдээгээд Алаг-Эрдэнэс сум руу ороод манай аав Пгийнд өнжсөн юм. Тэгээд орой харанхуй болохоор нь Г бид хоёр нөгөө адуунуудаа туугаад Апаг-Эрдэнэ сумын гүүр гараад цаашаагаа яваад дунд даваа гэх газарт хүрээд адуунуудаа хаясан юм. Тухайн үед Дунд даваа гэх газарт ирэхэд үүр цай байж байсан. Тэгээд Г бид хоёр Далайхаа ахынд очиж өнжсөн юм. Г нь Далайхаа гэдэг хүнд 500,000 төгрөгийн өртэй байсан юм билээ. Тэр өрөндөө хонгор зүсмийн нэг даага өгсөн. Дараа нь Далайхаа гэдэг айлтай ойролцоо байдаг Л гэдэг хүнд бас 500,000 төгрөгийн өртэй байсан. Бас тэр өрөндөө хонгор зүсмийн нэг даага өгсөн. Г тухайн өдөр шүүх дээр ажилтай байна гэж хэлээд замын унаанд суугаад Мөрөн лүү яваад өгсөн юм. Тэгээд би үлдсэн адуунуудыг нь цаашаа өөрийн гэр лүүгээ маягтай туусан. Гэр лүүгээ явж байх замдаа Л гэх таньдаг айлындаа очсон юм. Би тухайн үед Лт 200.000 төгрөгийн өртэй, Г 300.000 төгрөгийн өртэй байсан. Би өрөндөө саарал зүсмийн нэг гүүг өгсөн юм. Би тэр гүүг ганцаараа нядалж Лт өгсөн. Тэгээд би өөрийн гэртээ харьсан юм. ... гэх мэдүүлэг хх-ийн 118 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч нар бусдын малыг бэлчээрээс хөөж, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буй үйлдэл идэвхтэй, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Л.Бд 18 адуу буюу 17.300.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч саарал гүүнийн үнэлгээг багаар үнэлүүлсэн гэж мэтгэлцэж үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хөвсгөл аймгийн Ихэрмөрөн-Аудит” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчнээр 18 тооны адууны үнэлгээг /хх-ийн 40-41 тал/ гаргуулсан, энэ үнэлгээг шүүгдэгч П.Цийн өмгөөлөгч эс зөвшөөрч тэдний хүсэлтээр “Ашид билгүүн” ХХК-ний шинжээч үнэлгээг /хх-ийн 94-96 тал/ дахин гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэсэн /хх-ийн 224-227 тал/ байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас зүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ буюу алдагдсан адууг 16 тооны адуу байсан гэж мэтгэлцэж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Сийн өгсөн: Би 2020 оны 12 дугаар сарын дунд үеэр Баян булгийн тохойнд адуундаа явж байхдаа харахад барагцаагаар 18 юм уу 19 тооны хар халзан азаргатай адуу байхыг нь харсан. Арай ч 20 хүрэхгүй байх гэж бодож байна. ... Миний санаж байгаараа цагаан саарал гүү, хонгор гүү, хул гүү, хээр гүү, бор гүү, хэдэн унага байсан. Ихэвчлэн бараан зүсмийн адуунууд байдаг гэх мэдүүлэг, гэрч Л.Бгийн өгсөн: 18 тооны адуутай. Манай ах 2020 оны 12 дугаар сарын эхээр хар халзан азаргатай адуугаа алдсан юм. Тухайн үед алдахаасаа өмнө хар халзан азаргатай адуу нь 19 байсан. Тэгээд нэгийг нь идшиндээ идээд 18 тооны адуу үлдсэн байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Лийн өгсөн: ... 158 тооны адуу алдаад 15 адууг буцааж авсан. 3 адуу нь байхгүй байсан. Саарал гүү, хонгор гүү, хээр гүү гурав байхгүй болсон байсан. ... намайг бүртгэхэд 18 тооны адуу байсан. Бүрэн бүтнээрээ байсан гэх мэдүүлэг болон хохирогч Л.Бгийн малын А дансны хуулга зэргээр няцаагдаж байна.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Г,П.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бд 10 тооны нас бие гүйцсэн гүү, 1 тооны шүдлэн үрээ, 2 тооны даага, 4 тооны унага буюу савраа, нас бие гүйцсэн 1 тооны азарга буюу 17.300.000 төгрөгийн шууд хохирол, адууг эрж хайсны зардал 339.800 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 15 тооны адууг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд үлдэх хээр зүсмийн, саарал зүсмийн, хонгор зүсмийн 3 тооны гүүний үнэ болох 5.600.000 төгрөг, алдагдсан адууг эрж хайсан зардал болох 339.800 төгрөг, нийт 5.939.800 төгрөгийг шүүгдэгч нар нь хувь тэнцүүлэн төлөхөө илэрхийлсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Г, П.Ц нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 96 тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Г нь урьд нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа/ хх-ийн 97 тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Гд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Цид 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан Э.Г, П.Ц нарт оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Мөрөн, Алаг-Эрдэнэ сумын нутгийг дамжуулан үйлдсэн байх тул шүүгдэгч нарын хөдөлгөөнийг хязгаарлаж, дахин энэ гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх зорилгын үүднээс ялтан Э.Г, П.Ц нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн, Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хонОр тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлОс албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Г, П.Ц нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмыг үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Г, П.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөд үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эийн Г, Б овогт Пн Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасныг баримтлан Эийн Гантулгыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Пн Цийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Гас 2.969.900 /хоёр сая есөн зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөгийг, шүүгдэгч П.Цоос 2.969.900 /хоёр сая есөн зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Л.Бд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ болох 900.000 / есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан ялтан Э.Г, П.Ц нарт оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гантулгын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож 3 /гурав/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас, шүүгдэгч П.Цийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоож, 2 /хоёр/ жил 6 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас тус тус гадагш явахыг хориглосугай
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хонОр тооцож солихыг шүүгдэгч Э.Г, П.Ц нарт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, П.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН