| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2021/0670/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/842 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/842
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,
улсын яллагч Г.Ганхөлөг,
хохирогч Ш.Н,
шүүгдэгч Н.С, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Н С, Ж овогт Б-ын С нарт холбогдох эрүүгийн ***************тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *************аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, *******************дүүргийн 35-р хороо, ****************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Н С /РД: **************************/.
2. Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр **************хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, **********************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Б-ын С /РД: *******************************************/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.С, Б.С нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр **********************дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төв дотор хамт ажилладаг хохирогч Ш.Н-тэй ажил үүргийн хуваарилалт бүхий хувийн таарамжгүй харьцаанаас хоорондоо маргалдаж улмаар Ш.Н-ийн толгой руу нь цохих, түлхэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт, баруун хөхний дотор хэсэгт цус хуралт, баруун хөхний дотор хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийнхэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Н мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.С-эс эмчилгээний зардал 150.000 төгрөгөө нэхэмжилж байна. Адилхан эмэгтэй улсууд болохоор одоо энэ хүмүүст гомдолгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
“...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хархорин худалдааны төвд 11:40 минутын үед ажлаа хийж байгаад амралтын өрөө рүү ортол Н, С, С гэх хамт ажилладаг хүмүүс байж байсан. Тэгээд Н намайг “хоолны газрын шалыг угаа” гэхэд нь би “ямар ажил хийхээ өөрөө мэдье” гэж хэлтэл Н намайг “чи муу пизда арчаач” гэж хэлсэн. Тэгээд би шалаа угаачхаад иртэл Н, С, С нар над руу дайрч намайг хогийн саванд хийж байгаад зодсон. ...Хогийн шүүрээр миний хөл рүү, хэвлий хэсэг рүү цохиж өшиглөсөн, нүд рүү цохисон. Миний нүд хөхөрч, цээж хөндүүрлэж байна. ...С-ийн ээж гэх хүн С, Н, Сайханаа нар байсан. Тус өрөөнд камер байхгүй. ...С намайг цайны газрын шал угаасангүй гээд дээрэлхсэн байдалтай харьцаад байсан ба харин Д нь намайг чи яасан өдрөөс өдөрт өнгө ороод байдаг юм бэ, чам шиг юмыг бид нар зодчихсон байхад ямар нэгэн хууль үйлчлэхгүй гэж хэлээд зодсон...” гэсэн мэдүүлэг /хх 14-16/,
2. Гэрч Ж.Д-ын:
“...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цайны цаг болж байсан ба үйлчлэгч нарын амралтын өрөөнд цай уух гээд ороход үйлчлэгч С, С нар цай уугаад сууж байхад гаднаас Н орж ирсэн ба С, Н-т хандан “та цайны газрын шалыг угааж, цаг цагт нь цэвэрлэгээ хийх ёстой” гэж хэлэхэд Н над руу “хүзүүг чинь мушгина шүү” гэж хэлэхээр нь хажуу талаас С “та ээж шигээ хүнийг яагаад ингэж хэлж байгаа юм бэ” гэхэд Н С-ийн бөгс рүү өшиглөхөөр нь С Нийг түлхээд хаалганы хажуу талд байсан шалны модыг аваад цохисон. Хэдэн удаа цохисныг би би хараагүй. Тэгээд би С-ийн шалны модыг аваад Н, С хоёрыг салгасан. Н босож ирээд С-тай маргалдсан ба хоорондоо хэрэлдэж, муудалцаад, барьцалдаж бие биенийгээ заамдаад байсан ба би хажуу талаас нь “та 2 ажлын байран дээрээ ингэж болохгүй” талаар хэлсэн. Тэгээд Н, С хоёр өрөөнд байдаг буйдангийн хажууд маргалдаад байсан нэг мэдсэн чинь Н “С миний баруун нүд рүү цохчихлоо” гээд орилоод цагдаа дуудсан. Би Н-ийн баруун нүд рүү хэн цохисныг анзаарч хараагүй, буйдан дээр л Н, С, С гурвуулаа маргалдаад байсан. Би хоорондоо барьцалдаж байх үед нь салгаж байсан. Хэн хэнийгээ яаж цохисныг анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9207 дугаартай шинжээчийн:
“...Ш.Н-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт, баруун хөхний дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх 26-27/,
4. Хохирогч Ш.Н-ээс гаргаж өгсөн хохирлын баримт /хх 53-54/,
5. Шүүгдэгч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвд 2011 оноос хойш үйлчлэгчээр ажиллаж байгаа юм. Манай худалдааны төвд Н гэх эмэгтэй 2021 оны 08 дугаар сарын сүүлчээр үйлчлэгчээр ажиллаж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цайны цагийн үеэр амралтын өрөөндөө Д, С бид 3 цай уугаад сууж байхад гаднаас Н эгч орж ирээд Д эгчийн “хүзүүг мушгина” гэж хэлэхээр нь С “чи манай эгчийн хүзүүг мушгидаг хэн юм бэ” гэж хэлэхэд Н, С-ийн бөгс рүү өшиглөхөөр нь С босож ирээд Н рүү дайрахад Н эгч хойшоо алхаж байгаад хогны сав руу бөгсөөрөө унахаар нь өрөөн дотор байсан шалны мод аваад Н эгчийн хөл рүү нь цохиод байсан ба тэр үед Д эгч С-ийг холдуулсан. Тэгээд би Н эгчид хандан “шалаа угаасан уу” гэж асуухад “би өөрөө мэдэж байна” гэж уурласан ба Н эгчид “аниа чийгтэй цэвэрлэгээг 11, 14, 16 цагуудад хийдэг юм” гэж хэлэхэд “дуугай бай би өөрөө мэдэж байна” гээд уурласан. Н эгч надад хандаж “чи энд 10 жил ажилласан юм чинь илжирч ялзарсан юмнууд байдаг, шалаа долоогоод сурсан юмнууд” гэж хэлээд миний мөр лүү түлхэхээр нь Нийн баруун нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиход буйдан руу унасан. Тэгэхэд Д эгч Н бид хоёрыг салгаад намайг тэврээд авсан. ...тухайн үед Н эгчийн баруун нүд нь надад цохиулсны улмаас хөхөрсөн байсан. Би Н эгчийн баруун нүд рүү цохисон, харин барьцалдаж байхдаа зүүн хөхний хэсэгт зулгаралт гэмтэл авсан байж болох юм. Харин хөлийн хэсэгт учирсан гэмтлийн С шалны модоор цохиж уг гэмтлийн учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-35/,
6. Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Манай төрсөн эх Э нь Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвд үйлчлэгчээр 10 гаруй жил ажиллаж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс түр үйлчлэгчээр ажиллаж байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын 26-н өдөр цайны цаг болж С, Д эгч бид 3 үйлчлэгч нарын амралтын өрөөнд ороод цай уугаад сууж байхад гаднаас Н эгч орж ирэхээр нь С эгч Ш.Н эгчид “та цайны газрын талбайгаа цэвэрлэнэ үү” гэж хэлэхэд “мэдэж байна чи дандаа ингэж хэлэх юм” гэж хэлсэн. Тэгэхэд Д эгч “та нар яах гэж ингэж хоорондоо муудалдаж байдаг юм бэ” гэж хэлэхэд Н эгч “би чиний хүзүүг мушгина шүү, бүдүүн авгай минь” гэж хэлэхээр нь би Н эгчид “та ээж шигээ хүний хүзүүг мушгиж яах вэ дээ” гэж хэлэхэд над руу хүрч ирээд миний бөгс рүү өшиглөсөн. Тэгээд уур хүрээд түлхэхэд хогийн сав руу бөгсөөрөө унахаар нь хаалганы хажуу талд байсан шалны модыг авад Н эгчийн хөл рүү нь 2 удаа цохисон. Тэгээд 3 дахь удаа цохих гэж байсан чинь Д эгч ирээд шалны модыг аваад Н эгчээс намайг холдуулсан. Н эгч босож ирээд С эгчийг буйдан руу түлхэхээр нь “чи яагаад хүн түлхдэг юм бэ” гээд Н эгчийг буйдан руу түлхэж баруун нүд рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Цохиулсны дараа нь би очоод Н эгчийн хацар луу гараараа цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгнө гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.С, Б.С нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Н.С, Б.С нар нь бүлэглэж, хохирогч Ш.Н-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.С, Б.С нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н.С, Б.С нар нь:
2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төв дотор хамт ажилладаг хохирогч Ш.Н-тэй ажил үүргийн хуваарилалт бүхий хувийн таарамжгүй харьцаанаас хоорондоо маргалдаж улмаар бүлэглэн Ш.Н-ийн толгой руу нь цохих, түлхэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт, баруун хөхний дотор хэсэгт цус хуралт, баруун хөхний дотор хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ш.Нийн “...С, С нар над руу дайрч намайг хогийн саванд хийж байгаад зодсон. ...Хогийн шүүрээр миний хөл рүү, хэвлий хэсэг рүү цохиж өшиглөсөн, нүд рүү цохисон. Миний нүд хөхөрч, цээж хөндүүрлэж байна...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ж.Д-ын “...С Н-ийг түлхээд хаалганы хажуу талд байсан шалны модыг аваад цохисон. ...Н босож ирээд С-тай маргалдсан ба хоорондоо хэрэлдэж, муудалцаад, барьцалдаж бие биенийгээ заамдаад байсан ба би хажуу талаас нь “та 2 ажлын байран дээрээ ингэж болохгүй” талаар хэлсэн. Тэгээд Н, С хоёр өрөөнд байдаг буйдангийн хажууд маргалдаад байсан нэг мэдсэн чинь Н “С миний баруун нүд рүү цохчихлоо” ...” гэсэн мэдүүлэг,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9207 дугаартай шинжээчийн “...Ш.Н-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт, баруун хөхний дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, хохирогч Ш.Н-ээс гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.С, Б.С нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.С, Б.С нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд хохирогч Ш.Н нь 300.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.С нь 150.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.С 150.000 төгрөгийн хохирлыг хохирогч Ш.Н-т төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.С-эс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Н-т олгох нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С-д 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.С, Н.С нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 211 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэвч шүүгдэгч Б.С нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг “албадан ирүүлэх” тухай шүүгчийн захирамжаар “Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасаг”-т даалгаж шийдвэрлэсэн боловч “дараагийн болох шүүх хуралд би өөрөө хоцрохгүй очно” гэсэн тэмдэглэлийг, хаягтаа оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтын хамт шүүхэд ирүүлсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, түүнийг эрэн сурвалжилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй нөхцөл байдал байх тул Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 211 дүгээр тогтоолоор шүүгдэгч Б.С, Н.С нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Н.С, Б.С нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал буюу шүүгдэгч Б.С бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С-ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч Н.С-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Харин шүүгдэгч Б.С-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Н С, Ж овогт Б-ын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Б.С-ийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.С-ийн биечлэн эдлэх ялыг 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ