Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0154

 

Д.Он нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0966 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Он нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0966 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 7дүгээр зүйлийн 71.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Монгол Улсын ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ог Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 2,859,058 (хоёр сая найман зуун тавин есөн мянга тавин найман) төгрөгийг хариуцагчаас гаргуулж Д.Од олгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Он “эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:

“...Тус шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий аудиторын Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 71.3, 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасан бүрэн эрхэд халдсан, хууль буруу тайлбарласан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай судпалгүйгээр, бодит нөхцөл байдлыг тогтоолгүй гаргасан шийдвэр боллоо гэж үзэж байна.

Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Монгол Улсын Ерөнхий аудитор тушаал гаргаж, төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилож, чөлөөлөх эрхтэй ч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчимд нийцүүлэх учиртай” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/238 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор томилохыг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ог үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар тайлбар, нотолгоо гаргаж чадаагүйн зэрэгцээ, уг тушаал ямар хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх үндэслэлийг шүүхэд гаргаагүй, тодруулаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын гаргасан шийдвэр нь хууль бус захиргааны акт болох нь бүрэн хангалттай нотлоогүй байхад Монгол Улсын Ерөнхий аудиторыг Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчимд нийцэх эсэх талаар дурьджээ.

Гэтэл шүүх Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлд заасан "...төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч ...” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг дэмжсэн, Төрийн албаны тухай хуулийн зарчмыг алдагдуулсан үйлдлийг арилгаж хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... маргаан бүхий тушаалд үндэслэл болох орон тоо цөөрсөн эсэх, ажпын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон эсэх талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж дүгнэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг баримтлалгүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь хэрэв шүүгчийн дүгнэсэнээр "...маргаан бүхий тушаалд үндэслэл болох орон тоо цөөрсөн эсэх, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон эсэх талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй ...” бол Төрийн аудитын байгууллага нь Нийцлийн аудит, Гүйцэтгэлийн аудит, Санхүүгийн аудтыг бие даан хэрэгжүүлдэг. Нийцлийн аудитыг эрх зүйч, Санхүүгийн аудитыг мэргэшсэн ня-бо гүйцэтгэдэг бөгөөд Гүйцэтгэлийн аудитыг мөн л мэргэшсэн ня-бо, санхүүч гүйцэтгэхээр ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн хувьд өмнө нь 19 хүний орон тоотойгоор ажиллаж байсан бөгөөд шинэ бүтэц зохион байгуулалтаар 10 болж цөөрсөн бодит нөхцөл байдал нь нотлох баримтаар шүүхэд авагдсаар байтал Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар бодитой үнэлсэнгүй.

Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газарт 50 орон тоотойгоор ажиллаж байсныг шинэ бүтэц зохион байгуулалтаар 45 болгож цеөрүүлсэн, Нийцлийн аудитын хэлтэс байгаагүйг бий болгосон зэргээр бүтэц өөрчлөгдсөн бөгөөд менежер 5 байсан нь 4 болж, ахлах аудитор, ахлах шинжээч 15 байсан нь 8 ахлах аудитор болж, 27 аудитор, шинжээч нь 26 болж өөрчлөгдсөн бөгөөд 9 албан хаагчийн орон тоо цөөрсөн юм. Аудитыг аудитор, ахлах аудитор, аудитын менежер нь багаар гүйцэтгэдэг бөгөөд цөөрсөн ахлах аудитор, аудитын менежерийн чиг үүрэг нь аудиторын Ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлэх чиг үүрэгт хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу хамгын илүү хангаж байгааг томилсон.

Энэ талаар шүүх хуралдаанд болон, шүүхэд гаргасан тайлбарын хамт өгсөн боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлан үзэлгүй, муйхараар өрөөсгөл дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биөлүүлсэнгүй.

Мөн шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Д.О нь Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар Төрийн жинхэнэ албан хаагч юм” хэмээн дүгнэжээ. Төрийн аудитын байгууллагын ажилтан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэний дараа томилогддог зохицуулалттай журмын дагуу томилогдоогүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай "...Та Аудитын байгууллагад томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албанд томилогдоогүй байна...”  гэх албан бичгээр нотлогдож ...байхад ийнхүү дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ Хэдийгээр 27 орон тоо 26 болж цөөрсөн харагдаж буй боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн албан хаагчдын дотор 26 аудитор, шинжээч байгаагаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан орон тоо цөөрсөн ...гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ.

Нийслэл дэх Төрийн аудитын газарт Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул уг нэгжийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгон, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар,Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулж баталсан. Зохион байгуулалтын бүтцийн хүрээнд Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас орон тоо цөөрсөн нь илт тодорхой харагдана.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор гэж тодруулсаар байтал Төрийн аудитын байгууллагаас төрлөөр хэрэгжүүлдэг Санхүүгийн аудит, Нийцлийн аудиттай хольж нийт аудиторын тоогоор авч үзэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй, өнгөц, өрөөсгөл дүгнэсэн шийдвэр боллоо.

Ийнхүү шүүгч нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Гурав. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Д.Огийн ажиллаж байсан 2014 оны болон 2017 оны ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл гүйцэтгэлийн аудит хийх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар Д.Ог үргэлжлүүлэн ажиллуулах байжээ” гэж дүгнэсэн боловч дээрх хуулийн зохицуулалтын “(ажлын 6айр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан ...мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж заасан хуулиар нэг мөр зохицуулсан харилцааг хэсэгчлэн хэрэглэж, орхигдуулан дүгнэсэн байна.

Энэ талаар Улсын дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, ...-ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно." гэж, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ..." гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан бөгөөд тус тайлбарт “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна" гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” гэсэн тайлбар, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилж, чөлөөлсөн талаар удаа дараа тайлбарласаар байхад шүүх авч үзсэнгүй. Ийм байддаар Дээд шүүхийн тайлбараас өөрөөр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлөарлах, нэг мөр ойлгох нөхцөлийг алдагдуулж байна.

Түүнчлэн дээрх байдпаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж үзэж байгаа юм. Энэ талаар ч тайлбар болон нэмэлт тайлбараар нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсээр байтал хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна.

Мөн шүүгч үндэслэх хэсэгтээ “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/238 дугаар тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэсэн боловч нэхэмжпэгчийг ажпаас чөлөөлсөн тушаалдаа холбогдох хуулийг хэрэглээгүй нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн нь ойпгомжгүй, бодитой хандаагүй, өнгөц дүгнэсэн байна.

Дөрөв. Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны ерөнхий болон тусгай шаардпагыг хамгийн илүү хангаж байгаа албан албан хаагчдийг томилсон.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, шүүхээс гаргасан дүгнэлт нь маргаан бүхий актыг үндэслэлгүй, хууль зөрчсөн байдпыг тогтоогоогүй байхад нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн байхад тус шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаал, мөн 2017 оны А/88 дугаартай “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байр албан тушаалны тодорхойлолтыг батлах тухай” тушаал хүчингүй болсон, хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тус нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Төрийн аудитын тухай хуулиар Төрийн аудитын байгууллагад Улсын Их Хурал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0966 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7 дахь заалт, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Ог ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О тус шийдвэрийг эс зөвшөөрч “ ...Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дараагаар Монгол Улсын Ерөнхий аудитор солигдож, бүтцийн өөрчлөлт хийх нэрээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар манай байгууллагын бүтэц, орон тоог цөөрүүлж, мөн оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын ажилчдын ажлын байрны тодорхойлолтод төрийн албанд 5 жил ажилласан байх хууль бус шалгуурыг шинээр бий болгон ажилдаа хичээнгүйлэн ажиллаж ирсэн намайг ...ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ... хэрэв орон тоо цөөрсөн бол ажилчдын дунд зохих түвшинд шалгаруулалт явуулах ёстой байтал энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, мөн төрийн албанд 5 жил ажилласан байх гэсэн шалгуур тавьсан атлаа 5 жил ажиллаагүй олон тооны ажилчдаас зөвхөн намайг онцолж, бусад шалгуур хангаагүй ажилчдыг журмаас гадуур үлдээн хэвийн ажиллуулж байгаа нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө тэгш байх эрхийг зөрчсөн ...” гэж маргажээ.

Хариуцагчаас “...Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь төрийн жинхэнэ албанд цаашлаад төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул төрийн аудитын байгууллагын алба хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна ...нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр томилогдохдоо Нийслэлийн Ерөнхий Аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй ...аудитор ...-ын ажлын байрны шаардлагыг хангахгүй бөгөөд “эдийн засагч, менежер” мэргэжилтэй ...Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар ...тогтоолын 4-т “хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нийслэл дэх Төрийн аудитын газар 50 орон тоотойгоор ажиллаж байсныг шинэ бүтэц зохион байгуулалтаар 45 болгож цөөрүүлсэн, Нийцлийн аудитын хэлтэс байгаагүйг бий болгосон зэргээр бүтэц өөрчлөгдсөн бөгөөд менежер 5 байсан нь 4 болж, ахлах аудитор, ахлах шинжээч 15 байсан нь 8 болж, 27 аудитор, шинжээч 26 болж өөрчлөгдсөн бөгөөд 9 албан хаагчийн орон тоо цөөрсөн ...цөөрсөн ахлах аудитор, аудитын менежерийн чиг үүрэг нь аудиторын Ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлэх чиг үүрэгт хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу хамгийн илүү хангаж байгааг нь томилсон ...” гэх  давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж 50 орон тоо 45 болж цөөрсөн ...” гэх боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар Нийслэлийн Төрийн аудитын газарт ажиллаж байсан 46 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авсан байх ба хариуцагчаас бүрэн орон тоогоор ажиллаж байгаа гэж тайлбарласан байх бөгөөд тус байгууллагад хэдэн албан хаагчийг буцаан томилсон, хэдэн аудитор ажиллаж байгаа, өмнө нь ахлах аудитор, аудитын менежерээр ажиллаж байсан хүнийг шинэ бүтэц батлагдсаны дараа аудитороор ажиллуулах болсон эсэх, эсхүл аудитороор гаднаас шинэ хүн томилогдсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тус байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа, шинэ бүтэц батлагдсанаас хойш Гүйцэтгэлийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь бүгд өмнө нь тус хэлтэст аудитороор ажиллаж байсан эсэх, тэдгээр нь шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг тодруулаагүй байна.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг 2013 оноос төрийн албанд томилогдсон тул шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтын ажилласан жилийн тухайд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “...2011 оны 6 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл дотоод ажил хариуцсан түр ажилтнаар буюу гэрээгээр ажилласан” гэж тайлбарласан байхад шүүх энэ талаар тодруулах шаардлагатайгаас гадна Төрийн албаны  тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг, түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар хэрэгцээ, шаардлага бий болсныг тодруулж, дүгнэх шаардлагатай.

Мөн хариуцагчаас “...шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо хасагдсан” гэж нэхэмжлэгчийг томилоогүй шалтгааны нэг үндэслэлийг тайлбарласан байх тул шинжээчийн ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/87 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан аудиторын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэж, шинжээчээр ажиллаж байсан албан хаагч аудитороор ажиллах боломжтой эсэх, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд аудитор, шинжээч хоёр нь адил байсан эсэх талаарх баримтыг цуглуулах шаардлагатай.

Түүнчлэн хариуцагч өмнө нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, гүйцэтгэвэл зохих чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн томилсон атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагадаа нийцээгүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чавдар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байхад ямар учраас сонгон шалгаруулалтыг нийт ажилтнуудын дунд явуулсан болох, ийнхүү явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т нийцсэн эсэхийг тодруулж, дүгнэх шаардлагатай.

Иймд, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдах тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/966 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ