Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 40

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Байгалмаа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх

Шүүгдэгч: М.Будцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбаатарын Будцолмонд холбогдох 201616000064 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

М.Будцолмон нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Өлзийт дэлгүүрийн зүүн урд талын засмал замын уулзварт 27-40 ӨМӨ улсын дугаартай Тоёота ист маркийн автомашиныг жолоодож яваад Н.Азжаргалын жолоодож явсан 79-79 ӨМА улсын дугаартай Тоёота чейзер маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Будцолмонгийн мэдүүлсэн: “...2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр найз Наранбат, Мөнх, Отгонбаатар нартайгаа Онги буудалд орж 3 шил Ерөөл архи ууж байгаад амарна гэж бодож байснаа машинаа унаад гарсан байсан. Ногоон гэрлэн дохио асаж байсан. Амжих байх гэж бодсон. Улаан гэрэл нь хурдан ассан байсан. Баруун гар талаас баруун зүгт явж байсан машины зөв талын хаалгаруу машинаар мөргөсөн. Сандраад яваад гудамжинд орж зогсож байгаад эргээд хүрээд ирсэн. Цагдаа нар ирсэн харагдахаар нь хажуугаар нь явсан. Араас цагдаа ирээд зогсоогоод мөргөлдсөн газар аваачаад машиныг саатуулсан. Намайг согтуурал хэмжих багажаар үлээлгэсэн, 0.79 хувьтай байна гээд цагдаа дээр авчирч байж байгаад манай аавыг дуудаад хүлээлгэж өгсөн. ...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу, архи уугаад яагаад машин барьснаа мэдэхгүй байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Будцолмон мэдүүлэхдээ: “ ...2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр оройн 19-20 цагийн үед найзуудтайгаа уулзаад ганц хоёр шил архи уугаад дараа нь машинаа бариад явж байгаад Өлзийтийн уулзвар дээр ногоон гэрлээр амжих байх гэж бодоод гартал урдуур машин орж ирээд мөргөсөн. Ийм зүйл болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Азжаргалын мэдүүлсэн: “...2016 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийнхөө эзэмшлийн бичиг баримт нь Ишбат овогтой Мөнхбатын нэр дээр байдаг би өөрөө нэр дээрээ шилжүүлээгүй байгаа 79-79 ӨМА дугаартай Тоёото чейзор маркийн машинтай эхнэр 2 хүүхэдтэйгээ Хан-Уулын 1 дүгээр гудамжны урдуур явдаг засмал замаар зүүн зүгээс баруун зүгт гэртээ харихаар явж байгаад Хан уулын гудамжны баруун урд талын гэрлэн дохиотой уулзварт улаан гэрэл асаж зогсоход өмнө талд мотоцикльтой хүн байсан. Ногоон гэрэл асаад мотоцикльтой хүн хөдлөхөд нь хөдөлгөөнд оролцоод явахад урд уулзвараас машинтай хүн чигээрээ ирээд миний машины зөв талын хэсгийн хойд хаалга руу мөргөхөд машины руль зүүн гар тийшээ дарагдахад нөгөө машины жолооч жаахан түрж явж байгаад зогсоод машинаа ухраагаад урагшаа яваад миний машины өмнө хаалганы хэсэг рүү дахиж мөргөчихөөд ухраад хажуугаар гарахдаа хойд талын хонго гупер 2-ыг зураад замын хашлага даваад хүчтэй хааз өгөөд зугтсан. Зугтахдаа хойд уулзварын явган хүний гэрлэн дохио шүргээд урд гуперээ унагаад явсан байсан. Би машинаасаа буугаад 102 руу залгаад дуудлага өгсөн. Цагдаагаас хүн ирээд ослын газар үзлэг хэмжилт хийж байх үед мөргөсөн машин дахиад хажуугаар явж байсныг цагдаад хэлсэн. Цагдаа араас нь яваад машинтай хүнийг аваад ирэхэд нэг залуу согтуу байсан. Нөгөө залууг миний хажууд авчираад үлээлгэхэд 0.70 хэдтэй гарч байсан. Тэгээд 2 машиныг журмын хашаанд саатуулсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, би BC ангиллын жолооны эрхийн үнэмлэхтэй. Ослын үед манай эхнэр охин хоёрын толгой доргисон байсан. ...Машин засварт өгөөд янзлуулаад өгсөн, ямар нэгэн гомдол санал байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч А.Оюунтөгсийн мэдүүлсэн: “...Би аав, ээж, дүүтэй хамт усанд орчихоод явж байсан. Машин ирж мөргөсөн. Би арын суудалд суугаад явж байсан. Машин ирээд 2 удаа мөргөсөн. Мөргөсөн машин зугтаагаад явчихсан. Цагдаа дуудаад цагдаа ирээд мөргөсөн машиныг авч ирсэн. Тэр машинтай хүн зугтаахдаа гуперээ үлдээгээд явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Өнөр-Оюуны мэдүүлсэн: “...2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Нөхөр Азжаргалтай 2 хүүхдийн хамт халуун усанд орчихоод 22 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харихаар Хан-Уулын 1 дүгээр гудамжны урдуур засмал замаар яваад Өлзийт дэлгүүрийн зүүн талын гэрлэн дохиотой уулзварт зогсоход өмнө талд мотоцикль улаан гэрлэн дохион дээр зогсож байгаад ногоон гэрлээр хөдөлсөн. Манай нөхөр Азжаргал машинаа жолоодоод хөдлөөд явах үед урд зүгээс машин хурдтай ирээд манай машины зөв талаас ирээд мөргөсөн. Би 3 настай охиноо өвөр дээрээ суулгаад ард 7 настай хүүхдээ суулгаад явж байсан. ...Машин мөргөөд ухраад дахиж мөргөөд гэрлэн дохион доогуур хашлага даваад хойд зүгт яваад өгсөн. Хашлага даваад явахдаа урд гуперээ үлдээсэн байсан. Машин мөргөх үед хүүхдээ сайн барьж байсан болохоор нээх юм мөргүүлээгүй юм билээ. Би юунд мөргөсөн юм мэдэхгүй духны зүүн дээд талд томбойж хавдсан байсан. Одоо жаахан хөндүүртэй яс нь томбойгоод эдгэсэн байгаа. Машинтай хүн зугтаад явахад нь манай нөхөр Азжаргал цагдаад дуудлага өгсөн. Би ах эгч хоёрыг дуудаад эмнэлэг рүү явсан. Хоёр хүүхэд айж сандраад их уйлалдсан. Эмнэлэгт очоод түргэний эмчид гурвуул үзүүлээд гэртээ харьцгаасан. ...Би 2 хүүхдээ аваад шууд эмнэлэг явсан. Эмнэлгээс ирэхэд мөргөсөн жолоочийг цагдаа барьж ирсэн цагдаа руу аваад явсан гэж яригдаж байсан. Миний хувьд гэмтэл, гомдол, санал гээд байх юм байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Мөнхбаатарын мэдүүлсэн: “...27-40 ӨМӨ улсын дугаартай машин миний машин боловч барьцаалуулан зээлдүүлэгч Бичил глобус ХХК-нд машинаа өөртөө байлгахаар зээлийн гэрээ хийгээд зээлээ төлөөд одоо дуусч байгаа. Миний эзэмшлийн машиныг Будцолмон захиран зарцуулах эрхтэй. Будцолмонгоос нэхэмжлэх зүйл байхгүй, машины тал дээр ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Гантулгын мэдүүлсэн: “...Манай компани нь барьцаалан зээл олгодог байгууллага юм. Машиныг барьцаалан зээл олгохдоо бичиг баримтыг компаний нэр дээр шилжүүлээд, гэрээ байгуулаад зээл олгодог. 27-40 ӨМӨ улсын дугаартай машин нь Мөнхбаатар гэдэг хүний эзэмшлийн машин боловч эзэмшил нь манай компаний нэр дээр байгаа. Машинд эвдрэл үүссэн тохиолдолд манай байгууллага хариуцахгүй, гэрээнд зааснаар эзэн нь хариуцна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд машиныг гэрээний дагуу манайх эзэмшилдээ авдаг. Мөнхбаатар гэдэг хүн зээлээ цаг тухайд нь төлөөд зээл нь дуусч байгаа. Машины эвдрэл манай компанид хамаагүй учир машины асуудалд ямар нэгэн санал хүсэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Мөнхбатын мэдүүлсэн: “...79-79 ӨМА улсын дугаартай машин нь миний эзэмшлийн машин байж байгаад Азжаргал гэдэг хүнд зарсан байсан. Эзэмшлээ шилжүүлээгүй байгаа, Азжаргалтай ямар нэгэн тооцоо байхгүй, эзэмшлээ шилжүүлэхэд ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-  Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/

-  Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/

-  Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/

-  Жолоочын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/

-  Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/

-  Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 дугаар хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 161 дүгээр

  1. Н.Азжаргалын биед тохойн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт / хх-ийн 29 дүгээр хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 162 дугаар

  1. А.Номуны биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 31 дүгээр хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 163 дугаар

  1. Л.Өнөр-Оюуны биед тархи доргилт, дунхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 33 дугаар хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 160 дугаар

  1. А.Оюунтөгсийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт / хх-ийн 35 дугаар хуудас/
  • Өмнөговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн №03 тоот дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, Н.Азжаргалын жолооны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 45-46 дугаар хуудас/
  • М.Будцолмонгийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 49 дүгээр хуудас/
  • М.Будцолмон, Н.Азжаргал нарын жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-51 дүгээр хуудас/  
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/ , “Гүний ус” ХХК-ий тодорхойлолт, “Евро-Ази” дээд сургуулийн бакалаврын диплом зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч М.Будцолмон нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Өлзийт дэлгүүрийн зүүн урд талын засмал замын уулзварт 27-40 ӨМӨ улсын дугаартай Тоёота ист маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 –ийн “Г”-д заасан ”улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж уулзвар нэвтэрсний улмаас Н.Азжаргалын жолоодож явсан 79-79 ӨМА улсын дугаартай Тоёота чейзер маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ. Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-ын “в”-д зааснаар “ зам тээврийн осолд орсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдсон бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх “ гэсэн заалтыг зөрчиж  хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан болох нь иргэний нэхэмжлэгч Н.Азжаргалын мэдүүлсэн: “...2016 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийнхөө эзэмшлийн ... 79-79 ӨМА дугаартай Тоёото чейзор маркийн машинтай ... явахад урд уулзвараас машинтай хүн чигээрээ ирээд миний машины зөв талын хэсгийн хойд хаалгаруу мөргөхөд машины руль зүүн гар тийшээ дарагдахад нөгөө машины жолооч жаахан түрж явж байгаад зогсоод машинаа ухраагаад урагшаа яваад миний машины өмнө хаалганы хэсэг рүү дахиж мөргөчихөөд ухраад хажуугаар гарахдаа хойд талын хонго гупер 2-ыг зураад замын хашлага даваад хүчтэй хааз өгөөд зугтсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч А.Оюунтөгсийн мэдүүлсэн: “...Би аав, ээж, дүүтэй хамт усанд орчихоод явж байсан. Машин ирж мөргөсөн. Би арын суудалд суугаад явж байсан. Машин ирээд 2 удаа мөргөсөн. Мөргөсөн машин зугтаагаад явчихсан. Цагдаа дуудаад цагдаа ирээд мөргөсөн машиныг авч ирсэн. Тэр машинтай хүн зугтаахдаа гуперээ үлдээгээд явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Л.Өнөр-Оюуны мэдүүлсэн: “...Манай нөхөр Азжаргал машинаа жолоодоод хөдлөөд явах үед урд зүгээс машин хурдтай ирээд манай машины зөв талаас ирээд мөргөсөн. ...Машин мөргөөд ухраад дахиж мөргөөд гэрлэн дохион доогуур хашлага даваад хойд зүгт яваад өгсөн. Хашлага даваад явахдаа урд гуперээ үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/-үүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн №03 тоот дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч М.Будцолмонг Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч М.Будцолмонд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Будцолмон анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ВC” ангиллын 975708 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Будцолмонд буцаан олгож, мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар М.Будцолмонд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Будцолмон нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.